Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 00767

 

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00767

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч Скайтел ХХК /2576376/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э-д холбогдох, 378,814 /гурван зуун далан найман мянга найман зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 153/2020/00783/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Э нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дараа төлбөрт Postpaid MONGОLdoo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90097855 дугаарын эзмшигч болж HUAWEI Y6 маркийн гар утсыг 6 сарын хугацаанд төлөхөөр лизингийн нөхцөлөөр авсан. А.Э нь гэрээний үүргээ үл биелүүлж 90097855 дугаарын лизингийн төлбөр 373,814 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан.

Иймд А.Эаас төлбөрийн үлдэгдэл болох 373,814 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 378,814 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Э нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Скайтел ХХК-ийн нэхэмжилж байгаа 378,814 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь А.Эд холбогдуулан 378,814 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл 378,814 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,014 /арван хоёр мянга арван дөрөв/ төгрөгөөс 6,007 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Эаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,007 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч А.Э нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Эд холбогдох 378,814 /гурван зуун далан найман мянга найман зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,014 /арван хоёр мянга арван дөрөв/ төгрөгөөс 6,007 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Эаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,007 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ