| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00762/и |
| Дугаар | 00752 |
| Огноо | 2020-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 00752
| 2020 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2020/00752 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, М.Дын нэхэмжлэлтэй, Б.Эт холбогдох 5,232,500 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.М, нэхэмжлэгч М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д нь иргэн Б.Этэй 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2,300,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 10% хүү төлөхөөр, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5%-р бодож алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан.Зээлийн гэрээний хугацаа дуусч Б.Эээс мөнгө нэхэхэд тохиролцсон хугацаандаа мөнгө өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу Б.Эийн авсан зээл болох 2,300,000 төгрөг, зээлсэн 2,300,000 төгрөгний сар бүрийн 10% хүү 2,760,000 төгрөг, зээлийг хүүгийн хамт төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5% алданги 172,500 төгрөг нийт 5,232,500 төгрөгийг /таван сая хоёр зуун гучин хоёр мянга таван зуун / төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү. Би хариуцагчтэй хамт Стандартчилал хэмжил зүйн газарт ажилладаг байсан. Би анх Эрдэнэцэцэгт итгээд мөнгө өгчихсөн. Тэгээд нэхээд өгөхгүй болохоор нь энэ гэрээг сүүлд нь нөхөж хийсэн юм. Шүүхэд өгөхөд гэрээгүй бол болдоггүй гэж сонсоод гэрээ хийсэн юм. Гэрээг хийхдээ 2020 оны 7 сарын 5-нд миний мөнгийг өгөх юм бол хүү авахгүй гэж байсан. Харин хугацаа хэтэрбэл хүү авна гэж тохирсон юм.
Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 09 сарын 24-ний өдөр гардаж авсан ба хариу тайлбараа ирүүлээгүй байна.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Б.Эт 2019 оны 06 сарын 25-ны өдөр 2300000 / хоёр сая гурван зуу/ төгрөг зээлүүлсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг амаар байгуулсан байна.
Зээлдэгч Б.Э нь тохирсон хугацаандаа зээлээ эргэн төлөөгүй учир зээлдүүлэгч М.Д нь үндсэн зээл 2300000 төгрөг, зээлийн хүү 2760000 төгрөг, алдангий 172500 төгрөг нийт 5232500 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрлэх маргаан мөн байна.
Нэхэмжлэгч М.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээг анх мөнгөө зээлүүлэхдээ байгуулаагүй, сүүлд мөнгөө өгөхгүй болохоор нь нөхөж байгуулсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж ту тус зохицуулсан ба анх мөнгө шилжүүлэхдээ буюу мөнгө зээлүүлэхдээ бичгээр гэрээ хийгээгүй байх тул хүү болон алданги авах эрхээ алдсан байна. Өөрөөр хэлбэл талууд анх мөнгө өгч авалцахдаа гэрээг бичгээр хийгээгүй байх тул хүү, алданги шаардах эрхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2300000 төгрөгийг гаргуулж, хүү, алданги болох 2932500 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хуульд заасан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох үүргээ шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 98670 төгрөг төлсөн ба энэ 98670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2300000 төгрөгт ногдох 51750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Б.Эээс / / зээл 2300000 / хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 2760000 төгрөг, алданги 172500 төгрөг, нийт 2932500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 98670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эээс 51750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Дд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ