Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/шш2022/0302

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Д********

Хариуцагч:   Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хоорондын маргааныг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Д********оос Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Хариуцагчийн эс үйлдэхүй нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус зөрчсөн хууль бус болохыг тогтоолгож эмчилгээний зардлын 2 750 000 төгрөгийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Ц.Д********нь “С*****” нүдний эмнэлэгт 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үзүүлснээр “нүдний болор бүдэгшил, цайрч эхэлсэн” гэж оношлогдон улмаар холбогдох шинжилгээнүүдийг өгч мөн оны 8 болон 9 дүгээр сард 2 нүдний болор солиулах мэс засалд орсон, уг эмчилгээний зардалд 2 750 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө төлсөн байна.

Улмаар нэхэмжлэгч Ц.Д********нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар уламжлуулан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “...эмчилгээний зардлыг хуулийн дагуу буцаан олголтод хамруулж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан боловч 1 дүгээр хорооны нийгмийн ажилтан “...таны зардлыг халамжийн сангаас олгохгүй юм байна, эрүүл мэндийн даатгалын байгууллагад ханд...” гэж амаар мэдэгдэн өргөдлийг холбогдох баримт бичгийн хамт нэхэмжлэгчид буцааж өгсөн, үүний дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандаж “...гэрээ байгуулаагүй эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн тул олгох боломжгүй гэсэн хариуг Эрүүл мэндийн даатгалын газраас өглөө, иймд Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын “Хоёр”-ын 2.1, 2.4 дэх заалтын дагуу хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан, уг хүсэлтэд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/837 дугаар албан бичгээр “Ахмад настны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтын дагуу Монгол улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедын болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ шинэчлэн батлагдсан. Тус тогтоолд ахмад настанд олгох “нүдний уян болор”-ын протез хийлгэсэн үнийн хөнгөлөлт хасагдаж нийгмийн халамжийн сангаас олгогдох боломжгүй болсон байна. Иймд “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам”-ын 2.3-д заасны дагуу харъяа дүүргийн эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн, үүний дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандаж “...Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор баталсан журам хүчин төгөлдөр үйлчилж байна, иймд журмын 2.1, 2.4-д заасны дагуу эмчилгээний зардлыг гаргуулж өгнө үү” гэж хандахад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/1326 дугаар албан бичгээр “...Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор баталсан журмын 2.1-т Ахмад настны тухай хуулийн 8.1.1-д заасан протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг нөхөн олгоход Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтална гэж заасны дагуу Засгийн газрын 2020 оны “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ шинэчлэл батлах тухай” 193 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн сангаас олгох протезийн хэрэгслийн жагсаалтаас нүдний болрын протезийн үнийн хөнгөлөлт хасагдсан тул таны өргөдлийн дагуу олгох боломжгүй” гэж хариу өгсөн,

Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандаж дээрхитэй адил агуулгаар хүсэлт гаргасан байх ба үүний хариуд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07/1712 дугаар албан бичгээр “...манай газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн, тусгай зөвшөөрөлтэй магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан иргэнд үзүүлсэн тусламж үйлчилгээнд хяналт хийж, санхүүжилтийг шийдвэрлэж ажилладаг, таны тусламж үйлчилгээ авсан “С*****” нүдний эмнэлэг нь манай газартай гэрээ байгуулаагүй тул төлбөрийг буцаан олгуулах боломжгүй” гэсэн хариу өгсөн.

3. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч Ц.Д********нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

1/ Анх нүдний хараа муудсан учраас өрхийн эмнэлэгтээ хандахад өрхийн эмч нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн. Дүүргийн эмнэлгийн комисс намайг үзээд хоёр нүдний болрыг солих шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж надад өгсөн.

Би дүгнэлтээ аваад нүдний эмнэлгүүдээр явж судалсан. Нүдний эмнэлгүүд цусны шинжилгээ, чихрийн шижин өвчний шинжилгээ, халдварт өвчний шинжилгээ хийлгэсэн байхыг шаардсан. Холбогдох шинжилгээнүүдийг хийлгээд С***** нүдний эмнэлгийг сонгож үйлчлүүлсэн.

Учир нь өмнө үзүүлсэн эмч та чихрийн шижин өвчин тусаад эдгэрсэн байна. Энэ өвчнийг туссан хүн С***** эмнэлэгт нүдний болроо солиулах нь дээр гэсэн зөвлөгөө өгсөн.

С***** эмнэлэгт нэгдсэн эмнэлгийн дүгнэлтийг үзүүлэхэд миний харааг шалгаж, олон шинжилгээ хийгээд таны болрыг сольж болно та зөвшөөрөх үү гэсэн. Би зөвшөөрч гарын үсгээ зураад, хэвтэн эмчлүүлж болор солих хагалгаанд орж нэг нүдний болроо солиулсан. Эмч таны нас өндөр болсон учраас нөгөө нүдний болрыг 1 сарын дараа солино гэж мэдэгдсэн. Үүний дагуу 1 сарын дараа нөгөө нүдний болроо солиулсан.

Үүнээс өмнө өрхийн эмнэлэгт үзүүлээд явж байхдаа хорооны нийгмийн ажилтантай уулзаж ах нь хоёр нүдний болроо солиулах боллоо гэхэд та болроо солиулчхаад хүрээд ирээрэй. Таны материалыг бүрдүүлээд дүүргээс нүдний болор солих эмчилгээ, үйлчилгээний зардлыг нөхөн олгоно. Ахмад настны тухай хууль болон Засгийн газрын тогтоолд ийм заалттай гэж хэлж байсан.

Би С***** эмнэлэгт бүх эмчилгээгээ хийлгэчхээд дүүрэг дээрээ очоод ямар баримт бүрдүүлэн өгөх вэ гэхэд маягт гаргаж өгөөд бөглүүлсэн. Мөн эмнэлгийн карт болон холбогдох баримтуудыг аваад 7 хоногийн дараа таны мөнгө орно гээд миний дансыг аваад үлдсэн. 7 хоногийн дараа нийгмийн ажилтан над руу утсаар холбогдон таны материалыг оруулахад олгох боломжгүй гэж буцаалаа. Та дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс очиж уулз гэж мэдэгдсэн. Би тухайн хэлтэст очиж уулзаж өргөдөл бичиж өгсөн боловч халамжаас олгох боломжгүй гэсэн хариуг өгөөд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст оч гэсэн. Дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст очиж уулзахад бид мэдэхгүй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ханд гэж мэдэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандсан. Эдгээр газруудаас надад энэ мөнгийг олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн.

2/ Би хууль тогтоомжуудыг судалж үзэхэд энэ зардлыг олгох хуулийн заалтууд байсан. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д ... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, 14/-д Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх эрхтэй, Арван есдүгээр зүйлийн 1-д Төрөөс хүний эрх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна, Гучин наймдугаар зүйлийн 2-т Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, хэрэгжүүлнэ гэж заасан.

Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг үндэслэж байгаа. Тус хуулийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам батлагдсан байдаг. Уг журмын 1.1-д Ахмад настны тухай хуулийн 7.1, 8.1.1-8.1.4, 10.1.2, 10.1.3, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.1-5.4.3-т заасан үйлчилгээ үзүүлэх болон дэмжлэг, хөнгөлөлт олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна, 2.3-д Ахмад настан эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаар протез хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нөхөн олгоно, 2.4-д Гадаад улсад хийлгэсэн болон энэхүү журмын 2.3-т зааснаас бусад байгууллагаар хийлгэсэн протез, ортопедийн хэрэгслийн үнийг нийгмийн халамжийн сангаас нөхөн олгоно гэж заасан.

Би нийгмийн халамжийн сангаас авахаар хандсан боловч олгохгүй гэсэн. Хуулийг судлаад эрүүл мэндийн даатгалын сангаас эрхийнхээ дагуу үйлчилгээний төлбөрийг авах юм байна үзсэн. Ахмад настны тухай хуульд заасан эрхээ эдлэхээр олон байгууллагад хандсан боловч надад олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Энэ нь Үндсэн хууль болон бусад хууль заасан миний эрхийг зөрчиж байна. Иймд зөрчигдсөн эрхийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х***** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг нэгдүгээрт баримтлан ажилладаг. Нэхэмжлэгч иргэний тайлбарлаж буй Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар нийгмийн даатгалаас, эсхүл эрүүл мэндийн даатгалаас тухайн төлбөрийг гаргуулан авна гэдэг нь зөв. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор төрөөс төлбөрийг нь хариуцах иргэдийг тогтоож өгсөн байдаг. Эдгээр иргэдэд өндөр настан, бага насны хүүхэд, хорих ял эдэлж байгаа хоригдол зэрэг этгээдүүд ордог. Энэ иргэдийн зардлыг төрөөс хариуцдаг. Ахмад настны тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь гаргуулна гэдэг нь үүнтэй ижил заалт байх.

Манай байгууллага нь иргэдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу заавал магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй, сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагатай мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д зааснаар даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээг байгуулан ажилладаг.

Энэ нь тухайн иргэний өмнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан аваад санхүүжилтийг нь олгож ажилладаг. Манай байгууллага эрүүл мэндийн байгууллагатай хийсэн гэрээний үндсэн дээр санхүүжилт олгоно. Түүнээс иргэнд буцаан олголт өгдөггүй. Үйлчлүүлж буй байгууллага нь манай байгууллагатай гэрээ байгуулсан бол үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ зардлыг манайхаас гаргуулж авна. Иргэн нь эмнэлэгтээ хандаж буцаан олголтоо эмнэлгээс гаргуулж авдаг. С***** нүдний эмнэлэг нь манайхтай гэрээ байгуулаагүй учраас тус байгууллагад иргэний өмнөөс ямар ч санхүүжилт, зардлын төлбөрийг олгоогүй. Тэгэхээр тухайн байгууллага иргэнд буцаан олголт өгөх үндэслэл байхгүй. Манай байгууллагатай гэрээ байгуулаагүй учраас тухайн байгууллагад санхүүжилт өгөх эрх зүйн зохицуулалт байхгүй.

Иргэний эрхийг зохих түвшинд хамгаалахын тулд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг. Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг бүртэй ямар ч шалгуургүйгээр гэрээ байгуулбал иргэний өмнө хариуцлага хүлээх асуудал яригдах байх. Сонгон үйлчлүүлэх нь хуулиар тогтоосон эрх байдаг. Гэвч Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг энэ хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх гэсэн заалтыг иргэнд үзүүлэхийн тулд гэрээ байгуулсан байх шаардлага тавигддаг. Гэрээгээр олон зүйлийг тодорхойлж өгдөг. Жишээлбэл иргэнээс нэмэлт төлбөр авахгүй байх үүрэг, хариуцлагыг хангуулан ажилладаг. Засгийн газрын тогтоол, журам гэж байна. Хуулиас давсан тогтоол, журам гэж байхгүй. Бид хуулийн хүрээнд ажиллах ёстой байгаа.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Д********ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Д********тус шүүхэд хандаж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, эмчилгээний зардлыг буцаан олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа “Хариуцагчийн эс үйлдэхүй нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус зөрчсөн тул хууль бус болохыг тогтоолгож эмчилгээний зардлын 2 750 000 төгрөгийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах” гэж тодруулан, түүний үндэслэлээ “...хоёр нүдэндээ болор солиулах мэс заслын эмчилгээ хийлгэсэн...тул Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу эмчилгээний зардлыг надад буцааж өгөх ёстой байхад олгохоос татгалзаж байгаа нь хууль бус, нэгэнт хуульд заасан тул олгох үндэслэлтэй...” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгчийн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх “С*****” эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаагүй тул төлбөрийг манай байгууллагаас буцаан олгуулах боломжгүй..., нэхэмжлэгч энэ талаар тодруулах үүрэгтэй байсан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц.Д********нь “С*****” нүдний эмнэлэгт 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үзүүлснээр “нүдний болор бүдэгшил, цайрч эхэлсэн” гэж оношлогдон улмаар холбогдох шинжилгээнүүдийг өгч мөн оны 8 болон 9 дүгээр сард 2 нүдний болор солиулах мэс засалд орсон, уг ортопедийн үнэнд 2 750 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө төлсөн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Нэг. Нэхэмжлэгчээс гаргасан “Хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүй нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус зөрчсөн тул хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц.Д********нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар уламжлуулан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “...эмчилгээний зардлыг хуулийн дагуу буцаан олголтод хамруулж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан боловч 1 дүгээр хорооны нийгмийн ажилтан “...таны зардлыг халамжийн сангаас олгохгүй юм байна, эрүүл мэндийн даатгалын байгууллагад ханд...” гэж амаар мэдэгдэн өргөдлийг холбогдох баримт бичгийн хамт нэхэмжлэгчид буцааж өгсөн, үүний дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандаж “...гэрээ байгуулаагүй эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн тул олгох боломжгүй гэсэн хариуг Эрүүл мэндийн даатгалын газраас өглөө, иймд Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын “Хоёр”-ын 2.1, 2.4 дэх заалтын дагуу хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан, уг хүсэлтэд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/837 дугаар албан бичгээр “Ахмад настны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтын дагуу Монгол улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедын болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ шинэчлэн батлагдсан. Тус тогтоолд ахмад настанд олгох “нүдний уян болор”-ын протез хийлгэсэн үнийн хөнгөлөлт хасагдаж нийгмийн халамжийн сангаас олгогдох боломжгүй болсон байна. Иймд “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам”-ын 2.3-д заасны дагуу харъяа дүүргийн эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн,

Үүний дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандаж “...Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор баталсан журам хүчин төгөлдөр үйлчилж байна, иймд журмын 2.1, 2.4-д заасны дагуу эмчилгээний зардлыг гаргуулж өгнө үү” гэж хандахад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/1326 дугаар албан бичгээр “...Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор баталсан журмын 2.1-т Ахмад настны тухай хуулийн 8.1.1-д заасан протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг нөхөн олгоход Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтална гэж заасны дагуу Засгийн газрын 2020 оны “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ шинэчлэл батлах тухай” 193 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн сангаас олгох протезийн хэрэгслийн жагсаалтаас нүдний болрын протезийн үнийн хөнгөлөлт хасагдсан тул таны өргөдлийн дагуу олгох боломжгүй” гэж хариу өгсөн,

Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандаж дээрхитэй адил агуулгаар хүсэлт гаргасан байх ба үүний хариуд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07/1712 дугаар албан бичгээр “...манай газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн, тусгай зөвшөөрөлтэй магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан иргэнд үзүүлсэн тусламж үйлчилгээнд хяналт хийж, санхүүжилтийг шийдвэрлэж ажилладаг, таны тусламж үйлчилгээ авсан “С*****” нүдний эмнэлэг нь манай газартай гэрээ байгуулаагүй тул төлбөрийг буцаан олгуулах боломжгүй” гэсэн хариу өгсөн болох нь тус тус тогтоогдов.

Нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07/1712 дугаар албан бичгийг “хариуцагчийн эс үйлдэхүй” гэж үзэж, түүнийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гарган “...Ахмад настны тухай хуульд тодорхой заасан байхад манай байгууллагатай гэрээ байгуулсан эмнэлгээр үйлчлүүлээгүй гэж татгалзаж байгаа нь хууль бус...” гэсэн үндэслэлээр маргасныг хариуцагч захиргааны байгууллагаас “...нэхэмжлэгч нь ахмад настан тул төлбөрөөс чөлөөлөгдөх боловч манай байгууллага нь сонгон шалгаруулалтад тэнцэж гэрээ байгуулсан эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан иргэнд даатгалын санхүүжилтийг шийдвэрлэх чиг үүрэгтэй..., гэрээгүй эмнэлгээр үйлчлүүлсэн тул төлбөрийг олгох боломжгүй...” гэж эс зөвшөөрч байна. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-д “Хүн амыг эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх байдлаас нь хамааруулан доор дурдсанаар ангилна”, 6.1.6-д “тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн”, мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “Даатгуулагчийн эрх” хэсгийн 7.1.3-д “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар...тогтооно”, 8.2-т “Шимтгэлийг дараахь байдлаар эрүүл мэндийн даатгалын санд хариуцан төлнө”, 8.2.3-т “энэ хуулийн 6.1.5-6.1.8...-д заасан даатгуулагчийн шимтгэлийг улсын төсвөөс сар бүр” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна:”, 9.1.1-д “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”, 10.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно.”, 11.3-т “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгох...”-оор тус тус заасан.

Түүнчлэн уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй”,13.1.8-т “даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 16.1.3-т “даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж, үйлчилгээний зардлын төлбөр тооцоо хийх гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, дүгнэх”, 16.1.11-д “эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, даатгуулагчийг шаардлагатай мэдээллээр хангах”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ:”, 19.1.3-т “төр даатгалыг нь хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл” гэж тус тус заасан.

Ахмад настны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна.”, 6 дугаар зүйлийн 6.7-д “Ахмад настан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу авах эрхтэй”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Ахмад настны амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулахад төрөөс дараахь дэмжлэгийг үзүүлнэ:”, 8.1.1-д “хөл, гарны протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл...дотоодод хийлгэсэн зардлын үнийг таван жилд нэг удаа,...нийгмийн халамжийн, эсхүл эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгох”-оор тус тус заасан.

Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам”-ын 1.1-д “Ахмад настны тухай хуулийн 7.1, 8.1.1-8.1.4, 10.1.2, 10.1.3, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.1-5.4.3-т заасан үйлчилгээ болон дэмжлэг, хөнгөлөлт олгохтой  холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна”, 2.1-д “Ахмад настны тухай хуулийн 8.1.1-д заасан протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг нөхөн олгоход Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтална”, 2.2-т “ахмад настан шүдний протез, ортопедийн болон тусгай хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаар хийлгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэхүү журмын 2.1-д заасны дагуу үнийг нөхөн олгоно”, 2.3-т “Ахмад настан эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаар протез хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нөхөн олгоно”, 2.4-т “Гадаад улсад хийлгэсэн болон энэхүү журмын 2.3-т зааснаас бусад байгууллагаар хийлгэсэн протез, ортопедийн хэрэгслийн үнийг нийгмийн халамжийн сангаас нөхөн олгоно”, 2.8-д “Ахмад настан протез, ортопедийн хэрэгслийг хос эрхтэнд хийлгэсэн тохиолдолд аймаг, дүүргийн эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн эрхтэн тус бүрийн протез, ортопедийн хэрэгслийн үнийг түүнд нөхөн олгоно”, 6.1-д “Ахмад настны тухай хуулийн 8.1.1-д заасан дэмжлэг авах хүсэлт гаргахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гэж заасан.

Түүнчлэн нэхэмжлэгчийн мэс засал хийлгэсэн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн батлах тухай”  тогтоолын хавсралтаас үзвэл “нүдний болор солих” ортопедийн жишиг үнэ уг тусгай хэрэгслийн жагсаалтад ороогүй, уг тогтоолыг Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн  363 дугаар “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн батлах тухай”  тогтоолоор хүчингүй болсонд тооцсон, шинэчлэн баталсан тусгай хэрэгслийн үнийн жагсаалтад мөн “болор солих” ортопедийн үнэ багтаагүй байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар бүхий “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-ний жагсаалтын 56-д ”Болрын цийлт” онош нь “Хэвтүүлэн эмчлэх” мэс засалд  хамаарч, эрүүл мэндийн даатгалаас 516 108 төг, иргэнээс 172 036 төг төлөхөөр, нийт 688 145 төг, жагсаалтын 57-д байх ”Болрын цийлт” онош нь “Хэвтүүлэн эмчлэх” мэс засалд  хамаарч эрүүл мэндийн даатгалаас 1 893 161, иргэнээс 631 054, нийт 2 524 214 төгрөгөөр тогтоосон ба энэ агуулгаараа нэхэмжлэгчид үзүүлсэн нүдний болор солиулах мэс заслын хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд багтаж байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн дээрх Зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”-ын 1.1-д “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлийг тогтоох, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагын иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхтэй холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.”, 5.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан Монгол улсын иргэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан "ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-д заасан иргэнээс хариуцан төлөх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө.”, 5.2-т “Дараах иргэн энэхүү журмын 5.1-д заасан төлбөрөөс чөлөөлөгдөнө:”, 5.2.2-т “тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн” гэж тус тус заасан байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь ахмад настан хүний хувьд, харах эрхтний ортопедийн хэрэгслийн үнийг өөрөөсөө гаргаж мэс засал хийлгэсэн нь тогтоогдсон, энэ нөхцөлд уг ортопедийн хэрэгслийн үнийг, Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу шаардах эрх бүхий субъект мөн бөгөөд Ц.Д********т ортопедийн хэрэгслийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж нөхөн олгох хууль зүйн үндэслэлтэй.

Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07/1712 дугаар албан бичгээр “С*****” нүдний эмнэлэг нь манай газартай гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан нь хууль бус, уг хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг татгалзлыг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Өөрөөр хэлбэл, энэ маргааны тухайд Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт нь илүү нарийвчилсан хуулийн зохицуулалт болох бөгөөд нэгэнт хуульд “эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгох”-ыг тусгайлан заасан байхад хариуцагч нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д заасныг үндэслэл болгож “...зөвхөн гэрээтэй байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд эмчилгээний зардлыг олгоно” гэж татгалзсан нь хууль бус, нөгөө талаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “зөвхөн гэрээтэй байгууллагаар үйлчлүүлсэн нөхцөлд эмчилгээний зардлыг олгох” тухай заалт байхгүй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.11-д, “даатгуулагчийг холбогдох мэдээллээр хангах” үүрэгтэй гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийг холбогдох мэдээллээр хангах нь хариуцагч байгууллагын үүрэг байх тул нэхэмжлэгчийг “гэрээтэй эмнэлгийг сонгох ёстой байсан, асууж тодруулаагүй” гэх үндэслэлээр буруутгаж улмаар эмчилгээний зардлыг олгохоос татгалзах хууль зүйн боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.”, гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;”, гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан “Хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүй нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Хоёр. Нэхэмжлэгчээс гаргасан “ортопедийн үнэ 2 750 000 төгрөгийг гаргаж олгохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2 нүдний болор солиулах мэс заслын тусламж үйлчилгээний ортопедийн үнэ 2 750 000 төгрөгийг “С*****” нүдний эмнэлэгт төлсөн болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

Түүнчлэн Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 болон Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам”-ын 2.1, 2.2-т тус тус нарийвчлан зохицуулснаас үзвэл тэтгэврээс өөр орлогогүй ахмад настны хувьд түүний авсан эмнэлгийн тусламж үйлчилгээ-ортопедийн үнийг бүхэлд нь төр хариуцахаар байх бөгөөд нэхэмжлэгч өөрөө төлсөн тохиолдолд төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас буцаан олгох үүрэгтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулаагүй “С*****” нүдний эмнэлэгт мэс засал хийлгэсэн боловч энэ нь Ахмад настны тухай хуульд заасан, Ц.Д********ын,  харах эрхтний ортопедийн хэрэгслийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул “гэрээгүй байгууллагаар үйлчлүүлсэн тул төлбөрийг олгох боломжгүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Д********оос 2 нүдний болор солиулах ортопед мэс заслын тусламж үйлчилгээний үнэнд төлсөн 2 750 000 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж олгохыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 13 дугаар зүйлийн 13.1.8, 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Д********оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07/1712 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Ц.Д********т нүдний болор солих ортопедийн үнэ болох 2 750 000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН