| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00726/и |
| Дугаар | 00623 |
| Огноо | 2020-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 00623
| 2020 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00623 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: С.А / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 153/2020/00726/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгч С.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1975 онд Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид ороод 1983 онд 8 дугаар ангиа төгссөн. 1983 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийн эх баригч, бага эмчийн ангид суралцаад 1987 онд 7 дугаар сарын 01-ний өдөр төгсөөд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Чандмань сумын Овоот бригадад хуваарилагдан 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсан.
1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Дөргөн суманд хүний их эмчийн салбарт эх баригч, сувилагчаар ажиллаж байгаад 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмснийхээ амралтыг аваад 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өөрийн хүсэлтээр 3 сар хүүхдээ асрах цалинтай чөлөө аваад 1992 оны 12 дугаар сарн 15-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн.
Түүнээс хойш 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт арга зүйч, бага эмчээр, амбулаторын сувилагчаар ажиллаж байгаад 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр жирэмснийхээ амралт аваад 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цалинтай чөлөө авсан. Дараа нь 1994 онд цомхтгол ороод ажилгүй байж байгаад 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар орж ажиллаж байгаад 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Зэрэг сумын ЕБС-д бага эмчээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна гэв.
Одоо 1987 оны 12 сарны 01-ний өдрөөс Ховд аймгийн Дөргөн суманд хуваарилагдаж очсон тушаал нь байгаа боловч чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан.
Иймд намайг Ховд аймгийн Чандмань сумын Хүн эмнэлэгт 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Овоот бригадын бага эмчээр, Ховд аймгийн Дөргөн сумын Хүн эмнэлэгт 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл эх баригч, бага эмчээр, Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал арга зүйч, бага эмч, амбулаторын сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.... гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Чандмань сумын Хүн эмнэлэгт 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Овоот бригадын бага эмчээр, Ховд аймгийн Дөргөн сумын Хүн эмнэлэгт 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл эх баригч, бага эмчээр, Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал арга зүйч, бага эмч, амбулаторын сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодрууллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.А нь Ховд аймгийн Чандмань сумын Хүн эмнэлэгт 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Овоот бригадын бага эмчээр, Ховд аймгийн Дөргөн сумын Хүн эмнэлэгт 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл эх баригч, бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1560 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай 1987 онд Анагаах ухааны дээд, дунд сургуулийг төгсч ирсэн дээд, дунд мэргэжилтнүүдийг хувиарлах ба зарим мэргэжилтнүүдийг шилжүүлэн томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаартай Эх баригч, бага эмч нар томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаартай Хавсран ажиллуулах тухай тушаалын хуулбар, Сүхээгийн Алимаагийн 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нээсэн №206166 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн н.Алимаад олгосон Аваргын диплом, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн С.Ад олгосон Гэрчилгээ, 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн С.Ад олгосон Баярын бичиг, гэрч Г.Хишигзулын ....Намайг 1988 оны 8 дугаар сард Ховд аймгийн Дөргөн сумын хүн эмнэлэгт салбарын эрхлэгч эмчээр томилогдож очиход С.А нь надаас нэг жилийн өмнө ажилд орсон гээд эх баригч бага эмчээр ажиллаж байсан. Намайг 1992 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжиж ажиллах үед С.А нь Ховд аймгийн Дөргөн сумын хүн эмнэлэгт эх баригч бага эмчээрээ ажиллаад үлдсэн. Миний дараа 1 жил ажиллаад ажлаасаа гарсан гэж ярьж байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Нямхүүгийн ....С.А 1987 оны 6 дугаар сард надтай хамт Говь-Алтай аймгийн Анагаахын дунд сургуулийг эх баригч бага эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөний дараа хаана ямар ажил хийж байсныг мэдэхгүй байна. САлимаа нь 1987 оны 12 дугаар сард Ховд аймгийн Дөргөн сумын хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр ажиллахаар ирж байсан. С.А нь Ховд аймгийн Дөргөн сумын хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр 1992 оны өвөл хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарч, өөр тийшээ шилжээд явсан. Би хаашаа шилжиж явсныг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гарган өгсөн Ховд аймгийн Дөргөн сумын Хүний их эмчийн салбарын 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Шагнаж урамшуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Хүний их эмчийн салбарын 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/190 дугаар албан бичгээр ирүүлсэн С.Агийн Ховд аймгийн Дөргөн сумын Хүн эмнэлгийн 1987 оны 12 дугаар сар, 1990 оны 01 дүгээр сар, 4 дүгээр сар, 5 дугаар сар, 6 дугаар сар, 9 дүгээр сар, 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сар, 1991 оны 01 дүгээр сар, 4 дүгээр сар, 11 дүгээр сар, 12 дугаар сар, 1989 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 3 дугаар сар, 5 дугаар сар, 8 дугаар сар, 10 дугаар сар, 12 дугаар сар, 1988 оны 01 дүгээр сар, 3 дугаар сар, 4 дугаар сар, 5 дугаар сар, 6 дугаар сар, 7 дугаар сар, 8 дугаар сар, 10 дугаар саруудын цалингийн картны хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-9, 10-13, 14-37, 47, 48, 49, 57-58, 59-60, 66-67, 68-95 дугаар тал/
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгч С.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1992 оны 5 дугаар сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1607000162 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 38 дугаар тал/ тогтоогдож байна.
С.А нь 1992 оны 5 дугаар сараас 2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1992 оны 5 дугаар сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул нэхэмжлэгч С.Агийн шүүх хуралдаанд гаргасан Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал арга зүйч, бага эмч, амбулаторын сувилагчаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудсанд авагдсан иргэн Т.Янжмаа, Д.Тунгалаг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч С.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.А / /-ийн Ховд аймгийн Чандмань сумын Хүн эмнэлэгт 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Овоот бригадын бага эмчээр, Ховд аймгийн Дөргөн сумын Хүн эмнэлэгт 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл эх баригч, бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал арга зүйч, бага эмч, амбулаторын сувилагчаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ