Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Э.Халиун,

Гэрч Ш.Хишигдэлгэр,

Шүүгдэгч Э.Мөнгөнхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуун овогт Энхболдын Мөнгөнхүүд холбогдох эрүүгийн 201625022524 дугаар хэргийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “Ай Би И Капитал” ББСБ-д зээлийн эдийн засагчаар ажилладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороололын 5-09 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Чулуун овгийн Энхболдын Мөнгөнхүү /РД:ЧЙ82041013/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Э.Мөнгөнхүү нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ш.Хишигдэлгэртэй №16Г73 дугаартай зээлийн гэрээг автомашин унаж явах нөхцөлтэйгөөр, 12 сарын хугацаатай байгуулан 4.500.000 төгрөгийг зээлсэн байхад түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилгын ажил дээр гадна фасадны ажил хийлгэх гэж тохиролцоод ажлын урьдчилгаа 4.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро молл их дэлгүүрийн зогсоол дээр Хишигдэлгэрийн автомашин дотор бэлнээр өгсөн боловч одоог хүртэл ажлаа хийхгүй алга болж намайг залилсан гэж 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсний улмаас иргэн Ш.Хишигдэлгэрт 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201625021914 дугаартай хэрэг үүсгэж, сэжигтнээр тооцуулж, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Мөнгөнхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгнө гэв. Хишигдэлгэрт 2016 оны 02 дугаар сарын 23-ний өдөр Хишигдэлгэр зээлийн гэрээ байгуулж 4.500.000 төгрөгийн зээлж авсан байдаг. Хишигдэлгэр мөнгө зээлж авахдаа “Метро малл” байранд манай компани байдаг, яаралтай мөнгө хэрэгтэй болчихлоо гэж гуйгаад байхаар нь итгэл үзүүлээд байгууллагын дотоод журам зөрчөөд зээл өгчихсөн. Би барьцаа хэрэгтэй байна гэж хэлэхэд Хишигдэлгэр би машинаа тавьчиж болох уу гэж хэлэхээр нь машиныг нь үзээд зээл олгосон. Хишигдэлгэр 2 сарын хүү хуурамж төлсөн. 2 сар хүү төлснөөс хойш хүүгээ төлөхгүй утсаа таслаад алга болсон. Тэгээд манай компаниас намайг зээлдэгчээ ол гэж шахаад сарын цалинг 20 хувиар хассан. Би Хишигдэлгэрийг гэрийн хаягаар очоод олдохгүй маш удаан хайсан боловч олдохгүй байсан Тэгэхээр нь би Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт 2016 оны 07 дугаар сард өргөдөл өгсөн. Би цагдаагийн газар худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна…” гэв.

            Шүүгдэгч Э.Мөнгөнхүү нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Ш.Хишигдэлгэр гэх хүнд би 2016 оны 02 дугаар сарын үед өөрийн ажилладаг “Ай Би И Капитал” ББСБ-аас 17-69 УБП улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашиныг барьцаалж 4.500.000 төгрөгийн зээлийг гаргаж өгсөн. Тэгээд зээлээ төлөлгүй алга болсон. Би араас нь маш удаан хугацааны турш хөөцөлдсөн боловч гэрийн хаяган дээрээ байхгүй намайг хуурсан байсан. Ингээд Ш.Хишигдэлгэр нь төлбөрөө төлөхгүй алга болчихоор нь арга ядаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч “иргэний хэрэг байна, шүүхэд хандана уу” гэсэн хариу өгч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Тэгээд Ш.Хишигдэлгэр нь олдохгүй машин хаана байгаа нь тодорхойгүй учраас дахин Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн.  Ш.Хишигдэлгэр нь манай байгууллагаас зээл аваад зээлээ төлж чадахгүй алга болсоноос ийм байдалд хүрлээ. Манай байгууллагаас зээл аваад зээлээ төлөхгүй байгаа учраас би сар бүр 20 хувь цалингаа хасуулж амьдарч байгаа учраас бухимдаад ийм байдалд хүрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг /хх 11-12, 13-15, 16, 63-64, 85 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Мөнгөнхүүгийн эрүүгийн 201625021914 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтэнд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Ш.Хишигдэлгэр нь барилгын фасадны ажил хийнэ гэж урьдчилгаа 4.000.000 төгрөг аваад 7 хоногийн дараа ажлаа эхэлье гэсэн боловч заасан хугацаа өнгөрөхөд утсаар холбогдоход захьсан шил ирээгүй байна гээд огт ажлаа хийхгүй болохоор нь утсаа салгаад алга болчихсон. Мөнгөө Ш.Хишигдэлгэрийн машинд сууж байгаад бэлнээр өгсөн...” /хх 21-22, 27-30 дугаар хуудас/,

Гэрч Ш.Хишигдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Надад Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас гомдол гарсан байна гээд намайг дуудсан. Тэгээд би цагдаа дээр очиж байцаалт өгсөн.  Би анх Мөнгөнхүүгийн ажил “Ай Би И Капитал” ББСБ-д очиж машинаа барьцаалж 4 сая төгрөгийн зээл авсан. Би тухайн хугацаанд 2 сарын хүү төлсөн  2015 оны 02 сард машинаа барьцаалж 4 сая төгрөг авсан би 2 сарын хүү төлсөн нь үнэн. Тэгээд үлдсэн мөнгөө төлж чадахгүй байсан нь үнэн…” гэв.

Гэрч Ш.Хишигдэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн эзэмшлийн 17-69 УБП улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашинаа 2016 оны 3 дугаар сарын үеэр "Ай би и капитал" ББСБ-т 4.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд би зээлийн төлөлтөө эхэндээ хийж явж байгаад сүүлрүүгээ нэг удаагийн зээл төлөлтөд 7 хоног алдагдахад тэдний өр барагдуулах албанаас над руу яриад зээлээ төл төлөхгүй бол наад барьж байгаа 99118935 гэсэн дугаарыг чинь авна гэж айлгаж ичээсэн. Тэгэхээр нь би эргээд холбогдсон ба бидний дунд маргаан үүсээд одоог хүртэл үргэлжилсээр байна... 2016 оны 08 дугаар сард хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Э.Батбаяр намайг дуудаж байцаасан ба тэр үед Мөнгөнхүү гэгч хүн намайг барилгын фасадын ажил хийж өгнө гэж 4.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн гэж санаатайгаар гэмт хэрэгт гүтгэж худал мэдүүлэг өгсөн байсан тул би буцаад гомдолтой гэдгээ хэлсэн...Миний машин одоо надад бүрэн бүтнээрээ байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 3-5, 35-37 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Ширнэндорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Мөнгөнхүү манай байгууллагын зээлийн эдийн засагчаар ажиллаж байгаа. Шинэбаяр овогтой Хишигдэлгэр гэгч нь 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр тус байгууллагаас зээл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж залилан мэхлэх аргаар зээл аваад явсан. Мөнгөнхүү өргөдөл гаргахдаа буруу үг хэллэг хэрэглэсэн...” /хх 6 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Цасанхүүгийн мэдүүлэг /хх 7-9/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 19/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол /хх 71/, Э.Мөнгөнхүүгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 17, 76/, зээлийн гэрээ /хх 38-46/, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол /хх 55/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 65, 77/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /хх 71/, гэрлэлтийн лавлагаа /хх 75/, эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 86-87/, ажлын тодорхойлолт /хх 91/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 92/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Мөнгөнхүү нь “Ай Би И Капитал” ББСБ-ын барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн ажилтнаар ажиллахдаа 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ш.Хишигдэлгэртэй №16Г73 дугаартай Зээлийн гэрээг автомашин унаж явах нөхцөлтэйгөөр, 12 сарын хугацаатай байгуулан 4.500.000 төгрөгийг зээлсэн гэрээ байгуулсан байхад тэрхүү зээлээр өгсөн мөнгөө авах зорилгоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж буй эрүүгийн 201625021914 дугаартай хэрэгт хохирогчоор мэдүүлэхдээ “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилгын ажил дээр гадна фасадны ажил хийлгэх гэж тохиролцоод ажлын урьдчилгаа 4.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро молл их дэлгүүрийн зогсоол дээр Хишигдэлгэрийн автомашин дотор бэлнээр өгсөн боловч одоог хүртэл ажлаа хийхгүй алга болж намайг залилсан” гэж бодит байдлаас илт зөрүүтэйгээр зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь шүүгдэгч Э.Мөнгөнхүүгийн шүүхийн болон хэрэг бүртгэлтийн явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ш.Хишигдэлгэр, С.Ширнэндорж нарын мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 201625021914 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, шүүгдэгч Э.Мөнгөнхүүгийн эрүүгийн 201625021914 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтэнд хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Мөнгөнхүүг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Э.Мөнгөнхүүд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж харин түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэн үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Мөнгөнхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

            1. Чулуун овогт Энхболдын Мөнгөнхүүг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Э.Мөнгөнхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнгөнхүүд оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Мөнгөнхүү нь бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Мөнгөнхүүд оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хариуцуулсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Мөнгөнхүүд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДУЛАМСҮРЭН