Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

        

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Золзаяа,

улсын яллагч Д.Цолмон,

          шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94,

          шүүгдэгч С.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Булган аймгийн Баян-Агт суманд 1957 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, оёдлын механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, төмөр замын 9-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан  гавьяа  шагналгүй ,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн,  Боржигон овогт Самдангийн Батжаргалд /РД:ЧЕ57102811/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2016 2501 4205 дугаартай 105/2017/0145/ индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Батжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ноос 2016 оны 11 дүгээр сарын 18-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 9-4 тоотод эхнэр М.Цэрэндоржийг хардсаны улмаас  давтан үйлдлээр хохирогч Т.Баярсүх, М.Цэрэндорж нарын эрх чөлөөнд халдаж бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт  С.Батжаргал  мэдүүлэхдээ:  Би  2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр  Орос руу явах гээд байж байхад  өдөр 13 цагийн үед Баярсүх орж ирсэн. Удалгүй Цэрэндорж орж ирсэн. Тэр  хоёр  1 шил архи аваад ирсэн байсан. Цэрэндорж ууя гээд байхаар нь би тэрнээс нь уугаад одоо болоо би рублээ авлаа, орой би вагонд сууна гэхэд тэр 2 өнөөдөр явж яадаг юм, маргааш яв, жоохон ярьж сууя гээд байсан учир би яваагүй. Бид нар дахиад 1 шил архи аваад сууцгаасан. Гаднаас Цогзолмаа гэдэг хүн ороод ирсэн. Дахиад 1 шил архи авч ууцгаад орой нь унтсан. Шөнө намайг унтаж байхад хөлний чимээ гарахаар нь сэрэхэд Баярсүх том өрөөнөөс орж ирээд Цэрэндоржийг том өрөө рүү оръё гэхэд Цэрэндорж яах юм, зүгээр араас хийчих гэхээр нь би та  хоёр  намайг олон жил доромжиллоо, одоо бүр нүдэн дээр маань доромжлох гээд байгаа юм уу гээд босоод бариад авахад намайг орон дээр түлхэж унагаагаад тэгээд би цохих гэхэд цохиулахгүй байсан. Үсдээд авах гэхэд үс нь баригдаагүй. Тэгтэл миний 2 гарыг өвдгөөрөө дарж сууж байгаад дээрээс балбаад байсан. Тэгээд би дороос нь босож чадахгүй юм чинь амь авраарай гэж орилтол Цэрэндорж миний ам, хамрыг нэг  гараараа хаагаад амьсгааг маань боосон. Би үхэхэд 3, 4 секунд л байсан. Тэгээд миний гар мултрахаар нь би цохиход Цэрэндоржийн гар нь мултарсан учир арай гэж амьсгаа аваад Цэрэндоржийг түлхээд босч ирээд гарах гэхэд гаргахгүй, явуулахгүй гээд байсан. Тэгээд байж байхад Наранзул гээд хажуу талын хүүхэн орж ирсэн. Наранзулыг орж ирэхээр нь би миний утас байхгүй байна, чи цагдаа дуудаад өгөөч гэхэд Цэрэндорж, Баярсүх нар яах юм, битгий цагдаа дууд гэсэн. Тухайн үед миний ухаан балардсан байсан. Би яаж гарснаа мэдэхгүй байгаа. Нэг  мэдэхэд гудамжинд зогсож байсан. Гудамжид зогсож байгаад Нараа гэдэг ахынд орж унтъя гэж бодоод хаалгыг нь нүдэхэд онгойлгож өгөөгүй. Оюунаа гээд найз маань байдаг учир тэднийх рүү яваад хаалгыг нь нүдэхэд бас онгойлгож өгөөгүй. Тэгээд би хажуу талынхаа айлд ороод цаг харахад шөнийн 3 цаг болж байсан тэгээд унтсан гэв.

         Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалалтанд хохирогч Т.Баярсүхийн: ... тэгээд 23 цагийн хойд талын өрөөнд газраар ширдэг дэвсгэртэй тавьсан байсан тэнд унтаж байсан. Тэгээд шөнө нэг мэдэхэд миний толгой руу цохиод авах шиг болсон би босоод ирсэн чинь Батжаргал данх барьчихсан байсан тэр үед би пайнигтаад юу болоод байгаа гэдгийг мэдэхгүй байсан тэгсэн Батжаргал ах орилж чарлаад байсан. Тэгэхээр нь гутал руугаа явах гэж л оролдож байсан. Тэгэхэд Батжаргал ах эхнэр Цэрэндоржтойгоо орон дээрээ ноцолдоод байсан би тэр хооронд хөвөнтэй өмд гутал хоёроо өмсөөд яаж байгаа юм бэ Батжаргал ахаа гэсэн чинь юу яриад байгаа юм би та 2-ыг мэдэж байна гээд чарлаад байсан. Тэгээд миний хамарнаас цус гарсан байсан болохоор би цусаа дарж байхад нэг мэдэхэд Батжаргал хутга гаргаад ирчихсэн би 60 хүрсэн ч гэсэн шоронд орчихно гэсэн. Тэг тэр үед эрүүл болоод хамаг архи гараад хутганаас нь салгая гэж бодоод хутгатай гарнаас бариад нүүр лүү 2-3 удаа цохиод үүд рүү зогссон тэгэхэд хажуу айлын нэг эмэгтэй орж ирээд Батжаргал ахыг тайвшруулаад хутгыг нь аваад нуугаад гараад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р тал/

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Цэрэндоржийн:.. тэгээд шөнө гэнэт нөхөр Батжаргал босож ирээд миний хамар луу цохихоор нь юу болов гэсэн чинь чи Баярсүхтэй унтаж байна. Баярсүх чиний араас хийж байна ш дээ гэхээр нь гэрлээ асаасан чинь Батжаргал гал тогооны өрөөнд байсан данхыг аваад унтаж байсан Баярсүхийг цохиход толгой нь хагараад цус гарсан. Тэгээд тэр 2 хоорондоо барьцалдаад гал тогооны өрөөнд ороод ноцолдоод гарах гэхээр нь би Баярсүхэд наадахаа битгий гаргаарай гадаа хүйтэн байна шүү гэсэн тэгсэн барьцалдсан чигээрээ гал тогооны өрөөний орон дээр Батжаргалыг хэвтүүлсэн тэгэхээр нь би чи их мөнгөтэй яваа түрийвчин доторх мөнгөө өг гээд би түрийвчийг нь аваад том өрөөнд оруулж тавьчихаад юу болж байнаа гэсэн чинь ээж нөгөө өрөөнөөс дуудахаар нь би том өрөө лүү орчихоод буцаад гал тогооны өрөө рүү орсон чинь хажуу айлын хүүхэн 3улаа ороод ирчихсэн юу болж байнаа Батжаргал ахаа юун хутга вэ гээд Батжаргалаас хутгыг нь аваад тэр эмэгтэй нуусан            Батжаргал намайг 2 удаа цохисон гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21-р тал/

         Мөрдөн байцаалтанд хохирогч С.Батжаргалын: ...би гал тогооны өрөөний орон дээр эхнэр Цэрэндоржийн хамт унтаж байхад Баярсүх том өрөөнөөс гарч ирээд Цэрэндоржийг энэ талын өрөө лүү оръё гэсэн тэгсэн Цэрэндорж яахын яахын зүгээр араас хийчих гэсэн тэгэхээр нь би уурлаж босож ирээд Баярсүхийг бариад авсан чинь намайг түлхээд орон дээр унагаад миний дээр гарч ирж суугаад миний нүүр лүү цохихоор нь бидоороос нь босож чадахгүй байхаар нь үснээс нь зулгаах гэсэн чинь үс нь богинохон баригдахгүй байсан. Тэгсэн Баярсүх миний хоёр гарыг өөрийнхөө хоёр гараар хоёр алдалж байгаад өвдгөн доогуураа оруулаад хоёр гараараа дээрээс цохиж нүдсэн тэгээд би амь амраарай гээд орилсон чинь манай эхнэр миний ам хамрыг таглаад багалзуур шахаад Баярсүхээ хоёулаа наадахыг чинь алчихая хувцасны халаасанд нь түрийвч нь байгаа шүү түрийвчинд нь виза карт нь байгаа шүү аваарай гэсэн тэгээд би амьсгаа боогдоод гараа мултлаад эхнэр Цэрэндоржийн хамар луу нэг удаа цохисон тэгээд би босоход хажуу айлын эмэгтэй ороод ирчихсэн байсан тэгэхээр нь би босоод тэр эмэгтэйг цагдаа дуудаад өгөөч гэсэн чинь Баярсүх Цэрэндорж 2 яахын яахын хэрэггүй гэсэн тэгээд би гараад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15-р тал/

    …..Би тухайн үед орилж чарласан тэгэхэд миний халааснаас түрийвч авсан.Баярсүх намайг зодож цохисны дараа орилсон чинь ам хамар дараад намайг орилолоо чимээгүй болгээд байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 35-р тал /

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Наранзулын:.. Тэр орой би ажлаасаа ирчихээд 22 цаг өнгөрч байхад Багжаргалын гэрт орж усны карт авахад хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад хажуугийн айлд пижигнээд шуугилдаад юм хагараад байгаа юм шиг болохоор нь би ороход Батжаргал ах гаднаас ирсэн залуутай барьцалдаад заамдалцсан байдалтай Батжаргал ах болон тэр залуугийн нүүр ам  цус болчихсон Цэрэндорж эгчийн нүүр ам нь ч гэсэн аймаар болчихсон орон дээр сууж байхаар нь би та нар юу болж байна бие биенийгээ аллаа шдээ гээд ратжаргал ах тэр залуу 2-ыг салгаад Батжаргалыг хориод зогсож байхад Батжаргал ах энэ намайг алахгэсэн гээд тэр залууруу заагаад зогсоход Батжаргал ах гал тогооны өрөөний шүүгээнээс хутга гаргаж аваад далайгаад байхаар нь би хутгыг нь авч нуугаад Батжаргал ахыг тайвшруулаад хэсэг сууж байгаад би гэртээ….ер нь бол миний ойлгосноор Батжаргал тэр залуутай эхнэрийгээ хардсанаас болсон байх. Би Батжаргал ахын ярианаас тэгж ойлгосон /хх-ийн 23-р тал /

….намайг орох үед гартаа хутгагүй Батжаргал, Баярсүх 2 нь барьцалдаад зогсож байсан. Тэгээд би тэр 2-ыг салгаад Баярсүхийг чи настай хүнийг яаж байгаа юм бэ гээд загнасан чинь Батжаргал шүүгээнээсээ хутга гаргаж ирээд хутгаа савчуулаад байхаар нь би хутгыг нь булааж аваад нуусан гэх мэдүүлэг. /хх-ийн 86-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №15815 дугаартай актанд:

1. Т.Баярсүхийн биед хамар ясны хугарал, дух, зүүн тохойд шарх, зулгаралт,  зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч  Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-н 25-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №15814 дугаартай актанд:

1.М.Цэрэндоржийн биед хамрын нуруу, хоёр нүдний зовхи, баруун шуу, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх Эмнэлэгийн Гэмтлийн Зэрэг Тогтоох журмын  2.4.1-т  зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.   Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-н 30-р тал/  

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №15824 дугаартай актанд:

1.С.Батжаргалын биед хамар ясны хугарал, нүүр, баруун, зүүн зовхи, хацар, шанаа, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт  тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Н.Туяа гэсэн дүгнэлт /хх-н 35-р тал/  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

         Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд эхнэр М.Цэрэндоржийг иргэн Т.Баярсүхтэй хардсаны улмаас давтан үйлдлээр М.Цэрэндорж, Т.Баярсүх нарыг зодож бие махбодид нь санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

          Иймд шүүгдэгч С.Батжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ноос 2016 оны 11 дүгээр сарын 18-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо төмөр замын 9-4 тоотод эхнэр М.Цэрэндоржийг хардсаны улмаас давтан үйлдлээр хохирогч Т.Баярсүх, М.Цэрэндорж нарын эрх чөлөөнд халдаж бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба С.Батжаргалын энэ үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй тул  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг давтан үйлдэх  гэдэг нь  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа  биеэ даасан эхлэл, төгсгөлтэй  үйлдсэн байхыг хэлдэг.

С.Батжаргалын гэм буруутай үйлдлийн улмаас хоёр өөр хүний бие махбодид  хөнгөн зэргийн  гэмтэл учруулснийг давтан үйлдлээр  учруулсан  гэж Прокуророос  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл ангийг тохирсон гэж үзлээ.

 Хохирогч Т.Баярсүхийн  шүүгдэгч  С.Батжаргалын  бие махбодид гэмтэл  учруулсан үйлдлийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т  заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /хх-н 101-102-р тал/

Шүүгдэгч С.Батжаргал нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 55-р тал/

Хохирогч М.Цэрэндорж, Т.Баярсүх нар нь өөрт учирсан хохирлын талаархи баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч С.Батжаргалыг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Самдангийн Батжаргалыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар Самдангийн Батжаргалыг 251  /хоёр зуун тавин нэгэн/ цаг албадан  ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар  С.Батжаргалд оногдуулсан 251  /хоёр зуун тавин нэгэн/ цаг албадан  ажил хийлгэх ял эдлэхээс зайлсхийвэл  баривчлах  ялаар сольж болохыг дурьдсугай.

4.Хэргийн улмаас  С.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт  эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.Батжаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч,түүний  өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Батжаргалд бусдын батлан даалтанд  авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛТАНЦЭЦЭГ