Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2026/0624

 

 

                                 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: “Б” ХХК

          Хариуцагч: Оюуны өмчийн газрын дарга

          Гуравдагч этгээд: “Г” ХХК

          Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаар тушаалаар “Г” ХК-д олгосон улсын бүртгэлийн 40-0030***, 40-0030*** дугаар гэрчилгээг болон уг тушаалын “Г” ХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах" тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0440 дүгээр шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.О

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Г.Б, Г.Д, Б.О

          Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

          Хэргийн индекс: 128/2025/0218/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан "Оюуны өмчийн газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаар тушаалаар “Г” ХК-д олгосон улсын бүртгэлийн 40-0030***, 40-0030*** дугаар гэрчилгээг болон уг тушаалын “Г” ХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах"-аар маргасан.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0440 дүгээр шийдвэрээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан "Оюуны өмчийн газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаар тушаалын “Г” ХК-д холбогдох хэсэг болон түүнийг үндэслэн олгогдсон улсын бүртгэлийн 40-0030***, 40-0030*** дугаар гэрчилгээнүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

              3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1 Хэргийн үйл баримтыг буруу тогтоосон тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасан. Энэ зохицуулалт агуулга нь шүүхийн шийдвэрт маргааны үйл баримтыг үнэн зөв тогтоож, маргаанд хэрэглэх хуулийг зөв хэрэглэсэн байх агуулгыг илэрхийлнэ. Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2020 оноос үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн барааны тэмдгийг 1957 оны Ниццийн хэлэлцээрээр баталсан “Бараа, үйлчилгээний олон улсын ангилал"-ын 18, 25, 35, 37, 40, 41, 42, 43, 44 дугаар ангилалд бүртгүүлэхээр 2024 оны 07 сарын 18-ны өдөр мэдүүлэг гаргасан. Харин гуравдагч этгээд "Г” ХК нь нэхэмжлэгчийн ашиглаж байсан тэмдэгтэй ижил төстэй барааны тэмдгийг оюуны өмчийн газарт бүртгүүлэхээр 2024 оны 05 сарын 28-ны өдөр яаралтай журмаар мэдүүлэг гаргасан байдаг. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-д “Энэ хуулийн 7.10-т заасны дагуу нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт анхдагч огнооноос хойш гурван сарын дотор сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаж болно.” гэж заасны дагуу гуравдагч этгээдийн мэдүүлсэн барааны тэмдгийг эс зөвшөөрч 2024 оны 07 сарын 29-ны өдөр эсэргүүцэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “Нэхэмжлэгчээс мөн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дахин эсэргүүцлийг гаргажээ.” гэж дүгнэсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хуулийн этгээд 2024 оны 08 сарын 15-ны өдөр дахин эсэргүүцлийг гаргасан талаарх баримт байхгүй болно. Тодруулбал, анхан шатны шүүх эсэргүүцэл гаргасан хугацаа буюу маргааны үйл баримтын талаар буруу дүгнэлт өгсөн байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4-т заасан зохицуулалтын агуулга нь иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан тохиолдолд түүнийг ашигласан тооцох агуулгатай байна. Энэ хэргийн тухайд барааны тэмдгийг хэзээ ашигласан талаарх үйл баримт ач холбогдолтой тул энэ үйл баримтыг тогтоох шаардлагатай байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хэзээ маргаан бүхий барааны тэмдгийг ашиглаж эхэлсэн талаарх үйл баримтыг дүгнээгүй буюу тогтоогоогүй байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Б” ХХК нь өөрийн барааны тэмдгийг 2020 оноос хойш үйл ажиллагаандаа ашигласан байсан нь “З" ХХК-тай байгуулсан 2020 оны 08 сарын 05-ны өдрийн №3/20 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2021 оны 06 сарын 03-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн албан бичиг¹, 2021 оны 06 сарын 23-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамгын газарт хүргүүлсэн хүсэлт, 2021 оны 07 сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст хүргүүлсэн албан бичиг зэргээр тогтоогддог.

3.2 Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-д Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасныг үндэслэн хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх хуулийн заалтаас үзвэл хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаад хоёулаа мэдүүлэг гаргасан бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдахаар байх бөгөөд маргааны тохиолдолд энэ заалтыг хэрэглэх боломжгүй. Учир нь гуравдагч этгээд “Г” ХК нь мэдүүлэг гаргахдаа маргаан бүхий барааны тэмдгийг ашиглаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт энэ асуудлаар маргадаггүй.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т "Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар.... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 0951 дугаартай тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: "Мөн үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байгаа. Эхэлж ашигласан, ашиглаагүй гэдэг дээр маргадаг. “Г” ХК нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс маргаан бүхий барааны тэмдгийг ашиглаж эхэлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор “Г” ХК-ийн цахим хуудаст үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байна.” гэхэд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц: барааны тэмдгийг 07 дугаар сарын 02-ны өдөр ашиглаж эхэлсэн гэдэгтэй холбоотойгоор маргадаггүй, зөвшөөрчихсөн” гэжээ.

Дээрх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох бөгөөд гуравдагч этгээд маргаан бүхий барааны тэмдгийг мэдүүлэг гаргасан үедээ бус 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч ашиглаж эхэлсэн хугацааны талаар маргаагүй байна. Оюуны өмчийн газрын шинжээчийн 2024 оны 09 сарын 25-ны өдрийн гуравдагч этгээд “Г” ХК-ийн мэдүүлсэн 2 барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хэсэгт захиргааны акт мөн болох талаар дүгнэсэн байна. Тухайлбал, “дээрх дүгнэлт нь тусдаа бие даасан, маргаан бүхий асуудлын тухайд шууд эрх зүйн үр дагавар үзүүлсэн захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчээс уг дүгнэлттэй маргаагүй байх бөгөөд дүгнэлт хүчин төгөлдөр болсон байна." гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д "Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана." гэжээ. Энэ зохицуулалтаас үзвэл барааны тэмдэг хуулийн шаардлагыг хангасан эсэх талаар шинжээч урьдчилж дүгнэлт гаргах ба тухайн дүгнэлтийг үндэслээд барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх эсэхийг Оюуны өмчийн газрын дарга шийдвэрлэхээр байна.

Энэ дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын захиргааны байгууллага, гадагш чиглэсэн, зохицуулалт агуулсан байх, захирамжилсан байх шинжийг хангахгүй бөгөөд харин тухайн дүгнэлтэд үндэслэн гарсан барааны тэмдэг бүртгэх, бүртгэхээс татгалзах шийдвэр нь захиргааны акт болно. Өөрөөр хэлбэл, маргааны тохиолдолд Оюуны өмчийн газрын даргын 2024 оны 09 сарын 30-ны өдрийн А/*** дугаар тушаал, барааны тэмдгийн гэрчилгээ зэрэг нь захиргааны акт болох тул шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хэсэг хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн мэдүүлсэн барааны тэмдгийг 2020 оноос хойш хэрэглэгчдэд танил болсон нийтээр мэдэх барааны тэмдэг бөгөөд энэ талаарх хариуцагч болон гуравдагч этгээдээс маргаагүй билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасан.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцын 6 bis зүйл тэмдэг: нийтээр мэдэх барааны тэмдэг (1) Холбооны гишүүн орон, тэмдгийг хэрэглэж байгаа буюу тэмдгийг бүртгэсэн орны эрх бүхий байгууллагын тодорхойлсноор конвенцийн давуу эрхийг эдлэгч этгээдийн өөрийн буюу адил төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг тухайн улсад нийтээр мэддэг болсон тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц ба тэмдгийг дуурайлган үйлдсэн, хуулбарласан, орчуулсан барааны тэмдгийг сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу эсхүл тухайн орны хууль тогтоомжоор зөвшөөрч байвал хэрэглэхийг хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах үүрэг хүлээнэ......" гэжээ. Энэ конвенцын агуулга нь бүртгэлгүй боловч нийтэд танигдсан барааны тэмдгийг хамгаалах агуулгыг илэрхийлж байна. Тодруулбал, нэхэмжлэгч этгээд маргаан бүхий барааны тэмдгийг 2020 оноос хойш ашигласан, тухайн барааны тэмдэг нь нийтэд танигдсан барааны тэмдэг болсон тул гуравдагч этгээд барааны тэмдэг гаргасан эсэхээс үл хамааран барааны тэмдэг хамгаалагдана гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Нийслэл дэх анхан шатын шүүхийн 2026 оны 05 сарын 06- ны өдрийн 128/ШШШ2026/0440 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

          2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          3. Барааны тэмдгийг бүртгүүлэхтэй холбоотой харилцаа, маргааны тухайд “First-to-file”  зарчим үйлчилнэ. Энэ тохиолдолд мэдүүлэг гаргасан огноо чухал ач холбогдолтой.

          4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар гуравдагч этгээд “Г ХК-аас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Оюуны өмчийн газарт    дүрс бүхий барааны тэмдгүүдийг яаралтай журмаар бүртгүүлэхээр мэдүүлэг гаргажээ.

         

          5. Харин нэхэмжлэгч “Б” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дээрх дүрстэй ижил дүрс бүхий барааны тэмдгийг 18, 25, 35, 37, 40, 41, 42, 43, 44 дугаар ангилалд бүртгүүлэхээр Оюуны өмчийн газарт мэдүүлэг гаргасан байна.

             Нэхэмжлэгчээс түрүүлж мэдүүлэг гаргасан гэж маргаагүй боловч “манайх түрүүлж ашигласан, нийтэд илэрхий болсон” гэх агуулгаар Оюуны өмчийн газарт гаргасан эсэргүүцэл, шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, давж заалдах гомдол зэрэгтээ “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4-т заасан зохицуулалтын агуулга нь иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан тохиолдолд түүнийг ашигласан тооцох агуулгатай байна. Энэ хэргийн тухайд барааны тэмдгийг хэзээ ашигласан талаарх үйл баримт ач холбогдолтой тул энэ үйл баримтыг тогтоох шаардлагатай” гэж тайлбарладаг.

          6. Иймд дээрх хуулийн 13 дугаар зүйлийг хуулийн холбогдох бүлгийн зорилго, бүтцийн байршлыг харгалзан системчлэн тайлбарлах аргаар тайлбарлан хэрэглэвэл уг заалт нь хууль ёсоор барааны тэмдэг эзэмшигчийн эрхэд илүү хамаарахаар байна.

          Учир нь тухайн 13 дугаар зүйл нь “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх” гэсэн гуравдугаар бүлэгт хамаарч байна. Уг бүлгийн 12 дугаар зүйл нь “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх”, 13 дугаар зүйл нь “Барааны тэмдгийг ашиглах” гэсэн гарчигтай байх бөгөөд 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно”,  13.2-т “Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг бүртгэгдсэнийг илэрхийлэх дугуй хүрээтэй "R" гэсэн латин үсэг бүхий таних тэмдгийг барааны тэмдгийн хамт хэрэглэж болно” гэх зэргээр заажээ. Хуулийн энэ хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигч” нь хэмээн тухайлан нэрлэн заажээ. Үүнээс үзвэл 13 дугаар зүйлийн зохицуулалт нь 12 дугаар зүйлд заасан Барааны тэмдэг эзэмшигчид хамаарч байна.

          7. Нэхэмжлэгчээс “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасныг үндэслэн хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана гэж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх хуулийн заалтаас үзвэл хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаад хоёулаа мэдүүлэг гаргасан бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдахаар байх бөгөөд маргааны тохиолдолд энэ заалтыг хэрэглэх боломжгүй. Учир нь гуравдагч этгээд “Г” ХК нь мэдүүлэг гаргахдаа маргаан бүхий барааны тэмдгийг ашиглаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ асуудлаар маргадаггүй” гэжээ.

          Анхан шатны шүүх хуулийн энэ заалтын тухайд  буруу тайлбарлан хэрэглэсэн байж болох ч энэ  нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байна. Учир нь:

          7.1.Барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад монгол хэлээр цаасаар, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан бөгөөд тухайн заалтад  “заавал ашиглаж байгаад, тодорхой хугацааны дараа  мэдүүлэг гаргана” гэсэн зохицуулалт, утга санаа агуулаагүй. Энэ тохиолдолд ашиглаж байсан, байгаагүй гэдэг нь шийдвэрлэх ач холбогдолтой биш байна.

          7.2 Цаашилбал барааны тэмдгийг бүртгүүлсний дараа ч ашиглаж болох, эсхүл бараа бүтээгдэхүүн зах зээлд гаргаагүй бол ашиглахгүй байсан ч болно.

          8. Хэдийгээр түрүүлж мэдүүлэг гаргасан /түрүүлж үүссэн эрх хамгаалагдах/ нийтлэг зохицуулалттай боловч “нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг” нь мэдүүлэг гаргаж бүртгэгдээгүй боловч хамгаалагдах зохицуулалт үйлчилж байна.  Иймд энэ маргааны тухайд хэн нь түрүүлж мэдүүлэг гаргасан бэ гэдгээс гадна “нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг мөн эсэх” нь чухал ач холбогдолтой байна. Хэрвээ нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг бол  хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д “бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар; мөн Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцын 6 bis зүйл тэмдэг: нийтээр мэдэх барааны тэмдэг (1) Холбооны гишүүн орон, тэмдгийг хэрэглэж байгаа буюу тэмдгийг бүртгэсэн орны эрх бүхий байгууллагын тодорхойлсноор конвенцийн давуу эрхийг эдлэгч этгээдийн өөрийн буюу адил төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг тухайн улсад нийтээр мэддэг болсон тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц ба тэмдгийг дуурайлган үйлдсэн, хуулбарласан, орчуулсан барааны тэмдгийг сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу эсхүл тухайн орны хууль тогтоомжоор зөвшөөрч байвал хэрэглэхийг хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах үүрэг хүлээнэ” гэсэн  хууль болон олон улсын гэрээ үйлчлэхээр байна.

          9. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д "нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг" гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг; мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.”барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах, барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох, газар зүйн заалтыг бүртгэгдсэнийг илэрхийлэх таних тэмдгийг хэрэглэхтэй холбоотой журам, дүрмийг боловсруулж, батлах; гэж, 29.2. “Энэ хуульд заасан болон барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход төлөх үйлчилгээний хөлсний хэмжээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно”, 5 дугаар зүйлийн 5.5-д “Энэ хуулийн 3.1.13-т заасан нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалтыг төрийн захиргааны байгууллага баталж, энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ” гэж зааснаас үзэхэд зохих журмын дагуу барааны тэмдгээ нийтэд түгээмэл болсонд тооцуулахаар Оюуны өмчийн байгууллагад хандах, үйлчилгээний хөлсийг төлөх, улмаар албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлэхээр байна.

          Нэхэмжлэгч байгууллага дээрх байдлаар хандаагүй,  тус хуулийн этгээдийн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэж албан ёсоор тооцоогүй байх тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8 болон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцийн 6 bis зүйл тэмдэг хэрэглэгдэхээргүй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                            Н.ХОНИНХҮҮ

 

                               ШҮҮГЧ                                            Г.БИЛГҮҮН

 

                               ШҮҮГЧ                                             Э.ЗОРИГТБААТАР