Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 27

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Н.Ундрах,

            Хохирогч: Т.Пунсанцогвоо

            Гэрч: Б.Должидмаа

Шүүгдэгч: Г.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Гэлгээгийн Отгонбаярт холбогдох 201616000207 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Г.Отгонбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Ногоон хөв гэх газарт тус аймгийн байгаль хамгаалагч нарыг чулуу ухуулсангүй, өөрийн унаж явсан пажеро маркийн автомашины цонхыг хагалсан гэх шалтгаанаар тус аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын албаны 99-52 ӨМА улсын дугаартай фургон маркийн автомашины цонхыг чулуугаар хагалж, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд Г.Отгонбаяр мэдүүлэхдээ.... “2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр орой нар шингэсэн хойно Номгон сумын нутаг Ногоон хөв гэх газарт Дэлгэрбатын пажеро маркийн машинтай Наранбаатар, Дэлгэрбат бид 3  алт ухах санаатай очсон. Тэгээд уг газар яваад очсон чинь хамгаалалтынхан байрлаж байгаа гэрийн баруун хойд талд нь 6-7 машин зогсож байсан. Тэгээд захын машин дээр очсон чинь Мэндээ, Ганбаа Отгонбаяр нар байж байсан. Тэгээд машинаас Наранбаатар бид хоёр бууж тэр хэдтэй уулзсан. Уулзаад яасан алт ухуулж байна уу гэсэн чинь мэдхгүй өчигдөр уржигдар хүмүүс орсон байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дэлгэрбаттай хамт очиж уулзахаар гэрийн гадаа явж очсон. Машиныг би жолоодож явсан. ...хаанаас явж байгаа юм бичиг баримтаа үзүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинтайгаа зугтаасан. Тэгсэн хэн нь мэдэхгүй байна нэг хүн хаалганы бариул хуга татаад үлдсэн. Тэгээд гэрийнх нь хойд талаар ирсэн замаараа буцаад баруун хойд тал руу давхисан. Тэгсэн чинь пажеро машины өмнө талын хаалганы цонх хагарсан. ..тэгээд ямар хүн цохичихдог юм бол гээд хойгуур урдуур нилээн давхисан. Тэгж байгаад би гэрийн хажууд очоод машинаас Дэлгэрбат бид хоёр буугаад байгаль орчны мэргэжилтэн Оргилмаатай очиж уулзсан. Машины цонх хагалчихлаа гэж хэлсэн чинь хохь чинь яах гэж энүүгээр яваад байсан юм гэж хэлсэн. Тэгээд би та нар хэнийг нь оруулчихаад хэнийг нь оруулдаггүй юм гэж жаахан хэл ам хийж байгаад буцаад явсан. Хүмүүс учиргүй чулуу шидээд байсан. Би ч цонх шилээ хагалуулчихвий гэж бодоод буцаад явсан. Тэгээд ер нь гэрлүүгээ харьсан. ...олон хүн чулуу нүүлгэж байсан. Тэр хүмүүс хагалсан байх гэж бодож байна. Би хагалаагүй юм. Наранбаатар бид хоёр Байгаль орчны мэргэжилтэн Оргилмаад бэлнэээр 700000 төгрөг хохирлын төлбөр гэж өгсөн. Дэлгэрбатаас 250000 төгрөг, Наранбаатар 200000 төгрөг, би 250000 төгрөг өгсөн. Бид нарыг удаан энд байлгаад байх шиг байна гэж ойлгосон. Тэр олон хүнээс алийг нь хагалсан гэх билээ гэж бодоод хурдхан хохирол мөнгийг нь төлчихөөд хурдхан салъя гэж бодоод мөнгө төлчихсөн юм. Ямар нэг хүн төл барь гэж хэлээгүй. Бид нар л өөрсдөө очиж хэдэн төгрөгний хохирол учирсан юм бэ гэж асууж байгаад төлчихсөн юм. ...согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Наранбаатар эрүүл байсан. Дэлгэрбат гайгүй байсан байх. Дэлгэрбатыг сайн мэдэхгүй байна.... 2016 оны 08 сарын 27-28-нд шилжих шөнө Номгон сумын ногоон хөв гэдэг газар очсон. Алт гарсан газрын баруун хойно 6,7 машин байсан. Хажууд нь очиж зогсоод Наранбаатарыг буулгаад Дэлгэрбат бид 2 гэрийн тэнд очиход 7,8 хамгаалагч, байгаль орчныхонтойгоо нийлээд 10 гаруй хүн байсан. Тэгээд гараад ирэхээр нь бид хэд амдаж давхиад гэрийн баруун хойно ороход манай машины цонх хагарсан. Баруун хойно зогссон машинууд гэрийн урд руу чулуу нүүлгэж байсан. Тэгээд Должидмаа, Оргилмаа хоёртой  очиж уулзаад манай машины цонх хагарсан гэж хэрүүл маргаан хийж байгаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/

Хохирогч Т.Пунсанцогвоо шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ... “Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Ногоон хөв гэх газарт хууль бусаар алт олборлогч нарыг алт олборлуулахгүй гэж пост ажиллуулсан. Гэрт Оргилмаа, Баярчимэг хоёр үлдсэн байсан. Гэрийн гадаа Должидмаа үлдсэн. Тэгээд яваад очиход гэрийн гадаа дүүрэн чулуу дүүрчихсэн мөн манай албаны 99-52 ӨМА улсын дугаартай бор ногоон өнгийн фургон машины заалны хоёр талын цонхыг хагалчихсан байсан. Отгонбаяр машины шилийг шиллэн манай байгууллагыг хохиролгүй болгосон... Манайхан 27-28-нд шилжх шөнө пост солих гэж очсон. Тухайн үед цагдаагийн 3 албан хаагч, миний бие, Оргилмаа, жолооч Үүрийнтуяа, Должидмаа нар очсон. Постонд байсан нь Номгон сумын хэсгийн төлөөлөгч Мөнхсүх, цагдаа, олон нийтийн цагдаа нар байсан. Тэд нэр олуулаа байсан учраас постноосоо буучих гээд хэлээд байж байсан. Орой нар шингээд 22 цаг өнгөрч байхад 2 мотоцикль ирээд гэрийн гадуур тойрч байгаад явсан. 12 өнгөрч байхад хойно 6,7 гэрэл гараад машинууд хойт орой дээр зогссон. Саарал өнгийн пажеро машин хамгийн эхэнд ирсэн. Хамгаалагч 5 хүн очоод уулзаад бид нарыг очих хооронд хойноос машинууд хөдөлсөн. Ухуулахгүй гэж хэлж амжаагүй байхад машинууд паркалж зогсоод чулуу шидээд эхэлсэн. Бид хэд биеэ хамгаалах гээд зугатсан. Үйл явдал хоромхон зуур болж өнгөрсөн. Нэмэлт хүч дуудахад Номгон сумын хэсгийн төлөөлөгч цагдаа нартай ирсэн. Тэгээд хүрч ирэхэд гортиг татсан дотор дүүрэн чулуу байсан. Машины 2 талын цонх хагарсан, зураг авсан байсан. Үйл явдал дундуур цагдаа нарыг алнаа, алаад өг гээд тойроод эргэлдээд байсан. Энэ хүн бол 2,3 удаа ухна гэж ирж байсан учраас таньдаг болсон байсан. Наранбаатарыг бас танина” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас /

Гэрч Э.Үүрийнтуяа мэдүүлэхдээ... “Пажеро маркийн машин гэр тойрч давхиад байсан. Тэгж байхдаа чулуунд оногдоод шилээ хагалуулсан гэж байсан. ... Зүүн талын заалны аваарын цонх болон баруун талын хаалганы хойд талын цонх хагарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас /

Гэрч Т.Төмөрчөдөр мэдүүлэхдээ... “Байгаль орчин аялал жуулчлалын газрын машины 2 цонх хагарчихсан Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оргилмаа хэлэхдээ сая чулуу шидээд гэр тойроод давхиад байсан машинтай хүмүүс хагалсан гэж хэлж байсан. Би хараагүй учраас сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас /

Гэрч Б.Должидмаа мэдүүлэхдээ... “Ер нь чулуу шидээд эхлэх үед бүх хүмүүс тарцгаасан. Гэрлүү Оргилмаа, Баярчимэг хоёр орчихсон. Би гэрийн урд талд байх машины урд талд гадаа зогсож байсан. Бусад хүмүүс бүгд зугтаагаад яваад өгчихсөн байсан. Манай фургон машины цонхыг хагалах үед би уг машины ертөнцийн зүгээр урд талд нь зогсож байсан. Машин болохоор ертөнцийн зүгээр баруун тийшээ хараад зогсож байсан. Тэгэхэд уг машины зүүн талд буюу ертөнцййн зүгээр урд талд нь Отгонбаяр, Дэгээ хоёр явж очоод Отгонбаяр нь чулуу ойроос шидэж хагалсан. Зүүн талын шилийг Отгонбаяр хагалсан. Цонхыг хагалсаныг буюу яг машины зүүн талын цонхыг хагалсан талаар бол яг харсан. Тэр Отгонбаяр хагалж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 89 дүгээр хуудас /

Гэрч Т.Баярчимэг мэдүүлэхдээ... “Нэг хүн манай машины цонхыг хэн хагалчихваа та нар хагалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй та нар өөрсдөө хагалсан юм байгаа биз гэсэн чинь манай машины цонхыг хагалсан юм чинь та нарын машины цонхыг хагална гэж хэлж байсан. Тэгээд пажеро маркийн машинаас Отгонбаяр, Дэгээ гэх хоёр хүн буусан. Тэр хоёр фургон машин дээр явж очоод манай машины цонхыг хагалсан учраас танай машины цонхыг хагална гэж хэлээд машинаас 4-5 метр зайтай очоод чулуу шидсэн. Машинаас бууж ирэх үед гарт нь чулуу байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 30 дугаар хуудас/

Гэрч А.Энхмэнд мэдүүлэхдээ... “Гэрийнх нь гадаа байгаль орчины хүмүүс гараад ирчихсэн Г.Отгонбаяр нь тэд нартай хэрэлдээд зогсож байсан. Тэгэхэд нь би бас явж очсон. Тэгэхэд ертөнцийн зүгээр гэрийн урд талд баруун тийшээ хараад зогсчихсон байсан. Фургон машины баруун зүүн талын 2 шил хагарчихсан байсан. Мөн Пажеро машины баруун талын хойд талын хаалганы шил хагарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

Гэрч Б.Наранбаатар мэдүүлэхдээ... “Харин саарал пажеро машин манай ажлын фургон машины зүүн талд ирж зогсон урд хаалганаас нь Отгонбаяр бууж фургон машины урд тал руу хойд хаалганаас нь Дэлгэрбат, Наранбаатар нар бууж ирсэн. Отгонбаяр фургоны урд талруу явсан хойно цонх хагарах чимээ гарсан. Хариан Дэлгэрбат, Наранбаатар хоёр фургоны хойд буюу буруу талын хойд хэсэгт очин чулуу шидэж машины шил хагалсан. Машины цонх хагалангуутаа тэд машиндаа сууж фургоны урдуур давхисан. ...би фургон машины баруун талаар фургон машины урд хэсэгт гарахад манай мэргэжилтэн Должидмаа эгч өөдөөс ирсэн. Энэ Отгонбаяр машины цонх хагалчаад явлаа гэж Должидмаа эгч хэлсэн. Би яг хэнийг хагалж байгааг хараагүй. Тэр хоёр ямарч байсан чулуу шидэж байсан. Тэгэхэд машины шил хагарах чимээ гарсан. Ойр хавьд тэр хоёроос өөр хүн байгаагүй“ гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

Гэрч Б.Оргилмаа мэдүүлэхдээ... “Саарал пажеро машин манай байгууллагын фургон авто машины зүүн талд ирж зогсон урд хаалганаас нь Отгонбаяр бууж фургон машины урд талруу, хойд хаалганаас нь Дэлгэрбат, Наранбаатар нар бууж ирсэн. Отгонбаяр фургоны урд талруу явсаны дараа цонх хагарах чимээ гарсан. ...Цонх хагалчихлаа гэж хэлэх үед нь би машины баруун талаас тойрч очсон. Тэгэхэд зүүн талын хажуу талын цонхыг хагалсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 88 дугаар хуудас /

Гэрч О.Даваадагва мэдүүлэхдээ... “Машины хажууд Оргилмаа, Должидмаа хоёр нөгөө залуустай уулзаж байсан. Саарал жип машинаас 3 залуу бууж ирээд фургоны шил хагалсан. Должидмаа, Оргилмаа нар Отгонбаяр машины шил хагалчихлаа гэж хэлээд байхаар нь би машины шилийг хагалсан залууг Отгонбаяр гэдэг юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас

Гэрч Э.Хосбаяр мэдүүлэхдээ... “Байгаль орчны газрын 99-52 ӨМА улсын дугаартай бор ногоон өнгийн фургон машины цонхыг саарал Пажероны жолооч Отгонбаяр гэдэг хүн хагалсан гэж Должидмаа хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас /

“Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №ӨМА/10 шинжээчийн дүгнэлт

Фургон машины хойд залны баруун хаалганы ар талын тос цонх 1 ширхэг нь 60000, хойд залны зүүн талд байх аваарын цонх 1 ширхэг нь 70000, нийт 130000 төгрөг /хх-ийн 50 дугаар хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №ТХҮ-217-13 үнэлгээний хуудас

Нарны зай хураагуур толь /60втт, 120*60 1 ширхэг 115000 төгрөг /хх-ийн 94 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Хураан авах тогтоол /хх-ийн 4 дүгээр хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2016.08.29 /хх-ийн 5-9 дүгээр хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13, 40-43 дугаар хуудас/

Г.Отгонбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/

Прокурорын тогтоол “Эрүүгийн хэргээс зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 2016.02.13-ны өдрийн 06 дугаартай:

Эрүүгийн 201616000207 дугаартай Г.Отгонбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хэргээс Х.Дэлгэрбат, Б.Наранбаатар нар нь Г.Отгонбаяртай бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэх үйлдлийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. /хх-ийн 108 дугаар хуудас/

Прокурорын тогтоол “Эрүүгийн хэргээс зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 2016.02.13-ны өдрийн 07 дугаартай:

Эрүүгийн 201616000207 дугаартай Г.Отгонбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хэргээс Г.Отгонбаяр нь Хангайленд ХХК-ний нарны зай хураагуур толийг санаатай чулуугаар хагалж гэмтээсэн гэх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. /хх-ийн 109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Г.Отгонбаяр нь нь 2016 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Ногоон хөв гэх газарт тус аймгийн байгаль хамгаалагч нарыг чулуу ухуулсангүй, өөрийн унаж явсан пажеро маркийн автомашины цонхыг хагалсан гэх шалтгаанаар тус аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын эзэмшлийн 99-52 ӨМА улсын дугаартай фургон маркийн автомашины цонхыг чулуугаар хагалж бусдын эд хөрөнгийг гэмтээж Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдлоо.

 Шүүгдэгч Г.Отгонбаярын гэм буруутай үйлдэл нь гэрч Б.Должидмаагийн “Машин болохоор ертөнцийн зүгээр баруун тийшээ хараад зогсож байсан. Тэгэхэд уг машины зүүн талд буюу ертөнцййн зүгээр урд талд нь Отгонбаяр, Дэгээ хоёр явж очоод Отгонбаяр нь чулуу ойроос шидэж хагалсан. Зүүн талын шилийг Отгонбаяр хагалсан. Цонхыг хагалсаныг буюу яг машины зүүн талын цонхыг хагалсан талаар бол яг харсан. Тэр Отгонбаяр хагалж байсан" гэх мэдүүлэг, гэрч Б.Оргилмаагийн “Саарал пажеро машин манай байгууллагын фургон авто машины зүүн талд ирж зогсон урд хаалганаас нь Отгонбаяр бууж фургон машины урд талруу, хойд хаалганаас нь Дэлгэрбат, Наранбаатар нар бууж ирсэн. Отгонбаяр фургоны урд талруу явсаны дараа цонх хагарах чимээ гарсан. ...Цонх хагалчихлаа гэж хэлэх үед нь би машины баруун талаас тойрч очсон. Тэгэхэд зүүн талын хажуу талын цонхыг хагалсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Баярчимэгээр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл “би биеийн өндөр болон ерөнхий нүүрний төрхөөр нь таних гэж байгаа. Яг содон зүйл бол анзаарч хараагүй. Бордуу царайтай дунд зэргийн нуруутай л хүн байсан. Би баруун талаасаа 4 дэх хүнийг буюу 4 дугаар барьсан хүнийг Отгонбаяр мөн гэж зааж байна” гэх тэмдэглэл /хх-10-13ху/, гэрч Б.Должидмаагийн “ Ерөнхий шинж тэмдгээр нь би бол хараад шууд танина. Би 3 ч удаа уулзаж байсан. Яг тэндээ тийм мэнгэтэй ч гэдэг юм уутийм нарийн шинж тэмдгээр нь биш ч гэсэн би хараад шууд танина. Би 4 дугаар барьсан хүнийг Отгонбаяр гэж таньж байна” гэх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-41-43 ху/ зэргээр хангалттай тогтоогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч гэрч Т.Баярчимэг, Б.Должидмаа, Б.Оргилмаа нар нь хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий гэрч нар шүүгдэгч Г.Отгонбаярыг гэмт хэрэг үйлдснийг шууд харсан, мэдүүлгийн эх сурвалжийг заасан гэрч тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Отгонбаярыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг гэм буруутайд тооцож хуульд зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Отгонбаяр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн байгалийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Отгонбаяр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт үйлдэлдээ гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт үйлдсэн нөхцөл байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж  түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Отгонбаярыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонбаярыг 2 жилийн хугацаагаар хорих хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Отгонбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгалийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны зөрчил хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх журамтай болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ