Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00032

 

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2018/00032

 

 

 

Д.О ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.О  даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00166 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.О ийн нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О , нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Хүсэлт гаргагч Д.О  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэл 3-р багт 1985 оноос 1991 он хүртэл мал маллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн бөгөөд багийн хамт олон болон манай гэрийнхэн намайг Д гэж дууддаг байсан. Гэтэл цалингийн лавлагаа автал Д гэсэн нэрээр гарч ирсэн учир хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийг Д.О  болохыг тогтоож өгнө үү. Миний бие 8-р ангиа төгсөөд аав, ээжийн хамт мал маллаж нэгдлийн гишүүн болсон. Хөдөлмөрийн дэвтрийг багийн дарга маань хурааж аваад алга болсон. Иймд 1980 оноос 1989 онд малчнааар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00166 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Гойд овогт Далхын О ийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1980 оноос 1989 оныг хүртэл малчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.О ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О  давж заалдсан гомдолдоо:

Хүсэлт гаргагч Д. О  анхан шатны шүүхэд хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн боловч архивын лавлагаагаар Далхын Д гэж гарч ирсэнийг үндэслэн хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийг Далхын О  болохыг тогтоолгох, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсаныг тогтоолгох 2 шаардлага бүхий хүсэлт гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д. О  хүсэлтээ тодруулж малчнаар 1980-1989 онд ажиллаж байсаныг тогтоолгох тодруулга хийсэн нь хэргийн 21 дүгээр талд авагджээ. Д.О  энэхүү тодруулга болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад дээрхи 2 хүсэлтийн анхны шаардлага хүсэлтээс татгалзаагүй байхад түүний хөдөлмөрийн дэвтрийн эзэзмшигчийг Д.О  болохыг тогтоолгох хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан, энэхүү хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-д заасан шүүх хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэсэн заалтыг зөрчсөний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн талаархи баримтгүй байна гэж хүсэлтийн 2 дугаар шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгон дүгнэсэн боловч Д.О  нь хөдөлмөрийн дэвтрийг багийн Засаг дарга аваад алга болгосон гэж тайлбарладаг, хэргийн 7 дугаар хуудсанд Далхын Дуламцэндийн 1985-1989 онд малчин байсан цалингийн архивын лавлагаа авагдсан байна. Самдангийн Долгорын 1981.01.17-ны өдөр олгогдсон паспортад бичигдэх хүмүүс хэсэгт Далхын 5 хүүхдийн нэр бичигдсэн, түүний дотор Далхын Эюунчимэг 1965.04.24 -нд төрсөнөөр бичигдсэн, Далхын Д гэсэн нэр огт байхгүй нь хэрэгт авагджээ. Үүнээс үзэхэд Д. О ийн эх, Далхын нөхөр С.Долгор болох нь нотлогджээ. Иймд Иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.О  нь хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч болохыг тогтоолгох, 1980-1989 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдлийн 3 дугаар багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч Д.О ийн 1980-1985 онд мал маллаж байсан баримт хэрэгт авагдаагүй гэрч Т.Отгоны мэдүүлэг архивын баримтаас зөрүүтэй зарим гэрчүүдийн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлүүдээр малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О  нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох, 1980-1989 онд Булган аймгийн Хишиг Өндөр сумын Лениний зам нэгдлийн 3 дугаар багт малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан байхад шүүх малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасныг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О ийн дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.О ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.О

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ