Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 00624

 

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00624

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Т.Н/ /-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 153/2020/00741/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай дүү Т.Н 1962 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1978 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуулийн 8 ангийг төгссөн.

Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Холбооны техник мэргэжлийн сургуульд элсэн орж 1980 онд холбооны техникч мэргэжлээр төгссөн. 1981 оноос Ховд аймгийн Мөст сумын сургуулийн үйлчлэгч, угаагч хийж байгаад бие нь өвдөөд группд орсон. 33 жил группд байж байгаад одоо тэтгэвэрт гарах гэж байгаа. Холбооны сургуулиа төгсөж ирээд холбооны газарт 14 хоног ажилласан.

Т.Нын тэтгэврийн нас нь болчихсон байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Т.Нын Ховд аймгийн Холбооны газарт 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал цахилгааны бичээчээр, Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд болон Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуульд 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл дотуур байрны үйлчлэгч, сургуулийн цэвэрлэгчээр, Ховд аймгийн Мөст сумын Хүүхдийн яслид 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах тогооч, туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

    

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг Т.Нын Ховд аймгийн Холбооны газарт 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал цахилгааны бичээчээр, Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд болон Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуульд 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл дотуур байрны үйлчлэгч, сургуулийн цэвэрлэгчээр, Ховд аймгийн Мөст сумын Хүүхдийн яслид 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах тогооч, туслахаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Н нь Ховд аймгийн Холбооны газарт 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал цахилгааны бичээчээр, Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд болон Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуульд 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл дотуур байрны үйлчлэгч, сургуулийн цэвэрлэгчээр, Ховд аймгийн Мөст сумын Хүүхдийн яслид 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах тогооч, туслахаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1049 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаартай 1984-1985 оны хичээлийн жилд ажиллах, ажилчид, тэдний ажлын хуваарийг батлах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 144 дугаартай Түр ажилчин авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дугаартай Зарим ажилтан, ажилчдын 1985 оны ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай Багш ажилчдын 1986 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай Түр хугацаагаар ажилд авах тухай тушаалын хуулбар, Түдэвийн Нямдолгорын 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, нэхэмжлэгч Түдэвийн Нямдолгорын Ажилладаг гэх хэсэгт Мөст сумын 10 жилийн сургууль, ажилд орсон он гэх хэсэгт 1980, эрхэлдэг ажил гэх хэсэгт цэвэрлэгч, он, сар, өдөр 1988.06.17 гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар, гэрч Ш.Алтанцагийн ....Намайг Ховд аймгийн Мөст 8 жилийн дунд сургуульд ажиллаж байх үед 1984 билүү 1985 онд Мөст сумын сургуульд үйлчлэгчээр ажилд орсон. Т.Н нь надтай 1984, 1985 оноос хойш 2, 3 жил хамт ажилласан. Яг хэдэн онд ажлаасаа гарсныг мэдэхгүй байна. Бие султай, их өвддөг байсан учраасаа ажлаасаа гарсан гэж бодож байна.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Холбооны газрын даргын 1980 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 112 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Холбооны газрын даргын 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаартай Ажлаас чөлөөлөх ба түр ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн Т.Нын 1987 оны 7 дугаар сар, 11 дүгээр сар, 1988 оны 01 дүгээр сар, 4 дүгээр сар, 5 дугаар сар, 1986 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 5 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх, 10 дугаар сар, 1985 оны 01 дүгээр сар, 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх, 1984 оны 02 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл, 11 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх цалингийн картын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-11, 15-34, 42, 43-44, 48, 49, 50-118 дугаар тал/

Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан Г.Мөнхбаатарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Т.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

  

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Н/ /-ын Ховд аймгийн Холбооны газарт 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал цахилгааны бичээчээр, Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд болон Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуульд 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл дотуур байрны үйлчлэгч, сургуулийн цэвэрлэгчээр, Ховд аймгийн Мөст сумын Хүүхдийн яслид 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах тогооч, туслахаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ