| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2018/00147/И |
| Дугаар | 00053 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 00053
| 2018 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 207/МА2018/00053 |
Ч.Л-н нэхэмжлэлтэй
хариуцагч Д.Н-д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/00217 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ч.Л-н нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Н-д холбогдох,
234.570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Н-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Л, хариуцагч Д.Н , нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэр халуун усны газрын баруун авто зам дээр согтуугаар машин жолоодож явсан Д.Н д мөргүүлж авто осолд орсон. Д.Н ос шүүх хурлаар хохирогч Ч.Л миний цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр тогтоогдсон. Иймд эмчилгээний зардал 274.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Ч.Л-н урьд нь гаргасан бүх эмчилгээний зардлыг төлсөн нь үнэн. Хэрэгт ирүүлсэн баримтыг хангалтгүй гэж үзэж байна. Нэг өдөрт нэг хүний гараар бичиж үйлдсэн байна. Ар гэрт минь өвчин зовлон тохиолдож аав минь хорт хавдар туссан. Тийм учраас төлбөрийн чадвар надад байхгүй. Өмнө нь гаргасан бүх төлбөрийг төлж байсан. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/00217 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Д.Н ос 273.000 төгрөг гаргуулан Ч.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 8.840 төгрөг гаргуулж Төрийн санд оруулж, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 8.840 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Н давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2018.03.26-нд шуудангаар хүлээж аваад давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх үнэлэх боломжгүй, хангалтгүй нотлох баримтаар надаас 273.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Аав минь уушигны хорт хавдар өвчнөөр олон жил өвдөж байгаад 03 дугаар сарын 09-нд өнгөрсөн юм. Би аавыгаа сахиад юун мөнгө төлөхтэй манатай, шүүх хуралдаанд ч очих боломжгүй байсан. Ч.Л нь эм тариа хэрэглэх ёстой гэж эмнэлгийн баримт нь 1 дор хэрэглэх яаралтай шаардлагатай баримт байхгүй байхад надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугара зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ч.Л нь хариуцагч Д.Н ос гэм хорын хохиролд 274.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Н нэхэмжлэгчийн урьд гаргасан бүх зардлыг төлсөн, эдгээр баримт нь 1 өдөр 1 хүний гараар бичсэн баримт байгаа нь эргэлзээ төрүүлж байна төлөх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Хариуцагч Д.Н нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Королла серес маркийн **** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.2 дахь заалтыг зөрчсөнөөс Ц.Дашдоржийн жолоодож явсан приус маркийн машинтай мөргөлдсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.Л-н хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогджээ.
Харин Д.Н нь гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй тул Ч.Л-н эмчилгээний зардал 273.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дүгээр зүйлд нийцсэн байна.
Иймд хариуцагч Д.Н-н давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/00217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Д.Н-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Н-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.840 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БАТТӨР
С.УРАНЧИМЭГ