| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00518/и |
| Дугаар | 00754 |
| Огноо | 2020-10-29 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 00754
| 2020 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2020/00754 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар, И.Н / /-ын нэхэмжлэлтэй И.Эын эх байх эрхийг хасуулах хүүхдийн мөнгө авдаг эрх болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 153/2020/00518и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М нэхэмжлэгч И.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн хүү Э нар нь 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр С.Н гэх охин төрүүлсэн ба миний хүү Б.С нь 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Энэ үед охин С.Н нь 9 сартай байсан ба эцэг Б.Сыг нас барснаас хойш эх И.Э нь охин С.Ныг миний асрамжид үлдээж, хаяж явсан ба одоо Улаанбаатар хотод өөр хүнтэй гэр бүл болж, хамтран амьдарч байгаа. 9 сартай хаягдаж үлдсэн С.Ныг одоо хүртэл миний бие асран амгаалж, тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлсээр өдийг хүрсэн ба эх И.Эыг эргэж ирэхгүй болохоор нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/145 дугаартай захирамжаар эмэг эх И.Н би 3 Нандинжаргалын асран хамгаалагчаар тогтоогдсон.
Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг байхаар, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг ч эх И.Э нь охин С Нандинжаргалыг 9 сартайд нь хаяж явснаас хойш нэг ч удаа эргэж тойрч, асран = эмгаалж, мөнгөний тусламж үзүүлж байгаагүй бөгөөд Үндсэн хууль болон Гэр сүлийн тухай хуульд заасан үүргээ ноцтойгоор зөрчиж, хүүхдээ тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийж өдийг хүрсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх нь шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байхаар, Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар тогтоолын 19 дэх заалтад Гэр бүлийн тухай хуулийн 27, 29, 30, 32 дугаар зүйлүүдэд заасан эцэг, эх байх эрхийг хязгаарлах, мөн хязгаарласныг хүчингүй болгох, хасах, сэргээх асуудлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан гэж заасны дагуу мөн Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн хүний эцэг, эх байх эрхийг хасаж болно гэсэн тул асран хамгаалагч И.Н миний бие нь шүүхэд И.Эын охин С.Нын эх байх эрхийг хасуулахаар хүсэлт гаргаж байна. И.Эын эх байх эрхийг хассан тохиолдолд охин С.Нын тухайд улсын бүртгэлд зохих өөрчлөлт орж бүтэн өнчин үндэслэлээр нийгмийн хамгааллын тусламж дэмжлэг авах эрх үүсэх болно. Мөн И.Э нь охин Нандинжаргалд нэг ч удаа мөнгөний тусламж үзүүлж байгаагүй бөгөөд төрөөс олгодог хүүхдийн мөнгө тэжээгчээ алдсаны мөнгийг ээж нь авдаг. Сүүлд суусан хүнээсээ хоёр хүүхэдтэй болсон боловч хоёр хүүхдээ нөхрийнхөө ээжид нь хөдөө аваачиж өгчхөөд нөхрөөсөө салаад явчихсан гэсэн сураг сонсогдсон боловч одоо хаана юу хийж байгаа нь тодорхойгүй байна. Хүүхэдтэйгээ огт холбоо барьдаггүй, хүүхэд нь ээжийгээ санаад байна гээд асуугаад байдаг. Одоо би охиноо өөрийнхөө нэр дээр аваад тэжээгчээ алдсаны тэтгэмж болон хүүхдийн мөнгийг шилжүүлэн авч, И.Эын эх байх эрхийг хасуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Н миний бие нь шүүхэд И.Эын охин С.Нын эх байх эрхийг хасуулах, төрөөс олгодог мөнгө болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийг охин С.Нд олгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Учир нь 2013 оны 06 сарын 13-нд төрсөн охин С.Н нь Б.С, И.Э нараас мэндэлсэн болох нь 000984128 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Эцэг Б.С нь 2014 оны 03 сарын 15-ны өдөр нас барсан болох нь Нас барсны бүртгэлийн лавлагаагаар, эх И.Н нь охин С.Ныг асарч хамгаалдаггүй, өсгөдөггүй буюу Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эхийн үүргээ биелүүлдэггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт, мөн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 05 сарын 03-ний өдрийн А/115 дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1- д Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэж зохицуулсан байх тул И.Эын эх байх эрхийг хасах хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл И.Э нь охин С.Ныг 9 сартай байхад нь авга эмээ И.Нд орхиж явсанаас хойш одоо 7 настай болтол нь огт уулзаагүй, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар И.Эыг гуравдагч этгээдээр татаж дуудсан боловч шүүхэд ирээгүй, байгаа газар нь тогтоогдохгүй байгаагаас дүгнэхэд охин С.Ныг эхийн ёсоор хайрлаж, хуульд заасан болон хүний ёсны үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэхээр байна. Иймд И.Эыг охин С.Нын эх байх эрхийг хасах нь зүйтэй байна.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор хуульчилсан ба мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.16-д энэхүү мөнгөн тэтгэмжийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгоно гэж тус тус хуульчилсан байх тул хүүхдийн эрх ашгийн үүднээс С.Нд төрөөс олгодог мөнгөн тэтгэмж болон тэжээгчээ алдсан тэтгэмжийг түүнийг асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж байгаа И.Нд олгож байх нь зүйтэй байна гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-д зааснаар 2013 оны 06 дугаар сарын 11-нд төрсөн охин С.Нын эх байх И.Эын эрхийг хассугай.
2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар С.Нын тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эрхийг асран хамгаалагч И.Нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ