| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00845/И |
| Дугаар | 00712 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00712
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00712 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав багийн 10-10 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Ээмдээ овогт Цэрэндаваагийн Б..гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Б.. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1968 оны 01 дүгээр сарын 14 -ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын хүн эмнэлэгт төрсөн. Нас 52 настай. Ам бүл 6. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1976 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж 1984 оны 6 дугаар сарын 10-нд 8 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд Эвлэлийн илгээлтээр Мянгад сумын Давшилт нэгдлийн зочид буудалд туслах бэлтгэгчээр 1984 оны 06 дугаар сарын 15-нд ажилд орж ажиллаж байгаад 1985 оны 09 дүгээр сарын 30-нд Өндөр хөхий нэртэй зочид буудал шинээр ашиглалтанд орж улмаар шилжин орж 1990 оныг хүртэл туслах бэлтгэгчээр тасралтгүй ажиллаж байсан. Би 1987 оны 08 дугаар сарын 27-нд Ц.Энхбаттай гэр бүл болсон. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлс авч байсан талаархи баримт, ажиллаж байсан тушаал зэрэг баримтууд Ховд аймгийн Мянгад сумын архив шатсаны улмаас олдохгүй өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зочид буудалд 1984 оны 06 дугаар сарын15 ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал туслах бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Б.. нь 1984 оны 06 дугаар сарын15 ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зочид буудалд туслах бэлтгэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Б.. нь 1984 оны 06 дугаар сарын15 ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зочид буудалд туслах бэлтгэгчээр ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1470 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 36 дугаартай ажилд шинэчлэн ба шинээр томилох тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дугаартай тодорхойлолт,
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600003188 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Иргэн Ц.Оюунчимэгийн ...Миний бие Ц.Б..тай Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оноос 1989 оныг дуустал зочид буудлын туслах тогоочоор хамт ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Иргэн Б.Долгорсүрэнгийн ... Миний бие Ц.Б..тай Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оноос 1989 оныг дуустал зочид буудлын туслах тогоочоор хамт ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Б..гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ээмдээ овогт Цэрэндаваагийн Б..г 1984 оны 06 дугаар сарын15ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зочид буудалд туслах бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ