| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 159/2024/0051/З |
| Дугаар | 221/МА2026/0623 |
| Огноо | 2026-09-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0623
Н.Дын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 017 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б
Хариуцагч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 159/2024/0051/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Даас Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан “2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ************* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 017 дугаар шийдвэрээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 57 дугаар зүйлийн 57.1., Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан гаргасан “2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ************* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Н.Б нь иргэн Н.Д намайг “... 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Р ХХК-ийн ******** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр Р ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Элээт гэх газар Р ХХК-ийн ******** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна зөвшөөрөлгүйгээр 13770 м2 буюу 1,38 га талбайд ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулсан зөрчил илэрсэн ...Н.Д нь хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулсан зөрчил гаргасан ...” гэх үндэслэлээр 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ************* тоот актыг гаргасан байдаг.
3.2. Уг актын талаар нэхэмжлэгч Н.Д огт мэдээгүй, гардуулж өгөөгүй бөгөөд тэрээр 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шаардаж буй эрүүгийн *********** дугаартай хэргийн материалаас хуулбарлан авсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын байцаагчийн актад дурдаад буй “хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэж буруутгаж, акт үйлдсэн нь үндэслэлгүй.
3.3 Н.Дын захирлаар нь ажилладаг “М” ХХК-ийн Р ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Нөхөн сэргээлт, хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Р ХХК-ийн ******** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд буюу тус компанийн зааж өгсөн талбайд байгаа овоолгыг угааж алт олборлон зардлаа нөхөх, олборлосон алтны тодорхой хувийг Р ХХК нь авахаар тохиролцсон, уг тохиролцооны дагуу тус компани нь тодорхой хэмжээний алт авч байсан.
3.4. Тодруулбал, “М” ХХК нь Р ХХК-ийн ажилтны зааж өгсөн талбай дээр буюу ******** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт, хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн ба хэрэв тус компанийн үйл ажиллагааг хууль бус гэж үзвэл уг ажлыг захиалагч этгээд болох ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Р ХХК, түүний захирал, эрх бүхий бусад албан тушаалтан хариуцлага хүлээх учиртай. “М” ХХК нь хууль бусаар, өөрөө дур мэдэн, зааж өгсөн талбайгаас өөр талбайд үйл ажиллагаа явуулаагүй.
3.5. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “...Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:” гээд, 27.1.1-д “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах;”, 27.1.3-д “энэ хуулийн зургаадугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэх;”, 35 дугаар зүйлийн 35.3. дахь хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах баримт бичгийг уурхай дээр байлгана:”, 35.3.6-д “уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт;”, 35.4 дэх хэсэгт “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ.” гэж тус тус заасан байдаг.
3.6. Улсын байцаагч Н.Бгийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ************* тоот акт нь Р ХХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд явуулсан үйл ажиллагаатай холбоотой байхад тэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой зөрчлийг шалгаж тогтоох ажиллагаа огт явуулалгүйгээр тухайн талбайд гэрээгээр ажиллаж байсан компанийн захирал болох Н.Дад холбогдуулан акт үйлдсэн нь холбогдох хууль тогтоомжуудад нийцээгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэж чадаагүй.
3.7. Улсын байцаагч Н.Б нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ************* тоот актыг гаргахдаа нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа явуулаагүй, шалгаж байгаа асуудлын талаар Н.Даас огт тайлбар, мэдээлэл аваагүй, тухайн актыг өөрт нь танилцуулаагүй, тэрээр ийм акт гарсныг огт мэдэгдээгүй болох нь тогтоогдсон.
3.8. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Н.Д тухайн актын хувьд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч бөгөөд улсын байцаагч захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.7 дахь заалтууд, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.
3.9. Түүнчлэн тухайн үед Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Н.Дыг “2020 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Элээт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 283,508,639 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйлдэлд буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан.
3.10. Тухайн эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад улсын байцаагч намайг “...хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулсан зөрчил гаргасан...” гэж буруутган байгаль орчинд учруулсан хохиролд 808,977,431 төгрөг төлүүлэхээр акт үйлдсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй ” гэж тус тус заасныг зөрчсөн. Дээрх зөрчил нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарч байна. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актыг гаргах үеийн нөхцөл байдал, үйл баримтыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон.” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
2.1. Нэхэмжлэгч Н.Даас Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан “2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ************* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ************* тоот актаар Н.Д нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Р ХХК-ийн ******** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр Р ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Элээт гэх газар Р ХХК-ийн ******** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна зөвшөөрөлгүйгээр 13770 м2 буюу 1,38 га талбайд хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулсан зөрчилд байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ 808,977,431 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ.
2.3 Дээрх актыг нэхэмжлэгч Н.Д эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх “...хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчилсны дагуу, эрүүгийн хэрэгт томилогдсон эрх бүхий шинжээчийн дүгнэлтэд үндэслэн өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд акт гаргасан байх тул уг актыг “ямар ч хуулийн үндэслэлгүй, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж эрхэд халдсан илт хууль бус акт” гэж үзэх үндэслэлгүй.” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.4. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49. 1.-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 49.3-т “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.”, 49.2-т “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: 1/ойн санд учруулсан хохирол; 2/амьтанд учруулсан хохирол; 3/ургамалд учруулсан хохирол; 4/усны нөөцөд учруулсан хохирол; 5/газарт учруулсан хохирол; 6/газрын хэвлийд учруулсан хохирол; 7/хөрсөнд учруулсан хохирол.” гэж тус тус заажээ.
2.5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл байгаль орчин болон байгалийн нөөцөд хууль бус үйл ажиллагаагаар хохирол учруулсан этгээд нь нөхөн төлбөр төлөх үүрэгтэй бөгөөд уг төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулахаар хуульчилсан байна.
2.6. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд Улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрхийг заажээ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасны дагуу байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлж, хохирлыг арилгуулахаар гаргаж буй улсын байцаагчийн шийдвэр нь хуульд заасан хэлбэрийн хувьд “Улсын байцаагчийн акт” байна.
2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12-6/2564 дугаартай албан бичгээр “мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа Н.Д, М ХХК-д холбогдох эрүүгийн 2301003280101 дугаартай хэрэгт “Э” ХХК-ийн шинжээч Б.Б гаргасан 06 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг тооцсон улсын байцаагчийн акт гаргаж ирүүлнэ үү” гэжээ. Уг эрүүгийн хэрэгт томилогдсон “Э” ХХК-ийн 2023 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд учирсан суурь хохирлын хэмжээг эцэслэн тогтоожээ. Байгаль орчны улсын байцаагч Н.Б нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон суурь хохирлын хэмжээг хууль зүйн бодит үндэслэл болгон, нөхөн төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр тогтоож, акт үйлджээ.
2.8. Дээрхээс үзвэл улсын байцаагч Н.Б нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ************* тоот актыг гаргахдаа байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн нөхөн төлбөр ногдуулсан байх тул бодит нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа явуулаагүй акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
3.1. Эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад улсын байцаагч намайг “...хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулсан зөрчил гаргасан...” гэж буруутган байгаль орчинд учруулсан хохиролд 808,977,431 төгрөг төлүүлэхээр акт үйлдсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй...” гэж тус тус заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдлын тухайд:
3.2. Байгаль орчны тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр төлүүлэх акт гаргах бүрэн эрх зөвхөн Байгаль орчны улсын байцаагчид олгогдон байх бөгөөд эрүүгийн хэрэгт тогтоогдсон үйл баримтад үндэслэн акт үйлдсэн нь нэхэмжлэгч Н.Дыг эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутайг урьдчилан дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй, харин хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж заасан. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ************* тоот актыг гаргахдаа хуульд заагаагүй үндэслэлээр, хуулийн тодорхой заалтыг баримтлалгүйгээр иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэснийг зөрчсөн байсан зөрчил нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарна гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН