Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2024            02              01                                           2024/ШЦТ/92

                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

улсын яллагч Б.Солонго,

хохирогч Т.Н,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М** овогт Д.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305034742564 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М** овогт Д.Н (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

           Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 83 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Т.Н-г өөр рүү нь залгалаа гэх үл ялих зүйлээр шалтаглаж түүний нүүр рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны зүүн хажуу хананы сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ийм үйлдэл гаргасан байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Н мэдүүлэхдээ: “Гэр бүлийн хүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 83 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч (эхнэр) Т.Н-г өөр рүү нь залгалаа гэх үл ялих зүйлээр шалтаглаж түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны зүүн хажуу хананы сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн нөхөр Н-тэй 2008 онд анх танилцаж үерхэж байгаад 2010 оноос хамт амьдарч эхлээд 2016 онд гэрлэлтээ батлуулж, албан ёсоор гэр бүл болсон. Бид 2 дундаасаа 4 хүүхэдтэй, манай нөхөр Н анх 2015 онд надад гар хүрч байсан. Тухайн үед би жирэмсэн байсан, тэрний дараа намайг зодож байсан, ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүгээр байж байхад шалтаг хайж уурлаад агсам согтуу тавьж, ширээ цохих, аяга таваг шидэх, эсхүл надад гар хүрдэг, хүүхдүүдээ бол цохиж зодож байгаагүй. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй байсан. Учир нь манай нөхөр 2006 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллаж эхлээд одоог хүртэл ажиллаж байгаа. Одоо Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст цагдаа хийдэг, яг юу хийдгийг би бол сайн мэдэхгүй байна, учир нь би ажилд нь оролцоод байдаггүй. Өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийн гэртээ буюу Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 83 тоотод хоёр хүүхэдтэйгээ унтаж байсан чинь 23 цагийн орчим манай нөхөр Н гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд үүдэнд гутлаа тайлчхаад над руу шууд орилж дайраад чи яагаад над руу залгаад байгаа юм гэж хэлээд намайг цохих гээд байхаар нь би босоод урдаас нь хараад зогссон чинь манай хүүхдүүд сэрээд уйлсан. Тэгсэн манай нөхөр намайг суу гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдээ аргадаад суусан чинь манай нөхөр Н чи яах гээд над руу залгасан юм гэж хэлээд миний хамар руу нэг удаа цохисон, тэгсэн миний хамарнаас цус гараад байхаар нь хоёр хүүхдээ тэврээд хамраа чимхээд /учир нь хамраас цус гараад тогтохгүй байсан/ жижиг өрөө рүү ороод хоёр охиноо сэрээгээд цагдаа руу залга гэж хэлээд жижиг өрөөний хаалгаа түгжсэн. Тэгээд цагдаа дуудаад утсаа салгасан чинь хаалга тайл гэж манай нөхөр Н орилоод хэлэхээр нь би хаалгаа тайлах гээд очиж байсан чинь хаалгаа өшиглөөд ороод ирсэн, энэ хооронд 1 минут орчим болсон байх тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Тэгээд манай нөхөр Н манай охин Э-н гар утсыг булааж аваад нугалах гээд хоёр талыг нь дарсан. Тэгсэн манай охины утас асахаа байсан. Тэгсэн манай том охин Э ааваа та миний гар утсыг эвдэлчихлээ шүү дээ гэж хэлсэн, манай нөхөр Н яахаараа чиний утас байдаг юм, би энэ утсыг авч өгсөн гэж хэлээд манай охин Э рүү уурлаад загнаад цохих гээд байсан. Тэгсэн манай дунд охин Э аавыгаа аргалаад унтуулах гээд том өрөөнд орсон. Би Н-г том өрөө рүү орсон хойно 4 хүүхдээ аваад гэрээсээ зугтаж гарч ирээд гэрийнхээ гадаа нөхрөөсөө нуугдаад байж байсан чинь цагдаа нар ирсэн. ...Миний хамар гэмтсэн хавдсан хөндүүртэй байна хугарсан эсэхийг сайн мэдэхгүй байна, одоогоор янгинаж өвдөөд байна. ...Хүүхдүүддээ гар хүрээгүй, бага охин А руу орны даавуу шидэж оносон. ...Би 4  хүүхэдтэйгээ байсан. ...Би гомдолтой байна, учир нь намайг удаа дараа цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа учир цаашид хамт амьдармааргүй байна...” гэх мэдүүлэг (хэргийн 25-27 дугаар хуудас),

Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 07-ны орой нэлээн орой болсон байсан, би цагийг нь сайн санахгүй байна дуудлага аваад дэд ахлагч Ц.Т-н хамтаар очиход 15 дугаар байрны гадна дуудлага өгсөн эмэгтэй гурван хүүхдийнхээ хамтаар хүлээгээд зогсож байсан, тэр эмэгтэйн хамар нь хавдартай манай нөхөр миний хамрыг хугалчихлаа, би өөрөө гэмтлийн эмнэлэгт ажилладаг, өмнө нь бас хамрыг маань гэмтээж байсан гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороход жижиг өрөөнийх нь саарал модон хаалга цөм цохиод эвдэрсэн байсан, нөхөр нь том өрөөндөө унтаж байсан, тэгээд нөхрийг нь сэрээгээд хувцас өмсүүлээд аваад гараад эхнэр, хүүхдийг нь гэр рүү нь оруулаад нөхрийг нь 10 дугаар хорооллын цагдаагийн дэд хэсгийн байранд авч ирээд тэр өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн, тэгээд дуудлага их байсан учир дараагийн дуудлагадаа явсан. ...Нөхөр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, архи үнэртэж байсан. Цагдаагийн тавьсан шаардлагыг шууд үг дуугүй биелүүлж байсан. ...Би эхлээд цагдаагийн алба хаагч гэдгийг нь мэдээгүй, дараа нь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст цагдаагаар ажилладаг Н гэж байсан. Тухайн үед намайг очоод бичиг баримтыг нь асуухад хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг (хэргийн 33-34 дүгээр хуудас),

Гэрч Ц.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дэд ахлагч С.С-н хамтаар үүрэг гүйцэтгэж байхад орой нэлээн орой болсон, гадаа харанхуй болсон байхад бид хоёр 15 дугаар байрны гадна очиход дуудлага өгсөн эмэгтэй гурван хүүхдийнхээ хамтаар тавчигтайгаа хүлээгээд зогсож байсан, тэр эмэгтэй манай нөхөр согтуу ирчхээд агсан тавиад зодоод байна гэж байсан, би одоо хаана ямар гэмтэлтэй байсныг нь санахгүй байна, ил харагдах гэмтэлтэй болоод л бид хоёр жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тухайн үед ирчхээд гэрт нь ороход нөхөр нь гэх залуу том өрөөндөө газраар ор зассан хувцасгүй хэвтэж байсан. Сэрээгээд юу болсон талаар тодруулахад согтууруулах ундаа хэрэглэсэн, юу болсныг санахгүй байна, гэр орныг нь харахад жижиг өрөөний хаалга нь цөмөрсөн байдалтай  байсан, тэгээд шууд нөхрийнх нь хувцсыг өмсгөөд эхнэрийг нь хамт авч яваад 10 дугаар хорооллын цагдаагийн дэд хэсэгт хүргэж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. ...Дагуулж гараад аваад явж байхад эхнэр нь машин дотор явж байхдаа манай нөхөр Баянгол дүүргийн замын цагдаад ажилладаг гэхээр нь жижүүрийн ахлахдаа цагдаагийн алба хаагч байна шүү гэж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (хэргийн 36 дугаар хуудас),

Гэрч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 07-оос 9 дүгээр сарын 08-нд Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. 23 цагийн орчим намайг гэмтлийн эмнэлэг дээр хэд хэдэн дуудлага авсан байхад араас алаг тэрэг Т.Н-г авч ирсэн. Миний гомдол мэдээлэл хүлээн авах бланк маань дууссан байсан тул би хохирогчийг авч яваад Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 207 тоот албан өрөөнд гомдол мэдээллийг хүлээн авч, Т.Н-г хохирогчоор тогтоон мэдүүлэг авахад намайг унтаж байхад манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглэж ирээд намайг зодсон, тэгэхээр нь би цагдаа дуудах гэсэн боловч миний утсыг булааж авсан тэгэхээр нь би зугтаагаад жижиг өрөөндөө ороод хаалга түгжихэд араас хаалга цохиод хаалга онгойлго гээд нүдээд байсан, би тэгээд хаалга нээхгүй байж байтал хаалга эвдэж орж ирээд дахиад зодсон гэж мэдүүлэг өгсөн санагдаж байна. Тэр эмэгтэй надад манай нөхөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст ажилладаг, яг юу хийдгийг нь мэдэхгүй гээд эргэлзээд байсан. Тэгээд би мэдүүлэг авч дуусаад хохирогчоор заалгуулан гэрт нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15-83 тоотод очиж хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн. ...Би мэдүүлэгтээ оруулаагүй байх, би мэдүүлэг дууссаны дараа хохирогч надад хандаж манай нөхөр намайг өмнө нь удаа дараа зодож байсан, цагдаа дуудахаар ирсэн цагдаа нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй явуулчихдаг учраас та нар сайн шалгаж өгөөрэй, би энэ хүнд дахиж зодуулж чадахгүй, би одоо энэ хүнээс салъя гэж бодож байгаа гэж байсан. ...Хохирогч эмэгтэйн хамрын нуруу нь хавдсан, бага зэрэг хөхөрсөн, хавдартай байсан. Би тэгээд шууд шинжээч томилж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг (хэргийн 38 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 11 дүгээр хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 12-20 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11454 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.Т.Н-н биед хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт (хэргийн 53-54 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1041 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.Т.Н-н биед хамар ясны зүүн хажуу хананы сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хэргийн 42-43 дугаар хуудас),

Дуудлагын лавлагаа (хэргийн 95-96 дугаар хуудас),

Хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт (хэргийн 99-109 дүгээр хуудас),

Амьжиргааны нөхцөл байдлын тухай илтгэх хуудас (хэргийн 110-112 дугаар хуудас),

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хэргийн 113-128 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 133 дугаар хуудас), ...

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

    Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 83 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч (эхнэр) Т.Н-г өөр рүү нь залгалаа гэх үл ялих зүйлээр шалтаглаж түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны зүүн хажуу хананы сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Харин энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Гэр бүлийн хүчирхийлэл” гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “Тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус тус ойлгоно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Н, хохирогч Т.Н нар нь эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн “...2010 оноос хамт амьдарч эхлээд 2016 онд гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон...” гэсэн мэдүүлэг, Хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт, Амьжиргааны нөхцөл байдлын тухай илтгэх хуудас, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Н нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч А.Г нар ньхэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

          Харин хохирогч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэртээ 19 цагийн орчим угаалгын өрөөндөө усанд орж байгаад халтирч ванна нүүрээрээ мөргөөд унаад хамраас цус гараад нөхөр лүүгээ дахиж залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд хамрынхаа цусыг тогтоочхоод 21 цаг өнгөрөөгөөд хүүхдээ унтуулаад би өөрөө унтсан...” гэсэн мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасан бөгөөд хохирогч Т.Н-н 2023 оны 9 дүгээр сарын 08-ний өдөр анх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч С.С, гэрч Ц.Т, гэрч Ч.М мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн болно.

         Тиймээс шүүгдэгч Д.Н-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, гэм буруугийн, энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Д.Н-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Н-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, хувийн байдал (анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон), бусдад төлөх төлбөргүй (хохирогчийн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг), ар гэрийн нөхцөл байдал (бага насны 4 хүүхэдтэй) зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй ... гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Н-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М** овогт Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

           3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЗОЛБОО