Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0364

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

      

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д*********-н П*********,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А*********,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*********

Маргааны төрөл: Д.П*********-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч иргэн Д.П*********-с тус шүүхэд Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар иргэн Д.Б*********-д Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Т*********” ХХК-ийн зүүн талд байршилтай 1126 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/122 дугаар захирамжаар газрын байршлыг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, үйлдвэрийн төв гэж, газрын хэмжээг 1125 м.кв гэж тус тус заан, газар эзэмших хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, газар эзэмших эрхийн ...... дүгээр гэрчилгээг олгосон байна.

Иргэн Д.Б********* нь дээрх газрыг Д.Д*********-т шилжүүлэхээр 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 411 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр  хүсэлт гаргасныг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/169 дүгээр захирамжаар нэгж талбарын ..... дугаар бүхий 1125 м.кв газрыг шилжүүлснийг үндэслэн газар эзэмших эрхийн ..... дүгээр гэрчилгээг олгожээ. 

Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар 22-ны өдрийн А/323 дугаар захирамжаар Д.Д*********-ын эзэмшиж байсан 1125 м.кв газрыг 780 м.кв, 345 м.кв хэмжээгээр хувааж 2 нэгж талбар болгосон байна.

Иргэн Д.Д*********, Д.П********* нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх 2292 дугаар гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр газрын албанд гаргасан хүсэлт болон холбогдох баримтыг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/528 дугаар захирамжаар Д.Д*********-с Д.П*********-д Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүсэд байршилтай нэгж талбарын .... дугаартай 345 м.кв талбай бүхий, нэгж талбарын .... дугаартай 780 м.кв талбай бүхий газрыг тус тус шилжүүлж, .... дүгээр, ..... дүгээр эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

Нэхэмжлэгч нь “Э*********” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн БОТБҮ2021/06 дугаар "Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх тухай гэрээ", "Б*********” ОНӨААТҮГ-тай 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн В/656, В/657 дугаар “Хог хаягдал тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан байна. 

Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмшүүлэх эрх олгосон тус дүүргийн Засаг даргын 2020 оны А/528 дугаар захирамжийн Д.П*********-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

  1. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03/5134 дүгээр албан бичгээр гомдлыг Баянгол дүүргийн Засаг даргад шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12/29 дүгээр албан бичгээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-д зааснаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар хүргүүлсэн хариуг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“1/ А/528 дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш миний бие эзэмшил газрыг тойруулан банзан хашаа барьж, бараа материал хураах, өөрийн өмчлөлийн автомашиныг хадгалах, ачаа бараа шилжүүлэн ачих зэргээр ашиглаж байна. Үүнээс гадна Баянгол дүүргийн "Б*********” ОНӨААТҮГ-тай “Хог хаягдал тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх гэрээ”, “Э*********” ХХК-тай "Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх тухай гэрээ"-г тус тус байгуулж, цаашид эзэмшил газраа үр дүнтэй ашиглахаар төлөвлөж байсан. 

2/ Миний бие дараах үндэслэлүүдээр А/373 дугаар захирамжийг хууль зөрчсөн, хууль бус үзэж байна:

1. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т тус тус заасны дагуу захиргааны байгууллагаас актыг надад мэдэгдээгүй бөгөөд би өөрөө энэ тухай хожим олж мэдсэн.

2. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулах тухай ямар нэгэн мэдэгдлийг надад огт ирүүлээгүй.

3. Тус дүүргийн Засаг даргын А/373 дугаар захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгэр зүйлийн 21.5.3 дах хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гаргасан байна. Надад газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн А/528 дугаар захирамж 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гарсан, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/373 дугаар захирамж 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гарсныг тооцож үзвэл миний бие нь тухайн газрыг нийтдээ 10 сар 07 хоног эзэмшиж байгаагаас харвал А/373 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны байгууллага нь миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах заалтыг зөрчсөний улмаас хууль бус захирамж гаргаж, нэхэмжлэгч миний газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Бичгээр гаргасан захирамж шаардлага хангаагүй. Захирамж гарсны дараа холбогдох этгээдэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. 2 жил дараалан газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээ тогтоогоогүй. Мөн сонсох ажиллагаа явуулаагүй улмаар бүхэлдээ хууль зөрчсөн байна.” гэв. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамж нь Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зөрчил гаргасан тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Иймд иргэн Д.П*********-д холбогдох Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамж нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Газар эзэмших эрх олгоод гэрээ байгуулсан хугацаа 2012 оноос эхэлж байгаа. 2012 оноос захирамж гарах хүртэл хугацаа буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд тус газрыг аж ахуйн зориулалтаар ашиглаагүй гэдэг асуудал яригдаж байна. Анх газар олгосон хүнд газар ашиглах эрх байсан. Эрх нь шилжиж байгаа бол эрхээ биелүүлэх ёстой. Захирамж гарах асуудлын тухайд газар зохион байгуулалтын газар зохион байгуулагч хээрийн болон суурин судалгаа хийдэг. Хээрийн болон суурин судалгаагаар тухайн газрыг ашиглаагүй гэдэг дүгнэлт гарсан учраас газар эзэмших саналаа өгсөн. Улмаар үүний дагуу Засаг даргын захирамжийн дагуу эрх цуцлагдсан. 

Газар зохион байгуулалтын хээрийн болон суурин судалгааны дүгнэлтийг нотлох баримт байхгүй. Газар зохион байгуулагчийн тухайд өөрөө ийм ажил хийсэн гэж тайлбарладаг. Мөн тус газрын зохион байгуулагч одоо ажиллахгүй байгаа. Судалгаа хийгдэж байж тухайн шийдвэр гарсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

  1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: ... 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: … 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заасныг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2020 оны А/528 дугаар захирамжийн иргэн Д.П*********-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

1.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох агуулгатай бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн зохицуулалтыг үндэслэн маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зүйлд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох болон хууль зөрчиж гарсан гэх захирамжаа хүчингүй болгох нь Газрын тухай хуульд заасан өөр өөр үндэслэл, зохицуулалтад хамаарах юм.

1.2. Хэдийгээр маргаан бүхий захирамжаар хуулийн өөр зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн ч захирамжийн үндэслэлд дурдсан нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ. 

Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/367 дугаар захирамжаар иргэн Д.Б*********-д 1126 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2019 оны өдрийн А/122 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд тус газар эзэмших эрхийг иргэн Д.Д*********-т, Д.Д*********-с нэхэмжлэгчид тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “... тухайн газар эзэмших эрх анх Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/367 дугаар захирамжаар иргэн Д.Б*********-д эзэмшүүлснээр үүссэн бөгөөд түүнээс хойш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, хуульд заасан 2 жил дараалан ашиглаагүй …” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. 

Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох бөгөөд газар эзэмшүүлэх шийдвэр гарч, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноор газар эзэмших эрх үүсэж, хуульд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээх юм.

Нэхэмжлэгч Д.П*********-д Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүсэд байршилтай нэгж талбарын ..... дугаартай 345 м.кв талбай бүхий, нэгж талбарын .... дугаартай 780 м.кв талбай бүхий газрыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлж, ... дүгээр, 000119640 дүгээр эзэмших эрхийн гэрчилгээг олгосноор газар эзэмших эрх үүсэх бөгөөд тус хугацаанаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхгүй.

Нэгэнт нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/528 дугаар захирамжаар шилжүүлснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэн авснаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэх учир түүнээс өмнөх эзэмшигч үүргээ биелүүлээгүй гэх асуудалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Мөн маргаан бүхий захирамж нь нэг этгээдэд буюу нэхэмжлэгчид чиглэсэн байхад захирамждаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. 

  1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход оролцогч энэ хуульд заасан хүрээнд оролцож болно.”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”,  43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно.” гэж заажээ. 

Баянгол дүүргийн Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжийг гаргахдаа газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгох нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид мэдэгдэж тайлбар, санал гаргах боломжийг олгож сонсох ажиллагааг явуулаагүй, маргаан бүхий захирамж гарсныг мэдэгдээгүй нь дээр дурдсан хуулийн заалтыг зөрчжээ. 

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй бөгөөд энэ боломжийг нэхэмжлэгчид олгож мэдэгдээгүй буруутай байна. 

Шүүхээс нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу 2 жил дарааллан ашиглаагүй гэдгийг тогтоосон баримтыг ирүүлэхийг албан бичгээр шаардсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “... газар зохион байгуулагч өөрөө очиж үзсэн бөгөөд баримт байхгүй гэсэн …” гэж тайлбарлаж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д ”Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж зааснаар хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрт байгаа баримтыг гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд хуульд зааснаар тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ. 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу 2 жил дарааллан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй, захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1-д  заасныг үндэслэн Д.П*********-с Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.



 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН