Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2026/0613

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.П-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан 

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.П

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Г.У

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  573 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, Г.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр 

Хэргийн индекс: 128/2025/0015/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 573 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.4, 20.6, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасныг тус тус баримтлан Ж.П-ийн нэхэмжлэлтэй “...нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 157 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.П-д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 157 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.П-д нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж,

гуравдагч этгээд Г.Уаас гаргасан бие даасан шаардлага болох “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаар Газрын маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05-61/2296 дугаар “Зөрчил арилгуулах” албан шаардлага, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” 5/240 дугаар шийдвэрийн биелэлтийг хангуулахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн биелэлтийг хангуулж, Ж.П-гийн хууль бусаар барьсан хашааг буулгаж, манай 138 тоот газрын орц, гарц чөлөөлөхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1. Гуравдагч этгээд Г.У-аас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй талаар:

Маргаан бүхий Ж.Пийн газрын бодит хэмжээ шүүхийн шаардсанаар шинжээчийн дүгнэлтээр 408 м.кв болох нь тогтоогдсон. Нийслэлийн Засаг даргын 2003, 2005 оны шийдвэрээр уг хууль бусаар сунгасан хашааг бүхэлд нь буулгаж, 138 тоотын орц, гарцыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Үүнээс өмнө миний гаргасан гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Я. Сосорбурам 2001 онд газар дээр нь шалгалт хийж, хууль бусаар сунгасан хашааг буулгах мэдэгдлийг Д. Г-т өгсөн бөгөөд энэ талаар Газрын албаны шүүхэд гаргасан тайлбар хэрэгт авагдсан. (5 хавтаст хэргийн 99 хуудас) Мөн Газрын албаны газар зохион байгуулагч Ж.Батсайханы 2003 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн буулгах мэдэгдлийг Ж.П өөрөө гарын үсэг зурж хүлээн авсан бөгөөд нийтдээ 10 гаруй удаагийн буулгах мэдэгдэл хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Ийм нөхцөлд Д.Г Нийслэлийн Засаг даргын 2003 оны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, 2004 онд Нийслэлийн Газрын албаны мэдээллийн сангийн мэргэжилтэн Ц.Б-г Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд дагуулан ирж, Газрын албатай зөвшилцөж 138 тоотын гарцыг гаргахаар газрынхаа хилээс 4 метр буюу 132 м.кв газрыг татан кадастрын зургаа өөрчлүүлж, мэдээллийн санд 210 м.кв-аар бүртгүүлсэн. Энэхүү өөрчлөлтийг хийсэн Ц.Б-н гарын үсэгтэй, кадастрын зураг, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга Б.Н-гийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мөн Э.А шүүгчийн захирамж, албан бичгийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас маргаан бүхий газрын давхцал болон мэдээллийн санд хийгдсэн бүх өөрчлөлтийг шалгаж тогтоон ирүүлсэн дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

Гэтэл Ж.П-д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 157 м.кв газар нь Д.Г Нийслэлийн Засаг даргын 2003 оны шийдвэрийг хэрэгжүүлж 138 тоотын гарц гаргахаар өөрөө кадастрын зургаас хасуулсан 132 м.кв газар мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад, Д.Г уг газрыг бодитоор чөлөөлөлгүйгээр байшин барьж, улмаар Ж.П- уг газрыг өмчилж авахаар нэхэмжлэл гаргасан нөхцөл байдлыг анхан шатны шүүх иж бүрэн үнэлээгүй, харин эсрэгээр Ж.П-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт тогтоогдсон үйл баримт, нотлох баримтын бодит үнэлгээнд нийцээгүй байна.

4 хавтаст хэргийн 146-150 дугаар хуудаст авагдсан Д.Г-ын Газрын албанд 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан өргөдлийн 5-д “2004 оны 09 сард дүүргийн Газрын албаны дарга Н, байцаагч Б нар газар дээр очиж тухайн газрын шийдвэр гаргаж өгсөн. Миний хувьд эрх мэдэл бүхий энэ хүмүүсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч В.С-гийн газрыг урагш нь 4 м орчим татаж кадастрын зурагт хасаж гаргасан. 2005 оны 05 дугаар сард шийдвэрийн дагуу хашаагаа урагш нь татахаар болсон...” гэсэн байна. 4 м орчим татсан газрыг нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас хэмжилт хийгээд 132 м.кв гэж тогтоож шүүхэд хүргүүлсэн.

4 дүгээр хавтаст хэргийн 152-159 дүгээр хуудаст авагдсан 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудаст хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н: маргаан бол орц, гарцын асуудлаас болсон... улирлынх нь хугацаа намар байсан. Д.Г нь ирээд хавар татъя гээд тохиролцсон хавар нь болохын хооронд тэр хашаан дотроо Д.Г нь байшин барьсан байсан. Маргаан таслах зөвлөлийн орлогч даргатайгаа очсон. Орц, гарц тагласан хашаа бол бидний хэлсний дагуу татаагүй байсаар байгаад газар дээр нь байшин барьсан ...” гэсэн. Байшингийн ажлаа зогсоохыг шаардаж удаа дараа мэдэгдэл өгсөн нь хэрэгт авагдсан. (5ХХ-56,57,58 хуудас)

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.16 дээрх баримтаас дүгнэхэд, Г.У-ын газар, эзэмшиж, өмчлөх эрх 2012 онд сэргэсэн гэж үзэхээр байх бөгөөд 2001 онд үйлдэгдсэн “Эдэлбэр газар барилгын хэмжээ” гэх баримтын 866-д заасны дагуу орц, гарцыг нэхэмжлэгч Ж.П-гийн өмчлөх эрх бүхий газрын урд хэсгээр гаргах ёстой байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, 1.17 Учир нь, уг газрын байршлын зураг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар 1050 м.кв газрыг Г.У-т олгосон захирамж хүчин төгөлдөр байх үед Б.Э-гийн 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтыг үндэслэж, ноогдох эдэлбэр газрын хэмжээг заагласан зураг байх ба энэхүү зургийг үндэслэн орц, гарцыг шийдвэрлэх боломжгүй гэжээ.

1999 онд иргэн Б.Э манай 138 тоот газар дээр түр хугацаагаар оршин сууж байхдаа 133 тоот газрыг банкны зээлээр худалдаж авахаар иргэн Б.Ттай тохиролцсон. Банкны зээлийн шаардлагаар барьцаалах үл хөдлөх хөрөнгө шаардлагатай байсан тул 133, 138 тоот хашааг 1999 онд зэрэг барьсан. Улмаар Б.Т, Б.Э нарын хамтран Нийслэлийн Засаг даргын гаргасан өргөдлийн дагуу 133 тоот газар дээр Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/98 тоот захирамжаар 0.1 га газар олгож хил заагийг 30х33м=990 м.кв талбайгаар тогтоосон зургийг үндэслэж Нийслэлийн Газрын албатай газар эзэмших гэрээ хийсэн байдаг. Тухайн үед энэ орчинд анхны хашаа барьсан 2 айл байсан тул 133 тоот газар эзэмших гэрээний хавсралт зурагт манай 138 тоот газрыг хамтатган хийж гарц, орцыг баруун, зүүн тийш баталгаажуулсан байдаг. Энэ тухай дээрх 2 хашааны барьсан хэмжээгээр уг зургийг 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн архитектур А.Д 2001 онд Газрын албыг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд, 2006 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан. Зээл бүтээгүй тул 133 тоот газрыг иргэн Б.Т Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/59 дугаар захирамжаар буцааж эрх шилжүүлж авсан. Ийнхүү баригдсан 138 тоот хашаа нь Б.Э-гийн байнгын өмч биш байсан бөгөөд манай хашаанаас нүүж, өөрийн барьсан хашааг одоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-т худалдсан. Д.Г уг банзан хашааг буулгаж худалдан авч өөрийн 137 тоот газарт барихдаа 138 тоотын анхны орц, гарцыг хаасан нь энэ маргааны эхлэл болсон. Энэ тухай 5 хавтаст хэргийн 81-84 дүгээр хуудаст авагдсан 2003 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 620 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд би хашааг буулгаж авсан тухай мэдүүлсэн байна. Энэ зураг дээр манай хашааны 30х33м үндсэн хэмжээ одоо ч өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа.

Манайх 1989 онд өөрийн газарт барилга барихаар экскаватороор сууриа ухаж, кранаар суурийн блокоо өрж, суурь болон барилгын давхраа хучих хучилтын төмөр бетон хавтангуудыг одоогийн Ж.Пийн байшин барьсан хэсэгт түр байршуулж олон жил хадгалж байсан. Хучилт хийгдээгүй байх үеийн манай суурийн зургийг Д. Г 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Газрын албанд гаргасан өргөдөлдөө хавсаргасан байдаг. (4ХХ-146-150 хуудас) Тухайн үед хөрш айлуудын өнөөгийн хашаа, хил зааг тогтоогдоогүй байсан бөгөөд манай барилгын материал техник хэрэгсэл энэ чиглэлээр чөлөөтэй орж, гарч байсан нь уг орц, гарцыг 1989 оноос бодитоор ашиглаж ирсний нотолгоо юм. Хожим манай барилгын материалыг тухайн газраас кранаар авсны дараа иргэн Д.Г тухайн хэсэгт эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр 137 тоот хашаагаа хойш нь сунгаж барьсан бөгөөд үүнээс хойш манай олон жил ашиглаж байсан орц, гарц хаагдсан.

Д.Г анхны 25х30м-750 м.кв газраа нийтийн эзэмшлийн гудамж нарийсгаж сунгасаар 1255 м.кв болгосон. (Д. Г анх Газрын албанд 25х30м 750 м.кв газарт гэрчилгээ авахаар гаргасан өргөдөл 5 хавтаст хэргийн 5,8 дугаар хуудас) Дараа нь манай гарцыг хааж 408 м.кв газар сунгасан. Энэ газрыг татахаар Газрын албанаас санал оруулсны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Газрын маргаан шийдвэрлэх эрх бүхий комиссын шийдвэр 2003, 2005 онд гарсан болно. (Нийслэлийн Засаг даргын 2003 оны шийдвэрийн хурлын протокол 5 хавтаст хэргийн 53 хуудас)

2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

1. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 1.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа: “...Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тус дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамж, 8 тоот хаягт байрлах иргэн Ж.П миний эзэмшиж буй, бусдын эзэмшилтэй давхцаагүй 73.1 м.кв газрыг өмчлөн авах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг иргэн Ж.П надад өмчлүүлэхээр нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” шаардлагын хүрээнд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/32025/0094 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “...нэхэмжлэгчийн эзэмшиж буй 73.1 м.кв газрыг өмчлөн авах талаар гаргасан өргөдлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүлээн авахгүй, улмаар газар өмчлүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх газрыг иргэн Ж.П-д өмчлүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах” гэж өөрчилсөн.

1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: “...Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 73.1 м.кв газрыг өмчлөн авах талаарх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, түүний харьяа Газрын алба нь хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, мөн уг газрыг өмчлүүлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох, дээрх газрыг иргэн Ж.П-д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан.

1.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “...нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 157 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.П-д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах”-аар маргасан гэжээ.

Гэтэл шүүхээс шийдвэр гаргахдаа Ж.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож... 157 м.кв газрыг нэхэмжлэгчид нэмж өмчлүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7.”Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг хариуцагч сонгох боломжийнхоо хүрээнд шийдвэрлэх эрхтэй бол шүүх тухайн акт гаргах хариуцагчид даалгах боломжгүй. Шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдахгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг тогтоох хүрээнээс давж, хууль ёсны өмчлөх эрх үүссэн эсэх нь бүрэн тогтоогдоогүй 157 м.кв газрыг Ж.П-т нэмэн өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан нь хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн шийдвэр болсон.

Ж.П 2008 оны Нийслэлийн Засаг даргын 59 дүгээр захирамжаар 210 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн. 2009 оны кадастрын зургаар тухайн газар 283.1 м.кв гэж гарсан бөгөөд үүнээс 210 м.кв-ийг хасахад 73.1 м.кв илүү гэж үзэж байсан. 2025 оны шинжээчийн дүгнэлтээр одоогийн ашиглаж буй нийт талбай 408 м.кв, үүнээс 41 м.кв нь давхцалтай, үлдэгдэл 157 м.кв гэж тооцсон. Шүүх энэ 157 м.кв газрыг нэмэн өмчлүүлэхийг даалгасан нь хамгийн маргаантай хэсэг болсон.

Шүүх “өргөдөл шийдвэрлээгүй эс үйлдэхүй”-г тогтоох хүрээнээс давж, шууд 157 м.кв газрыг нэмэн өмчлүүлэх агуулгатай шийдвэр гаргасан. 157 м.кв газар нь хууль ёсоор өмчлүүлэх нөхцөл бүрэн тогтоогдоогүй байхад шүүх захиргааны байгууллагын шийдэх асуудлыг орлож шийдвэрлэсэн. Ж.П өөрийн өмчилсөн 210 м.кв-ээс илүү газар ашигласан, хашаалсан, барилга барьсан нөхцөлийг шүүх хүлээн зөвшөөрсөн мөртлөө түүнийгээ өмчлүүлэх үндэслэл болгосон нь Газрын тухай хуультай зөрчилдөж байна.

Г.У-ын эрх, орц гарц, өмнөх комиссын шийдвэрүүд, 2012 оны А/462 дугаар захирамжийн эрх зүйн үр дагаврыг шүүх бүрэн үнэлээгүй.

2. Ж.П шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3. “ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасныг зөрчсөнийг шүүх анхаарч үзээгүй. Ж.П нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ...” гэсэн байдаг.

 Гэтэл Ж.П нь маргаан бүхий асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гомдол гаргаагүй атлаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-д 98.1.3.захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад ямар нэгэн байдлаар өргөдөл гомдол гаргаагүй ба энэ талаарх ямар ч баримт хэрэгт байхгүйн дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр мөн хүлээн зөвшөөрсөн байдаг.

3. Гуравдагч этгээдийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 306 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан атлаа уг асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, шалгаж тогтоогоогүй. Тухайлбал 306 дугаар захирамжийн үндэслэл болж хавсралтад дурдсан Б/31 дүгээр захирамж болон түүнтэй холбоотой баримтуудыг шүүх өөрийн санаачилгаар шаардан авч шалгаагүй болно. Энэ нь 306 дугаар захирамж хууль ёсны эсэхийг бодитой тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримт байсан. Ж.П-ийн газрын эрхийн хугацаа дууссан буюу газар эзэмшигч биш байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй.

Ж.П нь өөрийн гэх газраа В.Сгаас 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 306 дугаар захирамжаар шилжүүлэн авсан. Гэтэл В.Сд 2001.08.30-ны өдөр 5 жилийн хугацаатай гэрчилгээг Зээлийн 4-137 тоот хаягаар олгосон байдаг. Гэрчилгээний хугацаа нь 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дууссан. (В.С-гийн гэрчилгээ 5 хавтаст хэргийн 88 хуудас) Газар эзэмших гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасны дагуу шүүх үүнийг анхаарч үзээгүй.

Мөн хэрэгт авагдсан кадастрын болон бусад нотлох баримтаар В.Сгийн 150 м кв газрын гэрчилгээг тусдаа хил зааг, кадастрын бүртгэл бүхий өөр объект болох Ж.П-ийн 1376 тоотод 306 дугаар захирамжаар эрх шилжүүлсэн нь нотлогдож байна. Эрх шилжүүлсэн 1376 тоот газрын анхны кадастрын бүртгэл нь 911 м кв талбайтай байсан бөгөөд энэ нь В.С-гийн 150 м кв газартай нэг объект биш болохыг баримтууд нотолж байна.

Ийм байхад шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн шалгалгүйгээр миний бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан мөртлөө, тус хуулийн 54.2, 122.1-д заасан уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхийг бодитой эдлүүлэхгүйгээр 0573 дугаар шийдвэр гаргасан нь миний шүүхээр хамгаалуулах эрхийг хязгаарласан процессын ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагаа шүүхийн захирамжийн дагуу тодруулж 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргаж өгсөн боловч гарын үсгийн техникийн алдаанаас болж хүлээж аваагүй, буцааж өгсөн болно. В.Сгийн 137 тоот газар Ж.П-ийн 1375 тоот газар тусдаа объект болох нь дараах баримтуудаар нотлогддог. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 11 сарын 20-ны өдрийн 437 дугаар захирамжийн дагуу 86,87 тоотын орц, гарцыг 2003 оны кадастрын зураглалыг үндэслэж Газрын албаны тогтоосон актад Д.Г-ын 137 тоот хашаа хуваагдаагүй байна. Энэ акт 2 хавтаст хэргийн 100 хуудас

- 3 хавтаст хэргийн 247 хуудаст авагдсан ГХГЗЗГ-ын 2007 оны 12 сарын 27-ны өдрийн 1/853 дугаартай арга хэмжээ авах тухай албан бичгийн хавсралт зурагт Д.Гын эзэмшлийн 137 тоот хашааг 137А, Б гэж 2 хуваасан байна. Энэ хавсралт зураг дээр Ж.П-ийн 408 м.кв газар хаяггүй байна.

- 4 хавтаст хэргийн 174 хуудаст авагдсан “энэ зураг нь 2003 оны 11 сарын байдлаар агаарын зураглалд орсон зураг болно мөн энэ зураг нь манай кадастрын бүртгэлийн албан ёсны зураг мөн” гэж тайлбар бичиж Газрын албаны тэмдэг дарсан кадастрын зурагт Д.Г-ын 137 тоот хашааг 137А, Б гэж 2 хуваасан байна. Д.Гын Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 2003 онд өөрийн биеэр аваачиж өгсөн энэ зураг дээр Ж.Пийн хашаа байхгүй байна. Тод хараар тэмдэглэгдсэн нь газрын тооллогод ороогүй бүртгэлгүй газар гэж тайлбар бичсэн байх бөгөөд манай газрын хагас нь тооллогод орсон байна. – 4 хавтаст хэргийн 181 хуудаст авагдсан Газрын албаны бичигт В.С болон Ж.П нарын газар тусдаа объект болохыг тогтоосон байна.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.19-д гуравдагч этгээд Г.У-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.20-д ...гуравдагч этгээд Г.У-ын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтын агуулгатай нийцэхгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2003, 2005 оны шийдвэрүүд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага нь Ж.П (өмнө нь Д.Г)-ийн хууль бусаар илүү газар хашаалсан хэсгийг буулгаж, миний 138 тоот газрын орц, гарцыг чөлөөлөхөөр гарсан баримтууд юм. Өөрөөр хэлбэл эдгээр шийдвэр гарах болсон үндэслэл нь миний газар ашиглах, орц гарцаар саадгүй нэвтрэх эрх зөрчигдсөнтэй шууд холбоотой байжээ.

Хэрэв миний эрх, хууль ёсны ашиг сонирхол огт хөндөгдөөгүй байсан бол дээрх шийдвэрүүдийг гаргах, илүү хашаалсан хэсгийг буулгах, орц гарцыг чөлөөлөхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгох ямар ч шаардлага үүсэхгүй байсан.

Иймээс анхан шатны шүүх нэг талаас дээрх шийдвэрүүдийг нотлох баримт болгон дурдсан атлаа, нөгөө талаас “Г.У-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг логик уялдаа, бодит агуулгаар нь үнэлээгүй, хоорондоо зөрчилтэй дүгнэлт болсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.13-д “Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь хээрийн судалгаа хийж, хил заагийг тогтоож, өмчилж авахыг хүссэн газарт үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх, кадастрын зурагт тухайн үл хөдлөх хөрөнгө орсон эсэхийг нягталж шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой байтал энэхүү үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс байшин баригдсан хэсгийг орхигдуулан өмчлүүлсэн байна” гэжээ. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 412 дугаар захирамжаар байгуулагдсан Газрын маргаан шийдвэрлэх эрх бүхий комиссын 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагыг газрын албаны дарга Б.Н, газар зохион байгуулагч Ж.Б-нар газар дээр очиж Д.Г-аас шаардсан. Энэ шаардлагыг Д.Г хүлээн авч Ж.П-ийн хашааны хил заагаас 4 метр газар татаж 138 тоотод гарц гаргахаар тохирч кадастрын зургаа өөрөө багасгаж хийлгэсэн. Энэ багасгасан /устгагдсан/ 4 метр хэмжээ нь 132 м.кв талбайтай болохыг шүүхээс шаардсаны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар тогтоосон. Энэ тухай хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дээр дурдсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.16, 2.18, 2.19-д дурдсан: “... маргаан үүссэн гэх шалтгаанаар иргэдээс гаргасан өргөдөл хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, бүртгэлгүй буцаасан нь хууль бус байна” гэжээ. Тухайн үед мөрдөж байсан 5 хавтаст хэргийн 22-31 хуудаст авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2003 оны 165 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын Хоёрт. Газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, нягтлан шалгах гэж заасны 2.7-д “Өргөдөл нь энэхүү журмын 2.1.1-2.1.5-д заасан шаардлага хангаагүй, уг өргөдөлд дурдагдсан газар эзэмших, ашиглах эрхийн талаар эрх зүйн маргаантай, эсхүл бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхардсан зэрэг зөрчилтэй бол энэ талаарх үндэслэлийг ажлын 15 өдөрт багтаан ГХГЗЗГ-аас баталсан загварын дагуу мэдэгдлээр хариуг өгч, хүсэлт бүртгэх дэвтэрт холбогдох бичилтийг хийж, бүртгэлээс хасна” гэсэн байна.

Энэ журам ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар хүчингүй болсон байна. Ж.Пийн 1375 тоот хашаа нь хөрш Г.У-ийн 138 тоот газар дээр 70 м.кв, 137 тоот газар дээр 498 м.кв газар давхцалтайг шүүхээс шаардсаны дагуу ГЗБГЗЗЕГ тогтоосон. Газрын зөрчлийг Нийслэлийн Засаг даргын 2003.2005 оны шийдвэрээр тогтоож зөрчил арилгаж орц, гарцыг гаргахаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г хүлээн зөвшөөрсөн. Энэ нөхцөлд дээрх журамд зааснаар өргөдөл хүлээн авах ямар ч үндэслэлгүй байна. Гэтэл Ж.П газраа өмчлөхөөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад гаргасан өргөдөл хэрэгт байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан байдаг. Газрын албанд гаргасан өргөдөл нь иргэн К.Гийн гомдлын дагуу Ж.Пт хашааг татах мэдэгдэл хүргүүлсний дараа тус албанд өргөдөл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.6, 2.10-д дурдсан Г.У болон одоо амьдарч буй Г.У, нэхэмжлэгч Ж.П нарын хашаа зэргэлдээ оршиж аль алиныхаа орц, гарцыг хаагаагүй тусдаа хаалгаар орж, гардаг болох нь тус тус тогтоогдож байна” гэсэн нь үндэслэлгүй. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Н.Дуламсүрэн нарын 2005, 2006 онд тус газар дээр хийсэн үзлэгийн гэрэл зургаар Г.Уийн ард талын хашаа гарцтай, хашаандаа 2 айл байгаа. Г.Уын хашаа орц, гарцгүй болох нь тодорхой харагдаж байна. Энэ нь мөн 2005 онд авсан агаарын зургаар нотлогдож байна. (5 хавтаст хэргийн 148 хуудас Үзлэгийн зургууд 4 хавтаст хэргийн 201-204 хуудас, 174-175 хуудаст авагдсан байна.)

Д.Г ард талын Г.У-ийн хашааг 2 удаа буулгаж 133 тоотын орц, гарц болгон олон жил ашиглаж байгаа бөгөөд энэ нөхцөл байдал, дроноор хийсэн бичлэг үндэслэж дүгнэлт гаргасан байна. Г.У-н эрхийг сэргээсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны А/327 тоот захирамж үндэслэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Газрын алба хамтран Г.У-н хашааны кадастрын зургийг сэргээн мэдээллийн санд бүртгэсэн. (5 хавтаст хэргийн 133 хуудас) Энэ кадастрын зургаар Г.У-н хашааны орц, гарц хаалттай байгаа нь харагдаж байна. Г.У Г.У нарын газар эзэмших эрхийг хууль хяналтын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж хууль бусаар хүчингүй болгосныг улсын байцаагчийн дүгнэлт, прокурорын тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/567 тоот захирамж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-ийг үндэслэж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны А/327, А/682 дугаар захирамжаар эрх сэргээгдсэн байдаг. Г.У-н газар эзэмших эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 205 тоот захирамжаар хүчингүй болгох ажиллагааг Нийслэлийн Газрын албаны дэд дарга М.Буяндэлгэр, НШГА-ны шийдвэр гүйцэтгэгч М.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г нар үгсэж хүчингүй болгосон нь АТГ-ын мөрдөн байцаалтаар тогтоогдсон.

Хэрэгт авагдсан эдгээр баримтуудыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судлах үүргээ гүйцэтгээгүй эдгээр нотлох баримтыг шийдвэр гаргахдаа огт анхаарч үзээгүй. (АТГ-ын байцаалтын тэмдэглэл 5 хавтаст хэргийн 62-63 хуудас, А/327 захирамж 4 хавтаст хэргийн 55 хуудас, А/682 захирамж 4 хавтаст хэргийн 106 хуудас)

Шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2.2-т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 03-ны өдрийн 306 дугаар шийдвэрийн Ж.П-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах гэж нэмэгдүүлэн тодруулсныг шүүх хуралдааны явцад тус шүүхийн шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн -ийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно гэсэн. Энэ татгалзал нь хууль буруу хэрэглэсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт дурдаагүй байна. Энэ захирамжаар В.Сгаас Ж.П-д эрх шилжүүлсэн байдаг. Энэ захирамжийн хавсралтад тэмдэглэгдсэн Б/31 тоот захирамжтай холбогдох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх шаардаж аваагүй. Шүүх хуралдааны маргааш нь буюу 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2/1716 дугаартай ажлын хэсгийн дүгнэлтээр “...В.С-гийн 150 м.кв газрын гэрчилгээ хүчингүй болсон байна гэж дүгнэсэн байна”. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамжид тус хуулийн 54.2,122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй гэж үзэж байна. Энэ захирамжаар В.С-гаас Ж.П-т эрх шилжүүлэхдээ тусдаа хил залгаа өөр объектод эрх шилжүүлсэн, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг доод шатны Засаг дарга болох дүүргийн Засаг дарга зөрчиж захирамж гаргасан, В.С-ийн гэрчилгээний хугацаа дууссан, энэ захирамжийн хавсралт дахь өмнөх захирамж Б/31 захирамжийн холбогдох баримтыг шүүх хэрэгт аваагүйг нягтлан шалгаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон.

В.Сгийн гэрчилгээ нь Д.Г-ын Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2001 онд гаргасан өөрийн 137 тоот газраа хуваах өргөдлийг үндэслэн олгогдсон гэрчилгээ болно. (Д.Г-ын өргөдөл 5 хавтаст хэргийн 4 хуудас) Буулгах мэдэгдэл өгсөн, Нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд гарсан, эрх зүйн маргаантай, давхцалтай газар дээр 165 дугаар тушаалаар баталсан журамд зааснаар өргөдөл хүлээн авч гэрчилгээ олгох ёсгүй. Би, 4 хавтаст хэргийн 179 хуудаст авагдсан Газрын албанаас албан бичиг хийж өгч зөвлөсний дагуу 2003 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Шүүх урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хэрэгт авагдсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.19-д “...гуравдагч этгээд Г.У-ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна”, 1.20-д ... Г.У-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны Б/11 дүгээр захирамжаар Г.У 1050 м.кв газар эзэмших эрхтэй болсон. Шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3.11-д “Г.Уээс газраасаа 510 м.кв газрыг Г.У-т 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 001/4390 дугаартай бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн байна” гэсэн. 1050 м.кв – Мөн 2003 оноос Бэлэглэлийн гэрээг хавсаргаж газар эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлэхээр Газрын албанд удаа дараа гаргасан хэрэгт авагдсан өргөдлүүдээс харахад эрх шилжүүлэх ажиллагаа 2003 оноос эхэлсэн болох нь нотлогдож байна, 1.19-д үндэслэл болгосон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05-61/2296 дугаартай албан шаардлагад: 1375 тоот Ж.П-ийн газрын бичиг баримтыг шалгахад Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасан заалтуудыг зөрчсөн гэж тогтоосон байна. Мөн энэ маргаан бүхий хашаанд кадастрын зураг үйлдэж өмчлөлд олгох гэж байгааг таслан зогсоохыг анхааруулсан байна. Иймд миний хууль ёсны ашиг сонирхол нь 2001 оны Б/11 дүгээр захирамжаар үүссэн газар эзэмших эрхийг 2003 оны бэлэглэлийн гэрээгээр надад хэсэгчлэн шилжүүлэх ажиллагаа эхэлснээр бий болсон байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9-д: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2/218 дугаар албан бичгээр”... өөрчлөлт ороогүй...” гэж дүгнэсэн.

Энэ хариу нь Ж.П-ийн өмнөх кадастрын бүртгэл, талбайн өөрчлөлтийг тусгаагүй дутуу мэдээлэл байсан. Миний гаргаж өгсөн нотлох баримт болон тайлбарыг үндэслэн шүүх дахин захирамж гаргаж, Ж.Пийн газар анх хэдэн мкв талбайтай бүртгэгдсэн, хэрхэн өөрчлөгдсөн, хөрш газруудтай давхцал үүссэн эсэх талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас албан бичгээр дахин тодруулсан. Үүний дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн хоёр дахь албан хариунд Ж.П-ийн газар анх 911 мкв талбайтай кадастрт бүртгэгдсэн бөгөөд дараа нь 132 м кв, 70 мкв, 498 м кв талбай тус тус хасагдсаны үр дүнд 210 мкв болсон болохыг тодорхой дурдсан. Энэ нь миний хувийн мэргэжлийн байгууллагаар тогтоолгож хэрэгт гаргаж өгсөн хэмжилтийн дүгнэлттэй бүрэн нийцэж байсан.

Гэтэл анхан шатны шүүх 057.3 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9-д дээрх хоёр дахь, бүрэн бөгөөд тодруулсан албан хариуг огт үнэлээгүй мөртлөө зөвхөн анхны дутуу хариуг үндэслэл болгож “210 мкв талбай өөрчлөгдөөгүй” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, бодитой, харьцуулан үнэлэх зарчмыг зөрчсөн. Шүүх өөрийн санаачилгаар нэмэлт нотлох баримт гаргуулсан атлаа уг нотлох баримтын агуулгыг үл тоомсорлож, өмнөх зөрүүтэй мэдээллийг шийдвэрийн үндэслэл болгосон нь шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Энэ нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс тус газрын 2 дахь албан ёсны хариуг бүрэн үнэлэж, анхан шатны шүүхийн нотлох баримтын үнэлгээ алдаатай болсон талаар дүгнэлт хийж өгнө үү.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх процессын болон материаллаг эрх зүйн зөрчлүүдийг харгалзан үзэж, 306 дугаар захирамжтай холбоотой нотлох баримтыг бүрэн шалгуулах, миний бие даасан шаардлагыг хуульд нийцүүлэн хэлэлцүүлэх боломжийг хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/Ш32026/4316 дугаар шүүгчийн захирамж болон мөн шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 128/ШШ2026/0573 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Ж.П шүүхэд “эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 157 мкв газрыг нэхэмжлэгч Ж.П-д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж,

            Гуравдагч этгээд Г.У шүүхэд “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/913 дугаар Газрын маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05-61/2296 дугаар зөрчил арилгуулах албан шаардлага, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай 5/240 дүгээр шийдвэрийн биелэлтийг хангуулахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн биелэлтийг хангуулж, Ж.П-гийн хууль бусаар барьсан хашааг буулгаж, манай 138 тоот газрын орц, гарц чөлөөлөхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” гэж бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ гуравдагч этгээд Г.У-ын эзэмшлийн газрын орц гарцтай холбоотой асуудалд хийсэн дүгнэлт нь учир дутагдалтай болжээ.

            3. Тухайлбал маргаан бүхий газарт хийсэн үзлэг болон дроноор хийсэн бичлэг, Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн агаар сансрын зураг зэргээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь тусдаа орц гарцтай болох нь тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна.

            4. Хэрэгт авагдсан баримтуудаар:

            4.1 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2001 оны Б11 дугаар захирамжаар иргэн В.Сд 150 мкв газар /одоо Ж.П- өмчилж байгаа/, иргэн Г.Ут 1050 мкв газрыг эзэмшүүлжээ.

 4.2 В.С нь дур мэдэн хашаагаа тэлсний улмаас Г.У-ийн хашааны хаалгыг хааж машин шууд орох орц гарцын хувьд боломжгүй болсон байна. Энэ талаар Газрын маргаан таслах зөвлөлийн 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлд тодорхой тусгаж иргэн В.С-гийн газраас 4м 60см татуулахаар шийдвэрлэж холбогдох этгээдүүдэд үүрэг болгожээ. /2-р хх, 95-р тал/

4.3 Иргэн Г.У нь 1050 мкв газраа хоёр хувааж гуравдагч этгээд Г.Ут 510 мкв газраа шилжүүлж, өөрөө 540 мкв газар эзэмшиж, улмаар өмчилжээ.

4.4 Дээрх хэмжээгээр Г.У нь газраа хоёр хувааснаар Г.У-ын өмчлөлийн газарт орц гарцын асуудал хөндөгдөж, иргэн В.Сгаас нэхэмжлэгч Ж.П-д шилжүүлсэн газар нь гуравдагч этгээд Г.У-ын орц гарцыг хаасан Г.У нь Г.У-ийн газар дээгүүр дамжин өмчлөлийн газартаа нэвтэрдэг болох нь Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 2025/45 дугаар шинжээчийн дүгнэлтийн хоёрдугаар хавсралт /2-р хх 69-70-р тал/, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны Г.У-ын өмчлөлийн газар болон Ж.П-гийн өмчлөөд авахыг хүссэн газрын кадастрын зураг, Орон зайн мэдээлэл технологийн хэлтсийн 2025 оны орчны тойм зургаар Ж.П-гийн өмчилж авахыг хүссэн газар нь гуравдагч этгээд Г.У-ын өмчлөлийн газрын орц гарцыг хаасан талаарх зураг /2-р хх, 162-164-р тал/ , Г.У-ын өмчилж байгаа газрын 2007 оны кадастрын зураг /3-р хх, 72-р тал/ зэргээр нэхэмжлэгч Ж.П-гийн өмчлөхийг хүссэн газар нь гуравдагч этгээд Г.У-ын орц гарцыг хаасан байх боломжтой байна.

5. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/1514 дугаар нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг түүнд хавсаргасан 2002-2004 оны хооронд хийгдсэн зурган мэдээллийг архивын мэдээлэлтэй давхцуулсан байдлыг фото зурган хэлбэрт оруулж өнгө будгаар ялган давхцалтай газрын тайлбарыг ирүүлсэн байна. уг талбар фото зургаар шүүхэд ирүүлсэн байна. /5-р хх, 200-209-р тал/

6. Дээрх гэрэл зураг, тайлбараар “...2002-2004 оны архивын мэдээлэлд бүртгэлтэй 911.1 мкв талбай бүхий газрын мэдээллийг 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлтэй давхцуулсан байх бөгөөд иргэн Д.Г-ын 700 мкв газартай газрын 495 мкв талбай нь, иргэн Ж.П-гийн 210 мкв талбай, Г.Уийн 1238 мкв талбайтай 70 мкв талбай нь давхцалтай 132 мкв талбай бүхий газар нь мэдээллийн сангаас устсан...” гэх нотлох баримтыг ирүүлсэн, тухайн нэр дурдагдсан өмчлөгч нарын газрууд хоорондоо давхцалтай байгаа, мөн гуравдагч этгээд Г.Уын орц гарцын асуудал маргаантай байгаа энэ тохиолдолд  анхан шатны шүүхээс дээрх нотлох баримт, тайлбарыг үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ж.П-д өмчлөлийн 210 мкв газар дээр нэмж 157 мкв газар өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

7.  Гуравдагч этгээдээс бие даасан шаардлагаа “...Нийслэлийн Засаг даргын 2003, 2005 оны шийдвэрүүд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага нь Ж.П- (өмнө нь Д.Г)-ийн хууль бусаар илүү газар хашаалсан хэсгийг буулгаж, миний 138 тоот газрын орц, гарцыг чөлөөлөхөөр гарсан баримтууд юм. Өөрөөр хэлбэл эдгээр шийдвэр гарах болсон үндэслэл нь миний газар ашиглах, орц гарцаар саадгүй нэвтрэх эрх зөрчигдсөнтэй шууд холбоотой байжээ. Хэрэв миний эрх, хууль ёсны ашиг сонирхол огт хөндөгдөөгүй байсан бол дээрх шийдвэрүүдийг гаргах, илүү хашаалсан хэсгийг буулгах, орц гарцыг чөлөөлөхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгох ямар ч шаардлага үүсэхгүй байсан. Иймээс анхан шатны шүүх нэг талаас дээрх шийдвэрүүдийг нотлох баримт болгон дурдсан атлаа, нөгөө талаас "Г.Уын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй" гэж дүгнэсэн нь нотлох баримтыг логик уялдаа, бодит агуулгаар нь үнэлээгүй...” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

7.1. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 59 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ж.П- 210 м кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсний дараа хууль бусаар холбогдох этгээдээс зөвшөөрөл авалгүй, өөрийн өмчлөлийн газрыг хэтрүүлэн барилга байгууламж барьсны улмаас эсхүл уг барилгаас гадна үлдэх газрыг хашаалж, улмаар өмчлөх хүсэлт  гаргасны улмаас Г.Уын орц гарцыг хаасан эсэхийг хариуцагч нар шалгаж, тогтоогоогүй байна.

7.2. Мөн хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, фото зураг, газрын лавлагаа зэргээр нэхэмжлэгч Ж.П- нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:” мөн зүйлийн 1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх,”, 2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;”, 5-т “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;” гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн бөгөөд үүний улмаас гуравдагч этгээд Г.Уын газар эзэмших эрх зөрчигдөж, өөрийн гэр лүү орж, гарахдаа бусдын газраар дамжин ордог болох нь тогтоогдож байна.

 

8. Хэдийгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн газрууд давхцалтай талаар маргаагүй ч гуравдагч этгээдийн өмчлөлийн газрын орц гарцын талаар маргаж байх бөгөөд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 19 дүгээр зүйл, 20 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Ж.П- нь дүүргийн Засаг даргаар уламжлуулан Нийслэлийн Засаг даргад газар өмчлөх хүсэлтээ гаргаж 0.07 га газар өмчилж авах эрхтэй боловч хариуцагч нарын зүгээс өмчилж авахыг хүссэн газарт үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэх, кадастрын зурагт тухайн үл хөдлөх эд хөрөнгө орсон эсэх, нэхэмжлэгчийн барилгын суурь газрыг өмчлүүлэх, гуравдагч этгээдийн орц гарцыг гаргах боломжтой эсэх зэрэг бодит нөхцөл байдлыг газар дээр нь нягтлан шалгаж шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

9. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг өөрчилж зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг өөрчилж зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0573 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ж.П-гийн орц, гарцын асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад даалгаж” гэж,

Гуравдагч этгээд Г.У-ын бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, 138 тоот газрын орц, гарцыг зохих журмын дагуу чөлөөлөхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

              ШҮҮГЧ                                С.МӨНХЖАРГАЛ

        ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР