Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 746

 

Д.Чад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Туяана,

шүүгдэгч Д.Ч,

хохирогч Ч.Оюунтунгалаг, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Чад холбогдох эрүүгийн 2008005230385 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

..................., 19..... оны ...... дугаар сарын ......-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, “Касио” ХХК-ийн “Ану” зочид буудлын “Дөлгөөн нуур” цайны газрыг түрээслэн ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 12а байрны 63 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

 

Д.Ч нь 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ану” зочид буудал дотор иргэн Ч.Оюунтунгалагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжин тус газар нь цохиж эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 11 дүгээр хавирганы цууралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ..............ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Чыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чаас 175.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Оюунтунгалагт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ч.Оюунтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ч нь намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зодож цээжний зүүн талын 11 дүгээр хавиргыг цуулсан бөгөөд үүнийхээ төлөө мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд огт уучлалт гуйгаагүй бөгөөд шүүхийн шатанд хүртэл өөрийнхөө бурууг огт хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл шүүх хуулинд заасан хамгийн бага ялыг оноож 600.000 төгрөгөөр торгосонд маш их гомдолтой байна. Миний бие Д.Чад зодуулсны улмаас удаан хугацаанд сэтгэл санаа болон эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай байсан. Одоо ч сэтгэл санаа тийм сайнгүй байна. Цээжний гэмтэл бүрэн эдгээгүй бөгөөд огцом хөдлөхөд өвдөлт өгсөн хэвээр байна. Би шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ч нь “Касио” ХХК-ийн “Ану” зочид буудлын “Дөлгөөн нуур” цайны газрыг түрээслэн ажиллуулдаг, мөн тэтгэвэр авдаг санхүүгийн эх үүсвэртэй байхад шүүх ийм бага дүнгээр торгосон нь үйлдсэн хэрэгт нь оноосон ял хөнгөдсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Би Д.Чаас эмчилгээний зардалд 1.092.830 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх 175.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэж үзэж, 175.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна. Дээрх гэмтлийн улмаас хугарсан хавирганы дотор талд зүүн талын плевирын хөндийн урд зайд шингэн хуралдсан тул эмийн болон бариа заслын эмчилгээг хийлгэсэн бөгөөд энэ тухай хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Гэтэл шүүх эмчилгээний зардлыг гаргах үндэслэлгүй гэж шийдсэнд маш их гомдолтой байна. Шүүх шударга ёсны зарчмыг алдагдуулж, хууль зөрчиж Д.Чад ял завшуулж байна. Шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлгүй байна. Маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлж тохирсон ялыг нь Д.Чад оноож гомдол болон хохирлыг минь барагдуулж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Ч.Оюунтунгалагийн өмгөөлөгч Г.Бат-Отгон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчоос гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн эмчилгээний зардал буюу материаллаг хохирол, сэтгэл санааны хохирол барагдаагүй байхад анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж Д.Чад 600,000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч намайг хэт гүжирдөж байгаад гомдож байна. Би хохирогчтой эв зүйгээ олж зөвшилцөх гэж явсан болохоос маргалдах гэж яваагүй. Би насаараа хөдөлмөрлөж байгаа бөгөөд тэтгэвэр авдаг ам бүл гурвуулаа амьдардаг. Тухайн газартаа түрээсийн төлбөр төлж хэдэн хүн цалинжуулж ажилладаг. Би үнэний төлөө байя гэж бодсон.” гэв.

 

Прокурор Д.Туяана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх нотлох баримтуудад тулгуурлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Чад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

 

Д.Ч нь 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ану” зочид буудал дотор иргэн Ч.Оюунтунгалагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжин тус газар нь цохиж эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 11 дүгээр хавирганы цууралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ч.Оюунтунгалагийн “...Тэгсэн 5 минутын дараа цайны газар ажиллуулдаг Чулуунбат эгч доороос хашгираад дээшээ гараад ирэхээр нь би дотогшоо оруулахгүй гээд хаалгаа хаах гэтэл зүүн хавирга хэсэг рүү гараараа нилээн хүчтэй нэг удаа цохисон. ...” /хх 26/,

 

гэрч Б.Тунгалагийн “...Доор байдаг цайны газрын эмээ Чулуунбат дээшээ аймар ууртай манай буудал руу гарч ирээд зохион байгуулагч Оюунтунгалагийг “нааш ир” гэж дуудсан. Оюунтунгалаг очсон чинь аяга тавагны хэрүүл хийж байснаа Чулуунбат эмээ Оюунтунгалагийн цээжний зүүн хэсэг орчим руу гараараа нэг цохиод авсан. Оюунтунгалаг сонин авиа гаргаад “намайг цохичихлоо, цагдаа дуудая” гээд цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 32/ гэх мэдүүлгүүд,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1450 дугаартай “...Ч.Оюунтунгалагийн биед цээжний зүүн талын 11 дүгээр хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 13-14/ гэх дүгнэлт,

 

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 37-40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Чын иргэн Ч.Оюунтунгалагтай маргалдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хохирогч Ч.Оюунтунгалагийн хохирлыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн байна. Тухайлбал, хуульд заасан шаардлага хангасан хэргийн 9, 10, 60, 61, 95-100 дугаар /790.000 + 175.000 + 19.200 + 7.524 + 4.200 + 15.100 + 16.000 + 3.800 + 6.800 = 1.037.624 төгрөг/ талд авагдсан баримтуудаар нэхэмжилсэн эмчилгээнд зориулж зарцуулсан төлбөрийг гаргаагүй байгааг гаргуулах нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Чын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн болон насны байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээгээр ял оногдуулсныг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хүндрүүлэх хуулийн үндэслэлгүй байна.

 

Иймд хохирогч Ч.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлын “...хохирлыг минь барагдуулж өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чаас 175.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Оюунтунгалагт олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чаас 1,037,624 төгрөг гаргуулж хохирогч Ч.Оюунтунгалагт олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ

 

 

      ШҮҮГЧ                                                      Д.МЯГМАРЖАВ