Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/14

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох эрүүгийн 2305000002046 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. Тавилгын үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “******* *******” хотхоны ******* дугаар байрны ******* тоотод түр оршин суудаг, урьд

- ******* аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дууссан.

******* овогт *******ын ******* /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.******* нь: 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо “******* *******” хотхоны ******* дугаар байрны ******* тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.ийг “төрсөн өдрөөр мэнд хүргээгүй” гэх шалтгаанаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн...” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Ш.******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.ийг “төрсөн өдрөөр мэнд хүргээгүй” гэх шалтгаанаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун дээд, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******ын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэг,

2305000002046 дугаартай эрүүгийн хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед гэртээ хүрч ирэхэд манай нөхөр Ш.******* нь өөрийн цэргийн найзууд гэх 4 залуу, хамт ажилладаг гэх 1 нэг залуутай хамт гэртээ пиво болон сөжү уугаад байж байсан. Би гэртээ орж ирээд хүүхдээ аваад байж байхад цэргийн найзууд нь 00 цагийн үед маргааш ажилтай гэртээ харилаа гээд яваад өгсөн. Харин хамт ажилладаг залуу нь манай гэрт хоноод маргааш өглөө ажилдаа шууд явахаар болсон. Би нөхрийн хамт хажуу өрөөндөө ороод 2 хүүхдийн хамт унтахаар байж байхад манай нөхөр ******* надад хандаж чи миний төрсөн өдөр болж байхад юу ч хийж өгөөгүй гэж надтай маргаж хэрүүл өдөж байгаад 1 удаа алгадаад авсан. Би *******оос чи яаж байгаа юм бэ би чамд дарамтлуулж амьдарч чадахгүй шүү гэж хэлсэн чинь чи юу гээд байгаа юм гэж хэлээд миний зүүн шанаа хэсэгт 2 удаа цохиод толгой хэсэгт үргэлжлүүлэн нэг удаа цохисон. Энэ үед найз нь гэх залуу өрөөнд орж ирээд больцгоо юу болоод байгаа юм гэж хэлээд салгасан. Би өөрийн найз Хулан руу залгаж болсон үйл явдлын талаар хэлэхэд манай найз цагдаад дуудлага өгсөн. Удалгүй Ш.******* өөрийнхөө хувцсыг цүнхэндээ хийгээд явлаа гээд гараад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5-6 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээ хийгдсэн тэмдэглэл, /хх-ийн 11-13 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12883 дугаартай шинжээчийн:

“...М.ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 27-28 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг байхыг шаардана.

Шүүгдэгч Ш.******* нь хохирогч М.ийн биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт” бүхий гэмтлийг учруулсан болох нь хэргийн 27-28 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12883 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12883 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 9110 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Шүүгдэгч Ш.******* болон хохирогч М. нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хүү *******ын Батсуурь, охин *******ын Төгсжаргал нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 16 тал/ хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр   тогтоогдсон тул шүүгдэгч, хохирогч нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ш.*******ын үйлдсэн “...2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо “******* *******” хотхоны ******* дугаар байрны ******* тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.ийг “төрсөн өдрөөр мэнд хүргээгүй” гэх шалтгаанаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн тухайд

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хагалгаа хийлгэх зардал болон эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт нийт 4.797.650 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Ш.******* нь хохирогч М.ийн дансанд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн, хохирогч М. нь мөн өдрөөс эхлэн эмчилгээ үйлчилгээ эхлүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  гэж шүүх дүгнэв.

Хохирогч М. нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол хор уршигт 4.797.650 төгрөг нэхэмжилснээс 554.250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  баримтаар нотолж хэрэгт хавсаргасан, үлдэгдэл 4.243.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь ирээдүйд гарах эмчилгээний төлбөрт нэхэмжилсэн байсан болохыг дурдаж байна.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Хүрэлбаатарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.*******од оногдуулсан торгуулийн ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

    Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.*******ыг 600 /зургаан зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэг Ш.*******од оногдуулсан торгуулийн ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Хохирогч М. нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол хор уршигт нийт 4,797,650 /дөрвөн сая долоон зуун ерэн долоо мянга зургаан зуун тавь/ төгрөг нэхэмжилж, шүүгдэгч Ш.******* нь төлсөн  байх тул  түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЧИМЭГ