Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 697

 

Х.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батнасан,

шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч П.Гансүх,

хохирогч Ч.Ууганбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлоор Х.Эт холбогдох эрүүгийн 1905006001102 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

................., 19.... оны ....... дугаар сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Япон, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, охин, дүү нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байрны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 703 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

 

Х.Э нь “Бүгд Найрамдах Солонгос Улсад виз гаргаж өгнө” гэж өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч:

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Даваажаргалаас 2.370.000 төгрөгийг 9 удаагийн гүйлгээгээр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.Жаргалсайханаас 2.909.999 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Балжиннямаас 900.000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авсан, мөн өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

2019 оны 1 дүгээр сарын 23, 25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.Сугараас 3.800.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар болон бэлнээр авч залилсан,

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Отгонтуулаас 1.900.000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Ууганбаяраас 1.900.000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 2 дугаар сарын 13-наас 22-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Фабор Чоема /Chioma Favour/-д “өмгөөлөгч авч өгнө, цагдан хорих байрнаас гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  Бүгд Найрамдах Нигер улсад байгаа түүний ар гэрийнхнээс 4 удаагийн үйлдлээр нийт 3524 америк доллар буюу 9.278.672.1 төгрөгийг Капитрон, Голомт, Төрийн банкуудаар шилжүүлэн авч залилсан,

ийнхүү 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нийт 7 хохирогчоос 24.058.671.1 төгрөгийг залилж, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, .................ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Х.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Х.Эээс нийт 11.978.672.1 төгрөг гаргуулж, хохирогч Ю.Сугарт 2.800.000 төгрөг, Ч.Ууганбаярт 1.900.000 төгрөг, Фабор Чоема /Chioma Favour/-д 7.278.672.1 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Эийн цагдан хоригдсон 98 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Х.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2002 онд “Монген” дунд сургуулийг төгссөн. Мөн 2008 онд “Соёл-Эрдэнэ” дээд сургуулийг төгссөн бөгөөд 2010 оноос гар утасны “Тэди” гэх төв дээр гар утас борлуулан ажилладаг байсан. Хажуугаар нь оройн 5-8 хүүхдэд эрчимжүүлсэн Англи хэлийг зааж багшилдаг байсан. Мөн 2014 оноос “Хан бэлчир” ХХК-ын Зайсан Лоунж гэх ресторан түрээслэн ажиллуулж байсан бөгөөд давхар Улаанбаатар их дэлгүүрт маникюр түрээслэн ажиллуулдаг байсан. 2017 онд ээж маань тал цус харваж би ээжийгээ асран хамгаалдаг байсан. Миний ээж болох Алтанцэцэг болон миний охин Эмүүжиний хамт өрх толгойлон амьдардаг бөгөөд ээж маань тал цус харваж сахарын диабет гэх өвчтэй хэвтрийн, байнгын амьсгалын апрадтай байдаг бөгөөд миний асран хамгаалалтад байдаг. Миний ээж өндөр настай бөгөөд охин 15 настай 9 дүгээр ангид сурдаг. Би доороо 4 дүүтэй бүгд тус тусын амьдралтай бөгөөд би ээжийнхээ албан ёсны асран хамгаалагчаар тогтоогдсон. Одоо миний ээжийг надаас өөр асран халамжлах хүн байхгүй болохоор миний сэтгэл санаа маш ихээр зовж байна. Мөн шилжилтийн насны охинд минь хэлж ярих хүн байхгүй, буруу замаар орчих вий гэж ээж хүнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаадаа маш их санаа зовж байна. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа маш сайн ойлгож, ухаарч байгаа бөгөөд үлдсэн хохирол төлбөрөө төлж барагдуулахаа амлаж байна. Мөн дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Иймд надад хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Эийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Х.Э нь гэм буруутайгаа маргахгүй, гэм буруугаа бүрэн ухаарсан. Хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Анхан шатны шүүх хуралдааны үед 5 хоногийн завсарлага авч хохирол төлбөрийг барагдуулах гэсэн боловч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан учраас хохирлыг төлж барагдуулж чадаагүй. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Одоогийн байдлаар хохирогч Ууганбаярт 1.900.000 төгрөг, Сугарт 2.800.000 төгрөг, нийт 4.700.000 төгрөгийн хохиролтой байна. Иймд үлдсэн хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж гэм буруу дээрээ маргахгүй байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Х.Эт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Ч.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирлын мөнгөө авчихвал гомдол санал гээд байх зүйл байхгүй.” гэв.

 

Прокурор Б.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/01580 дугаартай шийдвэрээр шүүгдэгч Х.Эийн төрсөн охин Эмүжинг төрсөн эцэг О.Гомбын асрамжид үлдээж, гэрлэлтийг цуцалсан шийдвэр гарсан. Уг шийдвэр нь 3 дугаар хавтас хэрэгт авагдсан байдаг. Мөн шүүгдэгч Х.Эийн эхийн эрүүл мэндийн байдлын талаар болон ямар өвчнөөр бусдын асрамжид зайлшгүй байх шаардлагатай эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Э нь бусдад гадаад улсын виз гаргаж өгч чадахгүй буюу боломжгүй гэдгийг мэдсээр байж тухайн хохирогч нарын гадаад улсад ажиллах хүсэл сонирхлыг нь өдөөж энэхүү гэмт хэргийг санаатай үйлдсэн. Түүнчлэн цагдан хорих 461 дүгээр ангид хамт хоригдож байсан хүнд өмгөөлөгч олж өгнө, байнга эргэж тойрч байна гэж худал хэлж мөнгийг нь шилжүүлэн авсан үйлдэл гаргасан байдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарын хэр хэмжээ, хор уршигт тохирсон байна. Мөн шүүгдэгч нь урьд 2018 онд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Х.Э нь “Бүгд Найрамдах Солонгос Улсад виз гаргаж өгнө” гэж өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч:

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Даваажаргалаас 2.370.000 төгрөгийг 9 удаагийн гүйлгээгээр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.Жаргалсайханаас 2.909.999 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Балжиннямаас 900.000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авсан, мөн өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

2019 оны 1 дүгээр сарын 23, 25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.Сугараас 3.800.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар болон бэлнээр авч залилсан,

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Отгонтуулаас 1.900.000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Ууганбаяраас 1.900.000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163093992 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 2 дугаар сарын 13-наас 22-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Фабор Чоема /Chioma Favour/-д “өмгөөлөгч авч өгнө, цагдан хорих байрнаас гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  Бүгд Найрамдах Нигер улсад байгаа түүний ар гэрийнхнээс 4 удаагийн үйлдлээр нийт 3524 америк доллар буюу 9.278.672.1 төгрөгийг Капитрон, Голомт, Төрийн банкуудаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Даваажаргалын “...Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зүс таних Энхчимэгтэй уулзсан. Энхчимэг эгч “би Солонгос улс руу байнга явдаг, чи явахгүй юм уу? Би удахгүй явах гэж байгаа, чи цуг явах уу” гэхээр нь би “гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад танд хариу хэлье” гэсэн. Тэгээд маргааш нь Энхчимэг эгчтэй утсаар яриад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Андуудын автобусны буудал дээр уулзахаар тохироод 13 цагийн үед уулзахад “эгчийн дүү бичиг баримтаа эгчдээ өгчих” гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, 2 хувь цээж зураг бусад бичиг баримтаа өгөөд бид хоёр утсаар ярихаар болоод салсан. Тэгээд 18 цагийн үед залгаад “бараг бүтэж байна, маргааш нөгөөдрөөс урьдчилгаа болох 1.500.000 төгрөг явуулаарай” гэж хэлсэн. Би 2018 оны 11 сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороололд байрлах Хаан банкны салбараас Энхчимэг эгчийн 5163093992 гэх данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш утсаа авахаа болиод утсаа авахаараа хүлээж бай гэхээс өөр юм хэлэхгүй өдийг хүрлээ. ...Өөрийгөө анх надтай уулзахдаа би хуулийн хүн гэж хэлж байсан. ...Солонгос явдаг хүн намайг хамт явах боломж байна гэхээр нь л би итгээд 2.370.000 төгрөгөө Энхчимэгийн дансаар 9 удаа цувуулж шилжүүлсэн юм. ...” /1хх 172-173/,

 

хохирогч Ю.Жаргалсайханы “...манай эхнэр Ариунзаяа нь Энхчимэг гэх эмэгтэйтээ 2-3 удаа хамт ажил хийж байгаад танилцсан гэсэн. ...2018 оны 9 дүгээр сард Энхчимэг нь манай эхнэр Ариунзаяад өөрийгөө Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг Кентэй гэх Солонгос хүнээр визээ гаргуулах гэж байгаа, хамт гаргуулах уу гэж хэлсэн. Тэр үед манай эхнэр хамт гаргуулахаар болоод мөнгийг нь асуухад Энхчимэг нь эхний ээлжинд 1.000.000 төгрөгийг миний дансанд хийчих гэж хэлэхээр нь эхлээд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг Энхчимэгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгөө өгчихөөд байж байтал Энхчимэг нь 15 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлж байсан. Түүнээс хойш 15 хоног нь ч болоод Энхчимэгээс юу болсон талаар асуухаар Энхчимэг нь ямар нэгэн шалтгаан хэлээд байдаг. Гэтэл нэг өдөр манай эхнэр надад Энхчимэг чамайг гадаад паспортоо хамт өгчих гэж байна. Хамт виз гаргуул гэж байна гэхээр нь би өөрийнхөө гадаад паспортыг мөнгөтэйгээ хамт өгсөн. Би тухайн үед буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Энхчимэгийн Хаан банкны данс руу нь 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн орчуулганы мөнгө гээд 2 удаа 90.000 төгрөгийг Энхчимэгийн данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Энхчимэг мөн л хэлдэг үгнүүдээ хэлээд надаас 850.000 төгрөгийг дансаараа авсан. Ингээд Энхчимэг нь эхнэр бид хоёроос 2.940.000 төгрөг авсан. 2019 оны 1 дүгээр сард Энхчимэг нь манай эхнэрт нөгөө Кентэй гэдэг Солонгос хүнтэй уулзсан 10 эрэгтэй, 5 эмэгтэй хүнийг гэрээгээр ажиллуулах боломжтой юм байна нэг хүний цалин нь 1.800.000-2.100.000 вонн болж байна найдвартай хүмүүс байвал хэлээрэй олж өгөөрэй гэж хэлсэн байсан. Тэр үед нь манай эхнэр өөрсдийн ойр дотны найз нөхөд хамаатнууддаа хэлсэн. Тэгснээр миний төрсөн дүү Юрагийн Сугар, түүний эхнэр Болороо, Сугарын найз Ууганбаяр, эхнэрийн найз Отгонтуул нар тус бүрдээ нэг хүний 1.900.000 төгрөгийг Энхчимэгт Солонгос улсын виз гаргуулахаар гадаад паспортын хамт өгсөн. ...Би эхлээд 2018 оны 9 дүгээр сард өөрийн Төрийн банкны 140400167187 тоот данснаасаа 1.000.000 төгрөгийг Энхчимэгийн Хаан банкны 5163093992 тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны 5048076194 тоот данснаас Энхчимэгийн Хаан банкны 5163093992 тоот данс руу 1.020.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн Төрийн банкны 140400167187 тоот данснаасаа 850.000 төгрөгийг Энхчимэгийн Хаан банкны 5163093992 тоот данс руу шилжүүлсэн. Ингээд нийтдээ 2.870.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 70.000 төгрөгийн орчуулганы мөнгө гэж бэлнээр өгсөн. ...” /1хх 245-247, 3хх 6/,

 

хохирогч П.Балжиннямын “...2019 оны 1 дүгээр сарын дундуур манай танил Ариунзаяа гэх эгчийн найз Энхчимэг гэх хүн Солонгос улс руу хүн явуулах материал авч байгаа гэж хэлэхээр нь холбогдож байгаад би ээжтэйгээ хамт Улаанбаатар хотод ирээд Энхчимэгтэй уулзсан. Тухайн үед Энхчимэг нь виз хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй болоод байна гэхээр нь эхлээд ээж өөрийнхөө данснаас Энхчимэгийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь аав хөдөөнөөс 900.000 төгрөг Энхчимэг рүү шилжүүлсэн. Энхчимэг нь нэг хүний материалд 1.900.000 төгрөг болж байгаа гэсэн. …” /2хх 4-5/,

 

хохирогч Ю.Сугарын “...2019 оны 1 дүгээр сард би Улаанбаатар хотоос Хөтөл рүү явж байхад миний төрсөн ах Ю.Жаргалсайхан над руу залгаад гэрээний дагуу Солонгост ажилчин гаргах тухай ярьсан. Тэгэхээр нь би буцаж хот руу ирээд Жаргалсайхан ахын хэлсэн Энхчимэг гэх хүнтэй уулзаад материалаа 3.800.000 төгрөгийн хамт өгсөн. Тухайн үед би эхнэрийнхээ мөнгийг хамт өгсөн. Түүнээс хойш Энхчимэг нь надад мөнгөний баримт өгөхгүй удсан. Гэтэл удаагүй Энхчимэг нь манай ээж нас барсан байна. Мөнгөний чинь баримтыг мэйл хаягаар чинь явуулъя гэж хэлсэн боловч явуулаагүй. ...Би 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн ойролцоо Энхчимэгтэй өөрийн биеэр уулзаад өөрийнхөө 5067050481 дугаартай данснаас Энхчимэгийн 5163093992 гэсэн данс руу 1.900.000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утган дээр sgr /Сугар/ гэж бичээд шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өөрийнхөө 5048288735 гэсэн данснаас Энхчимэгийн 5163093992 гэсэн данс руу гурав хувааж 1.900.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ингээд бодохоор Энхчимэгт нийт 3.800.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. ...” /2хх 14, 3хх 6-7/,

 

хохирогч Д.Отгонтуул “...2019 оны 1 дүгээр сарын дундуур багын найз Ариунзаяа над руу яриад “найдвартай Солонгос улс руу гэрээгээр нэг жилийн хугацаатай явуулах хүн байна” гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа Ариунзаяа дахиж над руу залгаад “чамд Солонгос улс руу явах өөр хүн байна уу” гэж асуусан. Тухайн үед би Ариунзаяагаас ямар нөхцөлтэй явуулах талаар асуухад надад “найдвартай гэнээ, Энхчимэг гэдэг хүн байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дугаарыг нь аваад уулзахаар ярилцаж тохироод модны 2-т уулзсан. Тэр үед Энхчимэг нь “Солонгос улс руу нэг жилийн хугацаатай гэрээгээр ажилчин гаргана. Тэндээ очоод гар утасны үйлдвэрт ажиллана” гэж хэлсэн. Тухайн үед би Энхчимэгээс чи надад баталгаа гаргаж өгч чадах уу гэж шаардахад чадна гэсэн. Тэгээд би 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Энхчимэгийн Хаан банкны данс руу 1.900.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2хх 127/,

 

хохирогч Ч.Ууганбаярын “...2018 оны 12 дугаар сард багын найз Сугар над руу яриад өөрийнхөө Солонгос улс руу явах визний материалыг Энхчимэгт өгсөн. Тухайн үед би найз Сугартайгаа хамт явж байсан. Гэтэл тухайн үед Энхчимэг нь надад “Солонгос улс руу явуулах 15 хүн бүрдсэн байгаа, дахиж материал авахгүй орон тоо гарвал чам руу ярина” гэж хэлсэн. Гэтэл Энхчимэг хоёр хоногийн дараа над руу яриад “2 хүний орон тоо гарсан нэгэнд нь чи дүүгээ явуулж болно. Миний данс руу 1.900.000 төгрөг явуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Уранзаяагийн Хаан банкны данснаас 1.900.000 төгрөг Энхчимэгийн данс руу явуулсан. ...” /1хх 24/,

 

хохирогч Фабор Чоема /Chioma Favour/-ийн “...2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Энхчимэг гэх эмэгтэй орж ирсэн. ...нэг камерт 2 хоносон ба энэ хугацаанд би “Нигери улсад байгаа ар гэрийнхэнтэйгээ холбогдож чадахгүй байгаа, ар гэрийнхэнтэйгээ холбогдож байгаад өмгөөлөгч авах хэрэгтэй байна” гэхэд “би олон өмгөөлөгч танина, эндээс гарахаараа хямдхан үнээр өмгөөлөгч олоод өгье, тэгээд өмгөөлөгч авч байгаад чамайг хорих ангиас гаргаж өгөх болно” гэсэн. Тэгэхээр нь би итгээд Нигери улсад байгаа аав Виктер, найз залуу Эрнест нартай холбогдох утасны дугаар, фэйсбүүк хаягийг Энхчимэгт өгсөн. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Энхчимэг цагдан хорих байрнаас гарч явсан. Ингээд түүнээс хойш ерөөсөө уулзаагүй ба би хоригдож байгаад 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цагдан хорих байрнаас гарч ирээд Энхчимэг нь найз залуу Эрнесттэй фэйсбүүкээр холбогдож байгаад өмгөөлөгч авах гэж байна, өмгөөлөгч авлаа, өмгөөлөгчид өгөх хөлс, надад хувцас авч өгөх гэж байна, сургууль болон байцаагчтай нь өмгөөлөгчийг уулзуулж байна, маш их шокалад авч өгөх гэж байна гэж худал хэлж байгаад өөрийн дансны дугаарыг өгсөн байсан. Тэгээд найз залуу Эрнест нь Нигери улсад байгаа аав Виктерт учир байдлыг хэлж ойлгуулж Энхчимэгийн шаардлагатай гэх мөнгөнүүдийг шилжүүлж байсан. Энхчимэг нь 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр “Western union” болон “money gram” ашиглаж нийт 3569 ам.долларыг Энхчимэг нь хаан банкны 5163093992 дугаарын дансаар мөнгийг шилжүүлж авсныг олж мэдсэн. ...” /2хх 59/ гэх мэдүүлгүүд,

 

депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 12, 74-75, 185, 199-200, 227-228, 230-231, 2хх 120-121, 182-184/ үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 3-4/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Х.Эийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэнээс гадна түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Х.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Х.Э нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжлийг олоогүй байдлыг илтгэж байх бөгөөд анхан шатны шүүх түүнд тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулжээ.

 

Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Фабор Чоема /Chioma Favour/-д хохирлын 7.278.672.1 төгрөг төлсөн болохыг дурдав. /3хх 248/

 

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Х.Э нь хохирогч Фабор Чоема /Chioma Favour/-д хохирлын 7.278.672.1 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ