Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 00755

 

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2020/00755

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар  В.М //-ын нэхэмжлэлтэй,  Л.Ж/ /-д  холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, төрөөс өгдөг хүүхдийн мөнгөний дансыг эхийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны  05 дугаар 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00491/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч Л.Ж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.М миний бие нь 2015 онд Лхагвасүрэнгийн Жтай гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. 2017 оны 08 дугаар сарын 18-нд хүү Жовогтой Анхтэргэл төрсөн. Гэр бүл болсноос хойш бид мал маллаж амьдарч байсан. Биднийг гэр бүл болоход Л.Жын эцэг эх 6 ханатай гэр бэлдэж өгсөн. Монгол ёс заншлаараа гэр бүл болоход манай аав ээжийн зүгээс айлд бэр болж очиход хэрэгтэй тавилга хэрэгсэл болон бусад зүйлсийг бэлдэж өгсөн. Мөн миний өмч болгож 101 толгой бог малыг өгсөн. Бид гэр бүл болсноос хойш Л.Жнь зарим үед шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Бид 2-ын зүгээс шалтгаалсан үл ойлголцол гардаггүй байсан бөгөөд Л.Жын ар гэрийн зүгээс шалтгаалан маргаан гарах болсон. Миний хүү төрснөөс хойш 2 сартай байхдаа Нүдний хорт хавдар гэсэн онош тогтоогдож Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай болсон. 2017 онд онош тогтоогдонгуут би хүүгээ аваад Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Тэр үед нэг нүдийг нь яаралтай мэс заслын аргаар авах шаардлагатай байна. Нөгөө нүд нь зохих хэмжээгээр харах боломжтой гэж эмч нар хэлж байсан. Тэр үед хагалгаанд ороход эцэг эхийн зөвшөөрөл хэрэгтэй талаар эмнэлэгийн зуээс мэдэгдсэн. Л.Жболон түүний гэр бүлийн зүгээс хүүхдийн нүдийг авах мэс засал хийхийг зөвшөөрөхгүй гэсэн. Ингээд би хүүгээ эмнэлэгээс гаргаж аваад Ховд аймгийн Дарви суманд гэртээ ирсэн. Хүү Ж.А маш их зовиур өвдөлттэйгээр, байнгын өвчин намдаах эмээр 1 жил 7 сарын хугацааг өнгөрөөсөн. Хүүгийнхээ байнгын шаналал зовиурыг харахад хэцүү байсан учраас би хадам аав, ээж болон нөхрийн эсэргүүцлийг сөрж өөрөө шийдвэр гаргаж хүүгээ аваад эмчилгээнд явсан. 2019 оны 03 сард Улаанбаатар хотын Эх нялхсын төвд очиж үзүүлэхэд хорт хавдар байна. 2 нүдийг хоёуланг нь авах шаардлагатай болсон байна. Хавдрыг бусад эрхтэнд нөлөөлөхөөс өмнө яаралтай мэс засал хийлгэх хэрэгтэй. Цаг хугацаа их алдсан байна. Өвчнийг хүндрүүлсэн байна гэсэн. Ингээд би хүүгийнхээ амийг аврахын тулд мэс засалд оруулахаар шийдсэн. Эмнэлэгийн зүгээс Л.Жыг дуудаж гарын үсэг зуруулсан. Ингээд хүү маань хагалгаанд орж 2 нүдийг нь авсан. Хагалгааны дараа химийн эмчилгээнд 6 сар орсон. Түүнээс хойш байнгын эмчилгээ, шинжилгээ хийлгэж байгаа бөгөөд 100 хувийн групп тогтоогдож байнга асрамжид байгаа. 2019 онд хүүгээ хагалгаанд оруулснаас хойш бид тусдаа амьдрах болсон бөгөөд Л.Жбид 2-ыг хайхрахаа больж, амьдарч байсан гэрээ хураагаад аавынхаа амбаарт хийсэн байсан бөгөөд малаа мөн аавынхаа малд нийлүүлсэн байсан. Энэ үеэс хойш хүү бид 2-т эдийн засгийн ямар нэгэн тусламж үзүүлээгүй. Холбоо барихаа больсон. Би одоо хүүгийн хамт Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байна. Байнгын хяналтад байх шаардлагатайн улмаас тэнд байгаа. Хүүгээ хараагүйчүүдийн тусгай цэцэрлэгт явуулж нийгэмтэй хөл нийлүүлж амьдрах чадвартай болгохоор өөрийн зүгээс чадах зүйлээ хийж байгаа. Миний бие нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандсан бөгөөд Л.Жнь эвлэрлийн уулзалтад ирэхдээ Эвлэрэх боломжгүй. Цаашид хамт амьдрах боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэр бүл болоход хадам аав ээжийн зүгээс амьдрахад зориулж гэр бэлдэж өгсөн. Энэ гэртээ Л.Жамьдрана биз дээ. Цаашид хүү минь насан туршдаа эмчийн хяналтад байнгын эмчилгээ асаргаанд байх шаардлагатай байгаа тул миний аав ээжийн надад өмч болгон өгсөн 101 толгой бог малыг гаргуулж авна. Хүү Ж.Ад улсаас олгодог хүүхдийн мөнгө Л.Жын нэр дээр ХААН банкаар дамжуулан олгогдож байгаа. Хүүхдийн мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авна.

Иймд В.М, Л.Ж бидний гэрлэлтийг цуцалж, 2017 оны 08 сарын 18-ны өдөр төрсөн / / Ж.Аийг эх В.М миний асрамжид үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэжээн тэтгэх тэтгэлгийг хариуцагчаас гаргуулж, дундын өмчлөлийн хөрөнгөнөөс 101 толгой малыг хариуцагчаас гаргуулж, хүү Ж.Аийн ХААН банкаар дамжуулан Л.Жын нэр дээр олгогддог хүүхдийн мөнгийг эх В.Мын нэр дээр болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би В.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Шүүх хуралдаанд ирж чадахгүйгээ нэхэмжлэл дээрээ бичсэн байгаа. Энэ хоёр гэр бүл болоод нэг хүүтэй болсон хүү нь нүдний хорт хавдартай гэсэн оноштой бөгөөд хоёр нүдээ авахуулсан хараагүй хүүхдээ асарч харахын тулд энд ирж шүүх хуралдаанд оролцож чадахгүй гэдгээ илэрхийлсэн. В.М Л.Жнар 2015 онд гэр бүл болсон. Айл гэр болоод сайхан амьдарч байсан. Жадамбын ар гэрээс энэ хоёрын амьдрал руу их ордог гэж байгаа. Ж, М хоёрыг хооронд нь яриулсан. М огт эвлэрч чадахгүй, амьдрах гэж их хичээсэн учраас гэрлэлтээ цуцлуулна гэж байсан. Тэрнээс биш Л.Ж  В.М хоёр хоорондоо бол хэрэлдээд байдаггүй гэсэн. Мын хувьд эвлэрэхгүй гэдэг байр суурьтай байгаа Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч энэ хоёр эвлэрч чадаагүй. Л.Жд 5 нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.

Хариуцагч Л.Жшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эвлэрүүлэх хугацаанд уулзах гэж нилээн явсан. Чамтай уулзахгүй ярих юм байхгүй гээд огт уулзаагүй утсаа ч авахгүй байгаа. Хүүгийнхээ овгийг солиулахгүй өөрийнхөө овогоор овоглож явах хүсэлтай байна. В.Мын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. 101 толгой мал дээрээ эвлэрч байгаа... гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.М нь хариуцагч Л.Жд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс 101 бог мал гаргуулах, төрөөс өгдөг хүүхдийн мөнгөний дансыг эхийн нэр дээр шилжүүлэх тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү Ж.А төрсөн болох нь №8413000043 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 7,9 дүгээр тал/

Нэхэмжлэгч В.М, хариуцагч  Л.Жнар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод тусдаа амьдарч байгаа, шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрч чадаагүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид нь дараах нөхцөлөөр эвлэрч эвлэрийн гэрээ байгуулжээ. Үүнд:

1.Хариуцагч Л.Жнь 101 толгой малд 20 толгой нас гүйцсэн эм ямаа, 21 толгой нас гүйцсэн эр хонь, 30 толгой шүдлэн, 30 толгой төл мал өгөхөөр,

2.Хүү Ж.Ад төрөөс олгодог, хүүхдийн мөнгөн тэтгэлэмжийн хадгаламж болон цаашид тэтгэлэг авах эрхийг нь эх В.Мын нэр дээр шилжүүлэх,

3.Энэхүү асуудлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй бололхыг ойлгож, зохигчид эвлэрлийн гэрээнээс гарах үр дагаврыг ойлгож, гадны ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2017 оны 08 сарын 18-ны өдөр төрсөн хүү Ж.Аийг өссөн орчин  болон  хүүхдэд тавих  эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх В.Мын асрамжид үлдээж, эцэг  Л.Жас  хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан  хүү Ж.Аийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Ж.Аийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Л.Жын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Л.Жнь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх В.М нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Мт олгохоор тогтов.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч В.Мт, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Л.Жд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар  Л.Ж/ /,  В.М / / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү Ж.Аийг эх В.Мын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү Ж.Аийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг  Л.Жас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч Л.Жнарын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Л.Жд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч В.М нарт  тус тус даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Л.Жас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Мт  олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Э-д  даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч В.М, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Л.Жнарт тус тус мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ