| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00784/И |
| Дугаар | 00717 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00717
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00717 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой баг, .. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Тариачин овогт Дагвын С..гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Э..ий төвд холбогдох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь БОЭТөвд анх 1990 оноос хойш ажиллаж байгаад 2001 оны 12 сарын 02-нд бага охиноо төрүүлж хүүхдээ 2 нас хүртэл асарч байх хугацааны 2003 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сар дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, 2004 оны 4 сард 54087 төгрөг, 5 сард 58876 төгрөг, 6 сард 58876 төгрөг, 10 сард 51836 төгрөг, 12 сард 46581 төгрөг, 2005 оны 3 сард 50732 төгрөг, 2006 оны 12 сард 71451, 2007 оны 9 сарын 1-ний өдрөөс 10 сарын хүртэлх хугацаанд ээлжийн амралт авсан, 2007 оны 10 сарын 3-аас 10 сарын 30 хүртзлх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны листээр 64220 төгрөгийн тэтгэмж, цалин авч байсан боловч Нийгмийн даатгалын архиваас дээрх онуудын шимтгэл төлөгдөөгүй гэсэн шалтгаанаар ажилласан жилээс 31 сар буюу 2.7 жил хасагдаж миний бие нь тэтгэвэр тогтоолгох болон тэтгэвэр гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжээ бүрэн авч чадаагүй хохирч байна. Иймд Дагва овогтой С.. миний хүүхдээ асарч байх хугацааны 2003 оны 1 дүгээр сараас 11 сар, 2004 оны 4, 5, 6, 10,12 дугаар сарууд, 2005 оны 3 дугаар сар, 2006 оны 12 дугаар сар, 2007 оны 9,10 саруудын ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Э..ий төвд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Э..ий төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзаяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.С..гийн гаргасан нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С.. нь Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Э..ий төвд холбогдуулан нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Э..ий төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 2003 оны 1 дүгээр сараас 11 сар, 2004 оны 4, 5, 6, 10,12 дугаар сарууд, 2005 оны 3 дугаар сар, 2006 оны 12 дугаар сар, 2007 оны 9,10 саруудын ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С..гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Э..ий төвөөс 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С..д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Э..ий төв нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.С..гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Э..ий төвд холбогдох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Э..ий төв нь нэхэмжлэлийн шаардлага болох Д.С.. /../-ийн 2003 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарууд, 2004 оны 4, 5, 6, 10,12 дугаар сарууд, 2005 оны 3 дугаар сар, 2006 оны 12 дугаар сар, 2007 оны 9,10 саруудад ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С..гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Э..ий төвөөс 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С..д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Э..ий төв нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ