| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00846/И |
| Дугаар | 00711 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00711
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00711 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хамба .. гудамж, .. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Ноён цорс овогт Жамбалын А..ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.А.. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1965 оны 05 дугаар сарын 31 ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын хүн эмнэлэгт төрсөн. Нас 55 настай. Ам бүл 3. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1973 онд Жаргалант сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд элсэн орж суралцан 1983 оны 06 дугаар сарын 20-нд 10 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт амбулаторийн цэвэрлэгчээр 1983 оны 08 дугаар сарын 23 -нд ажилд орж 1995 оны 5 дугаар сарын 17-ныг хүртэл тус байгууллагын хүүхдийн тасаг, хүүхдийн сүүний газар зэрэг тасгуудад ажиллаж байсан. Улмаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 2011 оны 04 дүгээр сарын 01 -нд шилжин ирж үйлчлэгчээр өнөөдрийг хүртэл тасралтгүй 34 жил ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан үеийн он жилийг тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр 1983 оны 08 дугаар сарын 23 ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ж.А.. нь 1983 оны 08 дугаар сарын 23 ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.А..ийн 1983 оны 08 дугаар сарын 23 ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.А.. нь 1983 оны 08 дугаар сарын 23 ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1841 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Нэгдсэн больницийн Ерөнхий эмчийн 1983 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Нэгдсэн больницийн Ерөнхий эмчийн 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 110 дугаартай чөлөө олгох тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Нэгдсэн больницийн Ерөнхий эмчийн 199 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 90 дугаартай ажилд түр авах тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Нэгдсэн больницийн Ерөнхий эмчийн 1994 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 148 дугаартай чөлөө олгох тухай тушаалын хуулбар,
Хүсэлт гаргагчийн 1986 оноос 1993 оныг хүртэлх цалингийн цэс, 1985 он, 1989 онуудад Ховзд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт ажиллаж байх үедээ авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зургууд,
250298 дугаартай Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн эх хувь,
Иргэн Д.Бямбасүрэнгийн ...Ж.А.. нь 1983 оны 08 дугаар сарын 23 ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Иргэн А.Чулуунцэцэгийн ... Ж.А.. нь 1983 оны 08 дугаар сарын 23 ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж.А..ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ноён цорс овогт Жамбалын А..ийг 1983 оны 08 дугаар сарын 23 ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ