| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/165 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Мөнхжин,
улсын яллагч: С.Энхням
шүүгдэгч: ******** /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/,
хохирогч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ********д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржгин овгийн Насанжаргалын Лувсанданзан /регистрийн дугаар: *******/
Монгол Улсын иргэн, *******77 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, мал ажилтай, ******* ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, урьд:
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 108 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор торгох ялыг бүрэн төлж дуусгасан,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч ******** нь согтуугаар 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг караокед ********ыг нүүрэн тус газар нь пивоны шилээр цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч ******** нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэй ширээнд суусан гэх шалтгаанаар ********ыг нүүрэн тус газар нь пивоны шилээр цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
-хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 25-ны шөнөөс 26-ныг шилжих шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо Цогт төвийн В1 давхрын караокед үл таних хүний эхнэр нь манай ширээнд ирж суусан. Дараа нь нөхөр нь ирж суухаар нь өөрийнхөө ширээнд суулгахгүй гэхэд ширээ нь дээр байсан пивоны шилээр хамар хэсэг рүү цохисон. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээч эмч С.Чулуунсүхийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14869 дугаартай:
“...1. ********ын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамар зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ныг шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн *******-20 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Шүүгдэгч ********ы яллагдагчаар өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 25-ны шөнөөс 26-ныг шилжих шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо Цогт төвийн В1 давхарт байрлах караоке руу найз болон эхнэрийнхээ хамт бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 21 цагийн орчимд орсон. Караокед ороод би найзтайгаа баруун талын ширээнд нь сууж байтал манай эхнэр зүүн талын ширээн дээр суугаад энд сууя гээд дуудсан. Тэгсэн чинь манай эхнэрийг суусны дараа хажуу талд нь үл таних залуу ирээд сууж байхыг нь хараад босож очоод эхнэрийгээ дуудаад наашаа суу гээд хэлсэн чинь үл таних залуу “чи хэн бэ” гээд босоод ирсэн. Би нөхөр нь байна гээд ширээн дээр байсан хоосон пивоны шил аваад нүүр хэсэгт нь цохисон. Үл таних залуу нь надад цохиулчихаад над руу дайрсан чинь цаанаас хоёр залуу босож ирээд хөөе наадхаа зодож болохгүй шүү, одоо цагдаа дуудаж өгнө гээд, би ч гэсэн дахиж илүү хөдөлгөөн хийгээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хохирогч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Болсон асуудлын талаар ярих зүйл байхгүй ээ, 2 сарын дараа хамрын хагалгаанд орно. Хохиролд 457,786 төгрөг авсан. Цаашид хагалгаанд орох эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэв.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/, автотээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******** нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээч эмч С.Чулуунсүхийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14869 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч ********ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ******** нь хохирогч ********ын нүүрэн тус газар пивоны шилээр цохисон үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч ******** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 454,786 төгрөг /хавтаст хэргийн 25-29 дэх тал/ баримт гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас өмнө шүүгдэгч ******** нь хохирогч ********ад төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч ******** учирсан гэмтлийн шинж, хор уршгийг нь /хамар ясны далд хугарал, таславч мурийлт/ харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэсний дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч ******** нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг караокед ********ыг нүүрэн тус газар нь пивоны шилээр цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул төрийн нэрийн өмнөөс ял оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч ******** нь хохирогчид учирсан хохирол болох 457.786 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Хохирогч цаашид хагалгаа хийлгэх шаардлагатай гэх боловч баримт байхгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шударга ёсны зарчим, нөхөн төлсөн байдал, урьд мөн энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсныг харгалзан 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв.
Хохирогч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч ********ыг гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй
Шүүгдэгч ********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Хувийн байдлын хувьд мал малладаг, ам бүл 5 зэрэг нөхцөл байдлуудыг болон гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн зэргүүдийг нь харгалзан үзсэн.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ********ыг дээрх торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар ********д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******** цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА