Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 00713

 

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00713

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн .. дүгээр гудамж, .. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Хар бургууд овогт Бадрахын Т..ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Т.. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1965 оны 08 дугаар сарын 22 -ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын хүн эмнэлэгт төрсөн. Нас 55 настай. Ам бүл 4. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1973 онд Ховд аймгийн Жаргалант сумын 8 жилийн дунд 1 дүгээр сургуульд элсэн орж суралцаж 1981 оны 6 дугаар сарын 20 -нд 8 дугаар ангиа төгссөөд улмаар 1983 оны 06 дугаар сарын 20-нд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Анагаах ухааны Дээд сургуульд элсэн орж суралцан 1990 оны 07 дугаар сарын 03 -нд ерөнхий эмчилгээний ангийг төгсөөд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хувиарлагдан Манхан суманд их эмчээр 1990 оны 09 дүгээр сарын 05-нд томилогдон ажиллаж байгаад 1991 оны 10 дугаар сарын 01 -нд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны тасагт эмчээр шилжин ирж 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчээр 2009 оны 02 дугаар сарын 01 -нд шилжин өнөөдрийг хүртэл тасралтгүй 30 жил эмчээр ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан үеийн он жилийг тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны эмчээр 1991 оны 10 дугаар сарын 01 ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Б.Т.. нь 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт дүрс оношилгооны эмчээр ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Т..ын 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт дүрс оношилгооны эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Т.. нь 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт дүрс оношилгооны эмчээр ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ажилд томилох, буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Нэгдсэн больницийн Ерөнхий эмчийн 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 143 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Мөнхайрхан сумын Хүн эмнэлэгийн эрхлэгчийн 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн захирлын 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 165 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн захирлын 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, цалингийн цэс,

Иргэн Т.Цагааны ...Миний бие Б.Т..тай 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Иргэн Л.Энхжаргалын ... Миний бие Б.Т..тай 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт, зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Т..ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хар бургууд овогт Бадрахын Т..ыг 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт дүрс оношилгооны эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ