Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0048

 

2020 оны 01 сарын 20 өдөр Дугаар 128/ШШ2020/0048 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц , Б.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М м ХХК (хуучин нэрээр Г к ХХК) нь Төв аймгийн Б******* сумын Б******* нэртэй газарт орших 1241.50 гектар талбайд ХХ/-019... дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зохих, хууль журмын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авсан байдаг. Манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болохоор байсантай холбогдуулан бид хуулинд заасан хугацаандаа буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг гаргасан. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ийнхүү хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан байхыг шаарддаг тул мөн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн сумын засаг даргад хүргүүлж батлуулах үүргийг хэрэгжүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 217/18 тоот албан тоотоор холбогдох төлөвлөгөөг батлуулахаар хандсан боловч уг асуудал эцсийн байдлаар шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Учир нь Б******* сумын засаг даргын 2018 ны 12 дугаар сарын 12-ны өдрийн №02/276 хариу албан тоотоор төлөвлөгөөг батлах боломжгүй гэх шийдвэр нь үндэслэлгүй хэмээн үзэж бид энэ талаар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 80/19 албан бичгээр Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Төв аймгийн Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр N201/667 албан тоотоор манай компаниас гаргасан гомдлыг авч үзээд уг компани нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлөө авсан байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.1.3 38.1.6-д зааснаар манай компанийн төлөвлөгөөг баталж, уг асуудлыг шийдвэрлэж өгөх үүргийг сумын засаг даргад даалгаж албан бичиг хүргүүлсэн байдаг.

Бид орон нутгийн удирдлагын үндэслэлгүй шийдвэр болон эс үйлдлээс үүдэлтэйгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж чадахгүй байгаа улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад ийнхүү батлуулсан байх хуулийн шаардлагыг өөрсдийн үйл ажиллагаанаас үл хамаарах нөхцөл байдлаас үүдэлтэйгээр хангаж чадахгүй байгаа талаар үүссэн Ашигт малтмал газрын тосны газарт удаа дараа мэдэгдэж, мөн хүсэлт гомдол гаргаад байгааг үл харгалзан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтсийн даргын манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч, манай компанийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Учир нь Б******* сумын засаг даргын үйлдэл эс үйлдэлтэй холбоотой гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг ажиллагаанаас шууд хамаарах нөхцөл байдлыг үл харгалзан тусгай зөвшөөрөл сунгахгүй байхаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаар М ХХК-ийн эзэмшлийн ХV-019... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төв аймгийн Б******* сумын Б******* нэртэй газарт орших 1241.50 гектар талбайд анх Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр М ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар олгосныг Кадастрын бүртгэлийн УУККС-д бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

М ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Б******* сумын Б******* нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл гаргасан.

Кадастрын хэлтсээс М ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-019... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заасан шаардлагыг хангаагүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 7/2226 тоот албан бичгээр М ХХК-д мэдэгдсэн байна.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын ХV-019... тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.

М ХХК нь 177 дугаар шийдвэртэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр ХV-019... дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр М ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс Төв аймгийн Б******* сумын Б******* нэртэй газарт орших 1241.50 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу 1 сарын өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хугацаа сунгуулах хүсэлт хүргүүлснийг Кадастрын хэлтэс хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр М ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-019... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

М ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-019... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж хавсаргаагүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.

Гэвч нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн сумын засаг даргад хүргүүлж батлуулах үүргийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 217/18 тоот албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Б******* сумын засаг даргад хүргүүлсэн байна.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3-д энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах;, 38.1.6-д энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах; заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан боловч Б******* сумын Засаг дарга 2018 ны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/276 тоот албан бичгээр төлөвлөгөөг батлах боломжгүй гэх хариу ирүүлсэн учир нэхэмжлэгч компаниас 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 80/19 тоот албан бичгээр Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан.

Төв аймгийн Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 201/667 албан тоотоор М ХХК нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлөө авсан байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.1.3, 38.1.6-д зааснаар тус компанийн төлөвлөгөөг баталж, уг асуудлыг шийдвэрлэж өгөх үүргийг Сумын засаг даргад даалгажээ.

Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч М ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах үүргээ хуульд заасан хугацаанд холбогдох нөхцөл шаардлагын дагуу биелүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Б******* сумын нутаг дахь Б******* нэртэй талбайн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдсан бөгөөд дээрх сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02/02 тоот албан бичигт М ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар анх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт ирүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгсөн нь үнэн болно гэж дурьдагдсанаар нотлогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д тусгай зөвшөөрлийн ... хугацааг нь сунгах, 11 дүгээр зүйлийн 11.1.14-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих гэж хариуцагчийн эрх үүргийг тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч компаний хувьд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахын тулд хуульд заасан үүргээ биелүүлсэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдсан, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр, хөрөнгө оруулалтын байдал, ашигт малтмалын тухай хууль, журамд заасан үүргээ хэрхэн биелүүлж байсан, хугацаа сунгах нөхцөл байдал бүрдсэн байдал болон тухайн талбай нь эрдэс баялгийн нөөц нь тодорхойлогдож, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр иргэн, аж ахуйн нэгжид нэгэнт олгогдох боломжит талбайд тооцогдсон зэргийг харгалзан хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэхтэй холбоотой дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйл 22.1, 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч үүссэн нөхцөл байдалд өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийж, дахин шинэ акт гаргах хүртэл нэхэмжлэлд дурьдагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаар шийдвэрийг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.