| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00679/И |
| Дугаар | 00721 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00721
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00721 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймаг, Манхан сум, Зэрэг гол багт оршин суух, Мангууд овогт Дамдины Ж.. /../-ын нэхэмжлэлтэй,
Тавинаахан овогт М..ын А..ыг 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Тавинаахан овогт Идэшийн М.., Мангууд овогт Дамдины Ж.. нарт үрчлэгдсэн болохыг тогтоолгох тухай 153/2020/00679/и дугаар индекстэй иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Д.Ж.., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж.. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мангууд овогт Дамдины Ж.. миний бие нь 1968 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт төрсөн. Одоо 52 настай, Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багтаа мал маллан амьдарч байна. Миний бие нь 1986 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад малчин аав Рэнцэн овогтой Дамдингийн суурьт малчнаар ажиллаж эхэлсэн. 1987 онд Тайвнаахан овогт Идэшийн М..тай гэр бүл болж нутагтаа мал маллаж амьдарсан. 1987 оны 3 дугаар сарын 27-ны өдөр охин М.. овогтой Жаргалсүрэн төрсөн. Биднээс дахиж хүүхэд төрөөгүй. Миний нөхөр И.М..ын төрсөн дүү Идэш овогтой Хандмаа /Хандаа/ нь 1 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байсан бөгөөд аав, ээжийн хамт Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт мал маллан амьдардаг байсан. Миний хадам аавыг Идэш, ээжийг Дорж овогтой Цэрмаа гэдэг байсан. 1995 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр И.Хандаа нь хүү төрүүлсэн. Хүүгээ төрүүлээд 20-иод хоногтой байхад нь төрөхийн хүндрэлийн улмаас нас барсан. И.Хандааг нас барахад түүний охин Хандаа овогтой Ягаанцэцэг нь 7 орчим настай байсан. Х.Ягаанцэцэг нь өвөө, эмээ дээрээ өссөн. Одоо 32 настай гэр бүлтэй ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байна. И.Хандмааг нас барсны дараа хүүг нь 20 гаруй хоногтой байхад нь нөхөр бид 2 үрчилж авч өсгөсөн. Манайх ганц охинтой байсан бөгөөд нөхрийн аав ээж болох 2 хөгшин нялх хүүхэд өсгөх боломжгүй байсан учир нөхөртэйгээ ярилцаж байгаад үрчлэн авч өсгөхөөр шийдсэнийг ах дүү нар бүгд дэмжиж байсан. Ингээд хүү М.А..ыгаа 1995 оны 12 дугаар сарын сүүлээр үрчлэн авч, И.М.. гэж овоглон төрсний гэрчилгээ авч байсан. Хүү М.А..а нь 2001 онд Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцаж байгаад сургуулиас гарсан. Түүнээс хойш аав, ээж бидний гар дээр өсч хүмүүжиж байгаад 2013 онд хугацаат цэргийн албанд татагдаж Хилийн цэргийн 0214 дүгээр ангид алба хааж 2014 онд халагдаж ирсэн. М.А..а нь цэргээс халагдаж ирээд аав ээжийнхээ хамт мал маллаж байгаад Төмөрсүх овогтой Алтантуяатай гэр бүл болж, 1 хүүхэд төрүүлж одоо Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт мал маллан амьдарч байна. Хүү М.А..ыгаа үрчилж авснаас хойш ам бүлийн бүртгэл, бүх бичиг баримтанд дандаа М.. овогтой Аптанбумба гэж бүртгэгдэж ирсэн бөгөөд өдийг хүртэл өөрийгөө бидний төрсөн хүүхэд бодсоор ирсэн. Миний бие нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гээд төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдийн тоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг дүйцүүлэн тооцох гэтэл бичиг баримтын зөрчлүүд гарч ирсэн. Бид насаараа хөдөө мал малласан, бичиг үсэгт тааруу, юмны учир муу ойлгодгоос болж өдийг хүртэл хүүгээ өргөж авснаас хойш 25 жил бичиг баримтын зөрчилтэй байснаа мэдэлгүй явсан байна. Иймд Тавинаахан овогт М..ын Аптанбумбыг /РД: ПЖ95112810/ 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Тавинаахан овогт Идэшийн М.. /ПЖ64040713/, Мангууд овогт Дамдины Ж.. /../ нарт үрчлэгдсэн болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж.. нь Тавинаахан овогт М..ын А..ыг 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Тавинаахан овогт Идэшийн М.., Мангууд овогт Дамдины Ж.. нарт үрчлэгдсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Тавинаахан овогт М..ын А..а нь 1995 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн болох нь 0000534836 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Идэрийн М.., Дамдингийн Ж.. нар нь 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсон болох нь 22 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар,
Хандаагийн Августиныг М..ын А..а болгож овог нэр өөрчилсөн болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1131 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1013039503 дугаартай Хаатр-11, Хаатр-13 маягтын хуулбараар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар болон гэрч Х.Ягаанцэцэгийн ... Би М.А..ын төрсөн эгч юм. Бид хоёр эцэг эхээсээ хоёулаа. Намайг 6, 7 настай байхад ээж Хандмаа нас барсан. Одоо бодоход төрөхийн хүндрэлээр нас барсан байх гэж бодож байна. Ээжийг нас барах үед М.А..а нь манцуйтай байсан. И.М.. нь миний ээж Хандмаагийн төрсөн ах юм. Ээжийг нас барснаас хойш М.А..а нь нагац ах И.М.., түүний эхнэр Д.Ж.. нарын асрамжид өссөн... гэх мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.
Хүү Тавинаахан овогт М..ын А..а нь ... Аав И.М.., ээж Ж.Ж.. нарыг өөрийн төрсөн аав, ээж гэж бодож өдий зэрэг хүрсэн. Би дээрээ ганц эгчтэй бөгөөд миний аав, ээж 2 намайг ганц хүү минь гэж энхрийлж бүх л хайр халамжаа надад зориулсаар ирсэн. Тйимдээ ч 1 дүгээр ангид орчихоод гэрээ санаад сумын төвд байж чадахгүй сургуулиас гарч байсан. Одоо сонсоход миний төрсөн ээжийг Хандаа гэдэг байсан бөгөөд миний аав / М..ын төрсөн дүү байсан юм байна лээ. Ээж Хандаа нь намайг төрүүлчихээд салгүй нас барж аав ээж 2 минь намайг үрчилж авсан байдаг. Бага наснаасаа өдийг :үртэл би М.. гэдэг овгоор овоглож яваа. Миний төрсөн эгч Х.Ягаанцэцэг гэдэг хүн байдаг бөгөөд би одоог хүртэлх хугацаанд аав И.М..ын төрсөн дүү охин гэж ойлгож ирсэн. Дөнгөж төрөөд 20 гаруйхан хоногтой эхээсээ өнчирч хоцорсон намайг үрчилж авч бүх хайр халамж амьдрал ахуйгаа надад зориулж ирсэн аав И.М.., ээж Д.Ж.. нартаа насан туршдаа баярлаж, ачийг нь хариулж явах болно гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Тавинаахан овогт М..ын А..ыг 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Тавинаахан овогт Идэшийн М.., Мангууд овогт Дамдины Ж.. нарт үрчлэгдсэн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т заасныг баримтлан Тавинаахан овогт М..ын А..ыг 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Тавинаахан овогт Идэшийн М.., Мангууд овогт Дамдины Ж.. нарт үрчлэгдсэн болохыг тогтоосугай.
2.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ж..ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ