| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/11 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.маа даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Э.Мөнх-Оргил
Шүүгдэгч С.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох 2323001160181 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт аймгийн сумын баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ийн *******, /регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч С.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 17 ширхэг шуудай, 383.7 килограмм хонин арцыг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр сумын багийн ******* гэх газраас түүж, бэлтгэн байгаль экологид 372.189.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр сумын багийн ******* гэх газраас зөвшөөрөлгүйгээр 383,7 килограмм хонин арцыг цахилгаан хайчаар хайчилж түүж, бэлтгэсэн хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Энэ талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ж.*******гийн “...Энэ хэрэгт сумын төлөөлөн оролцож байгаагийн хувьд шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,
С.*******ыг арц түүсэн талаар мэдүүлсэн гэрч С.*******ын “...дүү С.******* жаахан арц түүж, аваад явъя гэсэн тэгээд буцахдаа, сумын ******* гэдэг газар руу явсан. Тэгтэл бид нарын машин замд эвдрээд арай гэж ******* гэдэг газарт очсон. ...С.******* 1 цахилгаан хайч гэдэг юм гаргаж ирээд, та нар машинаа засаж бай би арцаа түүгээд байж байя гээд тэр цахилгаан хайчаараа арц хайчилж эхэлсэн. ...машинаа засаж байхад С.******* 10 гаруй шуудай арц түүчихсэн байсан. ...Ер нь би арцны талаар огт мэдэхгүй ийм ховор ургамал гэдгийг ч мэдэхгүй дүүг арц түүж авч явна гэхээр нь болдог л юм байх гэж бодсон юм. ...Тухайн арцыг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 10 цаг өнгөр ч байх үед миний дүү С.******* нь ганцаараа ******* гэдэг газраас цахилгаан хайчаар хайчилж шуудайлж бэлтгэсэн юм. Тэр нийт 17 шуудай арц түүж бэлтгэсэн байсан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Т.*******ийн “...******* ах нь мод хөрөөддөг хужаа хөрөө шиг урд талдаа хайчтай зүйлээр арц гэх ногоон өнгөтэй, анхилам үнэртэй ургамал тайраад, шуудайлаад байсан. ...намайг цай чана гэхээр нь би газаар цай чанасан. Тэгээд байж байтал машинтай хүмүүс ирээд, бид нар машиндаа суугаад зугтааж байгаад машинаа суулгасан. Тэгтэл араас байгаль хамгаалагч гэх хүмүүс ирээд, бид нарыг авч яваад түүсэн арцаа машин дээрээ ачаад араас ир гээд яваад өгсөн. Тэгээд бид нар ******* ахын хайчилсан арцыг түүж, шуудайлаад машин дээр ачихад нийт 17 шуудай арц түүж бэлтгэсэн байсан юм. ...******* гэдэг ах ганцаараа цахилгаан хөрөө шиг хайчаар хайчлаад дараа нь шуудайлж бэлтгэсэн юм...” гэсэн мэдүүлгээр,
Насанд хүрээгүй гэрч Б.*******ийн “...хөдөө явж байгаад замд машин эвдрээд, тэгээд 1 уулын аманд ирсэн. Тэгтэл ******* ах за арц түүнэ гээд цахилгаан хайч шиг зүйл гаргаж ирээд, арцыг хайчилсан... ******* ах нөгөө цахилгаан хайчаа орилуулаад, арцнуудыг хайчилж байгаад бөөгнүүлээд шуудайнд хийгээд ингээд түүчихнэ, амархан гэж хэлж байсан. ...******* ах арцаа нөгөө цахилгаан хайчаараа тайрч байтал 1 машин биднийг чиглээд уулын доороос гараад ирсэн ...2023 оны 08 сарын 08-ны өдөр аль аймгийн аль сумын нутаг гэдгийг мэдэхгүй ******* гэдэг газраас ******* ах цахилгаан хайчаар хайчилж бэлтгэж байтал машинтай хүмүүс ирсэн юм. ******* ах 10 гаруй шуудай арцыг шуудайлчихсан байсан ба байгаль хамгаалагчид баригдсаны дараа нь бид нар ******* ахын цахилгаан хайчаар тасалсан байсан арцыг нь хамж шуудайлахад нийт 17 шуудай арц болж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Арцыг түүж бэлтгэсэн талаар гэрч Г.ий “... сумын багийн нутаг дэвсгэрт ажиллахаар өглөө гараад 20 цагийн үед Баруун арц гэх газарт явж байтал машины мөр байхаар нь юун машины мөр байдаг билээ гээд дагаад явахад, арцтай газар руу яваад байхаар нь дотроо арц түүж байгаа хүмүүс байх гэж таамаглаж байсан. Тэгтэл 1 машинтай 4 хүн байж байгаад бид нарыг хараад машиндаа сууцгаагаад, бид нарын урдаас ирж байгаад гэнэт хажуугаар гараад зугтаахаар нь араас нь хөөгөөд явж байтал машин нь 1 жалганд орж суусан. ...Арц түүж байсан гэх газарт очиж үзэхэд 10 орчим шуудайтай арц байсан. Тэгээд бас цахилгаан хөрөө шиг цахилгаан хайч гэж хэлж болохоор зүйл 1 ширхэг байсан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Ж.гийн “...******* орчимд явж байхад машины шинэхэн явсан мөр байсан. Тэгтэл энд ямар ч айл байхгүй байхад юун машин явсан байдаг билээ гэж ярилцаад, машины мөрийг дагаад явж байтал нэг саарал өнгийн пекаб маркийн машин уулын нэлээд дээд хэсэгт зогсож байсан бөгөөд модны цахилгаан хөрөө шиг дуу гараад байсан. Тэгтэл 1 хүн хөрөө шиг юмаар арц хөрөөдөөд түүж байсан. Мөн шуудайтай Арц гозойлгоод тавьчихсан нь харагдаж байсан. Тэгтэл нөгөө машин бид нарын урдаас ирж байхаар нь бид нар зам дээр зогсож байтал цаашаа зугтаад, яваад өгөхөөр нь араас нь хөөсөөр байгаад очиход, нөгөө машинтай хүмүүс 1 жалганд машинаа суулгаад зогссон. ...Ямар ч байсан миний харснаар 1 хүн цахилгаан хөрөө шиг зүйлээр Арцыг тайр ч бэлтгэж байсан ба хөрөөний утаа нь гарч харагдаж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.ын “...Бид нарыг наад талаас нь өгсөж байхад 1 утаа гараад байсан. 2 хүн машиныхаа урд талд байж байгаад бид нарыг хараад бүгд машиндаа сууцгаагаад бид нарын урдаас ирж байхаар нь бид нар зогсоод уулзах гэтэл шууд зөрөөд зугтаагаад явахаар нь араас нь хөөгөөд уул руу шахаад явж байтал 1 жалга руу ороод машин нь суугаад зогссон. Тэгээд бид нар машинаас буугаад уулзахад 2 хүүхэд бас 2 залуу нийт 4 хүн явж байсан тэгээд яагаад зугтаасан бэ? гэхэд бид нар арц түүж байгаад та нараас айгаад зугтаасан юм гэж хэлсэн. ...Тэд нарын арц түүж байсан газарт нь эргэж очиход 17 шуудайтай арц түүчихсэн байсан мөн цахилгаан хөрөө шиг /зүлэг тэгшлэгч/ зүйл байсан. ...Нэг нь арцыг цахилгаан хөрөө шиг зүйлээр хөрөөдөж бэлтгэж байсан. ...миний харснаар 1 хүн цахилгаан хөрөө шиг зүйлээр арцыг тайр ч бэлтгэж байсан ба хөрөөний утаа нь гарч байгаа нь харагдаж байсан...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар /17 шуудай/ арцыг хураан авсан зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.*******ын үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан ба хонин арц болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3113 дугаартай ...1.Cupressaceae-Агарууны (Арц) овог, Juniperus Арцны төрөл, Juniperus sabina Хонин арц байна. 2.Монгол улсын 1995 оны Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын нэн ховор ургамлын жагсаалт багтсан байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн Juniperus sabina Хонин арц нь уулын хээр, заримдаг тагийн бүслүүрт асга нураг, хад чулуутай хажуу, горхийн зах хотос хотгороор сөөг хэлбэрийн ургамал юм. Ургамал-газар зүйн Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Монгол-Алтай, Дундат Халх, , Их нууруудын, Олон нуурын тойрогт тархан ургадаг. 4.Шинжилгээнд ирсэн арцны дундаж чийг нь 8,97%-н байх тул хуурай байна. 5.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг хуурай Хонин арц ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 194000 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 383,7 кг ургамлын үндэсний экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 194,000 төгрөг х383,7 кг=74,437,800 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэсний дагуу тооцвол 74,437,800 төгрөг 194,000х5=372,189,000 төгрөг байна. 6.Тухайн ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл гаргадаг чиг үүргийн байгууллагаас тодруулах шаардлагатай. 7.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь байгальд дахин шинээр ургах боломжгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох нь зүйтэй.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 2-д “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: “ховор” гэж, 4 дэх хэсэгт “ховор” ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, устаж болзошгүй ургамал хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгчийн Байгалийн ургамлын тухай хуулийн 11,12 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хонин арц түүж бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.
Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч С.*******ыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хонин арцыг түүж бэлтгэн, ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.
Хохирол тооцсон талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч талуудаас эд мөрийн баримтаар хураагдсан арцанд үзлэг хийлгэх, дахин жинлүүлэх” талаар хүсэлт гаргаагүй болно.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа килограммаар тооцож хонин арц 1 /нэг/ килограмм нь 194,000 төгрөгөөр үнэлэхээр заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас нийт 383,7кгх19400=74,437,800 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй.
Шүүгдэгч С.******* нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүж бэлтгэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 74,437,800 төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамал экологи-эдийн засгийн үнэлгээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгчээс 74,437,800х5=327,189,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасны дагуу 327,189,000 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулж, байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд дээрх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 17 ширхэг шуудай хонин арцыг худалдан борлуулж үнийг улсын орлого тус тус болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хайчны үнэ 456,000 төгрөгийг улсын орлого болгож, цахилгаан хайчийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч С.******* тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч С.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч С.*******ыг тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээг, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч С.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч С.*******ын өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хайчийг шүүгдэгчид буцаан олгож, цахилгаан хайчны үнэ 456.000 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулж улсын орлого болгож, 17 ширхэг шуудай хонин арцыг худалдан борлуулж үнийг тус тус улсын орлого болгосугай.
8.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар шүүгдэгч С.*******аас 327,189,000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
9.Шүүгдэгч С.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА