Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0085/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Шүүгдэгч Л.Баасанням, Б.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон Лхагвасүрэнгийн Баасанням, Эрхэт Баярмаагийн Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 201609000685 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1.Монгол Улсын иргэн, Боржигон Лхагвасүрэнгийн Баасанням, 1991 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, цахилгаан, хийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 9-10 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТЕ91090816 регистрийн дугаартай. 2.Монгол Улсын иргэн, Эрхэт Баярмаагийн Ууганбаяр, 1995 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эх, өвөө, ах, дүү нарын хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 7-23 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТА95042251 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.Баасанням, Б.Ууганбаяр нар нь 2016 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дархан сумын 3 дугаар багийн Цантын 1-7 тоотод иргэн С.Саранхүүгийн гэрт архидан согтуурсан үедээ бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, ялимгүй зүйлээр шалтаглан С.Энхманлай, С.Саранхүү нарыг зодож, С.Энхманлайн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Л.Баасаннямын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед Энхманлай миний утас руу залгаад хэн бэ гэсэн тэгэхээр нь би Бааска ах нь байна аа гэсэн чинь Энхманлай миний өөдөөс би тийм хүн танихгүй ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи намайг танихгүй байгаа юм уу хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлсэн тэгсэн чинь Энхманлай чаддаг юм бол хүрээд ир Толгойтод байна гээд бид 2 хэрэлдсэн. Би пизда гэж хэлээд утсаа тасласан. Тэгээд орой нь Ууганбаярын гэрт байж байхад манай 2 найз хөдөөнөөс ирээд Ууганбаяр бид 4 нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Архиа уучихаад Энхманлайн гэрт Ууганбаяр бид 2 очсон. Гэрлүү нь очоод Ууганбаяр эхлээд Энхманлайг нүүр хацар луу нь 2 удаа цохисон. Аавыг нь гараараа шанаа руу нь 2 удаа, Энхманлайг гар шуу хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд Энхманлайтай хэрэлдэж байгаад явсанаа санаж байгаа харин яаж явсаар Ууганбаярын гэрт очиж унтсанаа сайн санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Ууганбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай найз Баасанням руу Энхманлай залгаад хэн бэ гэж асуусан. Тухайн үед Баасанням утсаа чанга яригч дээр нь тавьчихсан байсан. Тэгэхээр нь Баасанням “Бааска ах нь байна аа, гэсэн чинь ямар Бааска вэ би тийм хүн танихгүй гэсэн чинь чи яахаараа таньдаггүй юм гээд уурласан, тэгсэн чинь Энхманлай “би чамайг танихгүй ээ, тэгвэл Толгойтод хүрээд ир гэж хэлээд утсаа тасласан. Тэгээд гэртээ байж байгаад орой манай нэг найз хөдөөнөөс ирээд Баасанням, би бас 1 найзтайгаа нийлээд 4-үүлээ 0.75 литрийн нэг шил архи уусан. Манай 2 найз нэг их уухгүй байсан учраас Баасанням бид 2 архиа хувааж уугаад дуусгасан. Тэгээд шөнө 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Энхманлайн гэрт шууд очсон. Тэгсэн Энхманлай унтаагүй байсан бөгөөд би шууд гэрлүү нь ороод Энхманлайг зүүн талын шанаа хэсэг рүү, цээж рүү нь гараараа 2 удаа цохисон тэр үед Баасанням бас Энхманлайг гараараа нуруу руу нь цохисон. Тэгсэн аав нь цаад өрөөнөөс босож ирсэн чинь Баасанням аавыг нь 2 удаа гараараа нүүр лүү нь цохисон. Тэгээд би шалан дээр байсан Энхманлайн утас, аавынх нь утас бас газар байсныг аваад гэрээс нь гараад явсан. Тэгээд яаж харьсанаа сайн санахгүй байгаа нэг мэдсэн өглөө найз охиныхоо гэрт ирчихсэн унтаж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, Хохирогч С.Энхманлайгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 цаг өнгөрч байхад миний гар утсанд Отгоо байна залга гээд нэг танихгүй дугаараас мессеж ирсэн. Тэгэхээр нь би залгаад миний утас руу Отгоо байна залга гэсэн байна гэж хэлсэн чинь Бааска ах сайн уу ахын дүү гэхээр нь би хэн бэ гэсэн чинь Бааска ах нь байна гэхээр нь би тийм хүн танихгүй гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн чинь 5 минутын дараа Ууганбаяр ах залгаад -чи яагаад томроод байгаа юм бэ, Бааска ахыгаа танихгүй байгаа юм уу гэхээр нь би таньсангүй ээ гэж хэлсэн чинь намайг -чи хэзээ ийм том болчихсон юм бэ би чамайг таарсан газар чинь ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа салгачихсан. Тэгээд орой гэртээ 01 цагийн үед аав дүү нартайгаа байж байсан чинь манай гэрт Бааска, Ууганбаяр хоёр согтуу орж ирээд Бааска нь шууд миний толгой руу өшиглөсөн, Ууганбаяр нь миний үснээс зулгааж байгаад гараараа миний нүүр лүү цохиод байсан. Аав орноосоо босож ирээд яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэсэн чинь Бааска аавыг эхлээд нүүр лүү нь цохисон тэр 2 хоёулаа нийлээд цохиод байсан. Тэгээд би цаад талын орон дээр юу хийхээ мэдэхгүй сууж байсан чинь Бааска ирээд миний хамар луу цохиод миний хамарнаас цус гарсан тэгсэн чинь Ууганбаяр бас ирээд гараараа миний нуруу бөөр хэсэг рүү цохиод байсан. Мөн пийшин дээр ус халааж байсан будаа агшаагчны дотор талын саваар бас миний гар, мөр хэсэг рүү цохиод, Бааска нь танай гэрийг шатаана гээд орилоод байсан. Ууганбаяр нь аав бид 2-ын утсыг авахаар нь аав нэгийг нь үлдээчих өглөө хүүхдүүд хичээлтэй сэрүүлэг тавьдаг юм гэж хэлсэн чинь үгүй гээд аав бид 2-ын утсыг аваад гараад явсан. Бид нар тэр оройдоо гэртээ унтаад маргааш нь Цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Хохирогч С.Саранхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 05-06-ны шөнө гэрийн хаалга онгойх шиг болохоор нь харсан чинь нэг өндөр залуу араас нь бас нэг намхан залуу орж ирээд манай хүү Энхманлайг зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би орноосоо босоод ирсэн чинь намайг өндөр Баасанням нь цохихоор нь би доошоо тонгойсон чинь Ууганбаяр өшиглөсөн. Тэгээд орон дээр намайг сууж байхад хоёулаа нийлээд орноос чирч унагаагаад цохисон. Тэгээд Ууганбаяр нь пийшингийн урд байсан алхыг аваад цохино гээд байсан гэхдээ цохиогүй. Тэгээд манай хүүг цохиод байхаар нь би та нар боль гэж хэлсэн. Гэтэл цагдаад хэлэх юм бол гэртэй чинь шатаана гээд Баасанням нь манай хүүг цохиж байгаад гарахдаа хүү бид хоёрын гар утсыг цагдаа дуудчихна гээд аваад явсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 74/, Гэрч Х.Сугарсүрэн /хх-ийн 19/, П.Чулуунжаргал /хх-ийн 20/ нарын мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1322 дугаар шинжээчийн дүгнэлт: 1.С.Саранхүүгийн биед нүүрний зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрхи зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг зулгаралт, цус хуралт нь ГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ /хх-ийн 22/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны албаны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1321 дугаар шинжээчийн дүгнэлт: 1.С.Энхманлайн тархи доргилт, баруун шуун дахь зулгаралт, дээд уруулын цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.С.Энхманлайн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 30/, Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-12/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-80/ зэрэг болно. Шүүгдэгч Л.Баасанням, Б.Ууганбаяр нар нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Цантын 1-7 тоотод иргэн С.Саранхүүгийн гэрт ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж С.Энхманлай, С.Саранхүү нарыг бүлэглэн зодож, С.Энхманлайгийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Баасанням, Б.Ууганбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Хохирогч С.Саранхүү, С.Энхманлай нарын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснээр шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэдний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон Лхагвасүрэнгийн Баасанням, Эрхэт Баярмаагийн Ууганбаяр нарыг үл ялих зүйлээр шалтаглан согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж бүлэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Л.Баасаннямыг 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ , шүүгдэгч Б.Ууганбаярыг 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Л.Баасанням, Б.Ууганбаяр нарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тус бүрийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Л.Баасанням, Б.Ууганбаяр нарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг 2 жил 6 сарын /хоёр жил зургаан сар/ хугацаагаар хянан харгалзаж, тэдний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Баасанням, Б.Ууганбаяр нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ