| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00815/И |
| Дугаар | 00715 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00715
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00715 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, .. айлын орон сууц, .. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Адууч овогт Баасандоржийн Г..ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Бичигт багийн ... тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Шагж мэргэн овогт Чимэдийн Н..
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Бичигт багийн 01-06 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Баяр овогт Барын Г.. нарт холбогдох, гэм хорын хохирол 10,382,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 72 айлын гадна байсан Б.Г.. миний өмчлөлийн 39-99 ХОҮ улсын дугаартай Ланд крузейр-80 маркын автомашиныг насанд хүрээгүй Н.. овогтой Отгондалай нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө хулгайлж унаж яваад Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж автомашиныг эвдэлж ашиглах боломжгүй болгож надад их хэмжээний хохирол учруулсан. Н.Отгондалайгийн дээрх үйлдэлд Ховд аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан Б.Г.. намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Н.Отгондалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, субьект болох насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр прокурорын хяналтын шатанд холбогдох үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй яллагдагч Н.Отгондалайгийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний хариуцагчаар түүний аав Ч.Н.., ээж Б.Г.. нарыг мөрдөгчийн тогтоолоор тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас надад 10,382, 800 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Иймд насанд хүрээгүй Н.Отгондалайгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас надад учирсан эд хөрөнгийн хохирол болох 10,382,800 /арван сая гурван зуун наян хоёр мянга найман зуу/ төгрөгийг хууль ёсны төлөөлөгч болон иргэний хариуцагч болох Б.Г.., Ч.Н.. нараас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.Г.., Ч.Н.. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бидний хүү Н.Отгондалай нь 2020 оны 04 дүгээр сард Б.Г..ийн өмчлөлийн машин унаж яваад зам тээврийн осол гаргасан. Одоо хорих ял аваад хоригдож байна. Энэ гэмт хэргийн улаас учирсан хохирол болох 10,382,800 төгрөгийг өөрсдийн боломж бололцоондоо тааруулан төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г.. нь хариуцагч Б.Г.., Ч.Н.. нарт холбогдуулан 10,382,800 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г.., Ч.Н.. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,382,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 181,075 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Г.., Ч.Н.. нараас улсын тэмдэгтийн хураамжид 181,075 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Б.Г.., Ч.Н.. нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Г..ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г.., Ч.Н.. нарт холбогдох гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 10,382,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Г.., Ч.Н.. нар нь 10,382,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 181,075 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Г.., Ч.Н.. нараас улсын тэмдэгтийн хураамжид 181,075 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ