Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Ж.Очирбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Хохирогч Ц.Мөнхтүвшин

Шүүгдэгч Ц.Мөнхбат нарыг оролцуулан, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хэвтээ овогт Цэрэнхоролын Мөнхбатад яллагдагчаар татах тогтоол баталж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 201712000021 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

        

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дундговь аймагт 1972 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймаг Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 8 дугаар гудамжны 15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, Хэвтээ овогт Цэрэнхоролын Мөнхбат /Регистрийн дугаар ЗД72053013/  

         Холбогдсон гэмт хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

          Ц.Мөнхбат нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 3 дугаар гудамжны 3 тоотод Ц.Мөнхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, чээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                       

                                                                                                                                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

          Шүүгдэгч Ц.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр би архи уусан. Хохирогч бид хоёр тэмээний наймаа ярьж байсан юм. Гэтэл Ц.Мөнхтүвшинг надад мөнгө өгөхгүй гэхээр нь би уурласан. Хүний биед хутга хүрснийг санаатай гэж үздэг, санаандгүй үйлдэл гэж хэлэх боломжгүй байдаг юм байна. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Би багш хүн учраас миний нэр хүнд хэцүү байна. Ийм учраас хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, архи уухгүй байгаа, цаашдаа уухгүй гэж бодож байна. Дүүгээсээ удаа дараа уучлалт гуйж, гар утасруу нь зурвас бичиж уучлалт гуйсан гэв.

 Хохирогч Ц.Мөнхтүвшин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр наймаа хийгээд, маргааш нь мөнгө өгч, авалцахаар болсон байсан юм. 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өглөө ах согтуу байсан. Намайг гадуур ажилтай явж байгаад гэртээ ирэхэд ах манайд орж ирээд “мөнгөө авна” гэхээр нь “согтуу хүнд мөнгө өгөхгүй, архи уухаа боль, амьдралаа бод” гэж хэлэхэд ах нилээд уурлаад гэрээс гарч яваад, эргэж ирээд бөх үзэх гэсэн юм гэж надад хэлсэн. Тэгээд манайд орж ирээд завилаад суухад гутлын түрийнд нь хутга байсан. Тэгэхээр нь би  “намайг алах гэж ирсэн юм уу” гэж загнаад хутгыг нь авч хаалгаар гаргаж шидээд хөөсөн юм. Араас нь цонхоор харахад хутгаа аваад гэртээ орсон. Мөн тэр орой нь согтуу ирээд эхнэр хүүхдээ бусниулаад, гэр бүлийн хүн нь “ах чинь согтуу байна, танай гэрт хоёр хүүхдээ хонуулъя” гэхээр нь би байдлыг зохицуулаад, ахыг унтуулах санаатай гараад очсон. Ах гэрийн гадаа согтуу байхаар нь гэртээ ороод амар гэхэд надтай маргасан. Гэхдээ зодоон болоогүй. Харин гэрт ороод надруу элдэв зүйл хэлээд дайраад байхаар нь би биеэсээ холдуулах гээд түлхсэн чинь бөгсөөрөө газар суугаад босохдоо намайг хутгалсан. Өөрөөсөө хөндийрүүлээд түлхэхэд хутга нь газар унасан. Ийм л зүйл болсон, санаатай хутгалсан гэж бодож байна. Би энэ хүнд аль болохоор туслах гэж, амьдралд нь дэм болох гэж  хандаж байсан. Ямар зорилготой тийм үйлдэл хийснийг нь одоо болтол ойлгохгүй байна. Би Улаанбаатар хотод эмнэлэгт эмчлүүлж, дүгнэлт гаргуулсан. Гэтэл шинжилгээ нь Дундговь аймгийн эмнэлгээс зөрүүтэй гарсан. Хөнгөн гэмтэл учирсан гэж миний биеийг зүв зүгээр юм шиг дүгнэлт гаргасан гэв.

          Хохирогч Ц.Мөнхтүвшингийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “..Би Ц.Мөнхбат ах дээр хүрч очоод дандаа л архи ууж байх юм, маргааш гэрээ байгуулаад наймаа хийж чадах юм уу, үгүй юм уу гэж уурлаад заамдаад авсан. Тэгэхэд араас манай эхнэр Н.Нямцэрэн болон Д.Наранцэцэг нар гарч ирсэн байсан. Ц.Мөнхбатыг хэнтэй архи уусан гэдгийг мэдэхгүй байна. Манай хашаанд Ц.Мөнхбат ахынх, манайх болон манай төрсөн эгч Ц.Дэлгэрийнх байдаг юм... Ц.Мөнхбат ах мөн л согтуурхаад өөдөөс дайраад байхаар нь би Ц.Мөнхбат ахыг өөрөөсөө холдуулж чээжрүү нь 2 гарынхаа алгаар цаашаа 1 удаа түлхэхэд арагшаа байшингийн хулдаастай модон шалан дээр бөгсөөрөө суучихсан. Ц.Мөнхбат ах босч ирээд зөрүүлээд миний чээжрүү түлхэх шиг болоход газар модон иштэй хутга унасан. Тэгэхэд Ц.Мөнхбат ах миний чээжин тус газар хутгалсан байсан. Тухайн үед би хутгалуулсанаа мэдээгүй. Намайг хутгалчихлаа гээд манай эхнэр нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн. Эмнэлэгт ирэхэд эмч үзээд баруун талдаа 4-5 хавирганы завсраар дээшээ хавсан 12 см орчим урттай шарх байна гэж хэлж байсан. Миний биед учирсан гэмтэлд 1 ширхэг оёдол тавьж боолт хийсэн. Тухайн үед Ц.Мөнхбат ах халамцуу байсан. Би огт архи уудаггүй, эрүүл байсан... Ц.Мөнхбат бид 2 төрсөн ах дүүс байгаа юм. Анх би Ц.Мөнхбатаас амьдралд нь дэмжлэг болох үүднээс 10 тооны тэмээг нь боломжийн үнээр худалдан авж энэ талаараа гэрээ байгуулна гэж хэлж байсан юм. Ц.Мөнхбат бид 2-ын хооронд өр авлага болон ямар нэгэн өс хонзонгийн шинжтэй асуудал байдаггүй. Одоогоор Ц.Мөнхбатад хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна. Өөр санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

            Гэрч Н.Нямцэрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Ц.Мөнхбат, Ц.Мөнхтүвшин нар муудалцаад байхаар нь би Ц.Мөнхтүвшинг дагуулаад Д.Наранцэцэг бид нар эгч Ц.Дэлгэрийнх рүү ороход араас Ц.Мөнхбат орж мөн л Ц.Мөнхтүвшинтэй муудалцаад хэрэлдэж байгаад Ц.Мөнхтүвшин Ц.Мөнхбатын чээжрүү нь гараараа түлхэхэд Ц.Мөнхбат арагшаа байшингийн шалан дээр бөгсөөрөө унасан. Ц.Мөнхбат босч ирээд Ц.Мөнхтүвшинг бариад авах шиг болсон. Тэгээд чээжинд нь хутгалсан байсан. Ц.Мөнхбат хутга хаанаас авсаныг хараагүй. Биед нь явсан байх. Би машинаа унаад аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд Ц.Мөнхтүвшинг үзүүлсэн. Эмнэлгээс цагдаагийн байгууллагад хандсан. Манай нөхрийн чээжинд баруун талын 4-5 хавирганы завсраар 12 см гүнзгий шархтай байна гэж эмч хэлсэн. Ц.Мөнхбат тухайн үед халамцуу байсан. Ц.Мөнхтүвшин архи огт уугаагүй, эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн  14/,

 

            Гэрч Д.Наранцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Урьд нь Ц.Мөнхтүвшинд манайх 10 тооны тэмээ найман сая төгрөгөөр зарахаар тохиролцсон байсан юм. Би Ц.Дэлгэрийнд ороод ойр зуурын юм яриад сууж байтал манай нөхөр Ц.Мөнхбат гаднаас орж ирээд надад хандаж хоёулаа Ц.Мөнхтүвшингийнд оръё, нөгөө мөнгөө яръя гэхэд Ц.Дэлгэр өөрийн ах Ц.Мөнхбатад хандаж танд мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр Ц.Мөнхбат наймаа хийчихээд яахаараа мөнгө өгдөггүй юм бэ гэж уурлаад Ц.Дэлгэрийн гэрээс гарсан... Н.Нямцэрэн, Ц.Мөнхтүвшин, Ц.Мөнхбат бид нар Ц.Дэлгэрийн байшинд хамт орцгоосон. Тэгэхэд Ц.Дэлгэрийнд мөн л Ц.Мөнхтүвшин, Ц.Мөнхбат нар муудалцаж хэрэлдэж байгаад Ц.Мөнхбат, Ц.Мөнхтүвшинрүү давшлаад байхаар нь Ц.Мөнхтүвшин өөрөөсөө холдуулах гээд Ц.Мөнхбатын чээжрүү гараараа түлхэхэд Ц.Мөнхбат арагшаа байшингийн шалан дээр бөгсөөрөө унасан. Тэгтэл Ц.Мөнхбат босч ирээд Ц.Мөнхтүвшинтэй зууралдах шиг болоод ард талд хутга унасан... Ц.Мөнхтүвшингийн чээжрүү хутгалсан байсан. Ц.Мөнхбат хаанаас хутга авсаныг хараагүй... Н.Нямцэрэн машинаа унаад бид 2 хамт явж Ц.Мөнхтүвшинг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж тусламж үзүүлсэн. Эмнэлгээс цагдаагийн байгууллагад хандсан... Ц.Мөнхтүвшингийн чээжин тус баруун талын хавирганы 4-5 хавирганы завсраар 12 см гүнзгий шархтай байна гэж эмч хэлсэн. Ц.Мөнхбат тухайн үед халамцуу байсан. Ц.Мөнхтүвшин архи уугаагүй, эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн  15-р хуудас/,

 

- 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт явуулах тогтоол /хх-ийн 1 /

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- “Ц.Мөнхбатын согтуурлын зэрэг 1,35 %” гэх согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 7/

- Эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол  /хх-ийн 8/

- 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Шинжээч томилох шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 16/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн №170200057 дугаартай дүгнэлт

1. Ц.Мөнхтүвшингийн биед чээжинд хавж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 17/,

- 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Яаралтай тусламжийн хуудас” /хх-ийн 18-20/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “Хэвтээ овогт Цэрэнхоролын Мөнхбат урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэжээ. /хх-ийн 31-32/

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол “Цэрэнхоролын Мөнхбатын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх нийт 25.7 см урттай, 3 ширхэг бэхэлгээ бүхий 11 см урт шар өнгийн модон иштэй, 14.7 см ажлын хэсгийн урттай, ажлын хэсгийн баруун хажуу талд ханз үсэгтэй 3 ширхэг таван хошууны дүрстэй хутгыг хураан авч хэрэгт хавсаргахаар тогтов” гэжээ. /хх-ийн 45/

- Хураан авах тогтоол “… Цэрэнхоролын Мөнхбатаас хутгыг хураан авсугай” гэжээ. /хх-ийн 46/

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 47/ зэрэг болно.

 

             Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн    дүгнэлтийн талаар:                            

             Шүүгдэгч Ц.Мөнхбат нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 3 дугаар гудамж 3 тоотод Ц.Мөнхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, чээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.         

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.

 

            Хохирогч Ц.Мөнхтүвшин “одоогоор миний төрсөн ах Ц.Мөнхбат бид сайн дураар харилцан тохиролцсон, хохирлын талаар ямар нэгэн маргаангүй” /хх-ийн 48/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбатад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан баривчлах ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 25.7 см урттай, 3 ширхэг бэхэлгээ бүхий 11 см урт шар өнгийн модон иштэй, 14.7 см ажлын хэсгийн урттай, ажлын хэсгийн баруун хажуу талд ханз үсэгтэй 3 ширхэг таван хошууны дүрстэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.  

          Энэ хэрэгт шүүгдэгч нь битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Шүүгдэгч Хэвтээ овгийн Цэрэнхоролын Мөнхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхбатад 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулж шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхбатад оногдуулсан баривчлах ялыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах ял эдлүүлэх байранд эдлүүлсүгэй.

         4. Шүүгдэгч Ц.Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

         5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Мөнхтүвшин нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

         6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 25.7 см урттай, 3 ширхэг бэхэлгээ бүхий 11 см урт шар өнгийн модон иштэй, 14.7 см ажлын хэсгийн урттай, ажлын хэсгийн баруун хажуу талд ханз үсэгтэй 3 ширхэг таван хошууны дүрстэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

         7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Мөнхбатад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсугай.

         8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Дундговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ