Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 00625

 

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00625

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч:  Ж.Ц / /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 153/2020/00670/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г, нэхэмжлэгч Ж.Ц нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Миний бие нь 1965 оны 2 дугаар сарын 04-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багт Жамсрангийн 2 дахь хүүхэд болон төрсөн.

1974 онд Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж, 1982 онд төгсөөд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн илгээлтээр хөдөө гарч мал маллаж байгаад 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс өвчний учир цэргийн албанаас халагдан ирсэн.

Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд ирж, дахин мал маллаж одоог хүртэл Ховд аймгийн Буянт суманд мал маллан амьдарч байна.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэл тарах үед хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Жамсрангийн Цагаанцоож намайг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Намайг хүмүүс Цооз гэж дууддаг....Цагаанцоож гэдэг зөв юм. Манай нутагт казак хүмүүс ажиллаж байсан. Тэгээд миний нэрийг өөрийн аялгаараа бичихээрээ Цооз гэж бичсэн байна лээ....гэв.

    

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Ц нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 416 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадын 1986-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ц.Батхүүгийн ...Ж.Цийн аав нь адуучин Жамсран, ээжийг нь Бадамрагчаа гэдэг байсан. Ж.Ц нь 1986 оноос эхлэн 1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад адуучнаар ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч Т.Оролмаагийн ....Ж.Цийн аав нь адуучин Жамсран, ээжийг нь Бадамрагчаа гэдэг байсан. Ж.Ц нь 1986 оноос эхлэн 1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад адуучнаар ажилласан... Би Цоож гэж дууддаг.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-9, 29-30, 31-32 дугаар тал/

Нэхэмжлэгч Ж.Ц нь НАХЯ-ны сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр мэдэгдлээр өвчний учир цэргээс халагдсан тухай Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08/966 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 17 дугаар тал/

Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Ц.Батхүү, Т.Оролмаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт нь хэзээ, хаана авахуулсан болох нь тодорхойгүй буюу нотлох баримтын эх сурвалж нь тодорхойгүй, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Ж.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ц / /-ийн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ