Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 462

 

 

 

 

 

 

    2020            4             14                                        2020/ДШМ/462                                                           

 

                           Д.О, Ө.У, Г.А,

                                       Д.Ж нарт холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

яллагдагч Ө.У, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

яллагдагч Д.Огийн өмгөөлөгч Ж.Гантулга,

хохирогч Ж.Цэрэндаш, П.Дашзэвэг нарын өмгөөлөгч Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/513 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн эсэргүүцлээр яллагдагч Д.О, Ө.У, Г.А, Д.Ж нарт холбогдох эрүүгийн 1706037520391 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Д.О,

Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2, 216 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 02 сар 14 хоногийн ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан;

2. Ө.Э,

Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 114.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэсэн;

3. Г.А,

Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн;

4. Д.Ж,

Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2018/ШЦ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн;

Яллагдагч Д.О, Г.Б, Б.М, Ө.У, Э.Б нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх 3 дүүргийн 25 дугаар хороо 99/в/ байрны 14 давхарт иргэн Р.Дондог, С.Жавзандулам нарыг зодож, хүч хэрэглэж Р.Дондогийн хүзүүнд нь байсан 1.500.000 төгрөгийн үнэ бүхий алтан гинжийг дээрэмдсэн гэмт хэрэгт,

мөн Ө.У, Д.О, Д.А нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 418 дугаар байрны баруун хэсэгт хохирогч П.Дашзэвэгт хүч хэрэглэн, үүргэвчтэй авч явсан 138.692.126 төгрөгийн үнэ бүхий 1.842.08 грамм алтан гулдмайг дээрэмдсэн гэмт хэрэгт,

мөн Ө.У, Г.А нар нь бүлэглэн  2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 79 дүгээр байрны 5 тоотод оршин суух Ж.Цэрэндашийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 456.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн Д.Ж, Д.О, Ө.У нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 1 дүгээр байрны 23 тоотод оршин суух Н.Батбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 22.510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2019 оны 2 дугаар сард Баянхонгор аймгийн 2 дугаар багийн 30 дугаар гудамжны 01 тоотод оршин суух А.Дашцэрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болон гэр болон үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “Баянбулаг” гэх нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2019 оны 2 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 12 дугаар гудамжны 115 тоотод оршин суух Э.Эрдэнэбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.873.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн яллагдагч Ө.У нь 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нэгдсэн эмнэлгийн автотээврийн хэрэгслийн гражийн хашааны гадна зогсож байсан Б.Баатарын эзэмшлийн автотээврийн хэрэгслийн цонхыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хагалж, дотроос нь алтыг хулгайлж, 44.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Ө.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Г.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар,  Д.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Ө.У, Д.О нарын холбогдсон  2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 418 дугаар байрны баруун хэсэгт хохирогч П.Дашзэвэгт хүч хэрэглэн, үүргэвчтэй авч явсан 1.842.08 грамм алтан гулдмайг дээрэмдсэн гэмт хэрэгт Д.О, Мөнхзолбоо, Алтангэрэл, Г.А нар бүлэглэн үйлдсэн эсэхийг мөрдөн шалгах,

2. Яллагдагч Ө.Уд дээрмийн гэмт хэрэг үйлдэж авсан алтыг Д.Г.А, н.Мөнхзолбоо нар БНХАУ-д зарсан тухай хэлсэн байдаг. Дээрмийн гэмт хэрэг үйлдэж олсон алтыг Д.Г.А, н.Мөнхзолбоо нар БНХАУ-д зарсан үйл баримтыг тогтоох зорилгоор Монгол Улсын хилээр Д.Г.А, н.Мөнхзолбоо нар хэрэг үйл явдал болсон 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд гарсан эсэх мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулан авах,

3. Яллагдагч Ө.У 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нэгдсэн эмнэлгийн автотээврийн хэрэгслийн гражийн хашааны гадна зогсож байсан Б.Баатарын эзэмшлийн автотээврийн хэрэгслийн цонхыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хагалж, дотроос нь алтыг хулгайлж   44.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг   Мөнхзолбоо,  Бат-Эрдэнэ нар оролцсон эсэхийг мөрдөн шалгах  ажиллагааг хийх,

4. Яллагдагч Д.Ж нь бичиг үсэг мэддэггүй гэх тул хувийн байдлыг шалган тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд зааснаар   явагдсан эсэхийг шалгах,

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т зааснаар яллах дүгнэлтийн үг, үсгийн техникийн шинжтэй алдааг  засах ажиллагааг хийх,

6. Яллагдагч Г.А Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн Д.Ж нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг ялыг эдэлсэн эсэх талаарх лавлагаа авах,

Хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хангаж мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай байна.

Харин яллагдагч Ө.У, Д.О нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь яллагдагч нар хүнд гэмт хэрэгт холбогдсон, дахин өөр гэмт хэрэгт шалгагдах шаардлагатай болсон, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул хэргийг прокурорт очтол тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шаардлагагүй.

Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллагдагч Д.О, Д.Ж, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан яллах дүгнэлтэд үг, үсгийн техникийн шинжтэй алдааг засуулах, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн тухай, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтүүдийг хангаж,  яллагдагч нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ө.У, Г.А, Д.О, Д.Ж нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706037520391 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.О, Ө.У, Д.Ж, Г.А нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдсан нэр бүхий эд мөрийн баримтуудыг хэргийн хамт буцааж  шийдвэрлэжээ.  

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Д.Ж бүрэн дунд боловсролтой, ам бүл 2 эхийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 04 дүгээр баг, 04-06-037 тоотод оршин суух хаягтай гэж мэдүүлэг өгөхдөө тэмдэглүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн бүх мэдүүлгүүд болон хэргийн материал танилцаад гарын үсэг зурсан байдаг. Яллагдагч мөрдөн шалгах ажиллагаанд өөрөө монгол хэл, бичиг мэддэггүй гэсэн эсхүл энэ талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол мөрдөгч энэ талаар тэмдэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ талаар хэлж, мэдүүлээгүйгээс гадна прокурорт энэ талаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй нь хавтаст хэргээс харагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасан яллах дүгнэлтийн үг, үсгийн техникийн шинжтэй алдааг засах ажиллагааг хийх гэжээ.

Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн үг, үсгийн техникийн шинжтэй алдааг засах ажиллагааг хийх гэж хэргийг прокурорт буцаах нэг үндэслэл болгосон байна. Ингэхдээ зөвхөн хуулийн заалт иш татсанаас бус шийдвэрийн агуулга, үндэслэлийн талаар буюу ямар үг, үсгийн техникийн шинжтэй алдаа байгааг дурдалгүй, тодорхойгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагыг хангадаг тул энэ хэсгийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэхээр байна.

Учир нь яллах дүгнэлтийн аль хэсэг, хуулийн ямар заалт, шаардлагад нийцэхгүй байгааг тодорхойлох ёстой. Түүнээс гадна Д.О, Ө.У, Д.Г.А, Д.Ж нарт холбогдох эрүүгийн 1706037520391 дугаартай хэргийн яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн бөгөөд уг хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т заасны дагуу дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад нийт 665.655.126 төгрөгийн хохирол учирсан. Хохирол төлөгдөөгүй. Хохирогч Ж.Цэрэндашид 1 ширхэг хөөрөг, 1 ширхэг хэт хутга буцааж өгсөн. ...” гэж тодорхой бичсэн байна.

Яллагдагч Г.А Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, яллагдагч Д.Ж нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг ялыг эдэлсэн эсэх талаарх лавлагааг авах гэжээ.

Энэ талаар заавал мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, яллагдагч Г.А, Д.Ж нар шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэн эсэх талаарх лавлагааг авч, шүүх хуралдаанд гаргаж өгөх боломжтой байна.

Мөн хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хангаж мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах шаардлагатай байна гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг хангаж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байсан бөгөөд энэ талаар оролцогч нараас болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хүсэлт, гомдол гаргаж байгаагүй болно. ...” гэв.

Яллагдагч Д.Огийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.О, Ө.У,  Г.А, Д.Ж нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 513 дугаартай захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь, шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад яллагдагч Ө.Э, Д.О нартай Мөнхзолбоо, Г.А, Алтангэрэл нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримтыг 3 дугаар хавтаст хэргийн 26 дахь талд байгаа камерын бичлэг, тухайн хэрэг үйл явдал болсон 2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө такси үйлчилгээ эрхэлж явсан гэрч Баярмандахаас мэдүүлэг авч жолоочоос гадна Ө.Э, Д.О нар байсан эсэх, эсхүл өөр хүн байсан эсэхийг бүрэн тогтоох боломжтой байсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгээгүй. Хэргийн бодит байдлыг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоогоогүй байдаг. 2 дахь заалтад БНХАУ-д нэр бүхий хоёр гэрчийн хилээр гарсан лавлагааг зайлшгүй авах шаардлагатай. Энэ талаар яллагдагч Ө.Э давж заалдах гомдолдоо дурдсан байдаг. 3 дахь заалтад Ө.Э нь Б.Баатарын эзэмшлийн автотээврийн хэрэгслийн цонхыг хагалж, дотроос нь алтыг хулгайлж 44.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Мөнхзолбоо, Бат-Эрдэнэ нар оролцсон эсэх талаар насанд хүрээгүй гэрч гэрчилдэг. Тэрээр хоёр хүн явж байсан талаар мэдүүлдэг. Эндээс үзэхэд уг гэмт хэргийг Ө.Эаас гадна Мөнхзолбоо, Бат-Эрдэнэ нар үйлдсэн байх үндэслэл бүхий гэрчийн мэдүүлгийг тодруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй. 4 дэх заалтад яллагдагч Д.Ж нь бичиг үсэг мэддэггүй гэдэгт өмгөөлөгч нар тодруулж хэлсэн тул энэ талаар хэлэх тодорхой тайлбаргүй. Шүүгчийн захирамжийн 5 дахь заалтад яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд үг, үсэг, тоо, хэлзүйн алдаа нийт 17 гарсан байдаг. Тухайлбал, яллах дүгнэлтийн 11 дүгээр талын дороосоо 13 дахь мөрөнд “Дамно хөрөнгийн үнэлгээний газар” гэж бичигдсэн байдаг. Иргэний хууль болон Компанийн тухай хуульд “Дамно” хөрөнгийн үнэлгээний газар гэсэн хуулийн нэр томьёо байхгүй. Иймд яллах дүгнэлтэд гарсан алдааг зайлшгүй засаж залруулах шаардлагатай. Яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх талд “665.655.126 төгрөгийн хохирол учирсан” гэж бичигдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллагдагч тус бүрээр тусгайлан зааж бичих ёстой байсан. Гэтэл яллах дүгнэлтэд яллагдагч тус бүрээр тодорхойлон бичээгүй нь хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаас өмнөх захирамжид эрүүгийн хэрэг нэгтгээгүй, эрүүгийн хэргийн харьяаллыг буруу тогтоосон гэх хүсэлт гаргасан. Нэгтгэсэн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан зохицуулалтаар нэгтгэх хуулийн шаардлагыг хангаагүй байдаг. ...” гэв.

Яллагдагч Ө.Уын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байдаг. Тухайлбал, яллах дүгнэлтэд үг үсэг, утга агуулгын хувьд алдаатай зүйлс их байдаг тул засах шаардлагатай. Яллах дүгнэлтийн 9 дэх талд 2019 оны 2 дугаар сард Баянхонгор аймгийн 2 дугаар багийн 30 дугаар гудамжны 1 тоотод оршин суух А.Дашцэрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байрнаас хэн хэн, ямар үйлдлээр ямар хулгай хийсэн талаар үйл баримт тодорхойгүй бичигдсэн. Мөн хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийн үйлдлүүдийг дарааллаар нь бус хооронд нь хольж бичсэн байдаг тул уншиж ойлгоход хүндрэлтэй байдаг. ...Эд мөрийн баримтаар хураагдсан гэх хавсралтад хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг хөөрөгний толгой гэж бичигдсэн байдаг. Уг эд зүйлс тухайн үеийн үнэлгээнээс эзэндээ очсон эсэх, эсхүл үнэлгээнээс хасагдсан эсэх нь тодорхойгүй байдаг. Иймд дээрх үйл баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоох боломжгүй. Ө.Эын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б.Баатарын эзэмшлийн автотээврийн хэрэгслийн цонхыг хагалж, дотроос нь алтыг хулгайлж 44.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг “хоёр хүн байсан” гэж насанд хүрээгүй гэрч тодорхойлсон байдаг тул үүнийг нотолбол зохих асуудал гэж үзэж зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзэж байна . ...” гэв.

Яллагдагч Ө.У тус шүүх хуралдаанд “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.

Хохирогч Ж.Цэрэндаш, П.Дашзэвэг нарын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч нар Баянхонгор аймагт амьдардаг учир шүүх хуралдаанд ирж чадаагүй. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлаас болж удааширсан, шийдвэрлэвэл зохих асуудлууд байдаг тул хохирогч нар эрх ашгаа хамгаалуулахын тулд өмгөөлөгч авмаар байна гэсэн үүднээс надад хандсан болно. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж дүгнэсэн. Учир нь, Ө.Уын сүүлийн мэдүүлгээс үзэхэд хохирогчийн зарим эд зүйл Батжаргал гэх ченж дээр одоо хүртэл байгаа бөгөөд тэдгээрийг гаргуулан авч, тодруулах шаардлагатай асуудлууд байна гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Д.О, Ө.У, Г.А, Д.Ж нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотолдог юм.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хооронд нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Анхан шатны шүүхээс Ө.У, Д.О нарын холбогдсон  2016 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 418 дугаар байрны баруун хэсэгт хохирогч П.Дашзэвэгт хүч хэрэглэн, үүргэвчтэй авч явсан 1.842.08 грамм алтан гулдмайг дээрэмдсэн гэмт хэрэгт Д.О, Мөнхзолбоо, Алтангэрэл, Г.А нар бүлэглэн үйлдсэн эсэхийг мөрдөн шалгах,

яллагдагч Ө.Уд дээрмийн гэмт хэрэг үйлдэж авсан алтыг Д.Г.А, н.Мөнхзолбоо нар БНХАУ-д зарсан тухай хэлсэн байдаг. Дээрмийн гэмт хэрэг үйлдэж олсон алтыг Д.Г.А, н.Мөнхзолбоо нар БНХАУ-д зарсан үйл баримтыг тогтоох зорилгоор Монгол Улсын хилээр Д.Г.А, н.Мөнхзолбоо нар хэрэг үйл явдал болсон 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд гарсан эсэх мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулан авах,

яллагдагч Ө.У 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нэгдсэн эмнэлгийн автотээврийн хэрэгслийн гражийн хашааны гадна зогсож байсан Б.Баатарын эзэмшлийн автотээврийн хэрэгслийн цонхыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хагалж, дотроос нь алтыг хулгайлж   44.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг   Мөнхзолбоо,  Бат-Эрдэнэ нар оролцсон эсэхийг мөрдөн шалгах шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь яллагдагч Ө.Уын “...Дашзэвэгийн алтан гулдмайг Д.О бид 2 л дээрэмдэж байсан. Мөнхчулуун энэ хэрэгт ямар ч хамааралгүй, тухайн үед Мөнхчулуун бараг Баянхонгор аймагт уурхайд ажиллаж байсан байх. ...” /1 хх 229-230/,

            “...би алтан гулдмай дээрэмдсэн хэрэгт Д.Отэй хамт явсан талаараа тодорхой ярьсан. Үүн дээр нэмж ярихад тухайн үед Алтангэрэл надад анх Баянхонгор аймгаас Дашзэвэг гэх хүн алт аваад автобусанд суучихлаа, энэ хүнийг дээрэмдэх үү гэхээр нь би зөвшөөрөөд Алтангэрэлийг чи араас нь явчих гэж хэлсэн. Тэр орой би Д.Ог дуудаад Д.О соната-6 маркийн машинтайгаа ирсэн бөгөөд бид хоёр Драгон дээр хүлээж байгаад Алтангэрэлийн хамтаар гурвуулаа Дашзэвэг гэх хүний араас дагасан. Тэгээд Баянмонгол хорооллын зүүн хойд талын хаалганы тэнд буухаар нь Алтангэрэл бид хоёр буугаад Д.О машиндаа үлдсэн. Тэгээд би тэр хүнийг хавсарч унагаагаад цүнхийг нь аваад зугтсан. ... Гэхдээ би өмнөх мэдүүлэгт Алтангэрэлтэй хамт явсан талаар нэг ч зүйл хэлээгүй байсан. Тухайн үед хохирогч 2 хүн байсан гэхээр нь өөр хүнийг оролцуулаад яахав гэж бодоод Д.Отэй хамт явсан гэж ярьсан байсан. Яг үнэндээ бол Алтангэрэл Д.О бид гурав хамт явсан юм. Тэгээд маргааш өдөр нь Алтангэрэл бид хоёр тэр алтан гулдмайн үзүүр хэсгээс сүхээр цохиж хуваагаад Урт цагаанд очиж уг хуваасан хэсгийг тушаагаад 12.900.000 төгрөгтэй болоод Д.Од 10 сая төгрөг өгье гэж ярилцаад Д.Од 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /3 хх 239/

“...П.Дашзэвэг гэх хүнээс алтан гулдмай дээрэмдсэн. Дээрх хэргийг Г.А, Алтангэрэл гэх хүмүүстэй үйлдсэн. Г.Аг өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй учраас татаад яахав гээд хэлээгүй юм. ...” /9 хх 55/,

“....гулдмай дээрэмдсэн хэрэгт Мөнхзолбоо мөн л адил хамт явж байсан бөгөөд Дашзэвэг гэх хүнийг Мөнхзолбоо, Алтангэрэл хоёр зааж өгсөн. Алтангэрэл тухайн үед машин барьж явсан бөгөөд Д.О, Мөнхзолбоо хоёр машинд суугаад үлдсэн. ...2016 оны 3 дугаар сард мөрдөнд орсон байх хойгуур Алтангэрэл, Мөнхзолбоо хоёр дээрх алтыг урагш гаргаж зарсан. ...” /9 хх 245/,

яллагдагч Д.Огийн “...П.Дашзэвэг гэх хүнээс алтан гулдмай дээрэмдсэн гэх хэргийг үйлдээгүй, дээрх хэргийг Ө.Э, Алтангэрэл, Г.А гэх хүмүүс үйлдсэн. ...Ө.Э хэлэхдээ Г.Аг хэлээд яах юм бэ гэхээр нь би хэлээгүй юм. Тухайн үед Г.А, Ө.Э, Алтангэрэл бид хэд байсан. Би тухайн үед машинд согтуу байсан. Гэхдээ ямар нэгэн оролцоо байхгүй, миний машиныг Алтангэрэл бариад явж байсан. ...” /9 хх 52-53/,

 “...Ө.Э надаас машинаа өгчих гэж гуйхаар нь би машинаа хэрэглүүлсэн. Тухайн үед би нилээд их архи уусан байсан учир машин дотор согтуу унтаж байсан. Тэгэхэд ийм хэрэг болсон байсан. Дээрх хэрэгт Ө.У, Г.А, Б.Мөнхзолбоо, Д.Алтангэрэл нар байсан, би машинд согтуу унтаж байсан. ...” /9 хх 247/ гэж тус тус  мэдүүлжээ.

Дээрх яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийн заримыг прокуророос үнэн зөв гэж дүгнэж, гэмт хэрэг гарсан байдал, яллагдагч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог тодорхойлон яллах дүгнэлт үйлдсэн атлаа Г.А, Б.Мөнхзолбоо нарыг зөвхөн өөрсдийнх нь мэдүүлгийг үндэслэж, уг гэмт хэргийг тэд үйлдээгүй гэж дүгнэж байгаа нь харилцан зөрүүтэй нотлох баримт байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэж үзнэ.

Иймээс 2016 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 418 дугаар байрны баруун хэсэгт хохирогч П.Дашзэвэгт хүч хэрэглэн, түүний эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт Г.А, Б.Мөнхзолбоо нар оролцсон эсэх, бусад оролцогч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүх л арга, хэрэгслийг ашиглан нэг бүрчлэн тогтоох шаардлагатай.

Мөн уг дээрмийн гэмт хэргийг үйлдэж олсон алтыг Д.Г.А, Б.Мөнхзолбоо нар БНХАУ-д зарсан талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Ө.У мэдүүлдэг ба уг мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг Д.Г.А, Б.Мөнхзолбоо нарын Монгол Улсын хилээр гарсан эсэхийг Хил хамгаалах ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулан авах замаар шалгах нь зүйтэй.

Насанд хүрээгүй гэрч М.Мөнх-Ундралын “...2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр уран нугаралтын давтлаганд явах гээд гэрээсээ гарсан чинь манай урд талын хашааны урд талд нэг, хоёр эрэгтэй хүн зогсож байснаа нэг арай намхан эрэгтэй хүн нь цаад талд нь зогсож байсан нэг машины цонхыг нь хагалаад машин дотроос нэг хар өнгийн цүнхтэй юм аваад цаашаа яваад цаад талынх нь хашааг даваад гүйгээд яваад өгсөн юм. ...намхан эрэгтэй хүн нь машины цонхыг хагалж цүнхтэй юм авсан. Харин арай өндөр хүн хашааны хажууд хашааны завсраар айл руу хараад зогсож байсан. Тэгээд хоёулаа цуг хашаа даваад зугтчихсан. ...” /7 хх 169/

яллагдагч Г.Ө.Эын “...Баатар гэх хүний машины цонхыг хагалж, эд зүйл хулгайлсан хэрэгт Бат-Эрдэнэ, Мөнхзолбоо нарын хамт явсан. ...” /9 хх 245/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байх тул Бат-Эрдэнэ, Мөнхзолбоо нар тухайн гэмт хэрэгт оролцсон эсэхийг шалгах.

Яллагдагч Г.А Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, яллагдагч Д.Ж Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2018/ШЦ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байна. /9 хх 46-51, 25-28/

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заажээ.

 

Үүнийг Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” хэмээн шүүхийн шийдвэрийг аливаа этгээд заавал биелүүлэхийг баталгаажуулан хуульчилжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж шийтгэх тогтоолыг хэдийд гүйцэтгэх хугацааг тодорхойлсон юм.

 

Түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэх, торгох ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулан хуульчилсан ба ял шийтгүүлсэн шүүгдэгч тэдгээрийг ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх эсэхийг шүүх тогтоодог бөгөөд ингэснээр дээр дурдсан хуулийн заалт бүр хэрэгжих үндэс бүрдэх ёстой.

 

Яллагдагч Г.А, Д.Ж нарт өмнө нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх, торгох ялуудыг тэд биелүүлсэн эсэх талаарх лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг шүүхээс хэрхэн хэрэглэх талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой.

Нөгөөтэйгүүр яллагдагч Г.А, Д.Ж нарын өмнө нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх, торгох ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолыг гэм буруугийн шүүх хуралдаанд прокуророос шаардсан, эсхүл өөрийн санаачилгаар хэрэгт хавсаргасан тохиолдолд шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.

 

Эдгээр байдлын талаар шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийн дээрх үндэслэлүүдийн талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 4, 5 дахь заалт буюу яллагдагч Д.Ж нь бичиг үсэг мэддэггүй гэх тул хувийн байдлыг шалган тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан эсэхийг шалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т зааснаар яллах дүгнэлтийн үг, үсгийн техникийн шинжтэй алдааг засах ажиллагааг хийх гэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Яллагдагч Д.Жыг 2019 оны 3 дугаар сарын 13, 17, 21-ний өдрүүдэд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгт “бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг үсэг мэднэ”, 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгээ уншиж танилцан “Мэдүүлэг авахад ямар нэгэн байдлаар сүрдүүлсэн зүйлгүй” гэж өөрийн гараар бичсэн байгаагаас харахад түүнийг бичиг, үсэг мэдэхгүй гэж үзэхгүй. /8 хх 136, 188, 248, 9 хх 80/

Мөн шүүгчийн захирамжид яллах дүгнэлтийн үг, үсгийн техникийн шинжтэй алдааг  засах гэж тодорхой бус, ерөнхий байдлаар бичигдсэн байхаас гадна түүнд заагдсан бусад ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэснээр дахин яллах дүгнэлт үйлдэх тул уг алдааг прокуророор засуулах шаардлагагүй юм.

Харин прокурор яллах дүгнэлтийг хуулийн шаардлагад нийцүүлэн үйлдэж  байхыг цаашид онцгойлон анхаарвал зохино.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээс гадна, дараах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмж тодруулах шаардлагатай.

Баянхонгор аймгийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаартай “эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол” 8 дугаар хавтаст хэргийн 157 дугаар хуудсанд авагджээ.

Гэтэл уг тогтоолын тогтоох хэсэг нь байхгүй, 8 дугаар хавтаст хэргийн 158 дугаар хуудсанд яллагдагч С.Алтанхуягийг яллагдагчаар татах тогтоолын 32 дугаар хуудас авагдсан ба яллагдагч Ө.У, Д.О нарт холбогдох эрүүгийн 1914001980125 дугаартай хэргийг яллагдагч Ө.У, Г.А нарт холбогдох эрүүгийн 1714000440093 дугаартай хэрэгтэй нэгтгэсэн прокурорын тогтоолыг бүрэн эхээр хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Прокурорын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 51, 52 дугаартай тогтоолуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Батжаргал, Д.Мягмарсүрэн нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /9 хх 113-118/

Энэ нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлт, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг прокуророос дахин нягтлах шаардлагатай бий болсон байна.   

Дээрх ажиллагааг хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/513 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор А.Сайнбаярын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай прокурорын эсэргүүцлээс шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 4, 5 заалтыг хүчингүй болгох гэснийг хүлээн авч, эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

 

            ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ