Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг

нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2305034661934 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол улсын иргэн, ******* оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ноос ялгагч мэргэшилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 хүүхдүүдийн хамт ******* дүүрэг 4 хороо ******* ******* 9 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, урьд- ******* дүүргийн шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,- Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 20-ны 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,- ******* дүүргийн шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн ******* /РД: *******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* 2” худалдааны төвийн гадна хохирогч Д.тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хутгаар биед нь халдаж хохирогчийн биед баруун чихний дэлбэн, зүүн шуунд зүсэгдэж хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.******* нь “...2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* 2” худалдааны төвийн гадна хохирогч Д.тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хутгаар биед нь халдаж хохирогчийн биед баруун чихний дэлбэн, зүүн шуунд зүсэгдэж хатгагдсан шарх бүхий бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305034661934 дугаартай хэргээс:

2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.гийн хохирогчоор өгсөн: “...би 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “******* 2” худалдааны төв дээр орой 18 цагийн үед хөдөө жимсэнд явах хүнтэйгээ “*******” орж тамхи, ойр зуур хоол ундны юм авах гэж байсан. Тэгтэл “******* 2”-ын гадна үүдний хэсэгт зүс таних ******* юм зараад сууж байсан. Би тухайн үед 0,33 литртэй “Хараа” гэж нэртэй архинаас 2 ширхэг уусан байсан болохоор нэлээн халамцуу байсан. Тэгээд хажуугаар нь гарахдаа мэндлээд л хажуугаар нь гарах санаатай байсан. Тэгсэн чинь би согтуудаа уурыг нь хүргэхээр юм хэлсэн юм шиг байна лээ санахгүй байна. Тэгээд бид хоёр маргалдаж эхлээд ******* ч бас согтуу байсан тэгээд муудалцаад бид барьцалдаж аваад ноцолдож байсан чинь миний цуг явсан залуу салгах гэж оролдоод байх шиг байсан. Би ноцолдож байх явцдаа газар унасан тэгээд босоод ирсэн чинь ******* хаанаас ч юм хуйтай хутга гаргаад ирэхээр нь би арай ч хутга бариад дайрахгүй байх гэтэл ******* хутгаа хуйнаас нь өөрөө гаргаад над руу шууд дайрсан тэгээд би аминдаа гараараа хамгаалах гэж оролдоод шууд гарыг маань зүсчихсэн, тэгээд ноцолдож байх явцад ар дагзны хэсэг болон баруун чихний арын хэсэгт хутгаар зүссэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-н 12-14 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.ын гэрчээр өгсөн “...Би тэр өдөр Д.тай маргааш нь хамт жимсэнд явах гээд авч явах хүнсээ бэлдэх санаатай “*******-2” захын хашааны гадна явж байтал Д. нь гэнэт л /юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна/ тэр хутгалсан гэх Н.******* гээд байгаа залуутай маргалдаад эхэлсэн. Тэгж байгаад тэр Н.******* гэх залуу гадуур хувцасныхаа халааснаас гэнэт хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би хутгалчих вий дээ гэж бодоод Д.г арагш татаад хойшлох гэтэл Д. тэр Н.******* гэх залуутай барилцаад зууралдаад ноцолдоод эхэлсэн. Тэгээд би салгаад Д.г татаад босготол зүүн гарын шуу болон баруун чихний ар талаас цус гоожоод байсан. Би тэр үед өөрийнхөө өмсөж явсан цамцаа тайлаад цусыг нь дарж тогтоогоод эмнэлэг рүү явсан. Тухайн үед би тэр цамцаа цус болчихсон байхаар нь хаячихсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-21 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.гийн гэрчээр өгсөн “...би 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хутгалуулсан байдалтай эрэгтэй хүн байна гэх дуудлага мэдээллийн дагуу 18 цаг 32 минутад очиход “******* 2” захын үүдний хэсэгт 40 орчим насны эрэгтэй хүн хутгалуулсан байдалтай цус гарчихсан гарыг нь хувцсаар боочихсон байсан. Хутгалсан гэх хүн нь тухайн үед ойр орчимд байхгүй байсан. Хутгалуулсан гэх эрэгтэй хүнээс хэн гэдэг хүн танд хохирол учруулсан бэ гэтэл, нэрийг нь санахгүй байна хочоор нь мэднэ гэх утгатай зүйл хэлсэн, зүс бол танина гэж бас хэлсэн. Тэгээд *******-2 захын үүдний хэсэгт тэр үед түргэн ирээд хутгалуулсан эрэгтэй хүнд үзлэг хийгээд байж байх үед тэр хавьд байсан харсан хүмүүс нь түрүүний хутгалдаг хүн чинь тэнд явж байна гэж хэлэхээр нь очиход улаан малгайтай үүргэвчтэй хүн байсан. Тэгээд саатуулаад биед нь үзлэг хийхэд цүнх дотроос нь арьсан бор өнгийн хуйтай хутга гарч ирсэн. Хутгалуулсан хүн нь болохоор надад тайлбар өгөхдөө наад хүн чинь мөн байна. Хуйтай хутга гаргаж ирээд намайг хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 30-29 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.ийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11544 дугаартай шинжээчийн: “... Д.гийн биед баруун чихний дэлбэн, зүүн шуунд зүсэгдэж хатгагдсан шарх Тэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 32-33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч Н.******* нь хохирогч Д.гийн биед нь хутгаар халдаж хохирогчийн биед баруун чихний дэлбэн, зүүн шуунд зүсэгдэж хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 32-33 дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11544 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11544 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 11544 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Н.******* “...2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* 2” худалдааны төвийн гадна хохирогч Д.тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хутгаар биед нь халдаж хохирогчийн биед баруун чихний дэлбэн, зүүн шуунд зүсэгдэж хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Хохирол төлбөрийн тухайд Хохирогч Д. нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд нийт 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг нийт 2.000.000 /хоёр сая/-н төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Н.Гантулгыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хохирогч Д. нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршиг, ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. Шүүхээс шүүгдэгч Н.*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, түүнчлэн ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримт хэрэгт хавсаргаагүй зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. Шүүгдэгч Н.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Гантулгыг 300 (гурван зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.*******д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д. нь цаашид энэ гэмт хэргийн улмаас түүнд учирсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар 13.5 см урттай нэг ширхэг хутга хураагдан ирсэн болохыг, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЧИМЭГ