Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 747

 

А.Эт холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Уянга,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлоор А.Эт холбогдох эрүүгийн 2006007620786 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

..............., 20...... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн 12а ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 34 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........../;

 

А.Э нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 24 дүгээр байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Л.Ариунбилэгтэй маргалдан улмаар нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ....................рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эийг 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан А.Эт оногдуулсан 120 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Э, түүний хууль ёсны төлөөлөгч С.Анхбаяр нарт мэдэгдэж, А.Э нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч А.Энхбуйр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй доорх үндэслэлүүд байна. Өөрөөр хэлбэл түүнд холбогдуулан гэмт хэрэгт ялаас чөлөөлөн хүмүүжлийн чанартай арга хэмжээ хэрэглэж болно гэсэн заалтыг хэрэглээгүй. Шүүгдэгч А.Э нь 18 насанд хүрээгүй, өсвөр насны охин бөгөөд хохирогчийн гэм буруутай ажиллагаа, үл ойлголцолын улмаас түүнд гар хүрсэн, үүний улмаас түүнд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсний дагуу тус хуулийн 8.7 дугаар зүйлийн 4-д заасныг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хөнгөн хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасан хүнд гэмт хэрэгт хүмүүжлийн чанартай арга хэмжээ авах нь хамаарахгүй буюу заагаагүй хэмээн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.4-д заасан хуулийг зөв хэрэглэхэд болон ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялаас чөлөөлж хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Э тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Прокурор Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.Эт холбогдуулан гаргасан шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

 

А.Э нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 24 дүгээр байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Л.Ариунбилэгтэй маргалдан улмаар нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч Л.Ариунбилэгийн “...Эрдэнэдэлгэр нөгөө найзуудтайгаа гарч ирээд намайг юу ч мэдээгүй байж байсан чинь миний нүүр рүү гараараа цохисон. Тэгсэн чинь миний уруулнаас цус гарчихсан. Цохингуутаа Эрдэнэдэлгэр миний урд ирж зогсоод дахиад нүүр рүү гараараа зүүн хацарт цохисон. ...намайг дээшээ өндийгөөд босч ирэхэд миний зүүн талын хацар хавдсан байсан. Тэгээд зогсож байсан чинь Эрдэнэдэлгэр “ойлгож байна уу” гээд миний баруун талын хацар руу алгадсан. ...” /хх 9-10/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1922 дугаартай “...Л.Ариунбилэгт зүүн доод зовхины цус хуралт, доод уруулын шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр үүгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 14/ гэх дүгнэлт,

 

нас тоолсон тэмдэглэл /хх 20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч А.Эийн насанд хүрээгүй хохирогч Л.Ариунбилэгтэй маргалдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч А.Энхбуйр “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсний дагуу тус хуулийн 8.7 дугаар зүйлийн 4-д заасныг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хөнгөн хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасан хүнд гэмт хэрэгт хүмүүжлийн чанартай арга хэмжээ авах нь хамаарахгүй буюу заагаагүй хэмээн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.4-д заасан хуулийг зөв хэрэглэхэд болон ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялаас чөлөөлж хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч А.Э нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 18 насанд хүрсэн байх бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим хамаарахгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч А.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд тухайн зүйлд заасан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эийг 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн заалт нэмсүгэй.

 

            3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Э, түүний хууль ёсны төлөөлөгч С.Анхбаяр нарт мэдэгдсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ

 

 

                  ШҮҮГЧ                                                      Д.МЯГМАРЖАВ