Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 2024           02            01                                       2024/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Н.Улсболд /томилолтоор/,

хохирогчийн төлөөлөгч Ө.Н,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Т

шүүгдэгч К, түүний өмгөөлөгч Б.Билгүүн,

орчуулагч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Хар мөрөн мужид төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын тосны ашиглалт мэргэжилтэй, “.......” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

К, гадаад паспортын дугаар /......./, Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн дугаар /........./.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн К нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их тойруу Б.Доржийн гудамж 14 дүгээр байр .... тоотод үйл ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тайлан хүргүүлдэг нийгмийн даатгал төлөгч хуулийн этгээд болох “.......” ХХК-ийн гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019-2020 онуудад Монгол улсад хөдөлмөр эрхэлсэн давхардсан тоогоор нийт БНХАУ-ын 1701 иргэний 6,328,968,000 төгрөгийн цалингийн орлогоос тооцогдох 1,645,529,600 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй, төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг худал мэдүүлж нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч К шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие 2019, 2020 онуудад удирдах албан тушаалд ажиллаж байгаагүй тул энэ асуудлыг мэдэхгүй байна. Сая манай өмгөөлөгчөөр дамжуулаад өгсөн бүх материалуудад намайг 2019, 2020 онуудад ямар ажил хийж байсныг нотлох баримтууд байгаа. Шүүх хуралдаан надаас шалтгаалахгүйгээр хойшилсон. Би 6 сар гаран гэртээ хариагүй байгаа. Гэр бүл дээрээ очиж цагаан сар хийх хүсэлтэй байна. Манай хоёр улсын хамтарсан Засгийн газар хоорондын төсөл, хөрөнгө оруулалт өндөр дүнгээр яригддаг тул 2024 оны ажил төлөвлөх, дарга нартаа буцаж очиж ажлаа тайлагдах шаардлага байгаа. Миний гаргаж байгаа хүсэлт бол хилийн хоригийг цуцалж өгнө үү” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.......” ХХК-д холбогдох хэргийг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж ирүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын мэргэжилтэн улсын байцаагч, нэр бүхий хүмүүсийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр 1,6 тэрбум төгрөгийг “Нийгмийн даатгалын шимтгэлд” тооцож төлөөгүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ мөнгөн дүнг шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч өөрөө тайлбарлаж байсан. Баянзүрх дүүргийн “Нийгмийн даатгалын хэлтсээс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг ирүүлсэн мэдээлэл, мөн Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээс гадаад иргэдийн Монгол улсын хилээр нэвтэрсэн бүртгэл, Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01278 тоот албан бичиг ирүүлсэн “.......” ХХК-ийн 2019, 2020 онуудад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан гадаад иргэдийн лавлагаа, Монгол улсын Ерөнхий аудиторын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн .... тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан төлбөр авалт албан шаардлага жагсаалтын албан шаардлагыг барьсан. Шинжээч томилж хохирлын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож гаргах асуудлыг тухайн компанид удаа дараа шаардлага хүргүүлэхэд тухайн компаниас материал ирүүлээгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын шинжээч нар зөвшлийн 3 талд үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолд “Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн салбарын нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээрийн баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн гаргаж тооцсон байдаг. Уг тооцооллоор 2019, 2020 онуудад давхацсан тоогоор 1701 иргэн Монгол улсад хөдөлмөр эрхэлсэн байх магадлалтай гэж үзсэн. 2019 онд гадаадын иргэнд олгосон 5,080,320,000 төгрөг, 2020 онд 1,248,640,000 төгрөг, нийт 6,328,000,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 1.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт хийгдээгүй гэсэн тооцоо гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хохирогчийн төлөөлөгч энэхүү шинжээчийн дүгнэлтээр гарсан 1,600,000,000 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахаар нэхэмжилж байна” гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээг Олон улсын гэрээ биш гэж хэлж байна. Олон улсын гэрээний тухай хууль болон олон улсын жишгийн дагуу олон улсын гэрээ эсэх талаар Дээд шүүхээс дүгнэлт гарсан. Тэгсэн ч би энэ дээр тайлбар хэлмээр байна. 1993, 1995 онд байгуулсан гэрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 8 дугаар зөвлөмж, Засгийн газрын тогтоолын ... дүгээр тал болоод ... дүгээр талын “Бүтээгдэхүүн хуваах” гэрээг баталсан. Нэг тал нь Хятад улсын төрийн өмчид компани, нөгөө тал Монгол улсын Засгийн газар байгаа тул энгийн иргэний гэрээнээс өөр гэрээ гэж үзэж байна.  Гэрээний 14 дүгээр заалтад: “.. талуудыг нийгмийн даатгал, аж ахуйн нэгжийн албан татвар болоод бусад албан татвараас чөлөөлнө” гэсэн заалт байгаа. Тэгэхээр 1993, 1995 онд Монгол улсын газрын тосны салбар хөгжөөгүй байсан. Хөгжлийн Т-д хүргэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагч нарыг татахын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гадаад хөрөнгө оруулагч нарт ашигтай байдлыг бий болгохын тулд ашигтай нөхцөл олгож, хөрөнгө оруулагч нарыг татсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалыг санаатайгаар төлөхгүй байна” гэж нэхэмжилж байгаа. Манай талаас Засгийн газартай байгуулсан гэрээгээ мөрдөж ажиллаж байгаа. Бид нар санаатай нийгмийн даатгалыг төлөхгүй гэж Засгийн газрыг эсэргүүцсэн зүйл байхгүй. Энийг би ч гэсэн өөрийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлж байгаа 2019, 2020 онд Хятад улсад Монгол улсад хил нэвтэрч орж ирэн хөдөлмөр эрхэлсэн гадаад ажилчид 1771 гаран гэж хэлж байна. “.......” ХХК-ийн үндсэн ажилчид 120 хүн байгаа. 1771 гэж тоо гараад байгаа нь ямар учиртай вэ гэхээр уг компанитай гэрээ байгуулж, өрөм цемент, шаврын судалгаа зэрэг олон төрлийн үйлчилгээний ажилчид  байдаг. Гэрээний дагуу манай туслан гүйцэтгэгч ангиудын хөдөлмөр эрхлэгч нар орж ирсэн байгаа. Хүний тоог харвал 10 хувиас доош үндсэн манай компанийн ажилчид, үлдсэн 90 хувь нь бусад компанийн ажилчид байгаа. Гэтэл бүх нийгмийн даатгалыг зөвхөн манай компанид тулгаж буруутгаж, манайхаас нэхэмжлээд байгаад гомдолтой байгаа. Хохирогч талаас 2019, 2020 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нэхэмжилсэн. Цаашлаад 2021, 2022, 2023 он гээд шалгаад явна гэж хэлсэн. 2023 оны 05 дугаар сард Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, 11 дүгээр сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Амарбаясгалан төрийн айлчлал хийх явцдаа Хятад улсын “Байгалийн хий, газрын тосны үндэсний корпорацын” даргатай уулзаад, гэрээ болоод 2014 онд батлагдсан “Газрын тосны тухай” хуулийн оронд зөрчилтэй заалтуудыг хэрхэн шийдэх талаар хоёр удаа уулзалт, хэлэлцээр хийсэн. Үүнд: Нийгмийн даатгал төлөх, татвараас чөлөөлөх эсэх асуудлын талаар ярилцсан. Энэ асуудлын хувьд Монгол улсын засгийн газрын Шадар сайд С.А-аар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг бол гэрээ болоод хууль зөрчлийг хоёр ажлын хэсэг нэгдсэн санал тогтолцоонд хүрэхээс өмнө одоо байгаа зөрчлийг түдгэлзүүлэх асуудал дээр санаа нэгдсэн байгаа тул сүүлийн 3 жилийн асуудлыг сөхөж яриагүй гэж үзэж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газар, санхүү, төлөвлөлтийн газарт үзлэг хийж, 2020 онд гадаад улсаас ажиллах хүч, мэргэжилтэн авч хөдөлмөр эрхлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын болон ажлын байрны төлбөр төлсөн санхүүгийн нийт 276 хавтастай баримт бичиг, материал хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 56-134 дэх тал/,

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ...... дугаартай албан бичиг “Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын мэргэжилтэн Н.У-г томилсон /1хх-ийн 138 дахь тал/,

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ....... дугаартай албан бичгийн хүрээнд “.......” ХХК нь 2019 онд 1340, 2020 онд 628 Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэдийг урьж ажиллуулсан иргэдийн судалгаа /3хх-ийн 184-217 дахь тал/,

- Хил хамгаалах ерөнхий газраас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2-4в-4668 дугаартай албан бичгээр “......." ХХК-д 2019, 2020 онд ажилласан нийт 1381 гадаад иргэний Монгол Улсад байсан хугацааг гарган ирүүлсэн /3хх-ийн 235-236 дахь тал/,

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ...... дугаартай “Танай газраас ирүүлсэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2020 онд зөвшөөрөл авсан 660 аж ахуйн нэгж, байгууллага мөн 2019 онд зөвшөөрөл авсан боловч 2020 онд хөдөлмөр эрхлэх хугацаа дуусгавар болж хасалт хийгдсэн 355 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг хүлээн авч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвд албан тоот бичгээр хандан дээрх байгууллагуудад ажил хөдөлмөр эрхэлсэн гадаад иргэдийн шимтгэл төлөлтийн мэдээллийг 2020 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны байдлаар гаргуулан авсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирсэн гадаад иргэдийн нэрсийг Мэдээллийн технологийн төвөөс ирсэн мэдээлэлтэй тулган нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг тодруулан хүснэгтээр хүргүүлэв. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирсэн гадаад иргэдийн судалгаа нь тухайн иргэний нэр, гадаад паспортын дугаараар бүртгэгдсэн байна. Харин нийгмийн даатгалд даатгуулж байгаа гадаадын иргэдийн мэдээллийг шимтгэлийн тооцооны программ хангамж болон шимтгэлийн цахим системд бүртгэхдээ паспортын зурагтай нүүр хуудасны доорх "бар код-ны 2 дугаар мөрөнд байрлах улсын нэрийн 3 үсгийн дараа төрсөн он, cap, өдөр, хүйсийг илтгэсэн дугаарлалт бүхий 11 тэмдэгтээр бүртгэдэг. Жишээ нь: .......... гэх мэт. Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирсэн судалгааны гадаад иргэдийн шимтгэл төлсөн эсэхийг Мэдээллийн технологийн төвөөс ирсэн мэдээллээс зөвхөн тухайн иргэний нэрээр тулган шалгасан болно. Зөвхөн судалгаанд үндэслэн хэдэн иргэдийн хэдэн төгрөгийн нийгмийн Даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөөгүй болохыг нарийвчлан гаргах боломжгүй юм. Энэ тооцоог гаргахын тулд тухайн аж ахуйн нэгж, байгууллага тус бүрийн санхүүгийн баримтыг нягтлан шалгаж тогтоох зарлагатай байдаг. Харин судалгаанд үндэслэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаанд Монгол улсад ажил хөдөлмөр эрхэлсэн бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 42 1-д өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн" 4.2.2-д "Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна гэж заасныг зөрчин Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу ажил олгогчоос 12,5-14,5 хувь, даатгуулагчаас 11,5 хувийн шимтгэл тооцож төлөөгүй байх магадлалтай аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг гарган хүргүүллээ” гэх шинжээчийн дүгнэлт /5хх-ийн 218-221 дэх тал/,

- Гадаад харилцааны яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ........ дугаартай албан бичигт “Монгол Улсын Засгийн газар болон “.......” ХХК нарын хооронд байгуулсан 1993 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн, 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Монгол Улсын олон улсын гэрээ” нь Монгол улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог гэж заасан. Иймд бүтээгдэхүүн хуваах гэрээний талууд болон гэрээгээр зохицуулж буй асуудлаас шалтгаалан тус гэрээ нь олон улсын гэрээ гэж тооцогдохгүй гэх албан бичиг /5хх-ийн 235 дахь тал/,

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1929 дугаартай “шинжээчээр Л.А, Н.У нарыг томилсон” албан бичиг /5хх-ийн 237 дахь тал/,

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн Л.А, Н.У нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “.......” ХХК нь 2019-2020 онуудад давхардсан тоогоор нийт 1701 иргэн Монгол Улсын хилээр орж Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн байна. ...Үүнээс нийт 6 тэрбум 328 сая 960 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 1,645,529,600 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /5хх-ийн 249 дэх тал/,

- Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ..... дугаартай албан бичгээр “.......” ХХК-ийн ажилтан К 2019-2020 онд тус компанийн Хууль эрх зүйн удирдлагын хэлтсийн даргаар ажилласан буюу гүйцэтгэх албан тушаалтан байсан” гэх албан бичиг /6хх-ийн 146 дахь тал/,

- Хохирогчийн төлөөлөгч Ө.Н-ын “Дүгнэлтийн хүрээнд ....... ХХК-ийн 2019-2020 оны нийт давхардсан тоогоор 1701 БНХАУ-ын иргэдийн 6.328.960.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 1.645.529.600 төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээгүй хохироосон байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4-р зүйлийн 2 дахь хэсэгт даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна үүнд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж байгууллага, Монгол Улсын Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн гэж заасан учир “.......” ХХК нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийгмийн даатгалын тухай хууль болон бусад дүрэм журмыг зөрчиж 1701 иргэний 1 тэрбум 645 сая 529 мянга 600 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээгүй учир тус аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нь гадаад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөс зайлсхийсэн гэж үзнэ. “.......” ХХК-ийн Монгол улсын засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Олон улсын гэрээ гэж тооцогддоггүй учир нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэх мэдүүлэг /6хх-ийн 150-151 дэх тал/,

- Иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Б-ийн “Дүгнэлтэд тусгасан 1,328,960,000 төгрөгийг төлөх эсэх асуудлыг компанийн удирдлагууд мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар надад тухайн төлбөрийг төлж барагдуулахтай холбоотойгоор өгсөн үүрэг даалгавар, мэдээлэл байхгүй байна. Мөн төлбөр төлөх эсэх эцсийн шийдвэрийг компанийн удирдлагууд гаргана” гэх мэдүүлэг /7хх-ийн 5 дахь тал/,

- Гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас ирүүлсэн бичгийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын мэргэжилтэн У-тай хамт шинжээчээр томилогдон ажилласан бөгөөд тус аж ахуйн нэгжийн 2019-2020 онуудад Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлүүлсэн давхардсан тоогоор БНХАУ-ын 1701 иргэний 2019 онд 5 тэрбум 80 сая 320 мянган төгрөгийн 2020 онд 1 тэрбум 248 сая 640 мянган төгрөгийг нийт 6 тэрбум 328 сая 968 мянган төгрөгийн цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл болох 1 тэрбум 645 сая 529 мянга 600 төгрөгийн шимтгэлийг төлөөгүй болох нь бусад баримтаар тогтоогдсон. Үүнд тооцох хариуцлага буюу алданги болох 822 сая 764 мянга 800 төгрөгийн алданги нийт 2 тэрбум 468 сая 294 мянга 400 төгрөгийн зөрчил илэрсэн буюу улсад төлөлгүйгээр үйл ажиллагаа явуулж Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан байна. Тус дүнг гаргахдаа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн “.......” ХХК-с урьж Монгол Улсад ажиллуулсан Хятад улсын давхардсан тоогоор нийт 1968 иргэний лавлагаа болон Хил хамгаалах ерөнхий газраас тус 1968 иргэний Монгол улсын хилээр нэвтэрсэн бүртгэл зэргийг үндэслэн нийт “.......” ХХК-нд 2019-2020 онд давхардсан тоогоор ажилласан нийт 1701 Хятад иргэний мэдээллийг гаргасан. Ингээд тус аж ахуйн нэгжийн нэр дээр хөдөлмөр эрхэлсэн 1 ажилтны 1 сард авсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 05 дугаар тогтоолын Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээрээр баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 640 мянган төгрөгөөр тооцож нийт нийгмийн даатгалын санд хохирол учруулсан дүнг гаргасан. Тус аж ахуйн нэгж нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж тайлбарладаг гэрээ нь Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан олон улсын гэрээ биш юм. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4-р зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэгтэй гэж заасан байх тул тус аж ахуйн нэгж нь Бүгд Найрамдах Хятад Ард улсаас урьж ажиллуулсан давхардсан тоогоор нийт 1701 иргэний Нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх ёстой” гэх мэдүүлэг /5хх-ийн 245 дахь тал/, “.......” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 1-12 дугаар сарын тайлангууд /8хх-ийн 107-118 дахь тал/, “.......” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 1-12 дугаар сарын тайлангууд /8хх-ийн 119-130 дахь тал/, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /8хх-ийн 196-197 дахь тал/, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “.......” ХХК-ийн 18/36 дугаартай: “1........ ХХК-ны QYRZ /2018/46 дугаартай тушаалыг үндэслэн Тус компанийн ажилтан В-г П ХХК-ийн ерөнхий нягтлангаар томилсугай” гэх тушаал /8хх-ийн 198 дахь тал/, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “.......” ХХК-ийн 22/08 дугаартай: “1.Тус компанийн ажилтан Г-г гадаад харилцаа бизнесийн хэлтсийн дарга бөгөөд гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, К-г гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсугай” гэх тушаал /8хх-ийн 199 дэх тал/, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “.......” ХХК-ийн 20/03 дугаартай: “1........ ХХК-ийн ..... /2020/ 2 дугаартай тушаалыг үндэслэн Тус компанийн ажилтан К-г хуулийн хэлтсийн даргаар томилж, Г-г гадаад харилцаа бизнесийн хэлтсийн дарга бөгөөд гүйцэтгэх захирлаар томилсугай” гэх тушаал /8хх-ийн 200 дахь тал/, Монгол улсын засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ...... дугаартай албан тоот /8хх-ийн 201-202 дахь тал/, 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн Худалдаа хөгжлийн Депотиз банкны хуулга /8хх-ийн 203 дахь тал/, ....... компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Гадаад харилцаа, бизнесийн хэлтсийн даргын ажил үүргийн тодорхойлолт /8хх-ийн 204-216 дахь тал/, ....... ХХК Олон улсын хайгуул олборлолтын компанийн Дачин ОУХО /2022/ 1, 2 тоот: “....... ХХК Олон улсын хайгуул олборлолтын компанийн Гао Хонгуан зэрэг 3 хүний чөлөөлөх мэдэгдэл Боловсон хүчний менежментийн бодлогын дагуу нас болон бусад шалтгааны улмаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ....... ХХК олон улсын хайгуул олборлолтын компанийн Намын хорооны хурлын шийдвэрээр чөлөөлөв. Г-г Тамсаг Компанийн Гадаад харилцаа, худалдааны газрын захирлын албан тушаал, Ж-г Тамсаг Компанийн Гадаад харилцаа, худалдааны газрын орлогч захирлын албан тушаал, Ч-г Тамсаг компанийн Техникийн төвийн орлогч даргын албан тушаалын захирамж /8хх-ийн 239-243 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболд би Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн шүүгдэгч К-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагчаар оролцож, гэм буруугийн дүгнэлт гаргаж байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж Монгол улсын хуульд заасан хууль, дүрмийг сахин, биелүүлэх үүрэгтэй. Тодорхой хэмжээний үүргээс хязгаарлагдах, үүргээс чөлөөлөгдөх тодорхой хэмжээний хууль эрх зүйн  хэм  хэмжээ байх ёстой. Гэсэн хэдий ч өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн К-д холбогдох хэрэг дээр ямар нэгэн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөгдсөн гэсэн баримт тогтоогдсонгүй. Тогтоогдоогүй гэдэг асуудал нь хэргийн материалд авагдсан холбогдох төрийн байгууллагын албан бичгүүдээр тогтоогдсон. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийж, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд байгаа. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэг, өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шүүгдэгч талын нотлох баримтууд байгаа. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч талын гаргаж өгөөд байгаа нотлох баримтуудыг хууль эрх зүйн хүрээнд хүчин төгөлдөр нотлох баримт мөн үү, энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадах агуулга бүхий нотлох баримт мөн үү гэдэг дээр эргэлзэх үндэслэл байгаа. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлэх асуудал дээр прокурорын зүгээс оролцохгүй. Яагаад гэвэл байгууллага тодорхой албан бланк, албан бичгийг гаргаж өгөх ёстой. Өөрсдийнх нь гаргаж өгч байгаа баримтууд нь энэ үйл баримтуудыг тогтоож чадахуйц хангалттай нотлох баримт уу гэдэг дээр эргэлзээ бүхий асуудал байна. Шинжээчтэй холбоотой асуудал дээр улсын яллагчийн зүгээс тодорхой хэмжээний эрх үүргийг танилцуулсан. Би өөрөө Нийслэлийн прокурорын газар тодорхой албан тушаал эрхэлдэг боловч бусад ял эдлүүлэх ажиллагаанд оролцох эрх надад байдаггүй. Төрийн албан хаагчийн хуулиар тогтоосон үүрэг. Нөгөөтэйгүүр тангаргийн асуудал байгаа. Энэ үүднээс ямар үндэслэлээр шүүгдэгч талын зүгээс шинжээчтэй холбоотой асуудал дээр Нийгмийн даатгалын ерөнхий газар ажилладаг тул нөлөөлж байна гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Үндэслэл бүхий болсон нь төрийн байгууллагуудаас холбогдох баримт бичиг, тоо мэдээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан. Улсын яллагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг хуулийн дагуу гарсан үндэслэлтэй байна гэж үзсэн. Төрийн байгууллагын албан бичиг хэргийн материалд хавсаргагдсан. Уг албан бичигт 2019, 2020 онуудад К гэдэг хүн гүйцэтгэх захирлын албан үүрэг эрхэлж байсан нь тогтоогдсон. Улсын яллагчийн зүгээс дандаа төрийн байгууллагуудаас гаргасан албан бичгүүдийн талаар ярьж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудал байгаа. Олон улсын гэрээ, хэм хэмжээгээр зохицуулагдсан харилцаа, мөн дотоодын хууль тогтоомжоор зохицуулагдсан харилцаанд шүүгдэгч талын хүсээд байгаа Олон улсын гэрээг баримтална. Олон улсын гэрээ хүчин төгөлдөр үү гэдэг нь төрийн байгууллагын албан бичгээр тогтоогдсон. Энэ хүрээнд уг гэрээ нь олон улсын гэрээнд тавигдах шаардлагыг хангаагүй, 2-3 тал байх ёстой асуудал дээр 2 талын эрх хэмжээний асуудал яригдсан гэдэг байдлаар гэрээ өөрөө гараад ирсэн. Гэрээтэй холбоотой асуудлыг холбогдох төрийн байгууллага дүгнэсэн. Иймд “.......” ХХК гэх хуулийн этгээд, нөгөөтэйгүүр тухайн онуудад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан энэ хүний хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой харилцааг хариуцах бүрэн боломжтой. Энэ нь дандаа төрийн байгууллагуудын цуглуулж, бэхжүүлсэн, төрийн байгууллагаас авсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгчээс цаашдаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх үү гэхэд төлөхгүй гэдэг асуудлыг бүрэн илэрхийлсэн гэж үзэж байна. 2019-2020 оны асуудлыг үйл баримтаар тогтоогдож байгаа боловч, урьд онуудын асуудал мөн хууль шүүхийн байгууллагуудаар яваад шийдвэрлэгдсэн. Энэ нь “.......” ХХК нь гүйцэтгэх удирдлагын хүрээнд Монгол улсын хууль тогтоомжид заасан дүрэм журмыг биелүүлэхгүй байна. Олон улсын гэрээ биш хоёр талын эрх ашгийг хамгаалсан гэрээний үндсэн дээр олон улсын гэрээ биш, хүчин төгөлдөр бус гэрээг баримтлаад Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч хуульд заасан үүргийг биелүүлж ажиллахгүй байна гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо. Прокуророос 2019-2020 онуудад тухайн компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан К-ыг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Тодорхой тооны гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, гэм буруугийн үйлдэл, эс үйлдэхүй зэргээр гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Тийм учраас шүүгдэгч К-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 1,600,000,000 төгрөг төлөгдөөгүй. Цаашдаа Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа татвар, гаальтай холбоотой асуудал цаашдаа даамжрах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол улсын эрх ашиг зөвхөн хоёр улсын гэрээ биш, олон улсын гэрээ биш нөхцөл байдлуудтай холбоотой Монгол улсын эрх ашиг хөндөгдөж байна гэж дүгнэлтээ дуусгаж байна. ...Шүүгдэгчийн өмгөөлөгч эрх ашиг гэдэг үгээр дуусгасан, би эрх ашиг гэдэг үгээр эхэлж байна гэж хэллээ. Хуульд тангараг өргөсөн. Аль нэг талын эрх ашгийг давамгайлж хангана гэж ойлголт байхгүй. Субьектив байдлаар хандаагүй. Яллагдагчаар татсан тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол дээр болж өнгөрсөн үйл баримтын агуулга дурдагдаад явсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд орж ирээд шүүгдэгчийг яагаад энэ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар худал мэдүүлэг өгсөн. Худал мэдүүлгээс болоод нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн гэдэг агуулгын хүрээнд ярьсан. Шүүгдэгчийг нийгмийн даатгал төлөхгүй байна гэдгээр яриагүй. Худал мэдүүлэг өгсөн гэдгээр яллагдагчаар татаж, өнөөдрийн шүүх хуралдаанаар үйл баримтыг хэлэлцүүлж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудал нь өөрөө энэ хэрэгт ямар хамаатай вэ, тухайн хамааралтай асуудлыг Гадаад харилцааны яамны албан бичгээр тогтоосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа шиг тодорхой асуудлуудын хүрээнд биш, хоёр талын зохицуулаад байгаа харилцаа нь Олон улсын гэрээнд тусгагдаад байгаа зүйлүүдэд хамаарахгүй байна. Энэ хамаарахгүй байгаа нөхцөл байдлаас олон улсын гэрээ биш гэдгийг тогтоосон. Монгол улсын Засгийн газартай холбоотой асуудал, Засгийн газраар шийдвэрлүүлэх, хоорондоо зөвшилцөх, хэлэлцэх асуудал өнөөдрийн асуудалтай ямар хамааралтай юм. Тухайн гэрээг албан ёсны баримтаар Олон улсын гэрээ биш гэж дүгнэсэн. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч К гэдэг хүн худал мэдүүлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн асуудлыг ярьж байна. Улсын яллагчийн зүгээс төрийн гэдэг байгууллагаас холбогдох баримтуудыг авсан. Та бүгдийн гаргаад байгаа үйл баримтад эсрэг дүгнэлт хийсэн. Та бүхний гаргаж байгаа баримтуудыг худлаа гэж хэлээгүй. Худал мэдүүлээд байгаа асуудал нь 2019-2020 онд болж байгаа асуудал. Нөгөөтэйгүүр өмнөх онуудад ч тэр “.......” компани өөрөө өнөөдрийг хүртэл гадаад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг мэдүүлдэггүй юм байна гэдэг асуудал яригдаж байна. Санаатай гэх шинж  нь өмнөх онуудад төлдөггүй байсан. 2019-2020 оны буюу Кы гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан үеийн албан бичигт төлдөггүй байсан нь харагдаж байна. Өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгаа. Монгол иргэдийн мэдүүлгийг өгөөд гадаад иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх баримтыг өгөхгүй байгаа нь санаатай гэж үзэхээс өөр яах юм. Нийгмийн даатгалын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэн бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж заасан. Энэ хуулийг Кы хувьд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх хугацаанд төлөөгүй үйл баримтууд, магадгүй Монгол иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт өгөөд гадаадын иргэдийнхийг өгөөгүй байгаа нь худал мэдүүлээд байгаа үйл баримт өнөөдөр хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч К-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах эхний саналаа дахин гаргаж байна. Олон улсын гэрээтэй холбоотой асуудал өөрөө манай шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдээгүй гэрээ байна. Гэрээг Олон улсын эрх зүй мөн үү гэдгийг дүгнээд тайлбар мэдүүлэг, холбогдох албан бичгийг хэрэгт хавсаргасан байгаа. К гэдэг хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэнэ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудал хэлэлцэгдэхгүй гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Улсын яллагчийн зүгээс Монгол улсын эрх ашиг гэж дуусгаж байна. Миний хувьд эрх ашиг ярьж эхэлж байна. Нэгдүгээрт: гадаад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой асуудал. Хятад улсын Жан гэдэг хүний эрх ашгийг хамгаалаад, Жангийн нийгмийн даатгалыг төлөх ёстой гэж энэ хурал үргэлжилж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь нийгмийн даатгал төлөгчийг хамгаалах. Гэтэл төлөх гэж байгаа хүний эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэхээр хоёр улс хоорондоо нийгмийн даатгалын  хэлэлцээргүй учраас хамгаалагдах боломжгүй. Би өнөөдөр Монгол хүний эрх ашиг хөндөгдөөд, Монгол улсын иргэний нийгмийн даатгалыг энэ компани төлөөгүй бол өмгөөлөгчөөр орохгүй байсан. Гадаад улсын иргэнийхээ нийгмийн даатгалын шимтгэлийг яагаад төлүүлэхээс татгалзсан гэрээндээ тусгасан үндсэн шалтгаан нь хоёр улс хоорондоо нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх тухай хэлэлцээр байхгүй тул энэ асуудлыг гэрээгээр зохицуулсан гэж харж байгаа. Хоёрдугаарт: Нийгмийн даатгалыг төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн онцлог шинж нь захиргааны шинжтэй үйл ажиллагаа байдаг. Гадаадын иргэн буюу хуулийн этгээд захиргааны байгууллага руу хандаж байгаа, хүлээж авч байгаа процесс гэмт хэргийн субъект хэн бэ гэдгийг тодорхойлдог онцлог гэмт хэрэг. Хэрэг болсон гэх цаг хугацаанд мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хүрээнд Нийгмийн даатгалын төлөлтийн тайлан Н7, Н8 гэдэг маягтын дагуу явуулна гэж баталсан. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны А99 дүгээр тушаал /Нийгэм хамгааллын сайдын тушаал/. Энэ тушаалын дагуу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээж авах, баталгаажуулах журмыг баталсан. Энэ журмын 2.2.4-т, 2.2.2-т энэ журмын 2.2.4-т заасан тайлангаа ирүүлэхдээ 2 хувь үйлдээд, ажил олгогчийн захирал, нягтлан бодогч баталгаажуулна гэж заасан байдаг. Уг журмын 2.2.4-т тайлангаа Н7, Н8 маягтын дагуу баталгаажуулж ирнэ гэж заасан. Мөн энэ журмын 2.3-т тайлангийн тасралтгүй байдал, үнэн зөв, бодит байдлыг ажил олгогчийн дарга, захирал, нягтлан хариуцна гэж зохицуулалттай. Эрүүгийн хэргийн хувьд авч үзвэл тайланг хэн илгээсэн, хэн баталгаажуулсан бэ гэдэг асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл 2019, 2020 хүртэлх тайланг нэг ч удаа шалгаагүй. Прокурорын зүгээс гэмт хэргийн субъектийг үнэлэхдээ алдаа гаргасан. Ашигт малтмалын газрын тосны газрын хуулийн хэлтсийн даргаар К ажиллаж байсан гэж тодорхойлсноос биш яг нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой харилцаанд оролцож байсан уу, үгүй юу гэсэн дээр төрийн байгууллагын нэг ч дүгнэлт гаргаагүй. Прокурор төрийн байгууллага үнэн ярьдаг, хувийн хэвшлийнхэн худлаа ярьдаг байдлаар тайлбарлаад байна. Хувийн хэвшлийн илгээсэн тайланг нийгмийн байгууллагын дарга баталгаажуулж байгаа. Баталгаажуулсан гэдэг үндэслэл нь хэн тайлан зурсан, хэнд тайлан ирсэн, ямар ямар гадаад ажилчид, дотоод ажилчдын нэр гээд хоёр байдлаар тусгагдаж байгаа. Энэ бүхнээс аваад үзвэл К гэдэг хүн тухайн үйл ажиллагаанд ороогүй, оролцсон гэх баримт хэрэгт байхгүй. Олон улсын гэрээний талаар ярьдаг. Олон улсын эрх зүй нь хувийн болон нийтийн эрх зүйн салбар шинжлэх ухаанд хуваагддаг. Манай улсад олон улсын хувийн эрх зүй орхигдсон учраас энэ гэрээ Олон улсын гэрээ биш гээд байгаа. Монгол улсын Олон улсын гэрээний тухай хууль байгаа. Энэ хуулийн дагуу Олон улсын гэрээг бүртгэж, бүртгэгдсэн тухай тодорхойлолтыг Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн. Тухайн хуулийн 4.5-д Монгол улсын засгийн газраас гадаад улсын хуулийн этгээдтэй байгуулсан Олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулагддаг бизнесийн хэлцэл, гэрээнд энэ хууль үйлчлэхгүй.  Өөрөөр хэлбэл олон улсын бизнесийн хэлцэл, гэрээг хувийн эрх зүйгээр зохицуулагдах гэрээг Гадаад харилцааны яам бүртгэх үүрэг байхгүй. Энэ дээр бүртгэгдсэн үү, бүртгэгдээгүй юу гэдэг маргаан өрнөөд байгаа. Энэ өөрөө гэрээ биш гэж үзвэл “энэ гэрээ яг юу юм бэ” гэдэг асуулт үлдэж байна. “Бүтээгдэхүүн хуваах” гэрээний зохицуулалт нь арбитрын маргаан шийдвэрлэх зохицуулалттай. Монгол улсын шүүхээс шийдвэрлэснээс үл хамаараад тухайн асуудал нь аль нэг тал нь гэрээний үүргээ биелүүлэх эсэх талаар маргаан үүсэл арбитр дээр маргаан үүсвэл маргаад явах байх. Манай улс яагаад арбитрын асуудлаас зайлсхийдэг гэхээр манай улс арбитрын хэлэлцээртэй тохиолдолд арбитрын хэлэлцээрээс урьдчилан сэргийлэх журамтай. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 360 тогтоолоор арбитрын  хэлэлцээрийн маргаанаас урьдчилан сэргийлэх журам гэж батлагдсан. Энэ журмын дагуу маргахгүй, хэлэлцээрээр асуудлаа шийдэх ёстой гэсэн байр суурьтай. Энэ нь эдийн засгийн асуудлаас болж байгаа. Арбитрын маргаан өрнөөд явбал олон улсын 5-10 сая долларын өмгөөлөгч, хуульчийн зардалд манайхаас төлж тухайн маргаанд оролцоно. Энэ мөнгө татвар төлөгчдийн төлсөн татварын мөнгөнөөс гарна. Иймд энэ асуудал хэлэлцээрээр явагдаж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудал дээр засгийн газрын албан бичиг шинжлэн судалсан. Энэ хэрэг хэлэлцээрээр шийдэгдэх бүрэн боломжтой. Энэ хэрэг санаатай гэмт хэрэг байгаа. Гэтэл “.......” ХХК нь угаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй юм чинь санаатай гэдэг байдлаар тодорхой хэмжээний гэрээ байгуулсан. Гэрээний маргаантай асуудлаас болж энэ компанийг санаатай гэмт хэрэгт татаад байя, шалгаад байя гэж хандаж болохгүй. Энэ асуудал нийтэд ил байгаа асуудал. Арбитрын хэлэлцээртэй юм байна. Энэ нь Монгол улсын хууль тогтоомж зөрчсөн байна. Гэхдээ энд Засгийн газар хоорондын хэлэлцээр явагдаж байгаа юм байна гэдэг нь нийтэд ил байгаа үйл баримт. Энэ асуудал нь хоёр талаас ажлын хэсэг байгуулагдсан тохиолдолд нэг тийшээ цэг тавьж дуусна. Арбитрын маргаанаар явсан тохиолдолд эднийх шүүхийн шийдвэрийн дагуу дахин төлөх байсан уу гэдэг асуудал арбитрын шүүхийн эрх хэмжээний асуудал. Энгийн нэг аж ахуйн нэгж байгууллага зайлсхийх, төрийн байгууллагатай гэрээ байгуулсан аж ахуйн нэгж нийгмийн даатгалын харилцаанд орох ойлголтууд нь өөр ойлголт байна. Үүнийг шүүхээс анхаарч үзнэ үү. Хэрэв хувийн байгууллагын ажилд томилсон тушаалууд хуурамч байсан бол К гэдэг хүн тухайн төрийн байгууллагууд руу илгээж байгаа баримтууд дээр гарын үсэг зураад явах нь яасан юм. Тэгэхээр хуурамч гэдэг дээр эргэлзээ үүсч байна. Энэ нь тухайн үйл баримтаар тогтоогдож байгаа. Энэ хэргийн гол асуудал нь Нийгмийн даатгалын холбогдох хууль журмын дагуу тогтоогдох асуудал байна. ...К гэдэг хүн худал тайлбар мэдүүлэг гаргасан. Тийм учраас хэргийн хүрээ хязгаар энэ хүртэл явагдаж ёстой гэж байна. Би энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүссэнээс хойш орсон. Оролцох бүрдээ хэлсээр ирсэн үг. Нийгмийн даатгал төлөлтийн үйл ажиллагаа ч юм уу, холбогдох зохицуулалтынхаа дагуу хууль, дүрэм, журмын хүрээнд явж байна. Энэ хүнийг нийгмийн даатгалын тайлан худал мэдүүлсэн гэж үзэж байвал холбогдох тайлангуудыг нягталж үзнэ үү. Хэн тайлан гаргасан гэдгийг шалгаад өгнө үү гэж Улсын ерөнхий прокурор хүртэл явсан. Яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж Улсын ерөнхий прокурор хүртэл явсан. 6 удаагийн өргөдөл байна. Холбогдох нийгмийн даатгалын тайланг хүлээж авч, баталгаажуулах журамд захирал, нягтлан бодогч холбогдох тайланд гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан байдаг. Энэ хэргийн шалгалтын хүрээ нь нийгмийн даатгалын тайлангаасаа хэтрээд явсан. Байгаа оноогүй, зөвхөн ашигт малтмал газрын тосны газрын тодорхойлолт зөв эсэх нь эргэлзээтэй. Энэ тайланг тайлагнах үйл ажиллагаанд тухайн хуулийн этгээдийг төлөөлж хэн оролцоод байгаа юм гэдгийг тогтоох ёстой. Оролцооны хэлбэр гэдгийг тодорхойлохдоо тухайн үйлдлийг хийсэн үр дүнгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл тайлан гаргасан, баталгаажуулсан, илгээсэн хүнээр нь тодорхойлно. Тэгэхээр 24 удаагийн тайлангийн асуудал яригдаж байна. Энэ гэмт хэргийн хүрээнд тайлан яригдах ёстой. Энд К гэдэг хүний нэг ч гарын үсэг байхгүй, нэг ч оролцоо байхгүй. Тийм байхад яаж энэ хүнийг гэм буруутайд тооцох юм. Шүүхээс хангалттай боломж олгосон. Боломж олгоод байхад нотлох баримт бүрдүүлж өгөхгүй байгаа нь яллахаас татгалзаж эс үйлдэхүй гаргаж байгаагийн хэлбэр гэж ойлгож байна. Нийгмийн даатгалын дүгнэлт гаргасан шинжээч нар хохирогчтой хамааралтай буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал бий болсон. Тийм учраас хохирлын асуудал эргэлзээтэй байна гэж үзэж байна. Энэ асуудал эрүүгийн гэхээс илүү захиргааны журмаар шийдэх боломжтой гэж үзэж байна. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс хуулиа хэрэгжүүлээд явж байсан. Кд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд хохирлын асуудлыг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх боломжтой. Нотлох баримтаа бүрдүүлээд хохирлыг барагдуулах бүрэн боломж байна. Кы сэдэл санаа зорилго, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн сэдэл байхгүй байна. Мөн зайлсхийж оролцсон, оролцооны талаар нотлох баримтууд байхгүй байна. Хохирлын асуудлаар хохирогчтой хамаарал бүхий шинжээч дүгнэлт гаргасан байна. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ үү. Олон улсын эрх зүй биш гэж хэлээд байгаа. Олон улсын хувийн эрх зүй гэж юу вэ гэдэг асуулт асуумаар байна. Энэ гэрээ бол Олон улсын хувийн эрх зүйн гэрээ. Хувийн эрх зүйн гэрээ учраас холбогдох Монгол улсын захиргааны хэм хэмжээний дагуу шийдэгдэх боломжтой гэж үзэж байна. Манай улс гадаад улсын хөрөнгө оруулагчдыг татах гэж байж нөгөө талаас хууль зөрчсөн гэж буруутгаж болохгүй. Тэгэхээр энэ дээр хаа хаанаа хариуцлагатай баймаар байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас К-ыг  цагаатгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхэд хэрэг шилжиж ирэхдээ “.......” ХХК нь Монгол улсад бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байхдаа 2019, 2020 онуудад Нийгмийн даатгалын тухай хуульд заасан ажилтанд олгогдох цалин хөлснөөс суутгах шимтгэл буюу нийгмийн даатгалын шимтгэлийг худал мэдүүлж нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөс зайлсхийх зорилгоор 1,645,529,600 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд гүйцэтгэх захирал К энэ гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хуульд заасан журмаар хэрэгт цугларсан баримтуудаар 2019, 2020 онуудад эрх бүхий албан тушаалтан буюу Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг мэдүүлэх, тайлагнах эрх бүхий албан тушаалтан тухайн байгууллагын гүйцэтгэх захирал буюу “.......” ХХК-ний гүйцэтгэх албан тушаалтнаар  К ажиллаж байсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

Тодруулбал “.......” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд нягтлан бодогч, дарга захирал гэсэн нэгдүгээр гарын үсэг дээр В, Г гэсэн гүйцэтгэх захирлууд гарын үсэг зурж баталгаажуулж явуулж байсан байна. 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын хугацаанд Г гэх гүйцэтгэх захирал энэ тайлангуудыг баталгаажуулж явуулж байжээ. Мөн 2019, 2020 онд гүйцэтгэх захирлын албан тушаалыг К эрхэлж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Харин 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс тухайн компанийн хуулийн хэлтсийн захирлаар томилогдсон тушаал хэрэгт авагдсан байх бөгөөд Хуулийн хэлтсийн захирлын албан тушаал, ажил үүргийн хуваарийн тодорхойлолтоор К нь компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тайлагнах эрх бүхий албан тушаалтан гэдэг нь нотлогдохгүй байна.

Мөн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр “.......” ХХК-ийг төлөөлөх ерөнхийлөгч болон ерөнхий захирал, даргаар томилогдсон хүмүүсийн нэрс дунд К байхгүй, Ф, G, W, W, J, Ji гэх мэт хүмүүс ажиллаж томилогдож байсан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн субъект буюу тухайн компанийн гүйцэтгэх албан тушаалтан 2019-2020 онд К байгаагүй нь нотлогдон тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нотлон тогтоогоогүй гэж дүгнэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч К-ыг цагаатгаж, хэрэг бүртгэлтэд хэргийг шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидиг хавтаст хэргийн хамт прокурорт хүргүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч К нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

            1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч К-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч К-г цагаатган, хэрэг бүртгэлтэд хэргийг шилжүүлсүгэй.

 

            2. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидиг хавтаст хэргийн хамт прокурорт хүргүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч К нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5.  Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.АЮУШЖАВ