Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2026/0614

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: “М” ХХК

          Хариуцагч: “Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” НҮТББ

          Нэхэмжлэлийн шаардлага: ““Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” НҮТББ-ын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/*** тоот “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ" олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ олгохыг даалгах” тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0597 дугаар шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Б.Л, Н.Н

          Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр   

          Хэргийн индекс: 128/2025/1137/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. “М” ХХК нь “Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” НҮТББ-д холбогдуулан ““Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” НҮТББ-ын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/*** тоот “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ" олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ олгохыг даалгах "-аар маргасан.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0597 дугаар шийдвэрээр Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчид “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгохоос татгалзсан Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” НҮТББ-ын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/*** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгохыг хариуцагч Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-д даалгаж шийдвэрлэсэн.  

              3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1 Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дараах агуулга бүхий эрх зүйн дүгнэлтүүд дурдагддаг. 1.6.-д "Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т "...Үндэсний танхим нь танхимын нийтлэг зорилт, бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараах тодорхой бүрэн эрхтэй байна", 6-д "...давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/ болон хүнд нөхцөл байдал /HARDSHIP/- ыг гэрчлэх журмын 1.2.1-т "... Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл Force Majeure гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах содтор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно", 1.2.1.2-т "...байгалийн бүх төрлийн гамшиг /хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давалгаа, үер, цас, зуд, ган гачиг, их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт/", 2.2-т "... Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээг гаргуулах тухай гэрээний аль нэг талын хүсэлтийг хүлээн авч, гэрчилгээ олгох үндэслэл, шаардлага хангасан эсэх талаар тус танхимын хуулийн мэргэжилтний дүгнэлтийг үндэслэн гэрчилгээ олгох эсвэл татгалзах хариуг өгнө", 2.6.5-т "...тухай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал тохиолдсон болохыг нотлох холбогдох бусад баримт бичиг", 2.10-т "... Дараах тохиолдолд гэрчилгээ олгохгүй", 2.10.1-т "...хүсэлт гаргагчид тохиолдсон үйл явдал, нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, эсвэл энэхүү журамд заасан давагдашгүй хүчин зүйл эсвэл хүнд нөхцөл байдлын тохиолдолд хамаарахгүй" гэж заажээ. 1.7.-д "1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Вена хотноо байгуулагдсан "Бараа худалдах- худалдан авах олон улсын гэрээний тухай" НҮБ-ын конвенц (Сonvention on International Sale of Goods)-ыг Монгол Улс 1997 онд хүлээн зөвшөөрч нэгдэн орсон бөгөөд энэ конвенцын 79 дүгээр зүйлд "Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй нь түүний хяналтаас гадна орших саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцох, түүнээс зайлсхийх буюу түүний үр дагаврыг нь давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг дээрх тал тус тус нотолбол тухайн тал үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээхгүй" тухай зохицуулжээ. 1.8.-д Дээрх хууль болон конвенцын зохицуулалтаас дүгнэхэд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцох, түүнээс зайлсхийх буюу түүний үр дагаврыг нь давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсан, гэрээ байгуулсны дараа гэрээний аль нэг талын гэм буруугаас үл хамаарсан урьдчилан харах, тооцоолох боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүсэж, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг ойлгохоор байна. 1.9.-д Туул гол Ш орчимд үер болсон буюу нэхэмжлэгч компанийн ажил гүйцэтгэж байсан талбай усанд автсан болохыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр болон *тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0147 дугаар шийдвэрээр тогтоосон, шүүх хуралдааны үед нэхэмжлэгч компанийн ажилтан Н.Номинчулууны албаны цахим шууданд үзлэг хийж, төслийн менежерээс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр туслан гүйцэтгэгч нарт хүргүүлсэн MNG-24-1735 дугаар бүхий "Үерийн даатгал" гэх цахим шуудан, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Гай Барзилайгаас нэхэмжлэгчид хүргүүлсэн "Даатгалын шийдвэр 2025 оны 06 дугаар сарын 30" гэх баримтаас дүгнэхэд "Б" ХК-иас даатгалын нөхцөл үүссэн болохыг хүлээн зөвшөөрсөн, шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон. нэхэмжлэгчид 1,612,103.44 ам долларын хохирлыг олгохоор шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.

Дээр дурдсаны дагуу анхан шатны шүүх үер болсон үйл явдлыг дангаар нь үндэслэн давагдашгүй хүчин зүйл гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитой харьцуулан үнэлээгүй гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Нэхэмжлэгчийн давагдашгүй хүчин зүйл үүссэн болохыг гэрчлүүлэхээр хүсэлт гаргасан гэрээ нь "Б" ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан "Туул голын Ш орчмын ай сав газарт 15 км цэвэр ус дамжуулах шугам хоолой, хаалтын худгуудын угсралт, гүний усны эх үүсвэрийн худгуудын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх туслан гүйцэтгэх гэрээ" болно.

Энэхүү гэрээний онцлог нь голын ай сав газарт усны барилга байгууламжийн ажил гүйцэтгэхтэй холбоотой бөгөөд үүнээс шалтгаалан ус, үерийн эрсдэлийг урьдчилан тооцсон тусгай зохицуулалтыг гэрээний талууд харилцан тохиролцож баталсан байдаг. Тодруулбал, "Шувуун талбайн ус зайлуулах төлөвлөгөө"-г баталж, тухайн ажлын талбайд үүсэж болзошгүй гадаргын ус, үерийн эрсдэлийг үнэлэн, түүнийг бууруулах арга хэмжээг урьдчилан тодорхойлсон байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл уг төлөвлөгөөнд: Гадаргын илүүдэл ус, үерийн эрсдэлийг урьдчилан тооцсон; Газрын доорх усны түвшин, улирлын онцлогийг харгалзан ажлыг төлөвлөсөн; Барилгын явцад ус их хэмжээгээр хуримтлагдсан тохиолдолд ухсан хөрсөөр хамгаалалтын далан байгуулах, шуудуу татаж үерийн усны урсгалыг өөрчлөх зэрэг эрсдэлийг бууруулах тодорхой арга хэмжээг тусгасан байдаг (хавтаст хэргийн II дэвтрийн 89, 121 дүгээр хуудсууд).

Өөрөөр хэлбэл, талууд гэрээ байгуулах үедээ үер, гадаргын усны эрсдэлийг бүрэн урьдчилан тооцож, түүнтэй холбоотой инженерийн болон зохион байгуулалтын арга хэмжээг урьдчилан төлөвлөсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Ийм нөхцөлд үер болсон үйл явдлыг урьдчилан тооцох боломжгүй, гэнэтийн шинжтэй байсан гэж үзэх боломжгүй юм.

Цаашлаад хэрэгт цугларсан баримтаар "Б" ХК нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үер болсон 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт есөн удаа албан бичгээр нэхэмжлэгчид ажлын хоцрогдол, үерийн эрсдэл нэмэгдэж байгааг мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авахыг удаа дараа шаардсан байна.

Мөн хавтаст хэргийн II дэвтрийн 121 дүгээр хуудсанд авагдсан баримтад гэрээний нөгөө тал "борооны улмаас үүсэж буй ихэнх эрсдэлийг “М” ХХК батлагдсан хөтөлбөр, ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг мөрдөж ажилласан бол урьдчилан сэргийлэх боломжтой байсан" гэж дүгнэсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгчид илгээсэн цахим шуудангууддаа ус зайлуулах насосын хүчин чадал хангалтгүй, шаардлагатай 180 ширхэг насосоос ердөө 40 орчим нь ажиллаж байгаа талаар удаа дараа анхааруулж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахыг шаардсан нь тогтоогддог.

Эдгээр нотлох баримтаас үзвэл үерийн улмаас учирсан үр дагавар нь зөвхөн байгалийн үзэгдлээс бус, нэхэмжлэгч гэрээгээр болон ус зайлуулах төлөвлөгөөнд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, урьдчилан төлөвлөсөн хамгаалалтын арга хэмжээг бүрэн аваагүйтэй шууд холбоотой байна. Нөгөө талаар, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар анх 2024 оны 11 дүгээр сард дуусахаар байсан гэрээний хугацааг 2026 оны 03 дугаар сар хүртэл буюу нийт 16 сар (ойролцоогоор 480 хоног)-оор сунгасан болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарласнаар давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой саатал нийт 134 хоног үргэлжилсэн гэж үзэж байгаа бөгөөд уг хугацааг нөхөх боломжийг гэрээний хугацааг 480 хоногоор сунгах замаар талууд бүрэн олгосон байна. Иймээс давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлгүй.

Иймд зөвхөн үер болсон гэх нөхцөл байдлыг үндэслэн давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад тухайн эрсдэл нь урьдчилан тооцогдсон, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэрээгээр тодорхойлогдсон, нэхэмжлэгчид удаа дараа анхааруулга өгөгдсөн, мөн гэрээний хугацааг хангалттай сунгасны улмаас гэрээний үүргээ биелүүлэх бодит боломж хэвээр байсан.

3.2 Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 1.10-1.12-т хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитой бүрэн үнэлээгүйн улмаас үндэслэлгүй эрх зүйн дүгнэлт хийжээ. Тухайлбал, шийдвэрийн 1.10-т:"... Ажлын гүйцэтгэл үерийн нөхцөл байдлаас өмнө саатсан байсан, ус зайлуулах генератор, насос дутагдалтай байсан, холбогдох арга хэмжээ авахыг "Б" ХХК-аас шаардсан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажлаа түргэвчлэх арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр татгалзсан нь учир дутагдалтай байна. "гэж, 1.11-т:"...Хариуцагч гэрээ байгуулах үед дээрх саад бэрхшээлийг тооцоолох боломжтой байсан эсэх, түүнээс зайлсхийх, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжтой байсан эсэхийг тодруулсны үндсэн дээр гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэх ёстой байсан атал анхнаасаа гэрээний үүргийн гүйцэтгэл хоцрогдолтой байсан гэж татгалзсан нь үндэслэлгүй. "гэж тус тус дүгнэжээ. Гэтэл маргаан бүхий захиргааны актын агуулгыг бүхэлд нь авч үзвэл хариуцагч зөвхөн ажлын хоцрогдол-ыг үндэслэл болгож гэрчилгээ олгохоос татгалзаагүй бөгөөд дараах хоёр үндэслэлийг хамтатган үнэлсэн байдаг. Үүнд: Тухайн гэрээний онцлог, ажлын байршил, батлагдсан ус зайлуулах төлөвлөгөө зэргийг харгалзан үзэхэд үерийн эрсдэл нь урьдчилан тооцоолох боломжтой байсан; Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, урьдчилан тооцоолж болох эрсдэлийг бууруулах шаардлагатай арга хэмжээг аваагүйгээс гэрээний хэрэгжилт саатсан.

Өөрөөр хэлбэл, захиргааны акт нь дээрх хоёр нөхцөл байдлыг хамтад нь үнэлсний үндсэн дээр "гэрээний хэрэгжилтийн саатал нь давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй" гэсэн дүгнэлтэд хүрсэн байхад анхан шатны шүүх зөвхөн нэг хэсгийг нь салгаж авч тайлбарлан, захиргааны актын бодит агуулгыг гуйвуулан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн шийдвэрийн 1.12-т:"...нэхэмжлэгчийн төлөвлөж байсан үерийн хэмжээнээс илүү үерлэж, үерийн аюултай түвшинд хүрсэн болох нь тогтоогдож байна. "гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг таамгаар дүгнэсэн. Учир нь хавтаст хэрэгт: нэхэмжлэгчийн төлөвлөсөн үерийн усны түвшин ямар байсан; ямар хэмжээний үерийг инженерийн тооцоондоо тусгасан; тухайн төлөвлөсөн хэмжээнээс хэдий хэмжээгээр давсан гэдгийг тогтоосон нэг ч нотлох баримт байхгүй.

Мөн нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад "төлөвлөсөн үерийн хэмжээнээс давсан" гэх үндэслэлээр маргаагүй бөгөөд ийм асуудлаар шинжээчийн дүгнэлт, инженерийн тооцоо, мэргэжлийн байгууллагын дүгнэлт ч хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх Цаг уур, орчны шинжилгээний газрын албан бичгээр зөвхөн тухайн хугацаанд үерийн усны түвшин нэмэгдсэн, аюултай түвшинд хүрсэн болохыг тогтоосон баримтаас нэхэмжлэгчийн төлөвлөсөн хэмжээнээс давсан гэх огт өөр агуулгатай дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0597 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0597 дугаар шийдвэрээр Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчид “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгохоос татгалзсан Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” НҮТББ-ын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/*** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгохыг хариуцагч Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          3. Талуудын хоорондын “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгохтой холбоотой маргааныг шийдвэрлэсэн дараах шийдвэр, магадлалууд хүчин төгөлдөр хэвээр байна. 

          3.1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0147 дугаар шийдвэрээр “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим” НҮТББ-ын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02/*** тоот “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс гаргасан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгуулах хүсэлтийг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгажээ.

          3.2 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2025/0344 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

            Тус магадлалаар хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтуудыг тогтоож, дараах дүгнэлтийг өгчээ.

3.2.1 “... 9.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 06/715 дугаар албан бичгээр “Улаанбаатар хотын Зайсангийн гүүр орчимд байдаг Ус судлалын Туул-Улаанбаатар харуул орчимд 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 23-ны өдрүүдэд усны түвшин хоногт 30-105 см нэмэгдсэн бөгөөд Туул голын үерийн долгионы оргил үе 6 дугаар сарын 23-ны өдөр ажиглагдсан ба тус харуул орчимд үерийн аюултай түвшинг 80 см хүртэл даван хүчтэй үерлэсэн байна” гэх албан бичиг,

3.2.2 “9.1 Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 01/581 дүгээр албан бичгээр “6 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдрүүдийн Улаанбаатар хотын нийлбэр тунадасны мэдээллийг тус газрын харьяа Улаанбаатар хотын Буянт-Ухаа, Улаанбаатар, Хан-Уул өртөөдийн бодит ажиглалтын мэдээнд үндэслэн гаргаж, Хан-Уул станцаас 21-ний өдөр 62 мм, Буянт-Ухаа станцаас 57 мм, Улаанбаатар станцаас 60 мм” хур тунадас орсон гэх албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.”

3.2.3 “10. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 15/03 дугаар дүгнэлтээр “...дүүргийн 12, 13 дугаар хороо, Туул гол үерлэн аюулын түвшинд хүрч Биокомбинат болон Ш орчмын Туул голын ай сав орчим усанд автсаны улмаас угсарсан шугам хоолойнууд болон төслийн талбай дээрх бараа материал, тоног төхөөрөмжүүд усанд автаж, өртсөн. Цаашид үер, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллах шаардлагатай” гэх дүгнэлтийг гаргажээ.”

3.2.4 “11. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэж байсан Шийн талбай усанд автсан болох нь Цаг уур орчны шинжилгээний газрын албан бичиг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, хүсэлтэд хавсаргасан фото зураг зэргээр тус тус тогтоогдсон, ...”  гэх зэргээр дүгнэснээс гадна, магадлалын 14 дэх хэсэгт “Тиймээс нэхэмжлэгчийн хувьд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, цаашид ажил үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийн өмгөөлөгчийн “... эрх зүйн үр дагаврыг шууд бий болгох шинжийг агуулсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч “М” ХХК-д татгалзсан хариу өгсөн гэнэтийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02/*** албан бичиг нь ямар эрх зүйн дагаврыг шууд бий болгож буй нь тодорхойгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй” гэж тус тус дүгнэжээ.

3.3 Үүнээс үзвэл “гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй” гэх нөхцөл байдал нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар тогтоогдсон байна. Хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй.

Иймд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болсон эсэх талаарх талуудын маргаан нь энэ тохиолдолд ач холбогдолгүй буюу нэгэнт тогтоогдсон үйл баримт байна.

3.4 Энэ талаар анхан шатны шүүхийн “... хоёр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч компанид давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/ болон хүнд нөхцөл байдал /HARDSHIP/-ыг гэрчлэх журмын 2.10.1-т заасан нөхцөл нэхэмжлэгч компанийн хувьд тогтоогдохгүй болохыг тогтоосон учир дахин судалж, гэрчилгээ олгох эсэх шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан "..."Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” НҮТББ-ын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/*** тоот “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ олгохыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч “М” ХХК-д “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.

4. Мөн хэрэгт авагдсан нотлох баримт зэргээс үзэхэд гэрээний хэрэгжилт сааталтай, хоцрогдолтой явагдаж байжээ. Энэ нь тухайн үерээс болоогүй, шалтгаалаагүй. Түүнээс ч өмнөх хугацаанд  гэрээний хэрэгжилт хоцрогдолтой байсан байна.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн  үндэслэх хэсгийн 1.10-1.12-т хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитой бүрэн үнэлээгүйн улмаас үндэслэлгүй эрх зүйн дүгнэлт хийжээ. Тус шийдвэрийн 1.10-т "... Ажлын гүйцэтгэл үерийн нөхцөл байдлаас өмнө саатсан байсан, ус зайлуулах генератор, насос дутагдалтай байсан, холбогдох арга хэмжээ авахыг "Б" ХХК-аас шаардсан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажлаа түргэвчлэх арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр татгалзсан нь учир дутагдалтай байна."гэж, 1.11-д "...Хариуцагч гэрээ байгуулах үед дээрх саад бэрхшээлийг тооцоолох боломжтой байсан эсэх, түүнээс зайлсхийх, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжтой байсан эсэхийг тодруулсны үндсэн дээр гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэх ёстой байсан атал анхнаасаа гэрээний үүргийн гүйцэтгэл хоцрогдолтой байсан гэж татгалзсан нь үндэслэлгүй." гэж дүгнэжээ.

5. Туул гол зуны улиралд буюу бороо хур ихтэй үед ямар нэг хэмжээгээр үерлэдэг нь нийтэд тодорхой. Тухайн гэрээний онцлог, ажлын байршил, батлагдсан ус зайлуулах төлөвлөгөө зэргийг харгалзан үзэхэд үерийн эрсдэл нь урьдчилан тооцоолох боломжтой байсан, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, урьдчилан тооцоолж болох эрсдэлийг бууруулах шаардлагатай арга хэмжээг аваагүйгээс гэрээний хэрэгжилт саатсан байгаа боловч энэ нь захиргааны маргааны тухайд бус харин гэрээний үүргийн талаар дүгнэлт хийгдэх арбитрын маргаанд илүү хамааралтай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

 

                               ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

 

                               ШҮҮГЧ                                                 Э.ЗОРИГТБААТАР