| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 106/2018/0073/Э |
| Дугаар | 233 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Эрдэнэбилэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 233
Б.Эр-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаар магадлалтай, 1705013210297 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.Га-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уулын цахилгаан механикийн инженер мэргэжилтэй, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б.Эр- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эр-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эр-аас 179.600 төгрөг гаргуулж хохирогч Г.Га-т 171.600 төгрөг, хохирогч Б.Ба-д 8.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эр-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Г.Га- гаргасан гомдолдоо “Шүүгдэгч Б.Эр- нь надад учруулсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж Б.Эр-ад хөнгөн ял оноосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн миний нүдний ухархай цөмөрсөн байхад шинжээч эмч хөнгөн гэмтэл гэж илт буруу дүгнэлт гаргасан бөгөөд энэ тухай гомдлыг удаа дараа гаргахад шүүх болон цагдаагийн байгууллага огт хүлээж авалгүй илт хууль бус шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж миний хохирол төлбөрийг барагдуулж, Б.Эр-ад оноосон хөнгөн ялыг өөрчилж зохих ёсны дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Эр- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Г.Га-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Б.Эр- нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Гүн нуур” зочид буудлын 205 тоот өрөөнд Г.Га-, Б.Ба- нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх Б.Эр-ын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Б.Эр-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэж няцаасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хууль зүй, Эрүүл мэндийн сайд нарын хамтран гаргасан А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар нүдний ухархайн дотор ханын хугарал болон 2-3 шүдний булгарал /хугарал/ гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад 10 хувь нөлөөлөхөөр буюу энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд энэхүү дүгнэлтийг нотлох баримтад үнэлсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилсан буюу хохирогч Г.Га-, Б.Ба- нарыг хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Г.Га-ын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаар магадлалыг тус тусыг хэвээр үлдээж, хохирогч Г.Га-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН