Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 292

 

М.У-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0300 дугаар магадлалтай, М.У-гийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн албаны дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/-д даалгаж, тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.У-гийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 86 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,178,996 төгрөгнөөс холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон даатгалын дэвтрүүдэд бичилт хийж олгохыг Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад даалгаж,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Уд олгож,

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний аль нэгэнд М.У-г томилсон шийдвэр гаргаагүй бол тус Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн Б/07 дугаар тушаал хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0300 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Уг Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын Ажил худалдан авах ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, 2 болон 3 дахь заалтыг хэвээр үлдээж, 4 дэх заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчилж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн магадлалыг 5 дугаар сарын 30-ны өдөр гардаж авлаа. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батмэнд надад холбогдох захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан, хэргийн нөхцөл байдалд бодит үнэлэлт өгч чадаагүй, хууль зүйн үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Орон нутгийн өмчийн газрын “ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн” гэж албан тушаалын ангилал салж шинээр үүссэн бодит нөхцлийг хэт нэг талаас харж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй нөхцлийг шүүхийн шийдвэрт заан тусгаж хариуцагч надад М.У-г Орон нутгийн өмчийн газрын Ажил худалдан авах ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан шийдвэр үйл ажиллагаа гэж үзэж байна.

2. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг тогтоосон. Энэ шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжаар “Орон нутгийн өмчийн газар” нь Худалдан авах ажиллагааны албатай байхаар дүрмийг баталж, шинээр төсөв хөрөнгөтэй болгож бүтэц орон тоог шинэчилсэн. Үүнтэй холбоотойгоор Засаг даргын дэргэдэх Орон нутгийн агентлаг болох манай байгууллагын ажиллах цар хүрээг өргөтгөсөн. Энэ байдал нь тус байгууллагад ажиллах мэргэжилтнүүдэд тавигдах шаардлага өндөрсгөх, тодорхой албан тушаалтны хувьд давхар мэргэжилтэй байх ажлын шаардлагыг бий болгосон.

З. Үүнийг байгууллагын зохион байгуулалт дүрэм болон бүтцэдээ зааж тогтоож өгөх шаардлага ажил албан тушаалын хувьд тавигдаж байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн үүнтэй холбоотойгоор өмнөх “Худалдан авах ажиллагааны албанд” албаны чиг үүргийг тодорхойлсон хэм хэмжээг шүүх харгалзаагуй ба Өмнөх худалдан авах ажиллагаа хариуцсан гурван мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод заасныг үзэхэд гурвуулаа ижил чиг үүрэгтэй ажлын байрны давхардал үүссэн төдийгүй нэг мэргэжилтний ажлыг гурвуулаа хийж байсан нь харагдаж байна. Худалдан авах ажиллагааны гурван мэргэжилтэн хийдэг байсан ажлыг бараа худалдан авалт, ажил үйлчилгээ худалдан авалт хариуцсан 2 мэргэжилтэн болгон орон тоог цөөрүүлэн ажлын байрны давхардлыг арилгасан. Зөвхөн нэхэмжлэгчийн үгээр шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон. Учир нь өмнөх “Худалдан авах ажиллагааны алба” нь 3 ажилтантай байна гэж заан дурдсан байхад үүнийг шүүхээс илэрхий үл тоож шийдвэрлэсэн зэргээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “...тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг ажлаас чөлөөлнө” гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна. Учир нь өмнөх худалдан авах ажиллагаа хариуцсан гурван мэргэжилтний 1 орон тоо нь хасагдаж бараа ажил үйлчилгээ худалдан авалт хариуцсан, ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон 2 ажлын байр болон хасагдсан байгааг анхаарч үзээгүй байна. Иймд хариуцагч миний гомдлыг хүлээн авч хяналтын шатны шүүхээр уг маргаантай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдар шатгы шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            Нэхэмжлэгч М.Уг Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалаар аймгийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний албан тушаалд “түр орлон гүйцэтгэгчээр”, мөн даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар тушаалаар “...төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцсэн” гэх үндэслэлээр уг албан тушаалд “жинхлэн” томилсон, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор аймгуудын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоохдоо аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газар (Худалдан авах ажиллагааны албатай) гэх хэрэгжүүлэгч агентлаг ажиллахаар заасан, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжаар “Орон нутгийн өмчийн газар” шинээр байгуулж, уг газрын бүтцэд “Худалдан авах ажиллагааны алба” багтахаар, уг албанд “бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн”, “ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн”-ий 2 орон тоог баталжээ.

            Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжид “Орон нутгийн өмчийн газар шинээр байгуулсантай холбогдуулан Худалдан авах ажиллагааны албыг татан буулгах”-аар заасан боловч бодит байдал дээр аймгийн Худалдан авах ажиллагааны албаны чиг үүрэг шинээр зохион байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт хэвээр хадгалагдаж үлдсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “төрийн байгууллага татан буугдсан” гэж үзэхгүй, энэ талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “...төрийн байгууллага татан буугдсан ... шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан...” гэх зохицуулалтын агуулга нь тухайн ажлын байр, албан тушаалын орон тоо бүрмөсөн байхгүй болсон, өөрөөр хэлбэл, Завхан аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Худалдан авах ажиллагааны алба гэх бүтэц цаашид ажиллахгүй болсныг ойлгоно.

            Тухайн тохиолдолд, Завхан аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хуучин бие даан ажиллаж байсан  Худалдан авах ажиллагааны алба нь шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын бүтцэд ажиллахаар зохион байгуулагдсан нь “төрийн байгууллага татан буугдсан” агуулгагүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..., зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэж үзэх үндэслэлтэй.

            Иймд,  хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн маргаан бүхий Б/07 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан “Худалдан авах ажиллагааны алба татан буугдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.У-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь буруу, зүй нь “...түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” үүрэгтэй байжээ.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтнээр М.У, Г.Нямдаваа нар өмнө нь ажиллаж байсан, шинэ бүтцээр уг албанд мөн мэргэжилтний 2 орон тоо батлагдсан, энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу үргэлжүүлэн ажиллуулах зохицуулалттай байхад  М.У-г ажлаас чөлөөлж, өмнө нь “...Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан” гуравдагч этгээд М.Ө-г “Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтнээр” томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимд нийцээгүй, маргаан бүхий захиргааны акт Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтууд болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах”-аар тусгайлан журамласан байх тул хариуцагчийн “...Худалдан авах ажиллагааны гурван мэргэжилтэн хийдэг байсан ажлыг ... 2 мэргэжилтэн болгон орон тоог цөөрүүлсэн ...-ийг анхаарч үзээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, энэ нь нэхэмжлэгч М.У-г ажлаас шууд чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх үндэслэл болохгүй.   

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актын хууль зөрчсөн байдлыг зөв тогтоосон атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг буруу хэрэглэж, “дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэсэн, энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.

            Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “”... шүүх хэт нэг талыг барьсан, ...  “...тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг ажлаас чөлөөлнө” гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0300 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч  Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батмэндийн гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА