Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 00763

 

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2020/00763

Жаргалант сум

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар  Ж.Х / /-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00872/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жаргал овогтой Хишигтогтох миний бие нь 1969 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт Жаргалын 5 дахь охин болон төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын дунд сургуульд 1977 онд элсэн суралцаж 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийн эх баригч бага эмчийн ангид элсэн орж суралцаад 1989 оны 6 сарын 25-ны өдөр төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн эрүүлийг хамгаалах газрын мэдэлд ирээд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант хэсгийн эмчээр ажиллаж байгаад 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралтаа аваад Эрдэнэбүрэн сумын Хонгио багт эцгийнхээ гэрт амьдарч байгаад 1991 оны 6 дугаар сарын 24-нд Эрдэнэбүрэн сумын Намарзан багт хэсгийн эмчээр ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн хэсгийн эмчээр ажилд орсон тушаал олдохгүй байгаа учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант хэсгийн эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ж.Х нь 1969 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт Жаргалын 5 дахь охин болон төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын дунд сургуульд 1977 онд элсэн суралцаж 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Говь-Алтай аймгийн Анагаан ухааны дунд сургуулийн эх баригч бага эмчийн ангид элсэн орж суралцаад 1989 оны 6 сарын 25-ны өдөр төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн эрүүлийг хамгаалах газрын мэдэлд ирээд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант хэсгийн эмчээр ажиллаж байгаад 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралтаа аваад Эрдэнэбүрэн сумын Хонгио багт эцгийнхээ гэрт амьдарч байгаад 1991 оны 6 дугаар сарын 24-нд Эрдэнэбүрэн сумын Намарзан багт хэсгийн эмчээр ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн хэсгийн эмчээр ажилд орсон тушаал олдохгүй байгаа юм билээ. Иймээс Ж.Х /ДЭ69081000/-ыг 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант хэсгийн эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ж.Хыг 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант хэсгийн эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох  тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1880 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай тушаалын хуулбар, /хх-ийн 6-8 дугаар тал/

2.Ажилчин албан хаагчдын цалингийн хүснэгтийн хуулбар /хх-ийн 9-12 дугаар тал/

3. Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургууль төгссөн дипломын хуулбар /хх-ийн 18 дугаар тал/

4.1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 26 дугаар тал /

5. Гэрч Ж.Төмөрхуягийн ... Би Ховд аймгийн Дөргөн сумын хүний их эмчийн салбарт дүн бүртгэгч бага эмчээр 1988-1990 он хүртэл ажилласан. Сумын бригадын эмчээр бас ажиллаж байсан. Ж.Х нь 1989 оны зун Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадад хүний бага эмчээр ажилд орж байсан. 1990 оын 8 сар хүртэл ажилласан....гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтооолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Х / /-ыг 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант хэсгийн эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгч  Ж.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ