Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

         Улсын яллагч Х.Гүнжидмаа

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат

         Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Над холбогдох 2316001510217 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, .... настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ... оршин суух хаягтай, .... регистрийн дугаартай, Х овгийн Г.Н гэв.

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ныг машин механизм ашиглан 2023 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цээл сумд үйл ажиллагаа явуулдаг Алтайн хүдэр ХХК-ны засварын талбайгаас 650 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Н нь “Алтайн хүдэр” ХХК-нд Дампын оператороор туршилтын хугацаанд ажиллаж байх хугацаандаа  2023 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө хадам ахынхаа эзэмшилд байдаг УАЗ 31514 маркийн **** ГАҮ улсын дугаартай авто машин ашиглан тус аймгийн Цээл сумд үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” ХХК-ны засварын талбайгаас 650 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

Дээрх үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

          1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Н гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Нын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би “Алтайн хүдэр” ХХК-д ажиллаж байгаад 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа буусан. Тэгээд 29-ний шөнө эргэж очоод засварын талбайгаас 580 орчим литр түлш 2 пошик, 9 конестроор савлаж  авсан. Машин дотроо тагийг нь өөд нь харуулаад хавтгайгаар нь хэвтүүлж байгаад соруулчихсан. Үлдэгдлийг нь УАЗ-469 машинаар хойд суудал нь байхгүй болохоор хойно нь ачиж зөөсөн. Манай хадам ахын УАЗ-469 маркийн машин. Намайг засаж янзлаад унавал уна гээд манай хашаанд үлдээсэн машин байсан юм. Тэр машинаар авсан. Энэ хэргийг ганцаараа хийсэн...  Б.С, Б.У 2 яг тэр өдөр буусан. Хохиролд 650 литр түлшний үнэ 2,000,000 төгрөг төлсөн. Би энэ хэргийг хийсэндээ маш их харамсаж байна. Энэ хэргийг хийснийхээ дараа би Өмнөговь аймагт очиж Таван толгойд тээврийн жолоочоор ажиллах гэж очсон. 2 сар гаран тээвэр хийсэн. Энэ хугацаанд ийм хэрэг хийсэн гэж бодохоор л хэцүү байсан. 2 ч удаа аваар хийх дөхсөн. Тэгээд ерөөсөө болъё, ингэж яваад аваар хийж бүр хүндрүүлэх юм байна. Очиж хэргээ хүлээе гэж шийдсэн. Тэгээд би 10 сарын дундуур ирээд шууд цагдаад хэлэхэд намайг ямар хэрэг хийсэн гэдгээ бичиж өг гээд бичиж өгсөн. ...Би өөрийнхөө хийсэн гэмт хэрэгт маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хийсний уршгаар дараагийнхаа ажлыг хийж чадахгүй хэцүү хүнд байдалд байдаг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо. Гэмт хэрэг хийсэн хүн бол хэзээ ч цаашаа явдаггүй юм байна гэдгийг өөрийнхөө биеэр мэдэрлээ. Тийм учраас надад оногдох ялыг хамгийн боломжит бага хэмжээгээр оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

           Хохирогч Б.Хын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Уурхайн задаргаа угсаргааны талбай дээр байсан РС-5500 маркийн механизм байсан. Тэрийг Дорноговь руу явуулах шаардлагатай болсон тул банк дахь түлшийг нь юүлж суллаж засварын талбайд байрлуулсан. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай хамгаалалтын албаны дарга Б.С 1 тонн хэмжээтэй түлшийг тус засварын талбай дээр үлдээсэн. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 28-ны шөнө тус талбайгаас алдагдсаныг 06 сарын 29-ний өглөө мэдсэн. Тэгээд цагдаад мэдээлэл өгөөд хэргийн газарт ирж үлдэгдэл түлшийг уурхайн шатахуун түгээх станцад өгөхөд 300 литр түлш үлдсэн байсан. Тэнд түлш байсан талаар операторууд цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн учир мэдэж байгаа. Хүнд машин механизмын албаны удирдлагууд бас мэдэж байгаа. Уурхайн талбай дээрээс хамгийн сүүлд Б.С буусан. Б.С нь өөр уурхайд ажиллаж байхдаа бас хулгайн хэрэгт холбогдож байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

 

        Гэрч Ж.Сын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 06 сарын 28-ны өдөр манай албаны дарга Ш.Б, Б.С нартай хамт очиж засварын талбайд байсан том масло түлш зэрэгтэй танилцсан. 4 ширхэг цагаан савтай засварын шингэний завсар буюу гол хэсэгт нь түлш байсан. Тухайн үед Б.С нь савны дээд ирмэгээс гараараа хэмжиж үзэхэд 5 хуруу байсан. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өглөө савтай тоснуудаас шингэн авахаар очиход түлш байхгүй байсан. Тэгэхээр нь албаны дарга Ш.Б, Б.С нарт мэдэгдсэн. Түлш алга болсон газар очиход мөр үлдсэн байсан ба төр мөрийг дагаж хөөж үзэхэд харуул хамгаалалтгүй хэсгээр Цээл сум руу явсан байсан. Тухайн машины мөр нь 15-16 размерын дугуй байсан. Истана машин байна гэж таамагласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71-р хуудас/,

 

          Гэрч Ц.Ин мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Түлш алга болсон байна гэхээр нь очиход 900 гаруй литр түлшнээс 300 литр орчим үлдсэн байсан. Машины дугуйн мөрийг харахад истана машины мөр байх боломжтой. Тухайн мөр нь хулгайн замаар уурхайгаас гарч орон нутгийн замд нийлсэн байсан. Тухайн үед тарваган тахал гарсан байсан учир Цогт Цээл сумын иргэд буусан байсан. Жолооч нарт үүрэг өгөхөд А гэж дууддаг залуу Б.С, Ууганбат нар авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 79-81-р хуудас/

 

          Гэрч С.Дын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...М.Х над руу залгаад би Б.С, Б.У, Г.Н нартай хамт байна. Насос хэрэгтэй байна. Чи аваад ир гэхээр нь аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-86-р хуудас/,

 

          Гэрч Р.Аын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай найз П надад Б.С, Г.Н, Б.У гурав түлш хулгай хийе гэсэн санал тавилаа. Би хамт хулгай хийхгүй гэж хэлчхээд ирлээ гэж хэлсэн. Тухайн үед Цээл сумын ажилчид буучихсан байсан юм. Манай ахлах Ж.С ажилчдад үүрэг өгч байхаар нь би Ж.Сад Б.С, Г.Н, Б.У гурав түлш өчигдөр тэгж ярьж байсан. Авсан нь тодорхой шүү дээ гэж хэлсэн. Машины мөр хөөгөөд алдчихлаа гээд ирэхээр нь Пыг дуудаад бид гурав машины мөр хөөгөөд явтал 2 дугаар үйлдвэрийн зүүн талаар гараад явсан мөр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95-р хуудас/,

 

          Гэрч Б.Хн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 07 сарын 01-ний орой Энхээ манай эхнэрт данс өгөөд Г.Н руу 1,000,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн байсан. Тэгээд би дараа нь өгсөн мөнгөндөө тааруулаад ачаа ачуулъя гэсэн бодолтой байсан. Тэгтэл намайг хотод байхад Г.Н над руу залгаад цагдаа юун учиртай мөнгө юм гэвэл үхэр авсан мөнгө гэж хэл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-106-р хуудас/ хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийг үзүүлэлт /8-19/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Н нь тухайн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ УАЗ 31514 маркийн, **** ГАҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг ашигласан байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Иймд шүүгдэгч Г.Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр талууд маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа болно.

 

          Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тухайн гэмт хэргийг “...Б.С, Б.У, Г.Н нар үйлдсэн байж болзошгүй,  машины мөр хөөхөд 15-16 размерын дугуй байсан. Истана машин байна гэж таамагласан...” гэж мэдүүлж байх боловч прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэхэд энэ хэргийг шүүгдэгч Г.Н нь  истана маркийн авто машин ашиглаж, Б.С, Б.У нартай бүлэглэж үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Н нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Голомт банкны 2025130081 дугаартай, Байгалмаа Нэргүй гэх дансанд “түлшний үнэ Г.Н” гэсэн утгатай шилжүүлсэн  байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

           Шүүхээс шүүгдэгч Г.Ныг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Нын  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Г.Нын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Над 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна, 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Г.Нын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан   УАЗ 31514 маркийн, **** ГАҮ улсын дугаартай авто машины үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1,070,000 төгрөгийг Г.Наас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Х овогт Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Над 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Над оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Над урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхэлж тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1,076,000 төгрөгийг  шүүгдэгч Г.Наас гаргуулж улсын орлого болгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Над цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА