| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00740/и |
| Дугаар | 0619 |
| Огноо | 2020-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 0619
| 2020 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00619 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ж.Б / /-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 153/2020/00740/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ж.Б нь 1970 онд төрсөн. Ж.Б нь нь малчнаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрч байгаа ба нэгдэлд маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр тухайн үеийн бригадын даргад хадгалагдаж байгаад үрэгдэж алга болсон, 1986, 1987 оны Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 70 дугаар дансанд Ж.Бгийн нэрийг бичилгүй орхигдуулсан, 1991 оны 70 дугаар дансанд Бадмаа гэж бичсэн, 1992, 1993 оны 70 дугаар дансанд өрхийн тэргүүн /нөхөр/ В.Идэрмөнхийн нэрээр бичигдсэн байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болж, шүүхэд хандан хүсэлт гаргаж байна.
....Ж.Б нь 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд ажиллаж байсан. 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнхоргил ББХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Ж.Бг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг хэсэгт 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг Ж.Бгийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг хэсэгт 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.Б нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг хэсэгт 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1471 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадын 1988-1993 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгч Жанлавын Бадамхүүгийн Ажилладаг гэх хэсэгт Манхан 10 жил, ажилд орсон он гэх хэсэгт 1978, эрхэлдэг ажил гэх хэсэгт сурагч, он, сар, өдөр гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-12, 28, 41 дүгээр тал/
Ж.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1994 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1609000562 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 15 дугаар тал/
Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг бригадын 1986-1987 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ц.Сэрвэд, У.Хүрэлбаатар нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 34-36, 37-39 дүгээр хуудсанд авагдсан гэрч Ц.Сэрвэд, У.Хүрэлбаатар нарын мэдүүлэг нь бодит байдлаас зөрсөн буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б / /-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг хэсэгт 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ