Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 00765

 

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2020/00765

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,  Д.Б / /-гийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00840/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М, нэхэмжлэгч Д.Б нар оролцлоо.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие сургуулиа төгсөөд эцэг эхийн хажууд мал маллаж байсан. Тухайн үед илгээлтээр хөдөө гарсан бөгөөд гэр бүлтэй болж үргэлжүүлэн малаа маллаж амьдарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний баримтууд олдохгүй байгаа. Тухайн үедээ нас залуу хүүхэд байсан болод тэрүү бичиг баримт бүрдүүлж авч байгаагүй юм. Намайг 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Д.Б нь 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1360 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа /хх-ийн 4 дүгээр тал/

2.1988 оны Ховд аймгийн Мянгад сумын 20 дугаар бригадын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар /хх-ийн 6 дугаар тал/

3.1989 оны 12 дугаар сард авсан Талархал /хх-ийн 10 дугаар тал /

4. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 оны хооронд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 14 дүгээр тал/

5. Гэрч Г.Хандаагийн ....Д.Б нь 1986 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр гарч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор нэгдэл тарах хүртэл ажилласан... гэх мэдүүлэг,

6. Гэрч Ч.Хишигтогтохын ...Би эчнээгээр 8 дугаар анги төгссөн. Д.Б бид хоёр нэг ангийн хүүхдүүд байсан. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийг 1986 оны хавар төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчин болж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Бгийн 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч нь 1986 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн болох нь гэрч Ч.Хишигтогтохын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөн 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 сарыг дуустал Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж энэ талаархи баримт болох Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас ирүүлсэн байх тул шүүхээс энэ хугацаанд ажилласан байдлыг тогтоохгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Б / /-г 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ