Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 00618

 

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00618

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч:  Ц.Д / /-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 153/2020/00758/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний аав Цэрэнхүүгийн Дашдорж нь 1961 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Миний аав 1985 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр миний ээж Раднаагийн Бүрэнжаргалтай гэр бүл болсон. 1987 онд миний бие Д.Ж, 1989 онд миний дүү Д.Жаргалсүрэн нар төрсөн.

Миний аав 1977 онд Ховд аймгийн 1 дүгээр арван жилийн сургуулийн 8 дугаар ангиа төгсөөд 1979 онд Техник мэргэжлийн сургууль төгсөж, Ховд аймагт хуваарилагдан, Барилга угсралтын конторын даргын 1979 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тушаалаар барилга угсралтын бригадад нормчноор ажилласан. Барилга угсралтын конторын даргын 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хугацаат цэргийн албанд татагдсан. Улмаар цэргээс ирээд мөн Барилга угсралтын конторын даргын 164 дүгээр тушаалаар 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс бригадад хуваарилагдан ажиллаж байгаад 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг.

1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар 8 жил 10 сар ажилласан байдлыг тогтоолгосон.

Одоо миний аав өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхэд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Барилга угсралтын трестийн даргын 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлсөн 46 дугаар тушаалын бичилт хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн боловч тушаал нь архивд байхгүй, хөдөлмөрийн дэвтрийн ард бичигдсэн Барилга угсралтын трест компани нь ажлаас чөлөөлөх үед Түлхүүр компани болсон байсан учир буруу тамга дарагдсан гэсэн үндэслэлээр шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэж хэлсэн.

Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс Барилга угсралтын контор хэдэн онд Барилга угсралтын трест болсон талаар баримт байхгүй, лавлагаа гаргах боломжгүй гэх хариуг өгсөн.

Энэ хугацаанд миний аавыг ажиллаж байсныг нотлох дээр дурдсан тушаалуудаас гадна Барилга угсралтын трестийн 8 дугаар ангийн даргын 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тухайн байгууллага доторх өөр бригадад шилжүүлэн томилсон тушаал, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал болон тухайн үед ажиллаж байхдаа хамт олонтойгоо авахуулсан зураг, хамт ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын бүртгэлийн лавлагаа болон бусад баримт баримтыг шүүхэд гаргаж өгч байна.

Иймд миний аав Ц.Дийг Ховд аймгийн Барилга угсралтын конторт 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нормчноор, Ховд аймгийн Барилга угсралтын конторт болон Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү....гэв.

    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жын тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Дийн Ховд аймгийн Барилга угсралтын конторт 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нормчноор, Ховд аймгийн Барилга угсралтын конторт болон Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Д нь Ховд аймгийн Барилга угсралтын конторт 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нормчноор, Ховд аймгийн Барилга угсралтын конторт болон Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1646 дугаартай албан бичгээр ирүүлсэн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаартай Техник мэргэжлийн сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, Барилга угсралтын конторын даргын 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Барилга угсралтын конторын даргын 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 160 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Барилга угсралтын трестийн 3 дугаар ангийн даргын 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай 3 дугаар ангийн хөдөлмөр зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн шинэчлэх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 109 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, Цэрэнхүүгийн Дашдоржийн 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн №426790 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч Г.Бадамгэрэлийн ....Намайг Ховд аймгийн Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр ажиллаж байхад 1979 онд билүү 1980 онд Ц.Д нь мужааны анги төгсөж ирээд барилгын мужаанаар анх ажилд орж байсан. Ц.Д бид 2 хамтдаа 1993 он хүртэл хамт ажиллаж байгаад Ховд аймгийн Барилга угсралтын трест тарахад ажлаасаа халагдаж байсан. Энэ хугацаанд Ц.Д нь өрлөгчин, мужаан, шавар, будаг зэрэг бүх л ажлуудыг хийдэг байсан....Энэ төвлөрсөн уурын зуух барьж байх үед авахуулсан гэрэл зураг байна. Би тус гэрэл зураг дээр байхгүй байна. Ц.Д нь тус гэрэл зураг дээр 2 дахь эгнээний зүүн гар талаас 2-т өвлийн гурвалжин малгайтай, хар өнгийн хувцастай зогсож байна.... гэх мэдүүлэг, гэрч М.Нямдаваагийн ...Ц.Д нь 1980 онд Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор анх ажилд орсон. Ц.Д бид 2 хамтдаа 1992 он хүртэл хамт ажиллаж байгаад Ховд аймгийн Барилга угсралтын трест тарж Түлхүүр ХК болоход мөн л хамт ажилласан. Энэ хугацаанд Ц.Д нь барилгын бүх л ажлуудыг хийдэг байсан....Энэ төвлөрсөн уурын зуух барьж байх үед буюу 1984 онд авахуулсан гэрэл зураг байна. Ц.Д нь тус гэрэл зураг дээр 2 дахь эгнээний зүүн гар талаас 2-т өвлийн лоовуузон малгайтай, хар өнгийн хувцастай зогсож байна.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 283 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 194 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-11, 17, 18-41, 53-54, 55-56, 57-58 дугаар тал/

Нэхэмжлэгч Ц.Д нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 1997 он, 1999 оны 7-9 сар, 2000 оны 1-7 дугаар саруудыг тус тус ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600003923 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 516 дүгээр тушаалаар цэргээс халагдсан тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 02/4532 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 14, 59 дүгээр тал/

Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Нямдаваа, Л.Бадамгэрэл нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д / /-ийн Ховд аймгийн Барилга угсралтын конторт 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нормчноор, Ховд аймгийн Барилга угсралтын конторт болон Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ