Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар  2023/ШЦТ/1421

 

          

 

 

  2023         11         17                                  2023/ШЦТ/1421

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Б.С- түүний өмгөөлөгч Г.Ц нарыг оролцуулан  “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн С-д холбогдох эрүүгийн 2306 02888 2649 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Ө аймгийн Б суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Ө аймаг, Б сумын  0 дугаар баг, Ц гэх газарт амьдардаг иргэний бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн  00 дүгээр хороо, 0-0 тоотод түр оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б овогт Б-ийн С- /РД:РД00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 9 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжны нийтийн байрны 2 тоотод хохирогч Ч.Х-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж  бэлгийн харьцаанд орсон  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул мэдүүлэг гаргахгүй гэв.

Эрүүгийн 2306 02888 2649 дугаартай хавтаст хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Х- өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 05 дугаар сарын 09-ний өглөө ах Бумчин, үеэл эгч Н нар хичээлдээ яваад би гэртээ ганцаараа үлдсэн. Өглөө 09 цагийн орчимд миний 9*******0 дугаарын утас руу Ө аймагт амьдардаг нэг нутгийн зүс таних ах болох Б.С- залгаад ах нь танайд очиж хоол идэх гэсэн юм одоо очиж байна гээд гэрт ирэх зам заалгасан. Тэгээд 09 цаг 30 минутын орчим дахин залгаад ах нь байрны чинь гадаа ирчихлээ хаалганыхаа чип дугаарыг хэлчих гэхээр нь би түүнд хаалганы чипийн дугаар хэлэлгүй гарч онгойлгож өгсөн. Тэгээд бид хоёр манай гэрт орсон. Б.С- ах манай гэрт ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой бага зэрэг халамцуу байсан. Би түүнээс хоол идэх үү гэж асуухад Б.С- ах хоол идэхгүй гэж хэлсэн. Тэгснээ тамхи гаргаж ирээд татаад суучихаар нь би хичээлдээ явлаа гээд нүүрээ будсан. Тэгсэн Б.С- ах гэнэт босож ирээд миний ар хэсгээс гараараа түлхээд ор луу унагаах гээд байхаар нь би гараараа паар болон хананы баганаас зууртал миний гарыг хүчээр салгаад намайг түлхэж унагаасан. Тэгснээ өөрөө миний дээр гарч хэвтээд хүзүү хоолойг маань үнэрлэж байснаа миний өмсөж байсан даавуун шортыг тайлах гээд байхаар нь би гэр эсэргүүцэж, түүний хоёр гарыг аваад шидтэл Б.С- ах зүүн талын гарыг минь зүүн гараараа бариад баруун талын цээж болон гар хэсэг дээр минь биеэрээ дарж хэвтэж намайг хөдөлгөөнгүй болгож байгаад баруун гараараа миний шорт дотоожийг өвдөг хүртэл шувталж доошлуулснаа намайг хоёр хөлөө хоёр тийш нь дэлэг гэж хэлэхээр нь би түүнд үгүй гэж хэлтэл хөлөөрөө миний доош шувтарсан байсан шорт, дотоожийг доошлуулж байгаад бүр тайлж хаяснаа өвдгөөр миний хоёр хөлийг хоёр тийш нь алцайлгаж байгаад баруун гараараа өөрийнхөө өмдний тэлээгээ тайлснаа өмд, дотоож хоёроо гуя хүртэл доошлуулаад өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Гэхдээ гүн хийгээгүй. Бэлэг эрхтнийхээ үзүүр хэсгийг хийсэн. Би түүнийг эсэргүүцэж та болиоч ээ гээд орилтол Б.С- ах битгий орил дуугүй бай орилох юм бол би эрхтнээ цааш нь тултал хийчихнэ шүү чамайг зүгээр байх юм бол би ингэж жаахан хэвтэж байгаад босчихно гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс айгаад дахин дуугарч чадаагүй уйлтал намайг битгий уйлаад бай гэж хэлээд ойролцоогоор 2-3 минут бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийсэн хэвээрээ хөдлөхгүй хэвтэж байгаад миний дээрээс боссон. Тэгснээ намайг өөрийнхөө дэргэд хэвт гэхээр нь би үгүй гэж хэлээд түүний гарыг өөрөөсөө холдуулж түлхээд орон дээрээс боссон. Гэтэл бэлэг эрхтний гадна хэсэгт нойтон оргиод байхаар нь би ариун цэврийн цаасаар арчсан чинь шингэн цагаан юм болчихсон байсан. Би бэлэг эрхтнээ арчсан цаасаа уутанд боож цүнхэндээ хийгээд гараад явсан. Харин Б.С- ах манай гэрт ганцаараа үлдсэн. Би болсон асуудлыг Н эгч болон найз Б нарт хэлсэн. Мөн сургууль дээр ирж ангийнхаа Мөнхзул эгчид хэлэхэд цагдаад мэдэгд гэсэн тул гомдол гаргасан” гэх /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Ёндонцоогийн: Ч.Х-гаас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн өглөө Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжны нийтийн байрны 2 тоотод бусдад хүчиндүүлсэн гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Н өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 09-ний өглөө үүрээр Б.С- гэх манай нутгийн ах манай үеэл ахтай холбогдоод Н-н дугаарыг өгөөч ангийнх нь хүүхэд юм аваад алга болчихлоо гэж хэлэн миний дугаарыг авсан байсан. Б.С- ах 8*******0 гэсэн дугаараас холбогдоод надад хандан ах нь хөдөөнөөс ирлээ Налайх дөхөж явна хоол хийгээд байж байгаач ах нь хоол идэж, унтаж байгаад Ө аймаг руу буцах гэж байна гэж хэлсэн. Би Б.С- ахтай нэг аймагт хамт өссөн нэгийгээ эртнээс мэддэг учир за гэж хэлээд хоол хийж үлдээгээд гэрээсээ явсан. Энэ үед хамт амьдардаг үеэл болох Ч.Х- гэрт ганцаараа унтаад үлдсэн. Тэгээд 10 цаг өнгөрч байхад Ч.Х- над руу залгаад Б.С- ах намайг хүчиндчихлээ гэсэн утгатай зүйл ярьсан. Ч.Х- над руу бичих үед С ах манай гэрт байна гэж хэлсэн. Тэгээд би оройн 18 цаг болж байхад Ч.Х- манай ажил дээр ирж С ахыг унтаад үлдсэн гэж надад хэлсэн. Тэгээд Ч.Х- уйлаад байсан болохоор дэлгэрүүлж асуугаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-14 дэх тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6214 дугаартай “Ч.Х- баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэгт хамаарахгүй, охин хальс бүтэн, урагдал гэмтэлгүй, үтрээний үүдэвч улайлттай, үтрээ, шулуун гэдэсний амсраас эр бэлгийн эс илрээгүй, бэлгийн замын халдварт өвчингүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6236 дугаартай “Б.С-д гадна бэлэг эрхтний гэмтэл, эмгэг өөрчлөлтгүй, хурьцал үйлдэх чадвартай, бэлгийн замын халдварт өвчингүй, О/l/ бүлгийн цустай” гэх хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /52-53 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2219 дугаартай “саарал дотоож шинжилгээнд тэнцэж байна, үүссэн гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна, цаг хугацааг шинжилгээгээр тодорхойлохгүй, хэрэгт ач холбогдолтой нэмэлт зүйл илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /57-58 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2384 дугаартай “Ч.Х-гаас хураан авсан гэх саарал өнгийн дотоож, хэргийн газраас хураан авсан гэх ариун цэврийн цаас зэрэгт үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна, илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг Ү хроммсомын ДНХ-ийн микросателлитын 25 локусаар тогтоов, үрийн шингэн, эр бэлгийн эс  нэг хүнийх байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3735 дугаартай “2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2384 дугаартай дүгнэлтэд тусгагдсан эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтцоороо ИБ3962 дугаартай Б.С- гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...гэмт хэргийн улмаас Ч.Х-гийн сэтгэцэд хор уршиг учирсан байна, энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна, цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах нэн шаардлагатай” гэх /хавтаст хэргийн 138-139 дэх тал/   шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжны нийтийн байрны 2 тоотод хохирогч Ч.Х-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх  гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С- гаргасан мэдүүлэг, мөрдөн шалгах шалгах ажиллагаанд гаргасан хохирогч Ч.Х-, гэрч Г.Нгийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 6236, 2219, 2384, 3735, 91 дугаартай дүгнэлтүүд зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл, зөвшөөрөлгүйгээр, түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, түүнчлэн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулж хүчээр хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх байдлаар илэрдэг.

Хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх,  заналхийлэх буюу  нөгөөтэйгүүр биеэ хамгаалж  чадахгүй  байдлыг  далимдуулж үйлдсэн байдаг бөгөөд гэмт этгээд хохирогчтой хурьцал үйлдэж эхэлснээр хүчиндэх үйлдлийг төгссөн гэж үзнэ.

Хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж гэдэг нь бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийн зүгээс гарч болзошгүй эсэргүүцлийг дарах зорилгоор хэрэгжүүлж буй үйлдэл бөгөөд энэ нь хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж болно.

 

Шүүгдэгч Б.С-  энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн  эрх чөлөөнд  гэм буруугийн санаатай хэлбэрээр  халдсан гэмт үйлдэл болно. 

Шүүгдэгч Б.С- нь өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд  хохирогч Ч.Х-гийн хүсэл зоригийн  эсрэг хүч хэрэглэж бэлгийн эрх чөлөөнд халдаж  буй Б.С- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч  Б.С-ийг  хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт хохирогч  Ч.Х-д 7 500 000 төгрөгийг  нөхөн төлсөн,  хохирогч   нь гомдолгүй   нэхэмжлэх зүйлгүй  талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч  Б.С- нь   энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилсан болно.

Улсын яллагч  эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн шинж, хохирогчид хохирол төлбөр төлсөн байдал, хохирогч гомдол саналгүй гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ц эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны 7 сартай охин хүүхэдтэй, эхнэр нь энэ хэргийн улмаас гомдож, орхин явсан, одоогоор өрх толгойлсон эцэг статустай байгаа. Гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан буюу согтолт гараагүй байхдаа биеэ барьж чадахгүй уг гэмт хэргийг үйлдсэн, хохирогчид 7 500 000 төгрөгийн сэтгэл санааны хохирол төлсөн буюу хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх саналыг,

Хохирогч Ч.Х-гийн шүүхэд бичгээр гаргасан “Б.С- надад учирсан хохирлыг бүрэн арилгаж, хүн ёсоор уучлалт гуйсан тул миний зүгээс түүнийг уучилсан ямар нэг гомдол саналгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав. 

Шүүхээс шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, хохирогч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-д хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.С- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол, ..санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн  6.8, 6.9  дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг...”  тус тус мэдэгдэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн С-ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж  бэлгийн харьцаанд орж  хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.С- нь  хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн  6.8, 6.9  дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч  Б.С-д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.С- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  7.500.000 төгрөгийг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичгийн, эд мөрийн  баримтаар  хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6.  Шүүгдэгч Б.С-д  авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, уг шийдвэрийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энх-Амарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт оролцогчид гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Х.САНЖИДМАА