Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0072/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Т.Энхжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, Иргэдийн төлөөлөгч Т.Алтанцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, Шүүгдэгч Г.Бямбацогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Ганхуягийн Бямбацогтод холбогдох эрүүгийн 201609000415 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Боржигон Ганхуягийн Бямбацогт, 1997 оны 4 дүгээр сарын 12- ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, 2 эгч, 3 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Тосгоны 2 дугаар баг Хушаатын 0-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ТА97041219 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Бямбацогт нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны шөнийн 22 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 7-10 тоотын үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, шалтаг шалтгаангүйгээр, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, М.Мөнхбаяр, М.Шинэбаяр нартай маргалдаж цохиулсан уурандаа тэднийг айлгахаар гэрээсээ авч гарсан заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Д.Оргилбаярын нүүрний зүүн талыг зүсэж биед нь халдан бие махбодид нь “нүүрний зүүн талын шархны сорви” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Г.Бямбацогтын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 7дугаар сарын 07-ны өдөр 17 цаг өнгөрч байхад гэрээс гарч яваад тоглоомын талбай дээр Одбаяр, Түмэнцэрэг нартай таарсан. Тэд 0.75 литрийн архи уугаад сууж байсан. Тэгээд би архинаас нь хувааж уугаад бид гурав Хараагийн гол ороод таньдаг хэдэн хүүхдүүд байхаар нь нийлж архи уучихаад буцаад гэрийн ойролцоо тоглоомын талбай дээр бид 3 Мөнхбаяр гэдэг найзын хамт очсон. Тэнд Мөнхбаярын ах Шинэбаяр сууж байсан. Бид цуг ажиллаж байсан. Шинэбаяр намайг яагаад ажилдаа яваагүй байгаа юм бэ гээд загнахаар нь Шинэбаяртай маргалдсан чинь Мөнхбаяр гүйж ирээд баруун гараа зангидаж байгаад миний нүүрэн тус газар цохиод авсан тэгээд Мөнхбаяр бид хоёр зодолдсон. Бид хоёрыг Шинэбаяр салгаад тэр хоёр цаашаа явчихаар нь би дандаа зодуулаад байна гэж юу байхав дээ гэж бодоод гэр рүүгээ гүйж ороод заазуур аваад гарч ирээд хойноос нь явах гэж байхад Оргилбаяр ах гарч ирээд намайг боль гэхээр нь тухайн үед би уурласан байсан болохоор байж бай гээд баруун гараа дээшээ савсан чинь заазуураар Оргилбаяр ахын хацрыг зүсчихсэн байна лээ. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа нар ирээд эрүүлжүүлэхэд аваачсан байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг, Хохирогч Д.Оргилбаярын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 7 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 7-10 тоотын хашааны хаалгаар гараад иртэл зүс таних Бмябацогт нь урдуур өнгөрөөд явах шиг болсон. Тэгтэл нүүрэн тус газар заазуураар зүсээд яваад өгсөн. Тэгээд би 103-н хүлээн авах руу такси бариад яваад очоод 15 оёдол тавиулаад Цагдаагийн байгууллагад хандсан. Би Бямбацогтын танихгүй. Тухайн өдөр ямар нэг байдлаар Бямбацогттой маргалдаж муудсан зүйл байхгүй. Эрдэнэчимэг гэж эгчийнхээ хашааны гадаа тамхи татаад зогсож байсан чинь Бямбацогт урдаас согтуу алхаж ирж байснаа урдуур өнгөрөхдөө нэг гараараа миний нүүр хэсэг рүү шүргэх шиг л болсон тэгээд л миний хацрыг зүсчихсэн байсан. Маргааш нь Бямбацогтоос чи яагаад миний нүүрийг зүсэж байгаа юм бэ гэсэн чинь ахаа би таныг хүнтэй андуурчихсан байна лээ гэж хэлсэн. Хохирлын мөнгө 240 000 төгрөг, сүүлд бас 350 000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, Гэрч Э.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр би цагийг нь тодорхой санахгүй байна үдээс хойш Түмэнцэрэг бид хоёр 0.75 литрийн Түмний хишиг нэртэй архи хувааж уух гээд гэрийнхээ тэнд сааданд сууж байсан чинь Бямбацогт ирсэн. Тэгээд Түмэнцэрэг, Бямбацогт бид 3 хамт архи уугаад, архиа уучихаа гол гарахаар болоод гол руу явж байтал Мөнхбаяр, Баярсайхан гэж 2 найзтайгаа таарсан. Тэгээд тэр 2 пиво ууж байхаар нь хамт уусан. Тэгээд л би явхаар болсон чинь Түмэнцэрэг хамт явсан. Тухайн үед Түмэнцэрэгийн эхнэр нь хамт явсан бөгөөд Түмэнцэрэгтэй эхнэрийнхээ хамт гэрлүүгээ явсан. Харин Бямбацогт бид нартай хамт явж байгаад сааданд тоглолоо гээд үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 18/, Гэрч Б.Түмэнцэрэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэрийнхээ сааданд найз Одбаяр түүний найз охин Болорцэцэг нарын хамт сууж байгаад 3-уулаа 0.75 литрийн “Түмний хишиг” нэртэй архи уусан. Тэгтэл Бямбацогт ирсэн. Тэгээд бид 3 нийлээд ууж, сууж байгаад Шинэбаяр, Мөнхбаяр, Баярсайхан 3 гол дээр байна хүрээд ир гэхээр нь Одбаяр, Бямбацогт бид гурав очсон. Пиво архи ууж байхаар нь хамт ууж байгаад би нилээн согтсон учраас найз охиноо дуудаад Бямбацогт, Одбаяр бид 4 гэрлүүгээ явсан. Ингээд би найз охинтойгоо гэрлүүгээ орсон. Одбаяр бас гэрлүүгээ орсон. Бямбацогт хаашаа явсан эсэхийг би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 19/, Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Цагийг нь сайн санахгүй байна. Оргилбаяр манай хашаанд ороод ирчихсэн нүүр нь цус болчихсон нүүрээ угааж байсан. Тэгэхээр нь би гайхаад нүүрээ яасан юм бэ гэж асуухад нэг хүүхэд гарч явахдаа юмаар зүсчихлээ гэж байсан. Тэгээд нүүрээ угаачихаад манай хашаанаас гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/, Гэрч Б.Гэрэлцогтын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хувиарын дагуу жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд ирсэн дуудлага мэдээллийн дагуу Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 7-1-10 тоот хашааны үүдэнд хэргийн газрын үзлэг хийсэн. Тухайн үед ямар нэг заазуур олдоогүй бөгөөд хохирогчтой эмнэлэг дээр очоод уулзаж тайлбар авсан. Хохирогч тухайн үед хэлэхдээ эгчийндээ байж байгаад хоол идчихээд хашааны гадаа гарсан чинь нэг залуу ирээд урдуур өнгөрөхдөө гараа өргөх шиг болсон чинь нүүр зүсэгдээд цус гарчихсан байсан тэгээд эмнэлэгт ирсэн талаар хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 59/, Гэрч М.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: Бямбацогт гэх залууг танина. Ойролцоо амьдардаг болоод 6-7 жил болж байна. Ямар нэг харилцаа байхгүй таархаараа мэндийн зөрүүтэй манай дүү Мөнхбаяртай найзалдаг. 2016 оны 7 дугаар сарын 07-ний өдөр найзуудтайгаа гол дээр байж байгаад харих гээд гудамжаар шийдний хажуугаар явж байтал Мөнхбаяр Бямбацогт нар шийдний тэнд маргалдаад заамдалцаад байж байсан. Манай дүүгийн баруун шанаа нь халцарчихсан цус гарчихсан байхаар нь би очоод салгасан. Тэгсэн Бямбацогт над руу таньд хамаагүй шүү гээд уурласан тэгсэнээ Бямбацогт та хоёрыг алнаа гээд гэрлүүгээ гүйгээд орчихсон. Тэгэхээр нь би гэрлүүгээ ороод нүүрийг нь угаалгаад гэрээсээ гаралгүй байж байгаад унтсан. Бямбацогт, Мөнхбаяр цуг архи ууж байгаад маргалдсан юм шиг байна лээ. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Бямбацогт нилээд согтуу байсан. Би зодож цохисон асуудал байхгүй. Мөнхбаяр цохисон эсэхийг мэдэхгүй намайг ирснээс хойш нэг ч удаа цохиогүй заамдалцаад зууралдаад байхаар нь би салгаад дүүгээ аваад явсан. Бямбацогт араас гүйж ирээд намайг чулуу юмуу тоосго ч юмуу нэг юмаар миний духны зүүн хэсэг рүү цохиод та нарыг алнаа гээд гүйгээд явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/, Гэрч М.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр найз Баярсайхан, Алтантулга, Балжинням нартай уулзаад 0.75 архи хувааж уугаад Алтантулгын гэрт очоод дахиад архи ууж байтал Одбаяр, Түмэнцэрэг, Бямбацогт гурав ирсэн. Нэг том савтай пиво авч уучихаад дахиад дэлгүүр ороод 0,5 литрийн архи аваад бүгдээрээ гол явж уучихаад Алтантулга, Баярсайхан, Балжинням гурав гэр рүүгээ явсан. Одбаяр, Бямбацогт бид гурав дахид 0,5 литрийн архи авч уугаад цаашаа юу болсныг сайн санахгүй байгаа нэг мэдсэн гэртээ сэрсэн. Маргааш нь билүү нөгөөдөр нь билүү Бямбацогтоос юу болсон талаар асуусан чинь Бямбацогт бас санахгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 79/, Гэрч Л.Туяа /хх-ийн 16/, Э.Энхцэцэг /хх-ийн 17/, Г.Баасанжаргал /хх-ийн 58/ нарын мэдүүлэг, Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 809 дугаар шинжээчийн дүгнэлт: 1.Д.Оргилбаярын биед нүүрний зүүн талын шархны сорви тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Д.Оргилбаярын нүүрэнд үүссэн сорви нь өөрийн ердийн явцаар арилахгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 21/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7, 25/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-49/ зэрэг болно. Шүүгдэгч Г.Бямбацогт нь ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхдаа согтуугаар 2016 оны 7 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг Хушаатын 7-1-10 тоотын хашааны үүдэнд ямар ч шалтаг шалтгаангүйгээр иргэн Д.Оргилбаярын нүүрний зүүн талын хацар хэсэгт заазуурыг зэвсгийн чанартай ашиглан зүсэж Д.Оргилбаярын бие махбодид нүүрний зүүн талын шархны сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч Г.Бямбацогтын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Оргилбаяр /хх-ийн 14-15/, гэрч Э.Одбаяр /хх-ийн 18/, Б.Түмэнцэрэг /хх-ийн 19/, Б.Мөнхцэцэг /хх-ийн 56-57/, Б.Гэрэлцогт /хх-ийн 59/, М.Шинэбаяр /хх-ийн 77-78/, М.Мөнхбаяр /хх-ийн 79/ нарын мэдүүлгүүд, Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 809 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгч Г.Бямбацогт нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан гэмт хэрэгт хэрэгт 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-49/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 46/ тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Бямбацогт нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлджээ. Шүүгдэгч Г.Бямбацогтын үйлдэж ял шийтгүүлсэн дээрх гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцогдох тул түүнийг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Г.Бямбацогтод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ болон ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, эдлэх дэглэмийг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэрч Л.Туяа "10-н жилийн сургуулиа төгсөөд МУИС-д элссэн боловч тэр үед эцэг нь нас бараад би 5 хүүхэдтэй үлдээд сургуульд явуулж чадаагүй. Миний хүү даам тоглох дуртай, математик, физикийн хичээлдээ сайн эелдэг даруу, хүнд тусархуу, шударга, ямар нэг муу зуршилгүй" /хх-ийн 16/, Э.Энхцэцэг "Бид хоёр 2016 оны 5 дугаар сараас эхлэн үерхэж байгаа. Манай найз ямар нэг муу зуршил байхгүй, ерөнхийдөө шударга, хүүхэд шиг зантай, худлаа яриад байдаггүй, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг" /хх-ийн 17/ нарын мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал түүний хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Г.Бямбацогтын Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Боржигон Ганхуягийн Бямбацогтыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зүйл хэрэглэж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Г.Бямбацогтыг 5 жил 10 хоногийн /таван жил арав хоног/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.Бямбацогтод оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Бямбацогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бямбацогтод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ

                    ШҮҮГЧИД                        Т.ЭНХЖАРГАЛ

                                                               Г.ГЭРЭЛТ-ОД