| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00871/и |
| Дугаар | 00766 |
| Огноо | 2020-11-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 00766
| 2020 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00766 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Д.Б/-гийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00871/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1981 онд 8 дугаар анги төгсөөд эцэг, эх дээрээ гарч, аавынхаа хажууд малчин болж ажлынхаа гарааг эхэлсэн. 1986 онд Г.Ц-тай гэр бүл болж, 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Намайг 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би 1994 онд Ховд аймгийн Зочид буудалд ажиллаж байсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Д.Б нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 70 дугаар дансны хуулбаруудаа гаргаж өгсөн. Д.Б нь Малчинд өнөдөр насны тэтгэвэр тогтоолгоход баримтлах журмын дагуу 50 насандаа өндөр насны тэтгэвэрт гарах боломжтой байгаа юм. 1991-1993 оны хувьд тухайн үед нэгдэл тарж байсан учраас нэгдлээс цалин хөлс тооцож олгож байсан зүйл байдаггүй. Иймд мал тооллогын баримтаар 1991-1993 оны хооронд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бг 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-нд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах нотлох баримтанд үндэслэлэн хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1758 дугаартай албан бичгээр ирүүлсэн Манхан сумын Баянгол бригадын 1983-1986 он, Тахилт бригадын 1989 он, Улаанхүрээ бригадын 1988, 1990-1993 онуудын 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 8-17 дугаар тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтооолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-нд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь энэ хэсэгт холбогдох баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б нь Би 1994 онд Зочид буудалд ажиллаж байсан. 1993 оныг дуустал мал малласан... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байх тул нэхэмжлэгч нь дээрх хугацаанд малчнаар ажиллаагүй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Б/-г 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1994 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Баясгалант амьдрал ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ