Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01143

 

Ш.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 137/ШШ2020/00381 дүгээр шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 202/МА2020/00039 дүгээр магадлалтай,

Ш.Бийн нэхэмжлэлтэй

Д.Г, Б.Д нарт холбогдох

Гэм хорын хохирол 5,606,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Б.Дын өмгөөлөгч Н.Баярмаа, хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Д.Гын өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагч Б.Дын өмгөөлөгч Н.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ш.Б нь Д.Г, Б.Д нарт холбогдуулан гэм хорын хохирол 5,606,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 137/ШШ2020/00381 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Г, Б.Д нарт холбогдуулан гэм хорын хохиролд 5,606,352 төгрөг нэхэмжилсэн Ш.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

3. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 202/МА2020/00039 дүгээр магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 137/ШШ2020/00381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч Ш.Бийн давж заалдсан гомдлыг хангаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104652 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.Дын өмгөөлөгч Н.Баярмаа хяналтын гомдолдоо: Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул хариуцагч Б.Дын өмгөөлөгч Н.Баярмаа миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шийдвэрт “...хариуцагч нарт хүлээлгэн өгсөн үйл баримт мөн тогтоогдоогүй”, “...нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Д.Г, Б.Д нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй”, мөн нэхэмжлэгч Ш.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хуульд заасан энэхүү үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй” гэх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл магадлалд “...ачаагаа хариуцагч Д.Г, Б.Д нарт өөрөө хүлээлгэж өгөөгүй буюу иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Энэ нь хэрэгт авагдсан Төв аймгийн прокурорын газрын 2020.03.18-ны өдрийн 92 дугаар “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, “Тод үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Б нь 84-78 ДГА улсын дугаартай “Волво” загварын ачааны автомашин шатсан тухай хэрэгт хохирогчоор тогтоогдсон, “Тод үнэлгээ” ХХК нь үнэлгээний талаар шинжилгээ хийхдээ Төв аймгийн Цагдаагийн газрын захиалгаар хийж, хэвлэлийн бүрэгч машины үнийг 5,606,352 төгрөгөөр тогтоосон байгааг анхан шатны шүүх анхаараагүй”, мөн “...ийнхүү илгээмжийн гэрээ байгуулагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Д.Г нь тээвэрлэгч, хариуцагч Б.Д нь илгээгч эсхүл тээвэрлэгч байж болох эсэх талаар дүгнэлт хийгээгүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан Төв аймгийн прокурорын газрын 2020.03.18-ны өдрийн 92 дугаар “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг Д.Г, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг тогтоосон болохоос Ш.Бийн 5,606,352 төгрөгийн үнэ бүхий хэвлэлийн бүрэгч машин Д.Гын 84-78 ДГА улсын дугаартай “Волво” маркийн тээврийн хэрэгсэлд ачигдаж, шатсан үйл баримтыг тогтоосон гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн үндэслэсэн бичгийн нотлох баримтууд нь тээвэрлэлтийн явцад ачаа шатсан гэх үйл баримтыг нотлохгүй байгаа юм. Мөн хавтаст хэргийн 176 хуудсанд авагдсан гэрч Б.Энхмэндийн “...ачаа ихэвчлэн 5-6 хоногийн дотор ирдэг, Эрээн дээр ирсэн өдрөө хил гарна эсвэл маргааш нь гарна. Тэгэхээр би 12 сарын эхээр гэж бодож байна. Тэгээд Эрээнд байдаг н.Бөхөө гэдэг хүн дээр уг бараа ирж тэндээсээ наашаа Замын-Үүд дээрх каргоны машинд ачуулсан байх ёстой, уг барааг хэн дээр ирснийг мэдэхгүй” гэсэн мэдүүлгээс харахад нэхэмжлэгч Ш.Бийн ачаа барааг Б.Д хүлээж авсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Б нь БНХАУ-ын Эрээн хотоос хэвлэлийн бүрэгч машиныг 5,606,352 төгрөгөөр худалдан авч хэзээ, хэн, яаж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, хэн хариуцагч Б.Дт хүлээлгэн өгсөн, ачааг хүлээж авсан гэх Б.Д нь цааш нь Д.Гын “Волво” маркийн 84-78 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан, ачаа бараа ачигдсан тээврийн хэрэгслийн жолооч Д.Г нь тээвэрлэх явцдаа ачаа барааг шатаасан талаараа өөрөө нотлох үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч Ш.Б нь энэхүү үүргээ биелүүлсэн тохиолдолд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Б.Д, Д.Г нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ, мөн хуулийн 407 дугаар зүйлд заасан илгээмжийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар дүгнэлт хийх шаардлага бий болох байсан. Гэтэл хавтаст хэрэгт дээрх үйл баримтыг нотолсон нотлох баримт байхгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Б.Д, Д.Г нарын хооронд Иргэний хуульд заасан эрх зүйн харилцаа үүссэн талаар дүгнэлт хийгээгүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь харин ч давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь харагдаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нар хяналтын гомдолдоо: ...Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна. Үүнд: давж заалдах шатны шүүх магадлалд нэхэмжлэгч Ш.Б нь БНХАУ-ын Эрээн хотоос хэвлэлийн бүрэгч машин худалдан авахаар Бөхөө гэгчид захиалж улмаар уг барааг БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлж авах байсан, хариуцагч Д.Б.Д ачааг Замын-Үүд суманд хүлээн авч Д.Гоор тээвэрлүүлэхээр ачиж явуулсан боловч гал гарч устаж үгүй болсон үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Б нь тухайн бүрэгч машиныг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хариуцагч нарт өөрийн биеэр хүлээлгэж өгсөн нэхэмжлэлдээ дурдаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг бүрэгч машиныг явуулсан гэх Бөхөө гэж хүн нь БНХАУ-ын Эрээн хотоос явуулсан гэсэн гэхдээ Бөхөө нь барааг над руу явуулахдаа БНХАУ-ын Эрээн хотоос хэн гэдэг хүнээр, ямар тээврийн хэрэгслээр, хэдийд Монгол Улсын Замын-Үүд сум руу явуулсан талаар Бөхөө гэж хүн хэлж мэдэхгүй байгаа юм аа, мөн уг бараанд гаалийн татвар төлсөн эсэх талаар би мэдэхгүй байна гэсэн тайлбараар давж заалдах шатны дүгнэлт үгүйсгэгддэг ба нэхэмжлэгчийн хэвлэлийн бүрэгч машин нь хэдэн сарын хэдний өдөр Монгол Улсын хилээр хэрхэн яаж орж ирсэн, хариуцагч нарт хүлээлгэн өгсөн, тухайн Д.Гын машинд ачигдсан үйл баримт тогтоогдохгүй болох нь түүний дээрх тайлбараар давхар нотлогдож байна. Хэрэгт авагдсан Ш.Бийн “Хаан банк” ХХК-ийн дансны хуулгаар 5,574,735 төгрөг шилжих орсон гэх данс нь хэний эзэмшлийн данс болох нь тодорхойгүй, мөн 14,000 юанийн гүйлгээний утга тодорхойгүй байхад нэхэмжлэгчийг БНХАУ-ийн Эрээн хот руу шууд Бөхөө гэгчид бүрэгч машин худалдан авахаар захиалсан гэж нотлох баримтад тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгөлгүй хийсвэр ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Гэрч Б.Энхмэндийн мэдүүлэгт “...2020.12.08-ны өдөр бараа захиалж шилжүүлэг хийсэн гэдэг... ачаа ихэвчлэн 5-6 хоногийн дотор ирдэг. Эрээн дээр ирсэн өдрөө хил гарна эсвэл маргааш нь гарна. Тэгэхээр би 12 сарын эхээр гэж бодож байна. Тэгээд Эрээнд байдаг Бөхөө гэдэг хүн дээр уг бараа ирж тэндээсээ наашаа Замын-Үүд дээрх машинд ачуулсан байх ёстой...” гэсэн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Бөхөө гэгчид бараа худалдан авахаар захиалаагүй, бараа ирэхэд Бөхөө гэгч нэхэмжлэгч рүү дамжуулж явуулах л үүрэгтэй харагддаг, мөн түүнчлэн дээрх гэрчийн мэдүүлэг, барааны мөнгө шилжүүлсэн гэх дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд 2020.12 дугаар сарын эхээр орж ирсэн бараа 2020.12.23-ны өдөр Д.Гын машинд ачигдсан байх боломжгүй цаг хугацааны хувьд зөрүүтэй байдлыг шүүх анхааран үзэх нь зүйтэй. Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, “Тод үнэлгээ” ХХК-ийн бүрэгч машины үнийг тогтоосон шинжээчийн үнэлгээ зэрэг нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг тогтоосон болохоос нэхэмжлэгчийн ачаа бараа байсан, тухайн машинд ачигдсан үйл баримтыг тогтоосон гэж үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон үйл баримтыг нотлохгүй тул анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийг барааны үнийг нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Д.Г, Д.Б.Д нарт холбогдуулан гэм хорын хохирол 5,606,352 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр Д.Б.Дтой харилцан тохирч Замын-Үүдээс тоног төхөөрөмж ачуулахаар тохирсон, гэтэл 2018.12.24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хайрхан зөрлөг гэх газарт жолооч Д.Г нь ачааг тээвэрлэж явахад гал гарч, ачаа устаж үгүй болсон, хохирлоо эдгээр хүмүүсээс гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч Д.Г нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...автомашинд гал гарсан нь тээвэрлэгч буюу жолоочийн буруутай үйл ажиллагаа болон тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа, эвдрэл, доголдлоос болж гараагүй, ...ачаа илгээгч галын аюултай, тэсэрч дэлбэрэх тусгай зориулалт, тусгай тээвэрлэлт шаардсан онцлогтой ачаануудыг огт хэлж мэдэгдэлгүйгээр тээвэрлэснээс болж гал гарсан... гэж, хариуцагч Д.Б.Д нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...ачаанаас биш чиргүүлийн зүүн дугуй тэвшинд шүргэснээс болж гал гарсан тул... гэм хорыг тээвэрлэгч хариуцна, ...тээврийн хэрэгслийн эзэмшигч хохирлыг хариуцах үүрэгтэй... гэсэн үндэслэл тус тус зааж мэтгэлцжээ. Түүнчлэн хариуцагч нар нэхэмжлэгч Ш.Бийн ачаа нь шатсан машинд байсан эсэх талаар маргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч нь ачаагаа хариуцагч нарт хэрхэн хүлээлгэн өгсөн, тээврийн хөлс тохирсон нь тус тус тогтоогдоогүй хэвлэлийн бүрэгч машин хэзээ Монгол улсын хилээр орж ирсэн нь тодорхойгүй, зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчөөгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, нэхэмжлэгч Ш.Б нь Замын-Үүдэд каргоны газар очоод Б.Д гэх хүн ачааг найдвартай, хурдан ачуулна гэсэн тул   БНХАУ-ын Эрээн хотоос оруулж ирсэн хэвлэлийн бүрэгч машиныг Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэхээр Б.Дтой харилцан тохирсон гэсэн бол хариуцагч Б.Д нь Ш.Б гэх хүнийг огт хараагүй, ачаа барааг Истана маркийн нийт 10 машины жолооч нараас хүлээн аваад Д.Гын 84-78 ДГА дугаартай Волво маркийн автомашинд ачсан, тэр үед бид гараараа ачааг ачсан, ачаанууд боодолтой учир ямар бараа байгааг мэдэхгүй, хэрвээ нэхэмжлэгчийн тоног төхөөрөмж 300 кг байсан юм бол бид По ашиглах байсан, ийм хэмжээний даацтай тоног төхөөрөмж ачсан эсэхийг мэдэхгүй байна гэж, хариуцагч Д.Г “...нэхэмжлэгчийг танихгүй, ачааны эзэдтэй уулздаггүй, машинаа аваачиж хашаанд тавиад Б.Д ачиж дуусгаад надад хэлдэг, би УБ хотод тээвэрлэж ирээд эздэд нь тараадаг... энэ удаад баллон, аккумлятор гэх мэт шатах, дэлбэрэх ачаа ачуулсан байсан, үүнийгээ ч хэлээгүй...” гэж мэтгэлцжээ.

Энэ тохиолдолд талууд хэн ачааг ачуулсан талаар маргасан байх боловч хариуцагч Д.Гын автомашинд нэхэмжлэгчийн хүлээж авах тоног төхөөрөмж байсан эсэх нь ач холбогдолтой. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаараагүйгээс гадна нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийн сав баглаа боодол нь хэдэн хэсэг болох, хариуцагч Б.Д нь нийт 10 автомашинаас ачаа хүлээн авч Д.Гын машинд ачсан боловч баглаа боодолтой тул ямар бараа байгааг мэдээгүй гэсэн тайлбар гаргасан, Прокурорын 2020.03.18-ны өдрийн 92 дугаар “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /хх-10-12/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-169-170/, “Тод үнэлгээ” ХХК шинжээчийн дүгнэлт /хх-6-9/ зэрэг нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Б нь Д.Гын жолоодож явсан 84-78 ДГА улсын дугаартай Волво загварын ачааны автомашин шатсан хэрэгт хохирогчоор тогтоогдсон, “Тод үнэлгээ” ХХК нь Төв аймгийн Цагдаагийн газрын шийдвэрээр үнэлгээ хийж хэвлэлийн бүрэгч машины үнийг 5,606,352 төгрөгөөр тогтоосон, эдгээр баримтыг үгүйсгэсэн баримт байхгүй байхад машинд нэхэмжлэгчийн ачаа байсан эсэх нь эргэлзээтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт ойлгомжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Ш.Б болон БНХАУ-ын иргэн Бөхөө нарын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан буюу Бөхөө нь өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар буюу Ш.Бийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийсэн эсэх, улмаар Ш.Б нь гэрээнд заасан хөлсийг төлөх үүрэг хүлээсэн эсэх, ийнхүү илгээмжийн гэрээ байгуулагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Д.Г нь тээвэрлэгч, хариуцагч Б.Д нь илгээгч эсхүл тээвэрлэгч байж болох эсэх талаар дүгнэлт хийгээгүй” гэж үзсэн боловч Д.Гын машинд нэхэмжлэгчийн тоног төхөөрөмж байсан эсэх нь тогтоогдох нь чухал, талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, улмаар үүнийг зөв тодорхойлсноор тэдгээрийн хууль болон гэрээгээр хүлээх үүрэг тодорхойлогдож, энэ нь гэм хор учруулахад оролцсон гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлоход ач холбогдолтой гэж үзсэн, хууль зүйн уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

10. Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль хэрэглээний асуудлаар хяналтын шатны шүүх эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 202/МА2020/00039 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 104,652 төгрөг, 104,652 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАНЗРАГЧ

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ