Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/01152

 

С.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2020/00785 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 204/МА2021/00001 дүгээр магадлалтай,

С.Тийн нэхэмжлэлтэй

Б.Б, Д.Б нарт холбогдох

Гэм хорын хохиролд Б.Бгаас 10,000,000 төгрөг, Д.Баас 10,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Хандмаа, хариуцагч Д.Бы өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч Б.Бгийн өмгөөлөгч Б.Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. С.Т нь Б.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг, Д.Баас 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2020/00785 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэм хорын хохиролд Б.Бгаас 10,000,000 төгрөг, Д.Баас 10,000,000 төгрөг гаргуулах тухай С.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.Т улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 204/МА2021/00001 дүгээр магадлалаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2020/00785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа хяналтын гомдолдоо: Шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн магадлалыг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд, аливаа эд зүйл өөрийн гэсэн үнэлгээтэй байдаг. Хулгайлах гэмт хэрэгт малыг, тээврийн хэрэгслийг гээд бүгдийг үнэлдэг. Хүмүүс хулгайд үхэр, хонио алдвал үнэлгээний байгууллага үнэлээд хохирлыг нь шүүхээс гэм буруутай этгээдээс гаргуулдаг. Үүнтэй ижил хүн ч гэсэн маш их үнэ цэнтэй бодгаль билээ. Хүүхэд өсгөхөд хүүхдийг төрүүлсэн эх хүн 38-40 долоо хоног хэвлийдээ тээдэг. Энэ маш их хөдөлмөр. Хүүхдээ төрүүлсний дараа 1 нас хүртэл нь эх хүн бүтэн нойртой хонохгүй, шөнө бүр 1-3 удаа сэрж босож хүүхдээ хөхүүлнэ, хуурайлна. Заримдаа өвдсөн үед нь шөнөжин нойргүй хонох ч тохиолдлууд байна. Хүүхэд өсгөхөд хувцас, хоол хүнс, витамин, өвдвөл эм тариа, эмнэлэгт үзүүлэх замын зардал, дулаан тохитой орон гэр, эцэг эх хүний маш их хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө зарцуулсны үр дүнд хүүхэд эрүүл энх өсөж том болдог. “А Ү” ХХК-ийн гаргасан “Хүний амь насанд учирсан хохирлын үнэлгээ” дотор талийгаач хүүхдийг 7 нас хүртэл нь өсгөхөд түүний эцэг, эхэд гарсан зардал болон үнэлж болох эд хөрөнгийн хохирол тусгагдсан байгаа. Ийм байхад шүүх үүнийг үнэлж болохгүй эдийн бус гэж тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хоёр, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байхад тэр дундаа “амь насанд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь, хуульд шаардах эрхийг нь заасаар байтал үнэлгээний байгууллага хүүг нас барснаар хүүг 7 нас хүртэл нь өсгөхөд ээж аав нь хамгийн багаар бодоход 16,321,200 төгрөг зарцуулсан байгааг, хүү амьд байсан бол ямар их баялаг бүтээх байсныг, мөн эцэг эхийн сэтгэл санаанд учирсан хохирлыг... үнэлсэн байна. Ийм байхад үнэлж болох эд хөрөнгийн хохирол байхгүй эдийн бус хохирол байна гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлүүлэх, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Б.Б, Д.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд тус бүр 10,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...2019.06.06-ны өдөр Баруунбаян-Улаан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт 7 настай хүү Т.Шыг зам тээврийн ослын улмаас алдсан, энэ хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б гэм буруутай, тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Б иргэний хариуцагч болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Хүүгийнхээ амь насанд учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний компаниар хийлгэхэд 71,774,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд хариуцагч тус бүрээс 10,000,000 төгрөгийг нэхэмжилнэ, үүнээс 3,678,800 төгрөг нь сэтгэл санааны хохирол, 16,321,200 төгрөг нь хүүг 7 нас хүртэл нь өсгөхөд гарсан зардал болно” гэжээ.

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, миний бие өөрөөс шалтгаалах гэм хорын хохирлыг бүрэн төлсөн, Монгол улсын хуульд хүнийг үнэлэх заалт байхгүй, хүүхдээ ослоор алдсан эх хүний зовлонг ойлгож байна, энэ осол болгоомжгүй байдлаас болсон гэж,

Хариуцагч Д.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад нийт 3,142,050 төгрөгийг төлсөн, одоо нэмж төлбөр төлөх боломж байхгүй, тухайн осол болоход би хамт байгаагүй гэж тус тус мэтгэлцсэн байна.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр заасан ба хүний амь нас, бие эрхтэн, өвчин, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй тул мөнгөөр нөхөн төлүүлэх боломжгүй, Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хорыг зөвхөн мөнгөн болон бусад хэлбэрээр арилгаж болохоор тусгайлан заасан байдаг, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасан арга, хэлбэрээр арилгана...” гэж сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийг хангахгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийсэн байна.

8. Хоёр шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй” гэсэн журмыг зөрчсөн болохоос гадна материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ алдааг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.”, мөн хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-д “Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана.” гэж тус тус заажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтална.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгасан ба сэтгэл санаанд учирсан гэм хор болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хор нь эдийн бус гэх төрөлд хамаарах боловч агуулга, хэлбэрийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлоос ялгаатай тул эдгээр харилцаанд эрх зүйн нэг хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх боломжгүй.

Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхыг заасан байх боловч ийм зохицуулалт байхгүй. Иймээс шүүх Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна.” гэж зааснаар гэм хорын ерөнхий зохицуулалтын агуулга, зарчмыг баримтлан шийдвэрлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хорын ерөнхий зохицуулалт болох уг хэм хэмжээнд гэм буруутай этгээд эдийн бус гэм хорын хохирлыг арилгах үүрэг ч багтана.

Нэхэмжлэгч нь сэтгэл санаанд учирсан хохирлоо “А Ү” ХХК-ийн үнэлгээгээр нотолно гэжээ. Уг үнэлгээг Америкийн нэгдсэн улсын муж бүрээр тогтоосон  одоо мөрдөж байгаа сэтгэл санааны хохирлын үнэлгээний доод төвшин /250,000 ам.доллар, Бүгд найрамдах Солонгос улсын сэтгэл санааны хохирлын шинэчилсэн суурь үнэ /100,000,000 вон/ зэргийг Монгол улсын нэг хүнд ноогдох ДНБ, ДНБ-ний харьцаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь зэрэг шалгуурыг харьцуулан сэтгэл санааны хохирлыг 36,164,000 төгрөгөөр тогтоожээ. Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирлоо 3,678,800 төгрөгийн хэмжээнд тодорхойлсон тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлтэй байжээ.

Харин хүүхдээ 7 нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлэхэд гаргасан зардлыг гэм хорын хохирол гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь эцэг эх нь үр хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхдийг тэжээн тэтгэхэд ийнхүү гаргасан зардлыг бусдаас шаардах үндэслэл нь эцэг эхийн хуулиар хүлээсэн үүрэг болон жам ёсны эрхэд нийцэхгүй юм. Нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

10. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч нараас 3,678,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын энэ хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 204/МА2021/00001 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2020/00785 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Б, Д.Б нараас 3,678,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Тид олгож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, үлдэх 16,321,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...дурдсугай...” гэснийг “дурдаж”, хариуцагч Б.Б, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 73,810 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД

                              ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                            Б.МӨНХТУЯА

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ