Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 00753

 

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2020/00753

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан хуралдаанаар  Н.М / /-ийн нэхэмжлэлтэй,  Э.Г / /-д холбогдох, эцэг тогтоож, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  08 дугаар 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00751/И индекстэй  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н, нэхэмжлэгч Н.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь Н.Мнь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М миний бие нь Э.Гтой анх 2015 онд танилцаж үерхэж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр охин М.Хтөрсөн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас охиноо өөрийнхөө овгоор овоглосон. Гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн нэгнийхээ эцэг эхийн гэрт ирж очин амьдардаг байсан. Э.Г надад болон үр хүүхэддээ анхаарал халамж бага тавьдаг. 2015 онд танилцсан цагаасаа хойш байнгын гэр бүлээс өөр харилцаа үүсгэдэг байсан. Цагдаагийн байгуулагад шалгуулж байгаагүй ч гэсэн 2018-2019 оны хооронд байнгын гар хүрч зоддог байсан. 2019 оны зун архины шилээр намайг цохиж би эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэснээс хойш дахиж зодоогүй. 2020 оны 7 дугаар сарын 06-ны үед би бага охиноо нүдний хялмангийн эмчилгээнд аваад хот яваад ирсэн. Тухайн үед би нөхөртэйгөө хэрүүл маргаан хийгээгүй байсан. Тухайн үед манай нөхөр нэг хүүхэнтэй явдаг байсан. Манай хадам ах, эгч нар намайг хот явсны араар нөгөө хүүхнийг гэртээ оруулаад авсан байсан. Би охинтойгоо хамт очиход ах ,дүү, найз нарынх нь хажууд гэрээс нь хөөгдөөд гарсан. Хадмынхаа хашаанд тэр хүүхэнтэй хэрэлдээд тэр хүүхнээр зодуулсан. Манай эцэг, эх мэдээд ийм амьдрал гэж байхгүй. Шүүхээр ороод хүүхдийнхээ тэтгэмж аваад сал гэсэн. Нэг хүүхэнтэй холбогдож байгаа хэрэг биш. 3-4 дэх удаагийн үйлдэл нь болж байгаа. Болохоо байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүүхдэдээ анхаарал тавьдаггүй. Гэр бүлээ гэсэн сэтгэл байхгүй. Байнга архи уудаг. Эцэг, эх, ах, дүү нар нь ч тоохгүй 5-6 жил болж байхад гэр орныг нь бэлдэж өгөөгүй. Надтай суулгахгүй гэдэг. Би тийм хүнтэй амьдраад яахав. Хүүхдийн тэтгэмж гаргуулах саналтай байна гэв.

Хариуцагч Э.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Н.Мгийн нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Би Улаанбаатар хот руу явах шаардлагатай болсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцох бололмжгүй тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Н.Мнь хариуцагч Э.Год холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 22-нд төрсөн охин М.Хгийн эцэг нь мөн болохыг тогтоолгох, хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцэг Э.Гоос тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Зохигчидын дундаас 2018 оны 09 дүгээр сарын 22-нд төрсөн охин М.Хболох нь түүний төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэргээр, охин нь эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2-1 тоотод оршин суудаг болох нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 584 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-8 дүгээр тал

2018 оны 09 дүгээр сарын 22-нд төрсөн охин М.Хг эхийнх нь асрамжинд өгөх, тэтгэлэгийн талаар харицагч нь маргахгүй байх тул Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Э.Гоос хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжлэлтэй Э.Год холбогдох эцэг тогтоож, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Гоос 33,840 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 22-нд төрсөн охин М.Х/ /-ийн эцэг нь Э.Г / / мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 22-нд төрсөн охин М.Хг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг  Э.Гоос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжлэлтэй Э.Год холбогдох эцэг тогтоож, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Гоос 33,840 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Эцэг, эхийн үүргээ зохих ёсоор биелүүлж байхыг эцэг Э.Г, эх Н.Мнарт үүрэг болгож, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг  эх Г.Б-д үүрэг болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ